Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2019/00620

 

 

 

 

 

 

  2019 оны 05 сарын 14 өдөр

   Дугаар 142/ШШ2019/00620

Орхон аймаг

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Н.Э-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Л.Э-д холбогдох   

“гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн ирээдүйн их сургуулийн төлбөрийг хуваан төлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие нь Л.Э-тай 2001 онд танилцаж гэр бүл болж 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүү Э.Ү төрсөн. Бид сүүлийн 6 жил хамт амьдраагүй. Нөхөр Л.Э нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүү Э.Ү-ээ өөрийн асрамжинд авч аав болох Л.Э-аас тэтгэлэг тогтоолгож ирээдүйн их сургуулийн төлбөрийг хуваан төлөх асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Мөн бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.  

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Л овогтой Э миний бие эхнэр болох Н овогтой Э, Э овогтой Ү нартаа ямар нэгэн эд хөрөнгийн /үл хөдлөх, газар, байр, машин, бусад зүйл/ маргаан байхгүй тул энэхүү байдлыг минь харгалзан үзэж аливаа хүсэлтийг минь хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь Л.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн ирээдүйн их сургуулийн төлбөрийг хуваан төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Л.Э нар нь 2001 онд танилцаж, 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү Э.Ү төрсөн болох нь зохигчийн тайлбар, Э.Ү-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна. 

Гэрлэгчид нь сүүлийн 6 жилийн хугацаанд тусдаа амьдарч, хариуцагч нь хамтран амьдрагчтай болсон болох нь тэдний тайлбаруудаар нотлогдож байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.   

Хүүхдийн асрамжийн хувьд хариуцагч Л.Э нь хүү Э.Ү-ийг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.   

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг заасан бөгөөд мөн хуулийн 40.1.2-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэнэ гэж зааснаар Э.Ү-ийг насанд хүртэл нь эцэг Л.Э-аар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.  

Иймд Н.Э, Л.Э нарын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Ү-ийг эх Н.Э-ын асрамжинд үлдээж, Э.Ү-ийг насанд хүртэл нь эцэг Л.Э-аар тэжээн тэгүүлэхээр шийдвэрлэв.

Харин хүүхдийн ирээдүйн их сургуулийн төлбөрийг хуваан төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ирээдүйд бий болох үйл явдлыг шүүх өмнө нь шийдвэрлэх боломжгүй, хүүхэд их дээд сургуульд орсон тохиолдолд сургалтын төлбөрийг тухайн үед нь эцэг Л.Э-тай тохиролцох, хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол шүүхэд хандах эрх нь нээлттэй байна.

Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.         

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 52 256 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Н.Э, Л.Э нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү Э.Ү-ийг эх Н.Э-ын асрамжинд үлдээсүгэй.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү Э.Ү-ийг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Э-аар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.  

4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хүүхдийн ирээдүйн их сургуулийн төлбөрийг хувааж төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.    

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.    

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 52 256 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.    

7. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА