Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0040

 

 

 

 

    2022 оны 01 сарын11 өдөр                               128/ШШ2022/0040            

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: В овогтой О /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г овогтой Ж,

Хариуцагч: ХУД-н НДХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Н.Г нарын хоорондын ажилгүйдлийн тэтгэмж олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч В.О нь ХУД-н НДХ-т холбогдуулан “Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-ыг “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” хуульд заасан хугацааг баримтлахдаа дагаж мөрдөхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, ажилгүйдлийн тэтгэмж авах материал хүлээн авахаас татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийг хуульд заасны дагуу олгохыг даалгах”-аар маргаж байна.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар зарлигаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан нэхэмжлэгч В.Ог Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ХУД-н НДХ-т хандан Нийгмийн даатгалын сангаас Ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасныг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “материал бүрдүүлэн өгөх хуулийн хугацаа өнгөрсөн” гэх хариуг амаар өгч өргөдлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгчээс хариуцагчийн тус шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр болон 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тус тус Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандан гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлөөс 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “...хуулийн хугацаанд өргөдлөө гаргаж, материалаа ирүүлээгүй тул ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгохгүй байхаар тогтоосугай” хэмээн шийдвэрлэснийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 32/13 дугаар албан бичгээр “хэвээр үлдээж байгааг” нэхэмжлэгчид мэдэгджээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

В.О нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 123 дугаар зарлигаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 21-ний 06 тоот зарлигаар чөлөөлөгдсөн.

Тухайн үед Монгол Улс цар тахлын нөхцөл байдлын улмаас Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2019 оноос хойш “ Бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" тогтоолыг удаа дараа гаргаж 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хөл хорио тогтоосон энэ цаг үед төрийн байгууллагын үйл ажиллагаа болон иргэний зорчих хөдөлгөөнийг хязгаарласан, хориглосон давагдашгүй нөхцөл байдал, хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсны улмаас цар тахлын хөл хорионы үед ажлаасаа чөлөөлөгдөж, чөлөөлсөн зарлиг байгууллага дээр шуудангаар ирснийг 2 дугаар сарын эхээр туслахаараа дамжуулан гардан авсан.

Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн хөл хорионы улмаас тухайн үед төрийн байгууллагад хандах хуулийн хугацаанд хүсэлт гаргах боломжгүй нөхцөл байдалд байсан тул 2021.04.08, 2021.04.29-нд тус тус вакцины 2 тунг хийлгэж эрүүл мэндийн байгууллагын заасан хугацаанд дэглэм барьж байгаад хөл хорионы дэглэм дуусгавар болсноор Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д "Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу “ ...хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлэх” гэж заасан дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл холбогдох материалын бүрдүүлэн 2 ч удаа өгсөн боловч өргөдөл гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн тул хүлээн авах боломжгүй гэсэн хариуг амаар хэлж буцааж байсан.

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 5612 дугаар захирамжаар буцаасан. Тиймээс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот тогтоолоор “хуулийн хугацаанд өргөдлөө гаргаж, материалаа ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргахад 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 32/13 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот тогтоолоор ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу ... хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухай хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд энэ /Ковид-19/ хуулийн 3.2 дахь тодорхой заалтыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүх байгууллага, иргэн дагаж мөрдөх үүрэгтэй.

 "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” хуульд заасан хугацааг баримтлахдаа дагаж мөрдөхгүйгээр хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа нь хууль бус тул Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-ыг “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” хуульд заасан хугацааг баримтлахдаа дагаж мөрдөхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж авах материал хүлээн авахаас татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийг хуульд заасны дагуу олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын хувьд миний төлөөлүүлэгч В.О нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр үүрэгт ажилдаа томилогдож ажиллаж байсан. Хувийн байдлын хувьд олон жил улсад ажилласан. Нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 тоот Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлөгдсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар харагддаг. Монгол Улсын иргэн болгон, төрд ажиллаж байгаа этгээд нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-т зааснаар өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийг авахаар Монгол Улсын хууль тогтоомжид заасан байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний дараа хуульд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авахаар тодорхой эрх бүхий байгууллагад хандсан байдаг.

Тухайн үед Монгол Улс гэлтгүй дэлхий нийтийн хэмжээнд Коронавирус цар тахлын хүний эрүүл мэнд болон амьд явахад нь хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх өвчний цаг хугацаанд бид нар амьдарч байсан. 2019 оноос эхлээд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тодорхой хугацаанд хөл хорионы дэглэмийг шат дараатай авч байсан. Үүнийг нэхэмжлэлд маш тодорхой цаг хугацааны дарааллаар дурдаж өгсөн.

2019 оны 12 дугаар сараас авхуулаад 6 сар хүртэл хугацаанд тасралтгүй хөл хорионы дэглэмтэй Монгол Улсын хүн ам ажиллаж, амьдарч байсан.

Энэ хугацаанд буюу 01 дүгээр сард В.О нь чөлөөлөгдсөн тухай Ерөнхийлөгчийн зарлиг гардаг. Бид нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгч нь тухайн үед ажиллаж байгаад Монгол Улсын хэмжээнд цар тахлын анхдагч тохиолдол нь Шүүхийн ерөнхий зөвлөл дээр тохиолдоод, үүнээс болоод албан хаагч нарыг тусгаарлах арга хэмжээ авсан. Үүний дагуу нэхэмжлэгч нь гэртээ тусгаарлагдаж байсан. Энэ хугацаанд нь Ерөнхийлөгчийн зарлиг гарч, туслахаасаа 2 дугаар сард мэдсэн. Энэ нөхцөл байдлаа яаж тогтоож байгаа гэхээр өнөөдрийн байдлаар гаргаж өгсөн баримтаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан ёсны сайт дээр 02 дугаар сарын 10-ны өдөр нийтлэгдсэн байгаа.

Нэхэмжлэгч нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд, өөрөө талархлаа бичсэн байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зарлиг гарсан байдаг. Тухайн зарлиг нь цар тахлын үед гарсан. Энэ үед шуудангийн үйл ажиллагаа хязгаарлалттай байсан. Үүнээс болоод тухайн шуудан нь Шүүхийн ерөнхий зөвлөл дээр очих, тухайн албан хаагч нар нь хөл хорионы дэглэмд хуваарийн дагуу ажиллаж байх хугацаанд нь тухайн туслах нь зарлигийг нь хүлээж аваад, 2 дугаар сарын эхээр мэдэгдээд, тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөл тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай нийтэд илэрхий болгож, сайт дээр мэдээлснийг 02 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн.

Үүний дараа нэхэмжлэгч нь тухайн ажлаас чөлөөлөгдсөний хувьд Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу гэртээ тусгаарлалтад байсан. Энэ бол анх ковид цар тахалт вирусийн хавьтал болсон учир гэртээ шат дараатай тусгаарлалтад 92 хоног байсан.

Үүнээс болоод өндөржүүлсэн бэлэн байдал, цаашлаад бүх нийтийн бэлэн байдалд шилжээд тухайн үед нь тодорхой Засгийн газраас тогтоосон хэд хэдэн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байсан. Үүний хүрээнд тодорхой албан тушаалтан болон төрийн албан хаагч нарыг тухайн хөл хорионы дэглэмд зорчихыг зөвшөөрч байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн иргэн хүний хувьд хуулийг биелүүлж, гэртээ бол тусгаарлалтад байсан. Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн байдлаа хангаж, гэртээ байх хугацаандаа 2021 оны 4 дүгээр сарын 08, 29-ний өдрүүдэд вакцины 2 тунг хийлгэсэн байгаа. Үүний дараа бол төрийн байгууллага болон бусад байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой болсон.

Үүний дараагаар гэрээсээ гарч, өөрөө нийгмийн харилцаанд орох боломж нь нээгдсэн байгаа. ХУД-н НДХ-т Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд заасан эрхийн хүрээнд ажилгүйдлийн тэтгэмж авахаар 2 удаа ч хандсан байгаа.

Өнөөдрийн гаргаж өгсөн 5 дугаар сарын 10-ны өдрийн өргөдөл байгаа. Мөн хэрэгт авагдсан 6 дугаар сарын 11-ний өдрийнх байгаа. Тухайн 2 дугаар сарын 10-ны өдөр анх мэдсэн байгаа. Үүний дараа 5 дугаар сарын 10-ны өдөр өргөдлийг өгөхөөр хандахад, миний бие Г.Ж нь өгөхөөр ХУД-н НДХ-т очиж байсан. Одоо санаж байгаагаар 10-ны өдөр нь нэг дэх өдөр байсан. Энэ хугацаанд Засгийн газрын тогтоолын дагуу хөл хорионы дэглэмтэй байсан. Тухайн үед нэхэмжлэгч нь зорчих эрхгүй этгээд байсан. Миний бие бол төрийн байгууллага ажилладаг. Тухайн Засгийн газраас тогтоосон байгууллагын ажиллах жагсаалтад байсан байгууллагад ажилладаг байсан учир 10-ны өдөр хугацаанд өргөдөл гаргах зорилгоор ХУД-н НДХ-т очсон. Гэтэл өргөдөл гаргагч нь өөрөө байх шаардлагатай. Хоёрт 01 дүгээр сарын 27-ны өдөр зарлиг нь гарч, чөлөөлөгдсөн этгээд байна. Хугацаа хэтэрсэн тул боломжгүй. Холбогдох материалуудыг нотариатаар батлуулаагүй байна. Тухайн үед бас нотариатын үйл ажиллагаа хязгаарлалттай байсан. Ийм байдлаар өргөдлийг нь хүлээж аваагүй. Ямар нэгэн хариу бичээгүй. Тэгээд тухайн үед нэхэмжлэгчид хэлээд, нэхэмжлэгч нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ дуусгаж, өөрөө гарах боломжтой болсон. Үүний дагуу 6 дугаар сарын 11-ний өдөр нотариатаар батлуулсан хуулбараа бариад, ХУД-н НДХ-т өргөдөл гаргах гээд очдог. Мөн адил хүлээж авдаггүй. Ямар нэгэн байдлаар өргөдлийг хүлээж аваад, хугацаа хэтэрсэнтэй холбоотой хариу өгөх ёстой. Гэтэл өгдөггүй. Амаар өгдөг байсан.

Үүний дараа бид нар 7 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргахаар хандсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлбэр хангуулах захирамж гараад, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаад, гаргасан гомдлыг эс зөвшөөрвөл шүүхэд хандах ёстой гэсний дагуу холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хандаж байна. 

Тухайн цаг үед буюу 4 дүгээр сард хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ нь Коронавируст халдвар буюу цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг буруулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Их хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, Нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулаад хуульчилсан зохицуулалт, энэ хуулийн үйлчлэл нь зогссон хугацаанаас эхлээд тухайн хуулийг баримтлан хэрэгжүүлэхийг заасан. Энэ хуулиар юу заасан гэхээр тодорхой хугацаанд иргэд хөл хорионы дэглэмийн үед Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу хөл хорионы дэглэмд байна.

Тиймээс гаргаж байгаа өргөдөл, гомдол хуульд заасан хугацаатай холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулж, хэрэгжүүлэх юм. Монгол Улсын нийгэм, эдийн засагт хор хөнөөл үзүүлж эхэлсэн учир энэ хууль гарсан байдаг. Тухайн хууль нь ингэж хэрэгжүүлнэ гэдгийг заагаад өгсөн байсан.

Гэтэл яагаад ХУД-н НДХ нь нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээж авахдаа хуулийг баримтлахгүй байгаа юм бэ. Хоёрт тухайн өргөдлийг нь яагаад  хүлээж авахгүй эс үйлдэл гаргаад байгаа юм бэ?

Энэ эс үйлдэхүй гаргаад байна. Хариуцагчийн тайлбар дээр 142 хоног буюу 4 сар 22 хоног хэтрүүлсэн. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрөөс хойш тоолоод байгаа. Гэтэл тухайн этгээд чинь ажиллаж байх хугацаандаа цар тахал гарсан учир гэртээ тусгаарлагдаад, энэ хугацаанд нь Ерөнхийлөгчийн зарлиг гараад, тухайн зарлигийг нь 02 дугаар сарын 10-ны өдөр мэдээд, энэ үйл баримтууд нь баримтаар нотлогдож байна. Тэгээд хуульд юу гэж заасан гэхээр Нийгмийн даатгалын сангаас гарах ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн байгаа. Ажлаас халагдсан даатгуулагч нь ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш гэж байгаа. Тухайн этгээд нь зарлиг гарч чөлөөлөгдсөнөөс хойш мэдсэн болохоос биш, ажил олгогчтойгоо тооцоо хийгээгүй байгаа. Гэтэл энэ цаг хугацааг яагаад тоолохгүй байгаа юм бэ. Энэ тухай хуульд тодорхой заагаад өгсөн.

Хүндэтгэн үзэх шалтгааны хувьд 3 сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийн албад даатгууллаа бүртгүүлэх үүрэгтэй гэж байгаа. Тухайн этгээд 02 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн. Гэртээ тусгаарлалтад байх хугацаандаа ажил дээрээ тооцоо хийх боломжгүй байсан. Хавтаст хэрэгт Засгийн газрын тогтоолуудыг нэг бүрчлэн баримтаар оруулаад өгсөн байгаа. Энэ бол нийтэд илэрхий баримт юм. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам маш тодорхой дэлгэрэнгүй заагаад өгсөн. Тухайн журмын 5.7-д хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь ажилгүй даатгуулагч хүндээр өвдсөн, асруулж байсан, мөн өвчтэй хүн асарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон. Байгалийн болно нийтийг хамарсан гамшиг тохиолдсон, ажлаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон. Ажил олгогч Нийгмийн даатгалын байгууллагын буруугаас шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн лавлагааг хугацаанд нь бүрдүүлээгүй гадаад улсад зорчсон гэдгийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгохгүй.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг маш тодорхой зааж өгсөн байна. Тэгээд хариуцагчаас гаргасан нотлох баримтууд нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас чиглэл өгөх тухай гээд хэд хэдэн чиглэл хүргүүлсэн. Тухайн чиглэлүүд нь цар тахлын үед ямар байдалтай байсан гэхээр тухайн үед 30 хувь, 50 хувиар албан хаагч нарыг ажиллуулах тухай талаар харагддаг.

Дээрээс нь тэмдэглэл байгаа. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж байхад юу гэж дурдсан байдаг гэхээр Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг буруулах тухай хуулийн 3.2-т зааснаар голчлон томилгоотой холбоотой асуудал дээр хэрэглээрэй гэж байгаа. Энэ хуулийн заалтад томилгоотой холбоотой асуудалд хэрэг л гэсэн үг үсэг ороогүй. Хуулийн буруу тайлбарлаж, хэрэглэж байгаа нөхцөл байдал харагдаж байгаа. Тухайн хугацааг тоолохдоо буруу тоолоод байдаг. Таны өргөдлийг хүлээж авдаггүй гээд амаар хариу өгөөд байдаг. Гэтэл хуульд тодорхой заагаад өгсөн байгаа. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү”гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-ыг "Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” хуульд заасан хугацааг баримтлахдаа дагаж мөрдөхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, 2. Ажилгүйдлийн тэтгэмжийг авах материал хүлээн авахаас татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийг хуульд заасны дагуу олгохыг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

1. “Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Нийслэлийн даатгалын газар болон холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан чиглэл, зөвлөмжийн дагуу иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг тасралтгүй хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дээд газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн алба хаагчдыг хуваарьт оруулан үүрэг гүйцэтгүүлж иргэд, даатгуулагчаас тэтгэвэр, тэтгэмж авахтай холбогдуулан гаргасан хүсэлт, материалыг цахим болон шуудангаар хүлээн авч шийдвэрлэн ажиллан Нийгмийн даатгалын үйлчилгээг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрхэн авах тухай зар, мэдээллийг бүхий л сувгаар түгээж ажилласан.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйл Ажилгүй болсноо бүртгүүлэх “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан хугацааг хэтрүүлэн нэхэмжлэгч В.О нь Хан Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах тухай хүсэлт, материалыг 142 хоног буюу 4 сар 22 хоногийн дараа гаргаж ирүүлсэн тул ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй учраас холбогдох материалыг хүлээн аваагүй болно. Улмаар В.О нь тус хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан байдаг ба тус зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 12 тогтоолоор Ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Дээрх тогтоолыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд хандсан боловч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 12 тоот тогтоол нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул В.О-гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргасан болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:“...Хариу тайлбар дээр ерөнхийдөө Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл, Ажилгүйдлийн даатгалын сангаас олгох Ажилгүйдлийн тухайн хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаагаа баримталж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргасан. Коронавируст халдвар буюу цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг буруулах тухай хуулийн 3.2-т заасантай холбож тайлбарлаж байгаа нь хуульд тайлбарлах этгээд нь нэхэмжлэгч тал өөрийн дураар тайлбарлаж болохгүй байх. 3.1-д зааснаар бусад хуулиа дагаж мөрдөх зохицуулалттай байгаа. Мөн Коронавируст халдвар буюу цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг буруулах тухай хуулийн 8 дугаар зүйлд Засгийн газраас төрийн байгууллагад ажиллах арга хэмжээг нь зааж өгсөн байсан. Үүний дагаа Нийгмийн даатгалын хэлтсүүд ажилласан байгаа. Засгийн газрын дэглэм тогтоосон тогтоолуудыг дурдсан байсан. Тэр тогтоолуудын хувьд яг зохицуулсан зүйл биш юм. Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар зохицуулсан байсан.

4 дүгээр сард 2 дахь тунгийн вакцин хийлгэсэн гэсэн. Ямар ч төрийн байгууллага 1, 2 тунгийн вакцинд хамрагдсан иргэнд үйлчилнэ гэсэн тогтоол журам шийдвэр дээд газраас ирээгүй. Тэгэхээр хүссэн үедээ үйлчилгээ авах байсан.

Цахимаар бас хүсэлтээ явуулах 100 хувийн боломжтой байсан. 6 дугаар сарын 11-ний өдөр байцаагч хүсэлт гаргаж өгөхөд нь аваагүй гэж хэлээд байна. Энэ тайлбар дээр нь Нийгмийн даатгалын байцаагчийн ажиллах дүрэм гэж байдаг. Засгийн газрын 153 гээд тогтоолд заасны дагуу даатгуулагчийг үнэн зөв мэдээллээр хангах ёстой. Тэр үүргийн хүрээнд эрх нь үүсээгүй гэдэг тайлбарыг хэлээд материалыг нь аваагүй байх, хэрвээ авсан бол бас даатгуулагчид итгэл үнэмшилд үүсэх ч байсан юм билүү. Тэр үүднээс нь сэргийлээд материалыг нь аваагүй. Ерөнхийдөө бол хариу тайлбар дээрээ дурдсан байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч В.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-оос гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг үндэслэлтэй байна хэмээн үзлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-оос дараах үндэслэлээр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн тэтгэмж авах материалыг хүлээн авахаас татгалзсан эс үйлдлийг хууль бус хэмээн маргаж байна. Үүнд:

1. Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу ... хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухай хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасныг “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” хуульд заасан хугацааг баримтлахдаа дагаж мөрдөхгүй байгаа нь хууль бус,

2. Бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор төрийн байгууллагын үйл ажиллагаа болон иргэний зорчих хөдөлгөөнийг хязгаарласан, хориглосон хүндэтгэн үзэх, давагдашгүй нөхцөл байдлын улмаас 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гаргасан ажилгүйдлийн тэтгэмж авах тухай В.О-гийн өргөдлийг “хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр  хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчсөн хэмээн тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Нэхэмжлэгч В.О нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний 06 дугаар зарлигаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнийн албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд тухайн цаг үед Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" 01 дүгээр тогтоолоор тогтоосон хугацааг Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд 2021.02.23-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд сунгасан.

Улмаар  Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 78 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021.04.30-ны өдрийг дуустал хугацаагаар, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" 91 дүгээр тогтоолоор 2021.05.08-ны 06:00 цаг хүртэлх хугацаагаар, 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" 104 дүгээр тогтоолоор 2021.05.08-ны 06:00 цаг хүртэлх хугацаагаар, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" 115 дугаар тогтоолоор 2021.06.02-ны өдрийг хүртэлх хугацаагаар, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" 154 дүгээр тогтоолоор 2021.06.30-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус сунгасан үйл баримт хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар зарлигаар болон www.legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршсан Засгийн газрын тогтоолуудаар,

нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ХУД-н НДХ-т хандан Нийгмийн даатгалын сангаас Ажилгүйдлийн тэтгэмж авах тухай хүсэл гаргасныг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “материал бүрдүүлэн өгөх хуулийн хугацаа өнгөрсөн” гэх хариуг амаар өгч өргөдлийг хүлээн авахаас татгалзсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан ХУД-н НДХ-т хандан гаргасан өргөдөл, Ажилгүйдлийн тэтгэмж авах тухай өргөдлийг маягт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” хэмээн,

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д "Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” хэмээн,

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно”, 5 дугаар зүйлийн 1-д “ Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” хэмээн,

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж: 6.1.41.г.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон,  6.1.41.д.хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг” хэмээн тус тус хуульчилсан.

5. Шүүх, нэхэмжлэгч В.О-гаас 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ХУД-н НДХ-т хандан гаргасан Нийгмийн даатгалын сангаас Ажилгүйдлийн тэтгэмж авах тухай өргөдлийг “материал бүрдүүлэн өгөх хуулийн хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна хэмээн үзлээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас удаа дараалан гаргасан бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, тэдгээрийн хугацааг сунгах тухай тогтоолын улмаас төрийн байгууллагын үйл ажиллагаанд болон иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт, хориг тогтоосон үйл баримт нь Татварын ерөнхий хуулийн  6 дугаар зүйлийн 6.1.41-д заасан ”хүндэтгэн үзэх шалтгаан” мөн.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч В.О нь Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ХУД-н НДХ-т хандан “Ажилгүйдлийн тэтгэмж авах тухай” өргөдөл гаргасныг хариуцагч “материал бүрдүүлэн өгөх хуулийн хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн  5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн, хууль бус эс үйлдэхүй болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эл хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-ыг “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” хуульд заасан хугацааг баримтлахдаа дагаж мөрдөхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн агуулга нь хувь иргэнээс төрийн байгууллагад хандан өргөдөл, гомдол гаргахтай холбоотой харилцааг зохицуулахад чиглээгүй, харин сонгууль, албан тушаалтныг сонгон шалгаруулалт зэрэг бүлэг иргэдийг биечлэн хамруулах байдлаар зохион байгуулагдах арга хэмжээг зохицуулах зорилго бүхий хуулийн зохицуулалт ба хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлээгүй гэх асуудал нь нэхэмжлэгчийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.13 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч В.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ХУД-н НДХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас В.О-гийн гаргасан ажилгүйдлийн тэтгэмж авах тухай өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг ХУД-н НДХ-т даалгаж, үлдсэнийг буюу “Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-ыг “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” хуульд заасан хугацааг баримтлахдаа дагаж мөрдөхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ