Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2025/0378

 

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2025/0378

Улаанбаатар хот

 

Д.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э нар;

 

Нэхэмжлэгч: Д.Т

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

Хариуцагч: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0277 дугаартай шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Т,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э,

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2025/0116/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Т нь Төрийн албаны зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийн Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар баталсныг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаартай Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т-г ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах; ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах; эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 277 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, 54.1.8 дахь заалтад заасныг тус тус баримтлан Д.Т-ээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27.1.1 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.1, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Т-ээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0277 дугаартай шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй.

3.1. Нэхэмжлэгч Д.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газарт холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь хэсгийн Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар баталсныг хүчингүй, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 сарын 13-ны өдрийн Б/121 дугаартай “Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д-ийн Т-г ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй, Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0277 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.2.1. Нэхэмжлэгч Д.Т нь 1986 онд төрсөн. 1994-2004 онд Ховд аймгийн Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, 2004-2008 онд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн салбар сургуулийг бизнесийн менежмент мэргэжлээр суралцан Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн, 2017-2019 онд Ховд их сургуульд Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2022 онд Удирдлагын академи Төрийн албаны сургуульд Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалт, 2023 онд Удирдлагын академи Төрийн албаны сургуульд Төрийн захиргааны Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн. 2008-2009 онд Хаан банкны Дөргөн тооцооны төвд теллер, 2009-2013 онд Дөргөн сумын Татварын улсын байцаагч, 2013 оны 2 дугаар сараас эхлэн 2024 оны 1 сар хүртэл Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр, 2024 оны 01 сараас эхлэн Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төрийн албанд 16 жил, нийгмийн хамгааллын салбарт 12 жил ажилласан.

3.2.2. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “чадахуйн зарчим /мерит” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг ойлгоно.

3.2.3. 2023 оны 12 дугаар сард Ховд аймгийн удирдлагуудын зүгээс тухайн албан тушаалд томилох боловсон хүчний судалгаа хийснээр чадахуйн зарчмыг баримтлан надад ажиллах саналыг тавьсан байдаг. Орон нутгийн төрийн албаны салбар зөвлөлийн гишүүдийн төлөөлөл нэхэмжлэгч Д.Т-ийн холбогдох бүхий л баримт бичиг анкеттай танилцаж албан тушаалын тодорхойлолт, тавигдах шаардлагад нийцсэн гэж үзэж, дүгнэж томилох эрхийг байгууллагад томилуулах саналыг Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 1/07 дугаартай албан бичгээр Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д-ийн Т-г томилохоор хуульд заасны дагуу зөвшилцөх саналыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Ш.Ч-д хүргүүлсэн. Миний хувьд анх Төрийн албаны 2008 оны 5 дугаар сарын мэргэшлийн шалгалтад тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2008 оны 43 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн. Энэ нь Ховд аймгийн Төрийн албаны салбарын 46 дугаартай албан тоотоор тогтоогдоно.

3.2.4. Улмаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 01 сарын 26-ны өдрийн Б/15 дугаартай “Д-ийн Т-г Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд томилох тухай” тушаалаар 1. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд Д-ийн Т-г 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тусгай шалгалт тухайн албан тушаалын зохион байгуулагдах хүртэл хугацаанд түр томилсон. Нэхэмжлэгч Д.Т-ийн хувьд ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, идэвх санаачилгатай, ажлын байрны тодорхойлолт заагдсан ажил үүргийг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэж байсан.

3.2.5. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 сарын 13-ны өдрийн Б/121 дугаартай “Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д-ийн Т-г ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалаар “1.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 170 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д-ийн Т-г 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлсүгэй” гэх тушаалаар ажил, албан тушаалаас чөлөөлсөнд гомдолтой байна.

3.2.6. Нэхэмжлэгч Д.Т-г ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг удирдлага болгожээ. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Энэ хуулийн 33.2-т заасан ерөнхий болон тусгай шалгалтыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулна.”, 33.10-т “Төрийн албаны тусгай шалгалт авах талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон төрийн албаны төв байгууллагын цахим хуудсаар нийтэд зарлан мэдээлнэ. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлөөс миний ажил албан тушаалын тусгай шалгалтыг өнөөдрийг хүртэл зарлаагүй, тусгай шалгалт зохион байгуулаагүй, эрх зүйн байдлыг дордуулсан тогтоол гаргасанд гомдолтой байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 сарын 13-ны өдрийн Б/121 дугаартай “Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д-ийн Т-г ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй.

3.2.7. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;”, 3.1.3-т “чадахуйн зарчим /мерит” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг ойлгоно. Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, мөрдүүлэх чиг үүрэгтэй байгууллага.

Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалт зарлаагүй байсан тул нэхэмжлэгч тухайн шалгалтад оролцох боломжгүй байсан. Хэрэв тусгай шалгалт зарласан тохиолдолд нэхэмжлэгч Д.Т оролцох бүрэн боломжтой байсан.

3.2.8. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл. “Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа”, 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана:”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэлт баталгаагаар хангагдана.”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д зааснаар Төрийн албаны зөвлөл (салбар зөвлөл) нь төрийн албаны ерөнхий, тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, холбогдох журмыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан тэгш байдал, хууль дээдлэх зарчмаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т тусгайлан заасан хуульд үндэслэх, ил тод, нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх ёстой.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Т-г томилохдоо тухайн хүний хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд буюу чадахуйн зарчимд /мерит/ тулгуурлаж, уг зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг төрийн захиргааны албан тушаалд нэр дэвшүүлж, томилох талаар Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тодорхой зааж, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0277 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хүлээн авна уу” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  2. Маргааны үйл баримтын талаар;
    1. Нэхэмжлэгч Д.Т-г Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаар тушаалын дагуу тус хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад нь түүнийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тусгай шалгалт (тухайн албан тушаалын) зохион байгуулагдах хүртэл хугацаанд түр томилжээ.
    2. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Ховд аймгийн төрийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалтын ажлыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж, тус хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланг хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаар тогтоолын;

-1 дэх заалтаар “Ховд аймгийн ...төрийн захиргааны удирдах албан тушаал”-д томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж,

-2 дахь заалтаар Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг хавсралтаар баталж,

-3 дахь заалтаар Тогтоолыг 1-3 дугаар хавсралтад дурдсан нэр бүхий иргэн, албан хаагчийг албан тушаалд томилсон шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журамд нийцүүлэн ...хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон.

2.3. Үүний дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Т-г Ховд аймгийн Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

2.4. Ингэснээр нэхэмжлэгч Д.Т-ээс төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа зөрчигдсөн гэж үзэн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 170 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсэг болон уг тогтоолыг үндэслэл болгож, ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар маргасан байна.

3. Хууль зүйн үндэслэлийн талаар;

3.1. Нэхэмжлэгч Д.Т-ийн Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийн Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар баталсныг хүчингүй болгуулах, тус тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж заасан нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

3.1.1. Энэ нь хэрэгт авагдсан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас”-аар дээрх тогтоолыг хүргүүлсэн баримт болон сонсох ажиллагааны тайлбар /1хх-ийн 92-95/ зэргээр нотлогддог.

3.1.2. Энэ талаар анхан шатны шүүхийн “...2024 оны ...170 дугаар тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д.Т-ийн t*******@gmail.com цахим мэйл хаягт танилцуулсан буюу мэдэгдсэн байх тул түүнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан атал нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу 7 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнд тооцогдоно.” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

3.1.3. Нэгэнт нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолтой маргах хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд уг тогтоолыг хууль бус эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

3.2. Нэхэмжлэгч Д.Т-г Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил, албан тушаалаас чөлөөлсөн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

3.2.1. Д.Т нь Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн /Дэс түшмэл, ТЗ-5/-ээр ажиллаж байхад нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тусгай шалгалт (тухайн албан тушаалын) зохион байгуулагдах хүртэл хугацаанд түр томилжээ.

3.2.2. Ингэхдээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2024 оны Б/07 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Т-г мэргэжилтний албан тушаалаас нь чөлөөлөхдөө дээрх Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг үндэслэжээ.

3.2.3. Гэтэл маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 170 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Т-г Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд томилсон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр хууль, журамд нийцүүлэн 2024 оны 05 дугаар сард багтаан хүчингүй болгохыг үүрэг болгосноор хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга маргаан бүхий 2024 оны Б/121 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлж, уг үүрэгт ажилд томилсон 2024 оны Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3.2.4. Ингэхдээ уг маргаан бүхий тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 170 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны “Журам батлах тухай” А/191 дүгээр тушаалыг тус тус үндэслэл болгосон байна.

3.2.5. Нэхэмжлэгч Д.Т нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоос өмнө 2013 оноос хойш Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр буюу Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.4, 18.5-т заасан төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалд ажиллаж байсан, төрийн албанд тасралтгүйгээр (2010 онд тангараг өргөсөн, 1хх-ийн 30) ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. Хариуцагчаас энэхүү үйл баримттай маргадаггүй.

3.2.6. Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, түүний салбар зөвлөлд арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй.

3.2.7. Гэтэл нэхэмжлэгч Д.Т-г Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд тухайн албан тушаалын тусгай шалгалтыг Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөл зохион байгуулаагүй атал Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн томилгоо гэж төрийн жинхэнэ албан хаагч нэхэмжлэгчийг үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлсөн маргаан бүхий акт нь хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-т заасныг тус тус зөрчжээ.

3.2.8. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1-д зааснаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалт зарлаагүй, төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтыг зохион байгуулаагүй хариуцагчийн буруутай үйлдэл тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны Б/121 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ:”, 38.1.5-т “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах;”, мөн хуулийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана:”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

3.2.9. Нөгөөтээгүүр, хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна.” гэсэн хуулийн заалтыг анхаараагүй болох нь тогтоогдож байна.

3.2.10. Энэ талаар нэхэмжлэгчийн “...Төрийн албаны зөвлөлөөс миний ажил албан тушаалын тусгай шалгалтыг өнөөдрийг хүртэл зарлаагүй, тусгай шалгалт зохион байгуулаагүй, эрх зүйн байдлыг дордуулсан тогтоол гаргасанд гомдолтой байна.” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаар тогтоолыг цаг хугацааны хувьд хугацаа алдаж, 8 сарын дараагаар буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаар тушаалыг гаргаж хэрэгжүүлсэн, төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөхдөө анх томилсон тушаалын “...тусгай шалгалт (тухайн албан тушаалын) зохион байгуулагдах хүртэл хугацаанд түр томилсон” гэх нөхцөл арилаагүй, түүнийг үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд тухайн албан тушаалын тусгай шалгалтыг Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөл зохион байгуулаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан захиргааны акт гаргасан байна.

 

5. Иймээс төрийн жинхэнэ албан хаагч Д.Т-ийн эрх зүйн байдлыг дордуулалгүй (дэс түшмэл, ТЗ-5 ангилал), түүнийг мэргэжил, мэргэшлийн дагуу хуульд нийцүүлэн ажил, албан тушаалаар хангах үүрэгтэй бөгөөд захиргаа сонгох боломжийн хүрээнд нөхцөл байдалтай уялдуулан шинэ акт гаргах боломжтой гэж шүүхээс үзэж байгаа энэ тохиолдолд маргаан бүхий Б/121 дугаар тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, цалин хөлсний маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.у

 

5.1. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “...Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж зааснаар давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий тушаалыг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн, энэ хугацааг хяналтын шатны шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тоолох бөгөөд уг хугацаанд хариуцагч нэхэмжлэгчийг ажлын байраар хангасан шийдвэр гаргаагүй бол (нэхэмжлэгч уг албан тушаалд ажиллахаас татгалзсанаас бусад тохиолдолд) маргаан бүхий 2024 оны Б/121 дугаар тушаал хүчингүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0277 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д-ийн Т-г ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/121 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болохыг дурдсугай” гэж, Тогтоох хэсгийн “3” гэсэн дугаарыг “4” болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                  Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА