Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 846

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК, С.М нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/03352 дугаар шийдвэртэй, “Н” ХХК, С.М нарын нэхэмжлэлтэй, С.Т, Ж.Б нарт холбогдох,

С.Тгаас 320 300 000 төгрөг гаргуулах, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарлан хуралдуулсан ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоон, хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, хувьцаа эзэмшигчдийн хувьцааны эрхийг буцаан шилжүүлэх, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1-т заасан “...ам.доллараас буулгахгүй байх...” 1.2-т заасан “...ам.доллараас багагүй байх...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан хуульд харшилсан хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “...урьдчилгаа төлбөр хийгдсэн үед...” гэсэн болзол Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

С.Мижидоржид холбогдох гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч М.Болор-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж,

Хариуцагч С.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.С.Тгийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох, хамтран ажиллах гэрээний үүрэгт 1 500 000 ам.доллар буюу 2 156 205 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хянан хэлэлцээд 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зохигчдын эвлэрлийг баталж 1772 дугаар захирамж гарсан. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, миний бие “Н” ХХК-ийн өмнөөс 330 300 000 төгрөгийг С.Тд өгсөн. Дүүргийн шүүхэд уг захирамж илт үндэслэл муутай, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж дахин хянуулах хүсэлт гаргаснаар 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 8376 дугаар шүүгчийн захирамжаар хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл С.Т хууль бусаар надаас 330 300 000 төгрөг авсан нь тогтоогдсон. Надаас мөнгийг хүлээн авч, өр төлбөртэй гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн нь 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гурван талт гэрээний хавсралтаар тогтоогдож байгаа. Иймд үндэслэлгүйгээр авсан 330 300 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 809 450 төгрөг, нийт 332 109 450 төгрөгийг С.Тгаас гаргуулж өгнө үү.

2.“Н” ХХК нь 3 гишүүнтэй 2009 онд шинэчлэн байгуулагдаж иргэн С.Т, Ж.Б нар тус бүр 33,33 хувийн хувьцааг, миний бие 33,34 хувийн хувьцааг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Компанийн гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2 удаа зарласан боловч эхний удаа хуралдаа ирээгүй, 2 дахь удаа дахин зарлан 100 хувийн ирцтэй эхэлсэн ч хэлэлцэх асуудлын 1 дэх хэсгийн үед С.Т, Ж.Б нар хурлыг санаатай үймүүлж хаяж явсан. Иймээс дахин хурал хуралдуулах шаардлагагүй болсон. Гэтэл С.Т, Ж.Б нар Компанийн тухай хуулийн 61.1.2 “...хувьцаа эзэмшигч нар ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлага гаргах эрхтэй боловч хурлын тов зарлах эрхгүй”, 61.4 “компанийн гүйцэтгэх удирдлага ээлжит бус хурал хуралдуулах эсэх талаар ажлын 10 хоногт багтаан шийдвэр гаргана” гэснийг зөрчиж, 2016 оны 6 дугаар сарын 29-нд ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гаргаж, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, гүйцэтгэх захирлаар С.Тг томилсон тул уг шийдвэрийг хүчингүй болгоно уу.

3.Хувьцаа эзэмшигч нар хөрөнгө оруулалтаа хугацаанд нь хийдэггүй, үүнээс гарах хохирлыг мэдсээр байж төлбөрөө төлдөггүй. Удаа дараа хууль бус аргаар компанийн эрхийг авч, компанийг зарж борлуулах гэж хууль зөрчиж дарамталж байгаа тул тэдний хувьцааны эрхийг миний нэр дээр шилжүүлнэ үү.

4.“Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Гурван талт зөвшилцлийн гэрээг байгуулсан ба тухайн үед Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд С.Тгийн нэхэмжлэлтэй “Эрдмаш” ХХК, “Н” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 2 156 205 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй маргаан явагдаж байсан учир уг гэрээг байгуулсан. Компанийн тухай хуульд зааснаар 3 хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж үүссэн нөхцөл байдал, компанийн үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үндсэн дээр хэлэлцэн тохиролцож, харилцан зөвшөөрснөөр гэрээг байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь С.Т, Ж.Б нарын надад өгөх мөнгөн хөрөнгө болон компанийн хэвийн үйл ажиллагаа 2015 он хүртэл зарцуулсан мөнгөн хөрөнгийг хэрхэн барагдуулах. Учир нь 2015 он хүртэл 6364 А, 7700А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой бүхий л зардлыг өөрийн бусад хөрөнгөнөөс төлсөн.

Хариуцагч нар нэг ч төгрөг төлөөгүйгээ хүлээн зөвшөөрсөн ба маш том хөрөнгө оруулагч хятадууд байна, хөрөнгө оруулалтыг хурдан босгож болно, танил байна, удахгүй компанийг хэвийн үйл ажиллагаанд оруулна, зөвхөн шүүх дээрх маргаануудаас болж ажил явагдахгүй байна гэж гэрээ байгуулахыг тулган шаардсан. Ж.Бтай 33 жил найз нөхөд явсан, хар багаас Эрдэнэтийн ГОК-д хамт ажиллаж, тушиг тулгуур болж явсан учир итгэсэн. С.Тг 500 000 ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг үгүйсгээгүй боловч 33.3 хувийн хувьцааг уг хөрөнгөөр худалдан авч хувьцаа эзэмшигч болсон, эрүүл мэндийн хувьд хавдартай гэсэн учир өрөвдөж гэрээг байгуулсан.

Хариуцагч нар гэрээний 1.1-д алтны үндсэн орд газарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орох тохиолдолд хөрөнгө оруулагч талд хувьцаа эзэмшигчдийн хувьцаа нийлбэрээр 70-80 хувийг шилжүүлэн өгөх бол доод үнийг “...ам.доллараас буулгахгүй байх”, 1.2-т “...хэрвээ хөрөнгө оруулагч талын хүсэлтээр хувьцаа эзэмшигчид хувьцаагаа 100 хувь шилжүүлэх тохиолдолд нийт хувьцааны доод үнийг “...ам.доллараас багагүй байх” гэсэн болзлыг тавьсан. Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ. Дээрх “ам.доллараас буулгахгүй байх...” гэсэн болзлууд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэснийг зөрчсөн. Тухайн үед үйлчилж байсан Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг...” , Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “...биет бус хөрөнгө” гэж биет шинж чанаргүй... өөрийнхөө эзэмшигчид эрх, давуу эрх, онцгой эрх олгож байгаа эдийн бус хөрөнгийг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-т тодорхой тусгасан. Дээрхээс үзвэл “хувьцаа” нь бараа гэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл барааны үнийг ам.доллараар илэрхийлэх нь хуульд харшилж байх тул гэрээний 1.1, 1.2-т заасан нөхцөл болзол биелэгдэхгүй нь ойлгомжтой бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.-т “...Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед хувьцаа эзэмшигч нар хамгийн түрүүнд хоорондын тооцоогоо үл маргах журмаар барагдуулах..” гэсэн болзол нь Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “...Болзолд заасан үйл явдал хэзээ ч бий болохгүй нь илт болсон тохиолдолд болзол хүчин төгөлдөр бус болно...”. Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-т “...Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй...” гэж заасан боловч гол нөхцөл нь “..талууд хуулийн хүрээнд” байхыг хуульчилсан. Иймд Гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1, 1.2-т заасан болзол нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т зааснаар хуульд харшилсан болзол тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “...Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Гурван талт зөвшилцлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан “Гэрээ байгуулснаас хойш хувьцаа эзэмшигч нар нь хөрөнгө оруулалт буцаах болон хувьцааны эзэмшлийн талаар маргаан гаргахгүй ба шүүх дээр байгаа нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлээс С.Т, С.М нар ажлын 5 хоногийн дотор татгалзах бөгөөд цаашид дахин маргаан гаргахгүй байх үүргийг хүлээнэ” гэсэн заалт, мөн гэрээний 2.1-д заасан “Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед хувьцаа эзэмшигч нар хамгийн түрүүнд хоорондын тооцоогоо үл маргах журмаар барагдуулах гэсэн заалтыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул С.Мийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, улмаар хувьцаа эзэмшигчдийн хооронд гурван талт зөвшилцлийн гэрээ байгуулж мөрдөн ажиллах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн үндсэн дээр “Н” ХХК хувьцаа эзэмшигч нар гэрээний 1.1 дэх хэсэгт “тус компанийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын нутагт орших 6364А, 7700А дугаартай лицензтэй алтны үндсэн орд газарт гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт орох тохиолдолд хөрөнгө оруулагч талд хувьцаа эзэмшигчдийн хувьцааг нийлбэрээр нь 70-80 хувийг шилжүүлэн өгөх бол доод үнийг 3,000,000 ам.доллараас буулгахгүй байх, 1.2 дахь хэсэгт “Хэрвээ хөрөнгө оруулагч талын хүсэлтээр хувьцаа эзэмшигчид хувьцаагаа 100 хувь шилжүүлэх тохиолдолд нийт хувьцааны доод үнийг 6,000,000 ам.доллараас багагүй байх”, 1.5 дахь хэсэгт “Гэрээний 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцлийн аль нэгээр нь хөрөнгө оруулагч талд хувьцаа шилжих тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 30-аас доошгүй хувийг урьдчилгаа төлбөр байдлаар хувьцаа эзэмшигч нар дундын данс нээлгэн шилжүүлэн авсан байх хатуу нөхцлийг баримталж, энэ нөхцөл хаагдсанаар хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх ажиллагааг эхлүүлнэ”, 2.1-д “Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед хувьцаа эзэмшигч нар хамгийн түрүүнд хоорондын тооцоогоо үл маргах журмаар барагдуулах гэж тохиролцсон. Иймд гэрээний дагуу “Н” ХХК-д гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж, хөрөнгө оруулалтын урьдчилгаа төлбөр хийгдсэн нөхцөлд л “Гурван талт зөвшилцлийн гэрээ”-ний хавсралт 1-д заасан 320,300,000 төгрөгийг төлөх юм.

Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Компанийн тухай хууль, “Н” ХХК-ийн дүрэмд зааснаар хувьцааны эрхээ хэнд, яаж шилжүүлэх нь зөвхөн хувьцаа эзэмшигч нарт байдаг эрх учир тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны эрхийг С.М хүчээр шилжүүлэн авах хууль зүйн үндэслэлгүй. С.М нь гүйцэтгэх захирлаар 2010 оны 6 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл ажилласан 6 жилийн хугацаанд Компанийн тухай хууль, компанийн дүрэмд зааснаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг удаа дараа хэтрүүлж, маш их хэмжээгээр хохирол учруулсан, хувьцаа эзэмшигч нарт нэг ч удаа санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан тавьж байгаагүй, нэг ч төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаагүй нь гүйцэтгэх захирал байх эрхгүй. Бид 2016 оны 6 дугаар сард ээлжит бус хурал хуралдуулах шаардлагыг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн ч үл хүндэтгэж, эсэргүүцсэн мэдэгдэл ирүүлсний эцэст бид хуульд заасан эрхийнхээ дагуу ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргаж, хурлаа хийж, шийдвэрээ гаргасан.

Түүний гүйцэтгэх захирлын бүрэн эрх Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болох ёстой. С.М нь Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахгүй байсаар 2016 оны компанийн ээлжит хурлыг ч хийхгүй хуульд заасан хугацааг дуусгасан. Хэл ам болсны эцэст 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг 5 дугаар сарын 06-ны өдөр хийх болсныг мэдэгдэж, ойрын үед хийх ажлын талаар ярилцана гэсэн байсан. Ийнхүү хууль зөрчиж зарласан хуралд бид орж хууль ёсны шаардлага тавьснаар маргаан болж, хурал үр дүнд хүрээгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар заавал хэлэлцэх асуудлыг тодруулж өгсөн байхад ойрын үед хийх ажлыг хэлэлцэх биш ярилцахаар мэдэгдсэн нь компанийн ээлжит хурлын мэдэгдэл гэж үзэх нь учир дутагдалтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгчийн болзол тавьсан хэлцлийн талаар гэрээний зарим заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг ч зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан 3 000 000 ам.доллар болон 5 000 000 ам.доллар дээр ярьж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөх шаардлагыг тавьдаг. Тухайн хүчингүйд тооцуулах тухай хэлцэл нь нэхэмжлэл гаргах үеийн ханшаар ямар байсан энэ хэмжээнд тохируулж улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх ёстой. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 320 300 000 төгрөгийг төлнө, гэхдээ уг мөнгийг хэн авах нь тодорхойгүй нөхцөлд буцаан төлөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Н” ХХК-ийн ээлжит бус хурлын шийдвэрийн хувьд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч нар ээлжит бус хурлыг хуралдуулах талаар саналаа гүйцэтгэх захирал С.Мид хүргүүлсэн байдаг. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2/3 нь оролцсон тохиолдолд хүчин төгөлдөр болох байсан. Хөрөнгө оруулалт хийгээгүй хувьцаа эзэмшигчдийн хувьд хамтран ажиллах, компани үүсгэн байгуулах гэдэг тусдаа өөр ойлголт. Заавал эд хөрөнгө биш, өөрийн үйл ажиллагаагаар хамтарч ажиллаж болно. 2010 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна. Ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт оруулаагүй гэдэг үндэслэлээр компанийн дүрэмд өөрчлөлт хийгээгүй, компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээг хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хариуцагчийн 33,33 хувийн хувьцааг авна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. “Н” ХХК ямар үйл ажиллагаа явуулсан, ямар ашигтай байсан, хөрөнгө оруулаагүй гээд байгаа хувьцаа эзэмшигч нар компаниас ямар ашиг хүртсэн талаар ярих ёстой. Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 2 талбайд хөрөнгө оруулсан гэдэг асуудал яригдаж байна. Энэ талбайг ашиглаад ямар ашигтай ажилласан, ямар ногдол ашиг хүртээсэн талаар хэрэгт баримт байхгүй байна.

 Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд С.М “Н” ХХК-ийг төлөөлж байгаа. Маргаж буй асуудлыг иргэнийхээ хувьд нэхэмжлэл гаргаж байгаа. Урьд нь шүүхээс шийдсэн асуудлыг болиулахын тулд дээрх 3 хувьцаа эзэмшигч харилцан тохиролцож хийсэн болзолт гэрээ. Аливаа гэрээний хууль зүйн үр дагавар бий болсноор эрх зүйн факт үүснэ, талууд ийм нөхцөлөөр гуравдагч этгээдэд бүтнээр нь худалдахгүй, хувьцаагаа хэсэгчлэн 70-80 хувийг ...ам доллараас буулгахгүй байх гэсэн тооцооны асуудал яригддаг. 33.33 хувийн хувьцаагаа шаардах эрх байгаа эсэх, энэ нь маргааны өөр нэг төрөл юм. Нэхэмжлэгч хувьцааг бараа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж байна. Бараа гэдэг нь эдийн засгийн утгаараа нэмүү өртөг шингээж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ойлгодог. Хувьцааг нэмүү өртөг шингээсэн гэж ярьж болох эсэх, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд зааснаас өөрөөр зохигчид хоорондоо хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцсон байх ёстой. Шүүх дээрх гурван шаардлагыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх хангагдах гэж байгаа, ямар эрх нь зөрчигдөх гэж байгаа, хариуцагч нар нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн бэ гэдгийг харгалзах байх. Зөрчигдсөн эрхийг таслан зогсоох асуудал яригдана. Өнөөдрийн байдлаар эзэмшиж байгаа хувьцаагаа гуравдагч этгээдэд зарах эрх нээгдсэн байдаг. Шүүх дээр маргаан байгаагаас зарах боломж хаагдсан.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Компанийн тухай хуулийн 59.4 дэх хэсэгт зааснаар компанийн санхүүгийн жил дуусахаас 4 сарын өмнө компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд тухайн компанид төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болох юм. 2011 оноос хойш компанийн гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг тайлан хэлбэрээр хэлэлцүүлсэн зүйл байхгүй, хуулийн хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн компанийн бүрэн эрх дуусгавар болно. Татварын тухай хуульд зааснаар 6 дугаар сарын 15-ны дотор компанийн хувьцаа эзэмшигчдийг хуралдуулаагүй тохиолдолд гүйцэтгэх захирал нь компанийг удирдах ёстой. Гүйцэтгэх захирлын үндсэн үүрэг бол хувьцаа эзэмшигч, компанийг ашигтай ажиллуулах үүрэг хүлээдэг. Түүнээс биш би хөрөнгөө оруулсан, эд нар оруулахгүй байна гэдэг асуудалд хамаарах эрх зүйн харилцаа биш. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч С.Т, Ж.Б нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.М нь “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2010 оны 6 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл 6 жил ажиллахдаа Компанийн тухай хууль, компанийн дүрэмд заасан гүйцэтгэх захирлын эрх хэмжээг удаа дараа хэтрүүлэн, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр компанийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын нутагт орших 6364А, 7700А лицензтэй талбайд дураараа олборлолт явуулж, олборлосон алтыг хувьдаа авах, бусад аж ахуйн нэгж компанитай хамтран ажиллах гэрээг байгуулж эрх хэмжээгээ хэтрүүлж, их хэмжээний мөнгө хувьдаа авч завшсан үйл ажиллагаа явуулж, компанид их хэмжээгээр хохирол учруулсан. Хувьцаа эзэмшигч нарт нэг ч удаа санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан тавьж, нэг ч төгрөгийн ногдол ашиг хувиарлаж байгаагүй нь компанийн гүйцэтгэх захирал байх эрхгүй тул 2016 оны 6 дугаар сард түүнд ээлжит бус хурал хуралдуулах шаардлагыг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хүргүүлж, шаардлагыг үл хүндэтгэж, эсэргүүцсэн мэдэгдэл ирүүлсэн. Иймээс хуульд заасан эрхийнхээ дагуу ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргаж, хурлаа хийж шийдвэрээ гаргасан нь хууль зөрчөөгүй. Тэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн тухай хуульд заасан хугацаанд зарлаагүй олон жил болсон учир гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болох ёстой. Тиймээс 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ээлжит бус хурал хүртэл хийж гүйцэтгэх удирдлагыг сольсон, үүнийг эсэргүүцэж С.М шүүхэд ээлжит бус хурал, түүнээс гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээсээ татгалзсан учир Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/02182 дугаар захирамж гарсан. Тиймээс “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хурал, түүний шийдвэр хүчинтэй хэвээр байгаа.

С.М Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах ёстой байсан боловч урьдын адил хууль зөрчсөөр, маргаан үргэлжилсээр, эрх мэдлээ хэтрүүлсээр ирсэн. Ийм байхад 2016 оны компанийн ээлжит хурлыг ч хийхгүй явсаар хуульд заасан хугацаа дуусаж байхад буюу 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хийх болж, ойрын үед хийх ажлын талаар ярилцана гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Бид зарласан хуралд орж хууль ёсны шаардлага тавьснаар маргаан болж уг хурал үр дүнд хүрээгүй. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.11-д “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар энэ хуулийн 62.1.9-д заасан асуудлыг заавал хэлэлцэнэ” гэсэн байдаг. 62.1.9-д “Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах” гэж хувьцаа эзэмшигчдийн хурлаар заавал хэлэлцэх асуудлыг тодруулж өгсөн байхад ойрын үед хийх ажлын талаар ярилцахын мэдэгдсэн нь “ээлжит хурал”-ын мэдэгдэл гэж үзэхэд учир дутагдалтай. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрт “хурлын хэлэлцэх асуудал, хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт, хурлын дарга, тооллогын комиссын дарга, гишүүд”-ийн талаар заах ёстой. Бид компанийн тайлант жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг л хэлэлцэхийг хүссэн. Ийм байдал үргэлжлээд байсан учир бид хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага тавьсан. Шийдвэрээ гаргаагүй учир хуульд заасан бүрэн эрхийн дагуу “ээлжит бус” хурлыг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулахаар шийдвэр гаргаж, үүнийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр С.Мид хүргүүлсэнч тэрээр ээлжит бус хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Тиймээс хувьцаа эзэмшигч Ж.Б, С.Т нар 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлыг хуульд заасны дагуу хуралдуулж, хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар хувьцаа эзэмшигч С.Тг гүйцэтгэх захирлаар сонгосон тул нэмэгдүүлсэн шаардлагын 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-ын “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэсэн заалтыг удирдлага болгон мөн зүйлийн 59.4-ийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл/байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэсэн заалтыг зөрчиж 2011-2016 оны компанийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй С.Мийн гүйцэтгэх захирлын “бүрэн эрх дуусгавар болсон”-ыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.М сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Өнгөрсөн 6 жилийн хугацаанд ямар нэгэн зөрчил гаргасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зүйлгүй болохыг тогтоосон. Энэ гүтгэлэгт ямар нэгэн буруугүй болохыг тогтоож Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/02182 дугаар бүхий захирамж, тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигч нарын /С.Т нь С.Мид төлөх өрийн хавсралт, Ж.Б нь С.Мид төлөх өрийн хавсралт, С.Т болон Ж.Б нарын С.Мид төлөх өрүүдийн хавсралт №3/ баталгаажсан “Гурван талт зөвшилцлийн гэрээ”-нд тодорхой байгаа. Уг гэрээ нь компанид үүссэн нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэж 3 хувьцаа эзэмшигч харилцан зөвшилцөж баталгаажуулсан хүчин төгөлдөр баримт юм. Ж.Б нарын гаргаж буй ёс бус үйлдлүүд нь удаа дараа цагдаа, прокурор, шүүхээр тогтоогдсон байхад хуулийн байгууллагуудыг төөрөгдүүлсээр байгаа нь тодорхой байна. Энэ бүх үйлдэл гэрээгээр хүлээсэн өр төлбөрөө төлөхгүйн тулд компаний эрх мэдлийг булаан авч улмаар зарж борлуулах санаа юм.

С.М нь дураараа алт олборлолт огт явуулаагүйг хүн бүхэн мэднэ. 1 грамм ч алт тушааж үзээгүй. “Заамар Хаан” ХХК, “Нью Перл” ХХК-тай байгуулсан гэрээг хувьцаа эзэмшигч нар гурвуулаа зөвшөөрч баталгаажуулсан. Энэ тухай Төв аймгийн цагдаагийн байгууллагын шалгалтын дагуу гарсан прокурорын 870 тогтоолд тодорхой байгаа. Харин гэрээгээр ажилласан “Заамар Хаан” ХХК-иас орсон 320 300 000 төгрөгийг С.Т ганцаараа авч хэрэглэж компанийг их хэмжээний хохиролд оруулаад байгаа. Дээр нь С.Моос 10 000 000 төгрөгийг нэмж авч эмчилгээнд явж ирээд бүгдийг буцаан төлнө гэсэн боловч өдийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа. Тэгэхээр компанийг С.Т их хэмжээний хохиролд оруулсан нь баримтаар батлагдана. Он, оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлттэйгээр тухай бүрт нь хүргүүлж байсан баримтуудыг нэхэмжлэлийн материалд оруулсан. Ер нь “Н” ХХК нь дээрх гэрээнүүдээс өөр олборлолт явуулж байгаагүй, олборлолт явуулахын тулд их хэмжээний хөрөнгө, техник, хүн хүч, бичиг баримт бүрдүүлэлт гээд ямар их зардал гардгийг ямар ч хүн ойлгоно. ...Хөрөнгө оруулалт хийж байж үйл ажиллагаа явагдаж улмаар ашиг олох эсэх нь шийдэгддэг хөдөлмөрийн шудрага зарчмыг ойлгохыг хүсэхгүй байгаа асуудал гарч байна. 6364А, 7700А тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрүүдийг миний бие дангаараа төлж байсан. Хувьцаа эзэмшигч нар нэг ч удаа төлбөр төлөөгүй, ногдох хувьцаандаа тохирсон хөрөнгө оруулалт нэг ч удаа хийгээгүй, компаниас хувь авах тал дээр байнга маргаан гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн 2 дугаар хэсэгт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаагүй олон жил явсан болохоор гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь Компанийн тухай хуулийн 59.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болох ёстой гэжээ. Энэ нь ор үндэсгүй худал зүйл. Үе үеийн хурлын протоколууд байгаа. Үүнийг ихэнх тохиолдолд С.Т өөрөө бичиж хөтөлсөн. Бид хурлыг хангалттай хийдэг байсан, хурал болгонд хөрөнгө оруулалт, төлбөр тооцооны тухай хэлэлцдэг ч хувьцаа эзэмшигч нар төлбөр тооцоог хийдэггүй. Ээлжит хурлыг 2016 он гарснаас хойш 3 удаа зарлаж байсан. 2016 оны 02 дугаар сарын 25-нд хувьцаа эзэмшигч нарын хурал зарласан боловч Ж.Б хуралдаа ирээгүй, С.Т нь үл таних 2 хүнтэй хамт ирэн хурлыг санаатайгаар үймүүлж, хуралдуулахгүй байх зорилгоо биелүүлээд хурлыг орхин явсан. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зар хүргүүлсэн боловч хувьцаа эзэмшигч нар ирээгүй. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ээлжит хурал хуралдуулах шуудан хүргүүлж 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 15 цагт хурал хувьцаа эзэмшигчидийн 100 хувийн ирцтэй эхэлсэн ч хэлэлцэх асуудлын 1-т заасан санхүүгийн тайлан, компанийн хэвийн үйл ажиллагаа хангах өр авлагын талаар хэлэлцэх үед С.Т, Ж.Б нар санаатайгаар хурал үймүүлж хурлыг хаяж явсан. Энэ бүхний нотлох баримтууд байгаа бөгөөд хурлын товыг мэдэгдэж байсан зар, хэлэлцэх асуудал, тайлан тэнцлийг тухай бүрт явуулж байсан шуудангийн баримтууд, цахим хэлбэрээр хүргүүлж байсан баримтуудыг хавсаргасан, бичлэг нь ч хэрэгт байна. Дээрх төлбөр тооцоог барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн боловч барагдуулаагүй, төлөхгүй байхын тулд компанийн эрх мэдлийг ямар нэгэн аргаар булаан авч зарж борлуулах зорилгоор аливаа үйлдлийг эрээ цээргүй гүтгэлгийн шинж чанартай хийж байгааг анхаарна уу. Хувьцаа эзэмшигч нар Компанийн тухай хуулийн 61.1.2-д зааснаар ээлжит бус хурал хуралдуулах санал, шаардлага гаргах эрхтэй ч хурлын тов зарлах эрхгүй, 61.4-т зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага ээлжит бус хурал хуралдуулах эсэх талаар ажлын 10 хоногт багтаан шийдвэр гаргана гэж заасныг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Компанийн тухай 61 дүгээр зүйлийн 61.4-т заасныг зөрчиж 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж гүйцэтгэх захирал миний шийдвэргүйгээр ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гарган хуралдаж гүйцэтгэх захирлаар С.Т өөрийгөө томилсон нь хүчин төгөлдөр бус. 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шаардлага хүргүүлсэн нь Сонгуулийн тухай хуулинд зааснаар бүх нийтийн амралтын өдөр байх тул 30-ны өдөр хүлээн авснаар тооцоход 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргах хуулийн хугацаа дуусах байсан. Гэтэл 2016 оны 07 сарын 04-ний өдөр 14 цагт хууль бусаар ээлжит бус хурал хуралдуулсан хуульд нийцэхгүй, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд С.Т, Ж.Б нарын хувьцаа эзэмшигчидийн ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэм, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан гурван талт зөвшилцлийн гэрээнд заасан өр төлбөрөө төлөхгүйн тулд компанийн эрхийг хууль бус аргаар удаа дараа булаан авах зорилготой үйлдэл хийж байгаа тул Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т заасныг баримтлан “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлыг болон түүнээс гарсан шийдвэрүүд нь хүчингүй болно гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг баримтлан “Н” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 46 дугаар зүйлийн 46.3, 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч С.Тгаас 330 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н” ХХК болон С.Мийн, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1-т заасан “...ам.доллараас буулгахгүй байх...” болон 1.2-т заасан “...ам.доллараас багагүй байх...” гэсэн болзлыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн гэрээний 1.1 болон 1.2-т заасан заасан “...ам.доллараас...” гэсэн болзол хүчин төгөлдөр бус байх тул мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “...урьдчилгаа төлбөр хийгдсэн үед...” гэсэн болзол нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, С.Т, Ж.Б нарын хувьцааны эрхийг С.Мийн нэр дээр шилжүүлүүлэх тухай С.Мийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, С.Мийн “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай С.Т, Ж.Б нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2 020 050 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “С.Тд 320 300 000 төгрөгийг хүчин төгөлдөр бус шүүхийн захирамжийн үндсэн дээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн боловч 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хувьцаа эзэшигчдийн хооронд үүссэн өр, авлагыг хэрхэх талаар С.М, С.Т, Ж.Б нарын хооронд байгуулагдсан гурван талт зөвшилцлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай харшлаагүй, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв”, “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр С.М, “Н” ХХК нь гурван талт гэрээний үүрэг болох 320 300 000 төгрөгийг С.Тгаас шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэлээ... Учир нь гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1, 1.2-т заасан хөрөнгө оруулагчид хувьцаагаа шилжүүлсэн нөхцөл байдал үүсээгүй байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс уг мөнгийг шаардах эрх үүсэхгүй”, “Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн гурван талт зөвшилцлийн гэрээ нь хүчин төгөлдөр мөн болохыг дурдаад тус гэрээний 1.1., 1.2, 2.1 дэх заалт бодитой хэрэгжсэн тухай хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, зохигчдын хоорондын тохиролцоог буруутгах боломжүгй” гэж тус тус дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хариуцагч С.Т нь 320 300 000 төгрөг авсан болох нь төлбөрийн гүйцэтгэлийн баримтууд болон С.Тгийн тайлбараар тус тус нотлогддог. С.М, С.Т нарын хооронд байгуулагдсан төлбөр тооцоог төлж барагдуулах тухай гэрээний хавсралт 1 нь өөрөө төлбөр төлөх тухай талуудын эрх, үүргийг тодотгосон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Улмаар энэхүү төлбөрийг төлөх нөхцөл бүрдээгүй тухай “хөрөнгө оруулагч талд хувьцаа шилжих тохиолдолд ... худалдах гэрээ компанийн эрх шилжүүлэх ажиллагааг эхлүүлнэ”, мөн гэрээний 2.1 заасан урьдчилгаагаар хоорондын төлбөр тооцоог дуусгах тухай” гэх хариуцагчийн тайлбар, шийдвэрийн үндэслэх хэсгийн “хувьцаа эзэмшигчд компанийн хувьцаагаа хөрөнгө оруулагчид шилжүүлсэн нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс уг мөнгийг шаардах эрхгүй” гэх Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 “...үйл явдлаас шалтгаалан хэлцэлд заасан эрх үүрэг нь үүсэхээр тохиролцсон бол хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл гэнэ” гэж заасны дагуу шаардах эрх үүссээгүй тухай шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй.

Гурван талт хувьцаа эзэмшигчдийн зөвшилцлийн гэрээний 1.1, 1.2, 2.1-т тус тус заасан хувьцааг хөрөнгө оруулагчдад худалдах тухай заалт нь Иргэний хуульд заасан болзолын зохицуулалтууд үйлчлэхгүй. Учир нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 “тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ”, мөн зүйлийн 44.4 “үйл явдал нь ирээдүйд болох эсэх нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахаар байвал энэ зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан байна. Тодорхойгүй байгаа үйл явдал гэдэг нь хэлцэл хийгч талуудын хүсэл зохигоос үл шалтгаалж бий болох эсэх нь тодорхойгүй байгаа нөхцөл байдал юм.

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 “компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй” гэж заасан. 4 талт зөвшилцлийн гэрээний 1.5-д хөрөнгө оруулагч талд хувьцаа шилжих тохиолдолд нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг урьдчилгаа хэлбэрээр данс нээлгэж, гэрээний 2.1-т заасны дагуу уг данснаас хоорондын өр төлбөрийг барагдуулах тухай зохицуулсан. Гэрээний 1.1-т заасны дагуу хөрөнгө оруулагч талд хувьцаа шилжүүлснээр уг урьдчилгаа төлбөр орж ирэхээр заасан. Компанийн тухай хуулийн дагуу хөрөнгө оруулагч талд хувьцааг зарах, шилжүүлэхээр аль нэг хувьцаа эзэмшигч шийдвэр гаргасан тохиолдолд эхний ээлжинд бусад хувьцаа эзэмшигчид уг хувьцааг худалдан авах эрхтэй буюу уг хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна. С.Т өөрийн хувьцаагаа бусдад худалдах эсэх мөн худалдахгүй байхад гэрээнд заасан урьдчилгаа төлбөр компанид орж ирэх нөхцөл үүсэх бүрэн боломжгүй буюу үйл явдлыг бий болох эсэх нь С.Тгийн хүсэл зоригоос шууд хамааралтай байна. Энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “хувьцааны эрхээ хэнд яаж шилжүүлэх нь зөвхөн хувьцаа эзэмшигч нарт өөрт нь байдаг эрх” гэх тайлбараар С.Т хувьцаагаа бусдад худалдахгүй байхад С.М хэзээ ч шаардах эрх үссэхгүй тухай шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасныг ноцтой зөрчсөн.

С.Т болон С.М нарын хоорондын өр, төлбөр нь 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хавсралт 1-т заасан гэрээний үүрэгт хамаарах тухай шүүхийн дүгнэлттэй санал нийлэх бөгөөд энэ тухай зохигчдын хэн аль нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагч С.Тд бодитой шилжүүлсэн 320 300 000 төгрөгийг С.М хэлцлийн үндсэн дээр шаардсан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгөө хэдийд ч шаардах эрхтэй.

Гурван талт зөвшилцлийн 1.1-д заасан болзол нь ам.доллараар илэрхийлэгдсэн нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх тухай хуулийг зөрчсөн байна. Шийдвэрт “...төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх тухай хуулийн дээрх зохицуулалт нь барааны үнэ, үйлчилгээний төлбөрийг гадаад валютаар тодорхойлон тохиролцсоныг шууд хориглосон бус харин төлбөр тооцоог гадаад валютаар биш мөнгөн төгрөгөөр хийх агуулгатай” гэж хуулийг тайлбарлан хэрэглэсэн. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу аливаа барааны үнийг гадаад валютаар илэрхийлж болохгүй тухай хууль тогтоогч хуульд үгчлэн заасан байхад шүүх шийдвэр гаргахдаа “үйлчилгээний төлбөрийг гадаад валютаар” илэрхийлж болно гэж тайбалрасан нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Компанийн тухай хуулийн хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна. Шүүх “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нарын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгон, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай С.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэхдээ Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг зөрчиж 2011-2016 оны компанийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй С.Мийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал гэсэн ойлголтыг тэс өөрөөр ойлгосон нь харагдаж байна. Компанийн ээлжит хурал санхүүгийн ажил дууссанаас хойш 4 жилийн дотор хуралдах ёстой, түүгээр компанийн өмнөх жилийн санхүүгийн тайланг заавал хэлэлцэх ёстой, урд онуудад тус компанид гарсан зардлуудыг хэлэлцэх албагүй гэсэн хуулийн шаардлагыг шүүх үл хэрэгссэн нь шийдвэрээс тодорхой харгдаж байна. Зөвхөн гарсан зардлын жагсаалтыг санхүүгийн тайлан гэхгүй, Нягтлан бодох бүртгэлийн хууль, хууль тогтоомжийн бусад акт, олон улсын стандартын дагуу гаргасан тайланг санхүүгийн тайлан гэж ойлгох ёстой, түүнийг нь тухайн аймаг хот, дүүрэг сумын санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батлах ёстой, мөн харъяалах татварын албаар баталгаажсан тайланг санхүүгийн тайлан гэж нэрлэх ёстой зэргийг шүүх ойлгоогүй. Иймд санхүүгийн жил дууссанаас хойш зарлаж байгаа хурлыг ээлжит хурал гэж ойлгож, тэр мэдэгдэлдээ хавсаргасан 2015, 2016 оны зардлын жагсаалтыг санхүүгийн тайлан гэж ойлгож, 4 сар өнгөрчихсөн үе буюу 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хурлыг ээлжит хурал гэж ойлгон, уг ээлжит хурлыг хүчин төгөлдөр гэж дүгнэн шийдвэр гаргажээ. Хуульд 4 сар л өнгөрсөн бол гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад бүх эрх дуусгавар болно гэдгийг заачихсан байхад шүүх Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг зөрчиж ийм шийдвэр гаргасанд гомдолтой.

Мөн шүүх “... “Н” ХХКийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ ээлжит бус хурал хуралдаалах шаардлагыг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр С.Мид гардуулсан, уг шаардлагыг гардуулснаас хойш 15 хоногийн дараа буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ээлжит бус хурал хуралдууулах шийдвэр гаргасан, С.М нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл буюу Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасан хугацаанд ямар нэгэн алхам хийгээгүй байхад ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага, шийдвэр гэсэн хуулийн хоёр өөр ойлголт, хуулийн хоёр өөр зохицуулалтыг хольж ойлгон “...С.Мийн зүгээс 2016 оны 6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 01-ний өдрийн 06/17 тоот албан бичгээр “Компанийн тухай хуулийн 61.4 дэх хэсэгт заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэр гаргахыг мэдэгдэх” агуулгаар хариу өгсөөр байхад ээлжит бус хурлыг хийсэн нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7, 61.9 дэх хэсгүүдэд нийцээгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд С.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан утагтай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК, С.М нар нь хариуцагч С.Тд холбогдуулан үндэслэлгүйгээр авсан төлбөр 330 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “Н” ХХК-ийн 33,33 хувийн хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нарын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зарлан хуралдуулсан ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоон, шийдвэрийг хүчингүй болгуулах, хөрөнгө оруулалт хийдэггүй хувьцаа эзэмшигч нарын хувьцааны эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх, “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулссан “Гурван талт зөвшилцлийн гэрээ”-ний 1.1-т заасан “...ам.доллараас буулгахгүй байх...”, 1.2-т заасан “...ам.доллараас багагүй байх...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан хуульд харшилсан болзол тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “...урьдчилгаа төлбөр хийгдсэн үед...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэснийг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгч С.Мид холбогдуулан түүнийг 2011-2016 оны компанийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй гэх үндэслэлээр тухайн компанийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ. /1хх1, 92, 132, 3хх36, 1хх146-148/

 

Анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал болон үндэслэх хэсэгт “хариуцагч С.Тгаас 320 300 000 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон атлаа шийдвэрийн тодорхойлох хэсэгт 330 300 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 809 450 төгрөг, нийт “332 109 450 төгрөг гаргуулах” гэж, харин тогтоох хэсгийн 2 дахь заалтад “330 200 000 төгрөг” гаргуулахаар, 4 дэх заалтаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 020 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж гэж тус тус зөрүүтэй бичиж хэргийг шийдвэрлэжээ. Мөн шүүхийн шийдвэр хэрхэн гарсан талаарх шүүх хуралдааны тэмдэглэлд “С.Тгаас 332 109 450 төгрөг гаргуулах, ... нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 949 850 төгрөг” гэж өөр өөр үнийн дүнгээр тусгагдсан байна. /1хх1-2, 3хх81, 86,89,76/

 

Шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн үнийн дүн дээрх байдлаар зөрүүтэй байгаагаас гадна хэргийг шийдвэрлэж буй хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон хуулийн заалтууд зөрүүтэй байгаа нь шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр талуудад танилцуулан сонсгосноос өөр агуулгаар гарсан буюу нэхэмжлэлийн шаардлагаас гадуур зүйл шийдвэрлэгдсэн гэж үзэхээр байна.

 

Мөн уг хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 120/ШШ2016/05732 дугаар шийдвэрийг хэргийн оролцогчийн гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 470 дугаар магадлалаар С.М нь С.Тгаас 320 000 000 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах, үүнээс хэдийг нь ямар хуулийн этгээд, хэдийг ямар иргэн төлсөн, яагаад С.М шаардах эрхтэй гэж үзэж байгаа, энэ талаарх үйл баримт бүрэн тодроогүй, мэтгэлцээн өрнөөгүй гэх үндэслэл зааж шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад дурдсан ажиллагаа гүйцэд хийгдээгүй буюу бусдын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх агуулгыг тодруулаагүй байна. /1хх205-211,234-241/

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/03352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 2 020 500 төгрөг, хариуцагчийн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА