Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2016/0383

 

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2016/0383

Улаанбаатар хот

О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр, гуравдагч этгээд “Бизнес топ” ХХК-ийн өмгөөлөгч В.Батжаргал, Д.Нямдорж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 204 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Бизнес топ” ХХК-ийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1500 м.кв талбай бүхий газрыг анх 2004 онд тус дүүргийн Засаг даргын шийдвэрээр гэрээ байгуулан эзэмшлийн гэрчилгээ авч, улмаар 2010 онд 5 жилийн хугацаатай дахин сунгаж, олон жил хуулийн дагуу төлбөр хураамжийг төлж, дагалдах бусад зардал гарган эзэмшиж ирсэн. 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 448 дугаар захирамжаар миний эзэмшиж буй газар дээр орон сууцны барилга барих зөвшөөрөл олгосон...

Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажин барилга барихаар бэлтгэл ажил хийгдэж байсан газарт хотын зүгээс тодорхой санал тавьж, цаг хугацааны хувьд намайг хохироогоод, их хэмжээний зардал гарган ажил эхлэхэд бэлэн болоод байхад надад хэлж мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийг холбогдох хууль тогтоомжийг зөрчин цуцалсан Нийслэлийн Засаг даргын захирамжаа эргэн харж иргэн миний хууль ёсны эрх, ашгийг хохиролгүй болгон газар эзэмших эрхийг сэргээж өгөх хүсэлтийг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргасан... 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандсан... Иймд, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжийн О.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү гэжээ.  

2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Миний эзэмшиж байсан газрыг Баянгол дүүргийн Засаг дарга бусдад эзэмшүүлэхээр захирамж гарган иргэн Н.Энхгэрэл, Б.Мөнхболд нарт газар эзэмшүүлэх эрх олгосон байна. Иймд, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие хавтаст хэрэгтэй танилцах явцдаа миний газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжаар хүчингүй болгохоос өмнө Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжаар надад газар эзэмших эрх олгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 217 дугаар захирамжийг хүчингүй болгосон байсныг олж мэдлээ. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.  

2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Миний бие 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр захирамжийн Н.Энхгэрэл, Б.Мөнхгэрэл нарт холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба Баянгол дүүргийн Засаг дарга нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжаар өмнө нь 2014 оны А/240 дүгээр захирамжаар Н.Энхгэрэлд эзэмшүүлсэн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны цогцолборын зүүн талд 1588 м.кв газрыг “Бизнес топ” ХХК-д эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлсэн байх тул Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн 2 дахь заалтын Н.Энхгэрэлд холбогдох хэсэг, 1 дэх заалтын 2 дугаар хавсралтын “Бизнес топ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжаар иргэн О.Бат-Эрдэнийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд уг захирамжийг холбогдох хэсгийг цуцлан, газар эзэмших эрхийг сэргээх талаар хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газрын хамтарсан 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар газар эзэмших эрхийг сэргээхээр хэлэлцүүлэн газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж, захирамжлахаар зөвшөөрөв гэсэн дүгнэлт гарсан бөгөөд О.******* дуудлага худалдааны үнэ болох 19.800.000 төгрөгийг төлсөн байна... Баянгол дүүргийн Засаг дарга 2014 оны А/240 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг зөрчин Н.Энхгэрэл, Б.Мөнхболд нарт төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар газар олгон, кадастрын зургийг бүртгэхдээ О.Бат-Эрдэнийн 18634309793725 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг устган бүртгэсэн байна... Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр захирамжийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой... гэжээ.

Нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: ...Тус газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр захирамжаар Н.Энхгэрэл, Б.Мөнхболд нарт төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлсэн байсан тул Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг түдгэлзүүлсэн. Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх тул Баянгол дүүргийн Засаг даргаас тайлбар авна уу гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг дарга уг маргаан бүхий газрыг зөрчлийн дагуу хүчингүй болгосноор тухайн газрыг Баянгол дүүргийн Засаг дарга 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрх үүссэн. Энэ эрхийнхээ хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 18/01 дүгээр тогтоолоор батлагдсан 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар эзэмших хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар тухайн газрыг 2 иргэнд хууль журмын дагуу эзэмшүүлэн олгосон ба энэ нь Газрын тухай болон бусад ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа тул О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: ...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Энхгэрэл, Б.Мөнхболд нарын эзэмшиж байсан газрыг “Бизнес топ” ХХК-тай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжаар шилжүүлэн олгосон. Ингэхдээ дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газар эзэмшигчид хандан зөвлөснөөр өмнө эзэмшиж байсан иргэдийн газрын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг гарган өөрчилж, боломжтой байрлалаар талбайг шинээр зохион байгуулж кадастрын нэгдсэн санд оруулсан... Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Н.Энхгэрэл, Б.Мөнхболд нарын өмгөөлөгч Р.Чинбаа шүүхэд гаргасан тайлбартаа: ...Гуравдагч этгээд Н.Энхгэрэл, Б.Мөнхболд нар нь өөрсдийн эзэмшлийн газрын эрхээ “Бизнес топ” ХХК-д шилжүүлсэн учраас О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд тэдгээрийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй. Газрын эрхийг шилжүүлэн авсан “Бизнес топ” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа тул Н.Энхгэрэл, Б.Мөнхболд нарыг шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Бизнес топ” ХХК-ийн захирал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...“Бизнес топ” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б.Мөнхболдтой, Ж.Энхгэрэл нартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хорооны цогцолборын зүүн талд байрлах, нэгж талбарын 18634309795718 дугаартай, 1588 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцож, газар эзэмших хүсэлтээ Баянгол дүүргийн Засаг даргад гаргаж, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх” А/156 дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийг баталгаажуулсан.

Манай компани нь Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албатай 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүнсний ногоо тарих зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 000304754 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Б.Мөнхболд, Н.Энхгэрэл, “Бизнес топ” ХХК-ийн хооронд хийгдсэн газрын эзэмших эрх шилжүүлэх процесс нь газрын тухай хууль тогтоомж зөрчөөгүй... Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамж нь зохих журмын дагуу холбогдох хууль тогтоомжид нийцэж гарсан, хүчин төгөлдөр захирамж тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй. Шүүхээс манай компанид олгогдсон газар эзэмших эрхийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 204 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжийн О.*******д, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дүгээр захирамжийн Н.Энхгэрэл, Б.Мөнхболд нарт, 2013 оны А/287 дугаар захирамжийн О.*******д, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн “Бизнес топ” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, О.Бат-Эрдэнийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Бизнес топ” ХХК-ийн өмгөөлөгч В.Батжаргал, Д.Нямдорж нар давж заалдах гомдолдоо: ...“Бизнес топ” ХХК-ийн газар эзэмших эрх нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжаар үүссэн байдаг бөгөөд энэхүү захирамж гарах болсон үндэслэл нь Н.Энхгэрэл, Б.Мөнхболд нартай байгуулсан газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ, тухайн газрыг хуулийн дагуу эзэмшдэг болохыг тодорхойлсон газар эзэмшүүлэх гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээ байсан болно. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд “Бизнес топ” ХХК-ийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу үүссэн гэж үзэж байх тул “Бизнес топ” ХХК нь маргаан бүхий газрын хувьд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хууль ёсны эзэмшигч болох нь илэрхийлэгдэж байна.

Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь иргэн, хуулийн этгээд зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах эрхтэй хэдий ч ийнхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжаар газар эзэмших эрх нь хүчингүй болсныг Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтдээ “...миний газар эзэмших эрхийг цуцалсан байсныг 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би олж мэдээд шүүхэд гомдол гаргасан юм...” гэж өөрөө маргаан бүхий акт гарсныг мэдсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад тухайн нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэхгүйгээр өөр баримт буюу Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3/3846 дугаар албан бичгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн мэтээр шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3/3846 дугаар албан бичгийн агуулга нь “...Таны гаргасан “Миний эзэмших гэж байсан газар дээр Баянгол дүүргийн Засаг дарга иргэнд газар эзэмшүүлсэн тул хянаж үзнэ үү” гэх хүсэлтийг хүлээн авч танилцлаа...” гэж Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарсан үйл явдлын талаар дурдсан байхад энэхүү албан бичгийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар  захирамжид хамааруулан энэхүү хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасантай нийцэхгүй байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамж, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамж, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжууд нь Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг үндэслэн гарсан. Уг 8/02 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд зааснаар гарсан өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Шүүхээс 8/02 дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 тогтоол нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар харъяа дүүргийн газрын нэгдмэл санд төрийн хяналтыг хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу тавих эрхтэй гэж заасныг үндэслэн гарсан бөгөөд тухайн тогтоол гарах болсон хууль тогтоомж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “...дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ...” гэж заасныг, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.д-д “...сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах...” гэж заасныг, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.3-д “...нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах...” гэж заасныг тус тус үндэслэн гарсан гэж үзэж байна.

Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлж, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж тогтоол гаргасан гэж үзэж байна. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 204 дүгээр шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрийг гардаж авсан байх ба 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр давж заалдах гомдол гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан хугацааг хэтрүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор тухайн хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэх боломжгүй байна.

Харин гуравдагч этгээд “Бизнес топ” ХХК-ийн өмгөөлөгч В.Батжаргал, Д.Нямдорж нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзвэл:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн” гэх давж заалдах гомдлын тухайд:

Нэхэмжлэгч О.******* нь газар эзэмших эрхийг нь цуцалсан тухай 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн бөгөөд энэ талаарх гомдлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргажээ.

Дээрх гомдлын хариуг Нийслэлийн өмчийн харилцааны газар 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3/3846 тоот албан бичгээр О.*******д хүргүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт хүргүүлсэн Баянгол дүүргийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/966 тоот албан бичиг, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 356 тоот албан бичиг, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн О.*******эс Нийслэлийн Өмчийн харилцааны газарт төлсөн нэхэмжлэх хуудас, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “О.*******д газрын эрхийн хүчингүй болгосон талаар албан ёсоор мэдэгдээгүй” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Тиймээс  нэхэмжлэгч  О.Бат-Эрдэнийн  нэхэмжлэлийг  Захиргааны  хэрэг  хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээд “Бизнес топ” ХХК-ийн өмгөөлөгчдийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжийн О.*******д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн Н.Энхгэрэл, Б.Мөнхболд нарт холбогдох хэсэг, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамж, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн иргэн Н.Энхгэрэл, “Бизнес топ” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээн, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгуулах тухай захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг иргэн О.******* гаргажээ.

Иргэн О.******* нь Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 265А дугаар захирамж, 2005 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 0046676 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2006 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Бөөний худалдааны нэгдлийн зүүн талд аж ахуйн зориулалтаар 1500 м.кв газрыг 4 жилийн хугацаатай эзэмшиж байжээ.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Мандал зочид буудлын зүүн талд байршуулан 0.08 га газарт барилга барихыг О.*******д зөвшөөрсөн, мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 676 дугаар захирамжаар газрынх нь хэмжээг багасгаж, 0.04 га болгож, 5 хүртэл жилийн хугацаанд барилга барихыг зөвшөөрсөн байна.

Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 8/02 дугаар тогтоол, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг зөрчсөн газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 217 дугаар захирамжийн О.*******д газар эзэмшихээр олгосон хэсгийг хүчингүй болгожээ.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/716 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 217 дугаар захирамжийн О.*******д холбогдох хэсгийг мөн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин 2013 онд О.Бат-Эрдэнийн “Эн Эй Пи” ХХК-аар хийлгэсэн “Иргэн О.Бат-Эрдэнийн үйлчилгээтэй 154 айлын орон сууцны эскиз зураг, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд НБХБТГ-ын дарга Э.Хүрэлбаатарын баталсан “архитектур төлөвлөлтийн даалгавар”, хөрсний судалгаа хийсэн баримт, эзэмшил газрын төлбөрийн 2004 оноос 2014 оныг хүртэл төлж байсан төлбөрийн баримт, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар “төрийн захиргааны байгууллагаас түрээсийн орон сууцны барилга тул төсөв батлагдахгүй, концесс зарласан боловч нэг ч оролцогч ирээгүй зэрэг шалтгаанаар уг газар дээр барилга барих боломжгүй” байсан болох нь нотлогдож байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч О.Бат-Эрдэнийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нь түүнээс үл хамаарах шалтгаанаас үүдэлтэй болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, хариуцагч дүүргийн Засаг дарга эдгээр байдлыг тогтоогоогүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай” 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг гаргахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д заасныг зөрчсөн, мөн Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах дүүргийн Засаг даргын чиг үүрэгт хамаарах асуудлаар шийдвэр гаргасан нь бүрэн эрхээ хэтрүүлсэн, уг хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамж буруу болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, дээрх дүгнэлтээр О.Бат-Эрдэнийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга хууль бусаар хүчингүй болгосон, мөн О.Бат-Эрдэнийн эзэмшил газрыг өөр этгээдүүдэд буюу Н.Энхгэрэл, Б.Мөнхболд нарт эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.5, 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг зөрчсөн учраас Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй байна.

Тиймээс дээрх А/240 дүгээр захирамж нь анх гарахдаа хууль зөрчиж гаргасан, мөн этгээд Н.Энхгэрэл, Б.Мөнхболд нарт газар эзэмшүүлэх эрх нь хууль ёсны дагуу үүсээгүй байхад иргэн Н.Энхгэрэл, “Бизнес топ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр гаргасан Баянгол дүүргийн Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамж нь мөн хууль ёсны биш юм.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Бизнес топ” ХХК-ийн өмгөөлөгч В.Батжаргал, Д.Нямдорж нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 204 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Бизнес топ” ХХК-ийн өмгөөлөгч В.Батжаргал, Д.Нямдорж нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Батжаргалын давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

                          ШҮҮГЧ                                                       Ц.ЦОГТ

                          ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР    

                          ШҮҮГЧ                                                       Э.ХАЛИУНБАЯР