Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

 

       

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж

           Нарийн бичгийн дарга  О.У

           Улсын яллагч Б.С

            Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ын А-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Увс аймагт төрсөн, ... настай, ..., ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ..., ,... хүүхдийн хамт Улаанбаатар хот ... тоотод түр оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Т овогт Б-ын А /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокуророос шүүгдэгч Б.А-г химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Бүгд Найрамдах Хятад Ард улсаас илгээмж ашиглан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан “Натрийн гидроксид” гэх нэршилтэй, нийт 74,8 килограмм жинтэй химийн хорт, аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүд боомтоор Монгол улсын хилээр нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 20/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-27, 34-37, 39-42/, эд зүйлийг түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 28-33/, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 43-44/, гар утсанд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 45/, гэрч С.О-ын мэдүүлэг /1-р хх-ийн 61-63/, гэрч Б.Ц-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 65/, шинжээч Ж.Н-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 81/, шинжээчийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 98-105/, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2022 оны 08 сарын 01-ний өдрийн ... тоот албан бичгийн 2, 1-р хавсралт шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 111-115/, Гаалийн ерөнхий газар, гаалийн төв лаборатори итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын 2022 оны 10 сарын 31-ны өдрийн ... дугаартай дүн /хх-ийн 122-123/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 сарын 02-ны өдрийн ... дугаартай албан тоот /1-р хх-ийн 235/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1-рхх-ийн 242-244/, Б.А-ийн ХААН банкны ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 39/, 2023 оны 03 сарын 14-ны өдөр орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 89-109/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодсыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Ц-8 /25,1 кг/, Ц-9 /24,6 кг/, Ц-10 /25,1 кг/ гэж дугаарлагдсан 3 ширхэг цагаан өнгийн шуудайтай натрийн гидроксид гэх химийн хорт, аюултай бодисыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт Б-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодсыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын А-г зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Ц-8 /25,1 кг/, Ц-9 /24,6 кг/, Ц-10 /25,1 кг/ гэж дугаарлагдсан 3 ширхэг цагаан өнгийн шуудайтай нийт 74,8 кг натрийн гидроксид гэх химийн хорт, аюултай бодисыг зохих байгууллагад шилжүүлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Амарзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б