Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/86

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч Х.Ө-,

шүүгдэгч У.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш овгийн У-ы Б-д холбогдох 2313001110107 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овгийн У-ы Б-, регистрийн дугаар БЮ.........,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Б- нь тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн орчимд дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.И-ыг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч Х.Ө-ээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч У.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, бусад газарт зорчих тохиолдолд хяналт тавьж буй байгууллагад урьдчилж мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх саналыг гаргаж байна.” гэв.

 

1. 2. Шүүгдэгч У.Б- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, прокурорын саналын хүрээнд ял оногдуулж өгнө үү”  гэв.

2. Шүүгдэгч У.Б- нь тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ, 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн орчимд дуудлагын дагуу ирсэн тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.И-ын “цагдаагийн байгууллагад очих” шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хохирогчийн биед нь халдаж, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хууль сахиулагчийг эсэргүүцсэн болох нь цагдаагийн ахлах дэслэгч Т.И-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал), хохирогч Т.И-ын хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дахь тал), гэрч С.Ариунболдын энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дэх тал), хохирогч Т.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 149 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал), гэрч Х.Х-, С.А-, Г.Г- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 45-47, 49-50, 52-53 дахь тал), яллагдагч У.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал) болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч У.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн хохирогч Т.И- нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

7. Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлттэй байгаагаа илэрхийлж, бичгээр хүсэлтээ гаргасан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Прокурорын санал болгож, шүүгдэгч У.Б-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.2. Иймд шүүгдэгч У.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилж мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч У.Б-д сануулах нь зүйтэй.

2.4. Шүүгдэгч У.Б- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

2.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүгдэгч У.Б-д хяналт тавихыг  шийдвэр гүйцэтгэгчид даалгав.

2.6. 2313001110107 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн У-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Унатханы Берикболыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч У.Б-д сануулсугай.

5. Шүүгдэгч У.Б- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2313001110107 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүгдэгч У.Б-д хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ө.БАХЫТБЕК