| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0088/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/87 |
| Огноо | 2023-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/87
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч Х.Ө-,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,
шүүгдэгч Т.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С овгийн Т-н Е-ад холбогдох 2313001270114 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, дүү, бэр нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овгийн Т-н Е-, регистрийн дугаар БЛ86022010,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Е- нь 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Шар говь” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Б-тай маргалдах явцад түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1.1. Улсын яллагч Х.Ө-ээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.” гэв.
1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Е- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгийн торгох ялыг оногдуулж өгнө үү” гэв.
2. Шүүгдэгч Т.Е- нь 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Шар говь” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Б-тай маргалдах явцад хохирогчийн биеийн нүүр хэсэгт гараараа цохиж зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний хаван хавдар, дээд, доод зовхины цус хуралт, алимын дотор цус хуралт, дээд уруулын шарх, хаван хавдар, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), хохирогч Х.Б-, гэрч С.Г, Т.Ө нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 3-5, 18-19, 22, 25-26, 28-29 дэх тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал) яллагдагч Т.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 53, 57 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
5. Шүүгдэгч Т.Е- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
6. Энэ хэргийн улмаас хохирогч Х.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн гэмт хэргийн хор уршиг 630.000 төгрөгийг шүүгдэгч Т.Е- нь төлж барагдуулсан нь хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 73 дахь тал)
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Е-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Иймд шүүгдэгч Т.Е-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгийн торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгч Т.Е- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.
4. Шүүгдэгч Т.Е- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Т-н Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-н Е-д 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е-ад оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Е-ад сануулсугай.
5. Шүүгдэгч Т.Е- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. 2313001270114 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 630.000 төгрөгийн хор уршгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Е-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК