Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1212

 

 

 

 

 

 

  2019          12            05                                            2019/ДШМ/1212    

 

Б.Э-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 46 дугаартай эсэргүүцлээр Б.Э-од холбогдох 1905031310871 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

....... овгийн ..... Э-, 1974 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:....../,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 234 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2601 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

 

Б.Э- нь 2019 оны 1 дүгээр сарын 16, 2019 оны 2 дугаар сарын 7, 2019 оны 3 дугаар сарын 9, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны 19б тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр П.Т-, охин Э.Т- нартай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан зодсон,

2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мөн гэртээ эхнэр П.Т-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд доод уруул, зүүн мөрөнд цус хуралт, зүүн бугуйны үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Буянт овогт Батбуянгийн Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Хатанцэцэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч П.Т-, Э.Т-, гэрч *******, *******, *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 9296 дугаартай дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, хохирогч П.Т-аас гаргаж өгсөн гэрэл зургууд, хохирогч П.Т-ын өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Хохирогч нарын зүгээс гэр бүлийн хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн баримт байхгүй гэх боловч хохирогч Э.Т-ийн “4-5 жилийн өмнө аав ээж Т- болон эгч Энхжинг зодоод байхаар нь би Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр гүйж ирэн дуудлага өгсөн бөгөөд энэ дуудлагын дагуу 3 хоног баривчлах байранд байсан. Үүнээс болж аав Э- байнга заналхийлэх болсон” гэх мэдүүлэг, гэрч *******гийн “4-5 жилийн өмнө Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж байсан боловч одоо энэ талаар аав Э- байнга ярьж дарамтлан ээж Т-ыг зодож, дүү Т- бид хоёрын тухайн үед өгч байсан мэдүүлгийг нэг бүрчлэн ярьж дарамталдаг. Үүнээс болж цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй” гэх мэдүүлэг зэргээр урьд цагдаагийн байгууллагад хандаж байсан, ингэж хандсанаараа улам их дарамтлах болсон нөхцөл байдал харагдаж байна. 2014 онд цагдаагийн байгууллагад хандсан, шалгагдсан, баривчлагдсан гэдэгтэй хэн ч маргадаггүй, үгүйсгэдэггүй бөгөөд 2014 оны зөрчлийн материал устсан талаар албан тоот хэрэгт авагдсан байгаа. Нөгөөтэйгүүр байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар цагдаагийн байгууллагад мэдээллээгүй ч 2019 онд 4 удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нь хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн баримт, яллагдагчийн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон байхад анхан шатны шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч гомдолгүй гэж мэдүүлснийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг эс зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, хохирогч П.Түмэнжаргал болсон үйл явдлын талаар өгсөн мэдүүлгээсээ буцаагүй, үгүйсгээгүй, зөвхөн Б.Э-од гомдолгүй гэж мэдүүлсэн. Шүүхээс хэргийн үйл баримтад өгсөн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Г.Ганбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Б.Э-  нь гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон нь хохирогч нарын мэдүүлгээс гадна бусад нотлох баримт буюу урьд цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан, зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдоогүй. Анхан шатны шүүх “хохирогч нь шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон түүний гаргасан үйлдлийн талаар гомдол саналгүй гэж зөрүүтэй мэдүүлж байх тул” гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Учир нь, хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Э-ын гэм буруутай эсэхэд эргэлзээ төрсөн учир анхан шатны шүүх зүйлчлэлийг өөрчилж үндэслэлтэй шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцэлд 2014 онд Б.Э-ын талаар цагдаагийн байгууллагад хандсан гэдэг. 2014 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийн талаар хуульчлагдаагүй байсан учраас 4-5 жилийн өмнөх асуудлаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2019 онд 4 удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэдэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон гэж байна. Зөрчлийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг хуульчилсан. Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд Зөрчлийн хуульд зааснаар шийтгэл хүлээж байсан ямар ч баримт байхгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцсэн шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Б.Э-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Э-ыг 2019 оны 1 дүгээр сарын 16, 2019 оны 2 дугаар сарын 7, 2019 оны 3 дугаар сарын 9, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны 19б тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр П.Т-, охин Э.Т- нартай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан зодсон,

2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мөн гэртээ эхнэр П.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Э- нь гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон нь хохирогч нарын мэдүүлгээс гадна бусад нотлох баримт буюу урьд цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан, зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, хохирогч нь шүүгдэгчийн хувийн байдал болон түүний гаргасан үйлдлийн талаар гомдол саналгүй гэх байдлаар зөрүүтэй мэдүүлж байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүллээ” хэмээн дүгнэж Б.Э-од холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн, түүнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор буюу хохирогч П.Т-ын “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчим намайг ажил дээрээ байхад манай нөхөр Э- согтууруулах ундаа хэрэглэчихсэн “чи хүрээд ир, гэрийн түлхүүр олохгүй байна” гэж хэлэхээр нь би гэртээ очсон...хаалгаа онгойлгоод ороход Э- шууд босож ирэн миний толгойтой үснээс зулгаагаад хэвлий хэсэг рүү 2-3 удаа нүцгэн хөлөөрөө тийрсэн. ...Э- нь намайг үсдэж газар унагаан зүүн гар, хүзүү, шүд толгой, гуя хэсэг рүү гараараа удаа дараа цохисон. ...15 минут орчим зодсон. ...Мөн нүцгэн хөлөөрөө миний аарцаг хэсэг рүү хэд хэдэн удаа жийсэн. ...2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Э- нь ямар ч шалтгаангүй гаднаас согтуу орж ирээд намайг зодсон. Манай охин Т- дундуур орж салгах гэхэд Э- охиныг үсдээд газар унагаж, дээрээс нь өшиглөсөн. Энэ үед бид хоёрт туслах хүн байхгүй байсан учраас арай хийн гэрээсээ зугтаж гарсан. ...2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр манай ажлын эмэгтэйчүүд мартын 8-ны баяр тэмдэглэхээр Э-ын дүү Бодьбаатарын бааранд ажлынхаа хүүхнүүдийг дагуулан очсон. Би архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглээгүй 02:30 цагийн орчим гэртээ орсон чинь нөхөр Э- “хаагуур янхандаад ирж байгаа юм бэ” гэж хэлэн намайг үсдэж, тийрч зодсон. ...Би 26 жил Э-ын хүчирхийлэл дунд байна. ...”/хх 15-18/,

хохирогч Э.Т-ийн “...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шөнө ээж Т- бид хоёрыг гэртээ байхад аав Э- гаднаас согтуу орж ирэн ямар нэгэн шалтгаангүй ээж Т-ыг зодсон. Би дундуур нь орж салгах гэсэн чинь намайг үсдэж газар унагаж байгаад толгой руу гараараа цохиж дээрээс дэвссэн. ...4-5 жилийн өмнө ээж Т-ыг болон эгч Энхжинг зодоод байхаар нь би Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр гүйж ирэн дуудлага өгсөн бөгөөд миний өгсөн дуудлагын дагуу Э- нь 3 хоног баривчлах байранд байсан. ...2019 оны 3 дугаар сарын 09-ний шөнө би сургуулийнхаа дотуур байранд байсан чинь ээж над руу залгаж “аав чинь зодчихлоо, ээж нь нүцгэн гэрээсээ гараад ирсэн эгч рүү чинь утасдаж хувцас авчруулахаар боллоо” гэж хэлж байсан. ...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэртээ харихаар явж байсан чинь ээж Т- над руу залгаад “миний охин хурдан хүрээд ирээч, ээжийг нь аав чинь зодчихлоо, дэлгүүрт хүлээж байна” гэхээр нь очиход ээжийн уруул хавдчихсан ярьж чадахгүй, нүүр нь хавдсан, алцагнаад алхаж чадахгүй байсан. ...” /хх 22-26/,

гэрч *******гийн “...2019 оны 7 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчим ээж Т- над руу залгаад “миний охин гэрт хүрээд ирээч ээжийг нь аав чинь аймаар зодчихлоо” гэж хэлэн бараг ярьж чадахгүй байсан. ... 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өвөө Пүрэвээгийн гэрт очиход ээж Т- байсан бөгөөд уруул нь хавдаж хөхөрсөн мөн гарын бугалга шуу хэсэг хөхөрсөн, явахдаа алцагнаад их удаан явж байсан. ...Намайг ухаан орсноос хойш аав байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ээжийг зодож дарамталдаг байсан. ...2019 онд 2 дугаар сард өдрийг нь санахгүй байна манай дүү Т- надад ээжийг цагаан сараар аав зодчихлоо гэж хэлж байсан. Мөн 2019 оны 3 дугаар сарын 9-ний шөнө ээж над руу залгаад “аав чинь намайг зодоод би гэрээсээ хөл нүцгэн тавьчиктайгаа дээгүүрээ хувцасгүй гараад ирлээ. Ээж нь шууд ажил руугаа явлаа миний охин хувцас авчирч өгөөрэй” гэж хэлсэн. ... Би ээжийгээ аавд алуулчих байх гэж их айдаг. Ээж 20 гаруй жил аав Э-ын дарамтад бие махбодь болон сэтгэл санааны хүчирхийлэлд байсан. ...” /хх 30-33/,

гэрч *******ын “...2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ...Э- чи миний ээжийг жилдээ ганц орж ирж байхад нь муухай зан гаргалаа гэж хэлэн уурласан. Үүнээс болж Э-, Т- нар хэрэлдээд байхаар нь би явлаа гэж хэлэн гэрээс нь гарсан. Би гэрийнхээ түлхүүрийг мартсан болохоор буцаж орсон чинь хэрүүл үргэлжилж байсан бөгөөд Т- “Э- намайг зодлоо” гэж хэлж байсан. Тэгтэл Т-ыг зогсож байхад Э- нүүрэн тус газар луу нэг удаа алгадсан ....” /хх 38-41/,

гэрч А.Одончимэгийн “...2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Т-ын ажил дээр гоо сайханд орох гээд очсон чинь Т- гоо сайхныхаа орон дээр нүүр нь хавдаж хавагначихсан ядруу биетэй хэвтэж байхаар нь юу болсон талаар асуухад “Э-од зодуулаад гэртээ харьж чадахгүй салон дээрээ 2-3 хонож байна, үнэхээр хэцүү” байгаа талаараа хэлж байсан. ...” /хх 42-44/,

гэрч *******гийн “...2019 оны 7 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим Т-ын нүүр нь маш их хавдаж хөхөрсөн орж ирсэн бөгөөд цай ч уухгүй орон дээр хэвтчихсэн. Би цай уу гэж хэлсэн чинь “цай ууж чадахгүй байна, намайг нөхөр Э- зодсон” гэж хэлсэн. Т- манай гэрээс гарахдаа бараг явж чадахгүй алцаганаад гарсан. ...” /хх 105-107/,

гэрч *******гийн “...Т- “2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Э- намайг зодсон би гэрээсээ гарч чадахгүй байгаа нүүр ам аймаар болчихсон” гэж хэлж байсан. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа би ажлаа тараад Т-ын гоо сайхны салон дээр очсон чинь аль гарыг нь санахгүй байна нэг гарынх бугалга болон шуу хэсэг нил хөх эрээн болчихсон, нүүр уруул хэсэг нь хавагнаад хөхөрчихсөн байсан. ... 2019 оны 3 дугаар сард эмэгтэйчүүдийн баяр өнгөрсний дараа “Э-од аймаар зодууллаа. Миний зүүн талын хавирга өвдөөд зүүн тал хэсгээрээ хэвтэж болохгүй” байгаа гэхээр нь би манай эгч Болормаа дээр /Чингэлтэй дүүргийн рентгений эмч болохоор/ очоод зургаа авахуулчих гэж хэлсэн. ...Мөн цагаан сарын дараа 2019 оны 02 дугаар сарын эхээр намайг нэг удаа утсаар ярьсан чинь Т- “Э- зодоод охин Т- бид хоёр гэрээсээ шөнө хөөгдөөд зугтаж гарсан” гэж байсан. ...” /хх 108-110/ гэх мэдүүлгүүд,

“...П.Т-ын биед тархи доргилт, дээд, доод уруул, зүүн мөрөнд цус хуралт, зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 9296 дугаартай дүгнэлт /хх 46/, хохирогч П.Т-ын зодуулсан үеийн гэрэл зургууд /хх 52-54/, аюулгүйн зэргийн эрсдэлийн үнэлгээ “Өндөр” гэх дүгнэлт /хх-57/ зэрэг тухайн болсон үйл явдалтай холбогдсон шууд ба шууд бус нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, эдгээр нотлох баримтуудаас аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүйн гадна, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Б.Э-од холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Э-од холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР                                           

                                    ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН