Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0053

 

 

 

 

 

 

     2022         01          27                                     128/ШШ2022/0053      

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Я овогтой Д /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М овогтой А,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Ч.Ч нарын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Я.Д нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15-хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 25 байр ? тоот хаягт байрлах 94.55 м.кв 3 өрөө орон сууц (Y-2206028691, Гэр№ 000484346)-ны өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг орон сууцанд хийгдсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгуулах, өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах"-аар маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “орон сууцанд хийгдсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

2. Нэхэмжлэгч Я.Д нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр  байгуулсан "Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ"-ний үндсэн дээр Хан-Уул дүүргийн 15-хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 25 байрны ? тоот хаягт байрлах 94.55 м.кв 3 өрөө орон сууцыг иргэн Б.З-гаас худалдан авсан. Улмаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасныг хариуцагчаас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгчээс хариуцагчийн тус шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 05-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан гомдол гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2/5166 дугаар албан бичгээр “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д  “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж заасан. Иймд тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосны дараа таны өргөдөлд дурдсан худалдах худалдан авах гэрээг бүртгэх боломжтой” хэмээн нэхэмжлэгчид мэдэгдсэн.

Улмаар, нэхэмжлэгчээс анх 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие иргэн Б.З-тай 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан "Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ"-ний дагуу Хан-Уул дүүргийн, 15-хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 25 байр, ? тоот хаягт байрлах 94.55 м.кв 3 өрөө орон сууц (Y-2206028691, Гэр№ 000484346)-ыг 220,000,000 төгрөгөөр худалдан авч, түүнтэй тохиролцсоны дагуу үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг болон холбогдох хураамжийг төлж  2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрээг бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлж авахаар хүсэлтээ гаргасан.

 Тухайн үед Б.З нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01388 дугаар шийдвэрээр иргэн Т.Болормаа гэх хүнд мөнгө төлөхөөр шийдвэрлэгдсэн талаар надад мэдэгдэж байсан.

Миний бие дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчин надад 1 жил гаруй хугацааны өмнө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2/18991 тоот албан бичгийн хуулбарыг өгсөн.

Б.З нь өнөөдрийн байдлаар мөнгөө бүрэн төлсөн гэж мэдэгдсэн. Төлбөр төлөгч төлбөрөө төлсөн байхад иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гэрээг улсын бүртгэлд хууль бусаар бүртгэхээс татгалзаж, эс үйлдэл гаргаж байгаад гомдолтой байна.

 Түүнчлэн уг гэрээг хийх үед Б.З нь бүртгүүлэхэд ямар ч асуудал байхгүй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32017/10799 дугаар захирамжийн дагуу хийгдсэн тусгай тэмдэглэл цуцлагдсан гэж надад хэлж байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн буруугаас үүдэн миний бие өнөөдрийг хүртэл өмчлөх эрхээ бүртгүүлж чадахгүй байна.

 Мөн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 д "бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа", 30 дугаар зүйлийн 30.1.4-т "шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан" гэж заасан байтал өнөөдрийг болтол надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол” гэх албан ёсны баримт бичгийг танилцуулалгүй, түүнчлэн миний хүсэлт гаргасан үеийн байдлаар шүүгчийн захирамж болон төлбөр төлөлт нь ямар байгаа талаар холбогдох байгууллагаас тодруулга авалгүйгээр бүртгэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

 Миний бие Улсын бүртгэлийн Ерөнхийн газарт дээрх нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг дурдан гомдол гаргасан боловч тус газраас 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2/5106 тоот албан бичгээр мөн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийж, татгалзсан хариу өгсөн.

 Иймд иргэн Я.Д миний Б.З-тай хийсэн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр "Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ"-ний дагуу миний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж буй Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, холбогдох байгууллагаас тодруулга авч, дээрх гэрээний дагуу Хан-Уул дүүрэг,  15-хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 25 байр ? тоот хаягт байрлах 94.55 м.кв 3 өрөө орон сууц (Y-2208028891) Өмчлөх эрхийг минь хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Я.Д нь иргэн Б.З-тай 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдан худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 25 дугаар байрны, ? тоотод байрлах гурван өрөө орон сууцыг худалдан авч, харилцан тохиролцсоны дагуу гэрээний 2% болох 4,400,000 төгрөгийг өөрөөсөө төлсөн.

Тухайн үед улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахад иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 799 дүгээр захирамжийн дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахыг битүүмжилсэн, н.Болормаа гэх хүнд өр төлбөртэй байгаа гэсэн үндэслэлээр бүртгэх боломжгүй гэж татгалзсан.

Я.Д нь Б.З-гаас бусдад өгөх өр төлбөрөө төлөөч орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж байна асуудлыг хэлж байсан. 2021 оны 6 дугаар сард Б.З нь би төлбөрөө төлсөн одоо улсын бүртгэлд бүртгүүлж болно гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч Я.Д нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргасан боловч мөн татгалзсан хариуг өгсөн. Ямар үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж байгаа юм бэ, хариугаа бичгээр өг гэж шаардахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж байсан албан бичгийг хуулбарлан өгсөн. Үүнээс өөр ямар нэгэн хариуг өгөөгүй. Иймд 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдлоо гаргасан. 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2/5166 дугаар албан бичгээр тусгай тэмдэглэл хийгдсэн байгаа учраас улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж байна гэсэн хариуг ирүүлсэн. Улмаар захиргааны хэргийн шүүхэд хандаж захиргааны хэрэг үүсээд байна.            

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөх эрх шилүүлэн холбогдох гэрээ, хэлцэл, бүрдүүлбэр бүрдсэн тохиолдолд бүртгэл хийх зохицуулалт байгаа. Мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэл нь тус хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай тэмдэглэл хийгдсэн гэдэг. Гэтэл тусгай тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна гэж заасан. Улсын бүртгэлийн байгууллага 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүсэлт гаргасны дагуу 2 тусгай тэмдэглэгээг хоёуланг нь хүчингүй болгох ёстой байсан. Гэтэл тусгай тэмдэглэгээг хүчингүй болгохгүй байж байгаад сүүлд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тогтоолыг үндэслэж эрхийг сэргээсэн байна. Иймд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Я.Дг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 25 дугаар байрны, ? тоотод байрлах 94,55 м.кв гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж өгнө үү.

Мөн хэргийн материалтай танилцахад 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгийн дагуу тусгай тэмдэглэл хийгдээгүй болох нь шүүхийн үзлэг хийсэн баримтаас харагдаж байна. Иймд тусгай тэмдэглэл хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш Махатма Ганди гудамж 25 дугаар байрны ? тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийг "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4 мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана." гэж заасны дагуу холбогдох нотлох баримтыг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 202 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Д.Мажигсүрэнгийн өмчлөлөөс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.З гийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна.

 Уг орон сууцны эрхийн улсын бүртгэлд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/Ш32017/10799 дугаартай захирамжийн “...3 дахь хэсэгт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш Махатма Ганди гудамж 25 дугаар байрны ? тоот хаягт байршилтай орон сууцанд нэхэмжлэлийн /61.402.161 төгрөг/-ийн үнийн дунд битүүмжлэхээр" захирамжилсныг үндэслэн дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2-179/16236 дугаартай албан бичиг, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон байна.

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2/18991 дугаартай албан бичгийг үндэслэн уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.

 Дээрх орон сууцны эрхийн улсын бүртгэлд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэгт "энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий  этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно" гэж заасны дагуу тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон бүртгэл бүртгэгдээгүй байна.

 Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19 4.3 дахь хэсэгт "энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зорчсон бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах", Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь хэсэгт улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх", Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан" тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байдаг.

 Иймд эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл хийгдсэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч иргэн Я.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч Я.Д нь 2021 оны 06 дугаар сард мэдүүлгээ гаргасан. Тухайн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 25 дугаар байрны ? тоотод байрлах орон сууцанд хоёр удаа тусгай тэмдэглэгээ хийсэн нь хүчинтэй байсан. Үүнийг үндэслэн улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 799 дүгээр захирамжийг үндэслэн эхний тусгай тэмдэглэл хийгдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2/179/16236 дугаар бичиг, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолыг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон. Мөн 2020 оны Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2/18991 дүгээр албан бичгийг үндэслэж тусгай тэмдэглэлийг хийхдээ Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01388 дугаар захирамжийг үндэслэсэн. Тусгай тэмдэглэл хийгдсэн гэсэн үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзаж байсан. Харин одоо үл хөдлөх хөрөнгийг эрх сэргэсэн, бүртгэл хийх боломжтой” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Я.Д-гээс гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна хэмээн үзлээ.

2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “иргэн Б.З шүүхийн шийдвэрийн дагуу бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн тухайгаа надад хэлсэн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх өргөдөл гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас жилийн өмнө хүргүүлж байсан албан бичгийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус хэмээн маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Нэхэмжлэгч Я.Д нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.З-тай харилцан тохиролцон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 25 дугаар байрны, ? тоотод байрлах гурван өрөө орон сууцыг худалдан авахаар үл хөдлөх хөрөнгө худалдан худалдан авах 0492 дугаар гэрээг байгуулж, өмчлөх эрх шилжүүлэхээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж байсныг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 186/ШЗ2017/10799 дүгээр захирамжаар Б.З-гийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэх үндэслэлээр татгалзаж байсан.

Улмаар, 2021 оны 6 дугаар сард иргэн Б.З-гаас “би төлбөрөө төлсөн одоо улсын бүртгэлд бүртгүүлж болно” хэмээн мэдэгдсэн дагуу нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дахин хандсаныг хариуцагчаас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өмнө татгалзсан нөхцөл байдал арилаагүй гэх үндэслэлээр дахин татгалзаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2/18991 дүгээр албан бичгийг хуулбарлан өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 0492 дугаар бүхий Үл хөдлөх хөрөнгө худалдан худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 186/ШЗ2017/10799 дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 449 дүгээр албан бичиг болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2/18991 дүгээр албан бичиг, холбогдох бусад нотлох баримтаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 183/Ш32017/10799 дугаартай захирамжаар Т.Болормаагийн нэхэмжлэлтэй Б.З-д холбогдох иргэний хэрэгт “...Б.З-гийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн /61.402.161 төгрөг/-ийн хэмжээгээр” битүүмжилсэн. Улмаар тухайн маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ ШШ2018/01388 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 001/ХТ2019/00154 тогтоолоор иргэн “Б.З-гаас 32,362,881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Болормаад олгохоор” эцэслэн шийдвэрлэсэн.

Улмаар Б.З нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсантай холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 179 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс 2021 он 8 дугаар сарын 31-ний өдрийн 20290003/04 дүгээр Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолыг гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2-179/16236 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн.

Үүнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс эд хөрөнгийн эрхийн Ү-2206028691 дугаар бүхий улсын бүртгэлд хийгдсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 001/ХТ2019/00154 тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 4/28030 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 20290003/04 дүгээр Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол, 2021 оны 2-179/16236 дугаар албан бичиг болон хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19 4.3-т улсын бүртгэгч нь "энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зорчсон бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах" үүрэгтэй, 20 дугаар зүйлийн 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх"-ийг хориглоно хэмээн,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” тохиолдолд улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаан, 30 дугаар зүйлийн 30.1.3-т “тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан”, 30.1.4-т “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ хэмээн,, 30.4-т “Энэ хуулийн 30.1.3-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна”, 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” хэмээн тус тус хуульчилсан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, нэхэмжлэгч Я.Д-гээс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан гаргасан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Тодруулбал, нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр маргаж буй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 25 дугаар байрны, ? тоот /Ү-2206028691 дугаартай/ үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан мэдүүлэг гаргасан 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 799 дүгээр захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2017 оны 4/28030 дугаар албан бичгийн үндсэн дээр тусгай тэмдэглэл хийгдсэн байсан бөгөөд эл үндэслэлээр нэхэмжлэгч Я.Д-гээс гаргасан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагч татгалзал нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасан журмын дагуу хийгдсэн захиргааны үйл ажиллагаа байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “орон сууцанд хийгдсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр илүү төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19 4.3, 20 дугаар зүйлийн 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Я.Д-гээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүрэг, 15-хороо, Рапид харш, Махатма ганди гудамж  25 байр ? тоот хаягт байрлах 94.55 м.кв 3 өрөө орон сууц (Y-2206028691, Гэр№000484346)-ны өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2/18991 дугаартай албан бичгийн дагуу Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш Махатма Ганди гудамж 25 дугаар байр ? тоот хаягт байршилтай орон сууцанд хийгдсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгөөс илүү төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож үлдсэнийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ