Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0102/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2318000000133 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******, 2001 оны 05 дугаар сарын 29-ий өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, ах, эгчийн хамт, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Аюулгүйн тойргийн дүүжин гүүрний тулгуур бетон шонг мөргөж, зам тээвэр осол гарган зорчигч ******* эрүүл мэндэд “баруун шилбэний шаант ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-8/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 10/, хохирогч ******* мэдүүлэг /хэргийн 17/, иргэний нэхэмжпэгч ******* мэдүүлэг /хэргийн 28/, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хэргийн 25/, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын дүрс бичлэг /хэргийн 33/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 225 дугаартай дүгнэлт /хэргийн 43-44/, Авто инженер шинжээч Ш.Бямбажавын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 58-59/, 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Дамно” ХХК-ийн хохирлын үнэлгээ хийсэн дүгнэлт /хэргийн 67-69/, шинжээч С.Саруулболдын 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 82 / гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* : “...Гэм буруугаа зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй.” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх Улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээвэр осол гарган зорчигч ******* эрүүл мэндэд “баруун шилбэний шаант ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан:

 “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хавтаст хэргийн 3-8/;

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 09/;

 

-Хохирогч ******* өгсөн: “...бааран дотор 2-3 шил пиво ууж байснаа санаж байна тэгээд тэр үед******* удаан уулзаагүй найздаа пиво авч өгнө гэж хэлээд пийв аваад байсан би жаахан хөөрөөд муудсан байна лээ. Ганц нэг гарч ороод яваад байснаа санаж байна. Нэг мэдэхэд тамхины өрөөнд цуг явж байсан охинтой тааралдаад юм ярьж байснаа санаж байна. Тэр охинтой намайг нэг удаа гаднаас орж ирэхэд******* танилцаад юм яриад зогсож байсан. Би одоо тэр охины царайг нь ч сайн санахгүй байгаад байна. Нэг мэдсэн чинь машин дотор ийш тийшээгээ шидэгдээд машины арын сандал дээр явж байсан. Тэгээд нэг хэсэг юм аа санахгүй байж байгаад сэргэсэн чинь гадаа цасан дээр машиныхаа хажууд хэвтэж байсан. Хажууд******* орилоод хэвтэж байсан бөгөөд бид нарыг хэдэн хүн тойроод зогсчихсон байсан.

... манай эгч машины үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Надад эмчилгээтэй холбоотой зардал гэх зүйл гараагүй. Би*******той олон жил найзалж байгаа багийн минь найз учраас******* нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 19/;

 

-Иргэний нэхэмжлэгч ******* өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчимд миний төрсөн дүү болох ******* миний эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад гадагш гарсан бөгөөд араас нь утасдаж асуухад сахарын өвчтэй найзынхаа тариаг хийлгэх гээд явж байна, удахгүй очлоо гэж хэлж байсан бөгөөд гэртээ ирэлгүй байж байтал шөнийн 03 цагийн орчимд Дарханы эмнэлэгээс болон Цагдаагаас залгаад дүү чинь аваарт орсон байна гэснээр би энэ ослын талаар мэдэх болсон.

... Би өөрийн тээврийн хэрэгслээ засагдах боломжтой бол засварын хөлсөө болон сэлбэг эд зүйлсийн үнэлгээний төлбөрийг нэхэмжилж байна. Засагдах боломжгүй бол тухайн тээврйин хэрэгслээ буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,

 

-Иргэний нэхэмжлэгч ******* өгсөн: “...замд замын цагдаа бид хэдийн машиныг зогсоогоод******* тандагч багажаар үлээлгэхэд тухайн багаж нь дугараад архи уусныг нь цагдаа мэдсэн чинь арын суудал дээрээс******* нь “шууд чигээрэй хөдлөөд явчихаа” гээд хэлсэн ба******* машинаа хаазлаад хөдлөөд явчихсан. Тэгээд******* машинаа аймар хурдтай жолоодоод давхиад байсан ба би тэр үед айгаад машины бариулаас 1 гараараа бариад 1 гараараа суудлаас нь бариад явж байсан. Тэр үед******* нь “чи зогсохгүй явчихсан юм чинь зогсохгүйгээр чигээрээ яваад байгаарай” гэж хэлсэн. Тэр үед******* машинаа аймар хурдтай жолоодож явж байгаад аюулгүйн тойрог тулаад ирсэн чинь машинаа зогсоож чадахгүй чигээрээ замаас гараад түр нар гээд чимээ гараад юм дайрснуу яасан аймар хүчтэй нэг зүйл мөргөөд зогссон.

... Миний биеийн байдал хэвийн байгаа. Надад нэхэмжлэхээр зардал гараагүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,

 

- камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 33/,

 

-“******* биед “баруун шилбэний шаант ясны хугарал” гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 225 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44/;

 

-******* биед зүүн сарвууны 1-р хуруу, баруун, зүүн шилбэ, баруун, зүүн шагай, өвдөгт цус хуралт, зүүн сарвууны 1-р хуруу, баруун, зүүн шагайнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 218 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50/;

 

-Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 51-52/,

-Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал шинжилгээ хийсэн тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 59-63/;

-“******* эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ зах зээлийн үнэлгээгээр 5,416,300 төгрөг байна” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 67-70/,

 

-“ ******* нь улсын дугаартай саарал өнгийн тоёото приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т зааснаар харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байна. *******ийн жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.7 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна.” гэх 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 82/;

 

-Иргэний нэхэмжлэгч ******* хавтаст хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн /дансны хуулга/ гэх баримт /хавтаст хэргийн 126/,

-Хохирогч*******эс гаргасан “нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 137/,

-Шүүгдэгч *******оос “бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 138/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан огтуурсан, мансуурсан үедээ “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруугийн санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Мөн  “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардана.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэж тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т зааснаар харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан байна гэж үзнэ.

 

Шүүгдэгч ******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 225 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44/-ээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч замын хөдөлгөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оролцсон нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан шинжийг бүрэн хангаж байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан, мансуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Улсын яллагчаас шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авхуулахаар санал болгосныг шүүгдэгч зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 114/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлалт тогтоож нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******т анхааруулах нь зүйтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *******д хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан боловч хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд “...******* манай эгч машины үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Надад эмчилгээтэй холбоотой зардал гэх зүйл гараагүй. Би*******той олон жил найзалж байгаа, багийн минь найз учраас******* нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19/

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд: “... Миний биеийн байдал хэвийн байгаа. Надад нэхэмжлэхээр зардал гараагүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/ тус тус өгсөн.

Харин иргэний нэхэмжлэгч ******* хохирол төлбөр төлсөн гэх баримт /хавтаст хэргийн 126/ хавтаст хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн байна.

Иймд шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч *******оос гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа

дуустал хэрэгт хавсаргаж, *******ийн дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******т анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, *******ийн дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар оролцогч нар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ГЭРШИХБӨРТЭ