| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0089/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/105 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0089/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******холбогдох 2318000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, 1977 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, ахын хамт ******* тоотод түр оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан- Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлын 201 тоот өрөөнд *******г “...миний гар утсыг авсан байна” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт, хамар ясны хугарал, нүүр, зүүн мөр бугалга, баруун бугалга шуунд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10/, хохирогч *******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-31/, гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 46/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 48/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай түргэн тусламжийн хуудас /хавтаст хэргийн 57-60/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13, 16-21/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 106/, Дархан-Уул аймгийн Газрын албаны тодорхойлолт /хавтаст хэргийн 113/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 114/ , 9 дүгээр сургуулийг 4 дүгээр анги төгссөн тухай баримт /хавтаст хэргийн 121/ , оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 125/, хохирол төлбөртэй холбоотой шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтууд гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* : “...Ширээн дээр байсан утас алга болсон байсан. Утас өг гэж хэлээд л цохисон. Тэгсэн ******* цэнэглүүлэх гээд доош өгсөн байсан гэсэн.
... Миний буруу хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.
Хохирогч ******* : “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Эмчилгээний зардлаа гаргуулаад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна.
... Өнөөдөр 112,627 төгрөгийн хохиролтой холбоотой баримт гаргаж өгсөн. Хэрэг бүртгэлтийн шатанд нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэх мэдүүлэг өгсөн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан- Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлын 201 тоот өрөөнд *******г “...миний гар утсыг авсан байна” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Уг үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10/;
-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13/,
-Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-21/,
-Хохирогч *******гийн өгсөн: “...Өсөх трейд буудалд ороод авч орсон архи болон пиво ууж дуусчихаад бид хоёр унтахаар болоод хувцасаа өөрөө тайлсан. Ингээд байж байтал гэнэт юу болсон юм мэдэхгүй маргалдаад Юндэн миний нүүр рүү гараараа нэлээд олон удаа цохисон. Ингээд би хашхираад буудлын ресепшиний өрөөнд орсон. Гараараа толгойруу мөн цохисон.
...Тухайн үед******* бид хоёр бэлгийн харилцаанд ороогүй. Мөн бэлгийн харилцаанд орохоор хүч хэрэглээгүй, бид хоёр тухайн үед хоёулаа архи уусан байсан болохоор би сайн дураараа л би хувцасаа тайлсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-28/;
-Гэрч ******* өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байхад 08 цаг 30 минутын орчимд гаднаас хар өнгийн хувцастаи ******* гэх эмэгтэй болон шар өнгийн ажлын хувцастай өндөр эрэгтэй хүн буудалд орж ирж өрөө авсан. Эрэгтэй хүний нэрийг би мэдэхгүй, буудлын өрөөний тооцоог эрэгтэй нь төлөөд эмэгтэй нь ******* гэж өөрийн нэрийг хэлж бүртгүүлэн 201 тоот өрөөнд орж үйлчлүүслэн. Мөн гаднаас орж ирэхдээ архи дарс уусан байдалтай байсан ба уг хоёр хүний аль аль нь гаднаа ямар нэгэн ил харагдах гэмтэл шархгүй хэвийн байсан.
...13 цаг өнгөрч байхад 201 тоот өрөөнд ******* гэх эмэгтэй орилох шиг болсон тэгээд хаалга руу яваад очиход нь уг ******* гэх эмэгтэй өрөөнөөс нүцгэн зодуулсан байдалтай нүүр нь хавдсан хамарнаас нь цус гарсан байдалтай гарч ирсэн. Надад хэлэхдээ намайг зодчихлоо гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46/;
-Гэрч ******* өгсөн: “...намайг 10 цагийн орчимд буудлын өрөө шалгаад явж байхад 201 тоот өрөө дотроосоо цоожтой байсан. Ингээд би хаалгыг нь тогшоод онгойлгоход ******* хаалгаа дотор талаас нь нээж байсан. Тухайн үед *******гийн биед ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй, үүнээс хойш 13 цагийн орчимд байх уг 201 тоот өрөөнөөс “туслаарай” гэх чимээ гарах шиг болсон. Би очоод хаалгыг нь татахад цоожтой байсан ингээд тогшиход ******* дотроосоо хаалгыг өөрөө нээсэн. Тухайн үед нилээд согтуу ямар ч хувцасгүй нүцгэн өрөөнөөс гараад ариун цэврийн өрөө явсан. Тухайн үед *******гийн хамар болон амнаас нь нилээд цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48/;
-Гэрч ******* өгсөн: “...Шинэ Дарханы хуучин хороололд байдаг******* гэр рүү явцгаасан. Ингээд явж байхад *******,******* нар хойно явж байгаад алга болсон байсан хаачсан талаар нь мэдээгүй. Төгсөө бид хоёр******* гэрт очиж уг авсан архиа уусан нь үнэн. Сүүлд*******тэй уулзахад ******* тэр хоёр тухайн өдөр ******* буудалд орсон гэж хэлж байсан. Уг буудалд*******гийн утас алга болоод тухайн үед *******г авлаа гэж маргалдаад гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохисон гэж надад ярьж байсан юм. Уг өдрөөс хойш *******тай огт уулзаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52/,
-“...*******гийн биед “гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цус хуралт, хамар ясны хугарал, нүүр, зүүн мөр бугалга, баруун бугалга шуунд цус хуралт” тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь 2022.12.12-ны өдөр буюу нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. *******гийн биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. *******гийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална..” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58/;
-*******д тусламж үзүүлсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 59-60/,
-*******гийн өвчний түүх, эмчилгээний баримтууд /хавтаст хэргийн 65-96/,
-“...******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно...” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа /хавтаст хэргийн 99/,
-Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэл эдэлж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 114-154/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед “гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт, хамар ясны хугарал, нүүр, зүүн мөр бугалга, баруун бугалга шуунд цус хуралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирогчийн биед халдаж зодсон үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж, хохирогч *******д учирсан гэмтэл нь шүүгдэгчийн дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж тус тус үзэв.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн боловч бодитой биш байна. Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол төлбөр төлж барагдуулаагүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг халдааж байна. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: Ял шийтгэл хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 6.4 дүгээр зүйлд заасан согтуурсан мансуурсан хүн ял оногдуулах нөхцөлд тохирсон байх ёстой. Шүүгдэгч нь цаашдаа бол ажил хийгээд хохирол барагдуулна, эрүүл мэндийн байдалд анхаарна гэж хэлж байна. Хохирол төлбөрийг нь боломжоороо төлөөд яваасай гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол хор, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан оногдуулдаг. Хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэхгүй боловч гэм буруугаа сайн дураар зөвшөөрсөн. Төлбөр хохирлын хувьд өөрөө зорилтод бүлэгт хамаардаг иргэн. Ажил хөдөлмөр эрхлээд төлж барагдуулна гэдгээ хэлж байна. Улирлын чанартай ажлаа эрхлээд төлөх боломжтой, боломж нь байсан бол төлөх байсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн гаргасан санал хүнддэж байна. Учир нь манай хорих ангид хоригдсоноор хохирол төлбөрөө барагдуулах нь асуудалтай. Жирийн үед ажилласан хөдөлмөрийн хөлс, хоригдоод ажилласан хөдөлмөрийн хөлс харилцан адилгүй. Заавал олон жил хорихгүйгээр хөдөлмөрлөх насандаа байгаа байдал, богино хугацаанд хохирол төлбөрөө барагдуулах байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилээр тогтоож өгнө үү гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 115/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 141/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, талуудын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн хувийн байдал болон гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгснийг судалж үзэхэд 120,998 төгрөгийн хохирол төлбөртэй холбоотой баримт байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “одоо авчирсан баримтын хүрээнд эмчилгээний зардлаа гаргуулаад цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэж мэдүүлж байх бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн биед хүнд хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсны дагуу цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******д эмчилгээ хийсэн зардалд “*******гийн эмчилгээнд 3,217,900 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул хохирлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлж өгнө үү” гэх Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2023.03.23-ны өдрийн 18/79 дугаартай албан бичиг ирүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******гээс гаргуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь 2023.03.21-ний өдрөөс эхлэн 2 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг хорих ялын 2 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гээс ниийт 3,338,898 төгрөг гаргуулж, 120,998 /нэг зуун хорин мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг хохирогч ******* -д, 3,217,900 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд тус тус төлүүлж, хохирогч ******* нь энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ