Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0088/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2318000000084 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, найз охины хамт ******* оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр******* ойролцоо газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн цэвэр жин нь нийт 3.8 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг гэрийнхээ хашаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

******* 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-8/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 9/, гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 25/, гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 27/, гэрч ******* мэдүүлэг, гэрч ******* мэдүүлэг/хавтаст хэргийн 31/, Шүүхийн шинжилгээний албаны ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 448 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 46-48/, яллагдагч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 112/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “...Би 2022 оны 07 дугаар сараас 09 сар хүртэл хэрэглэсэн. Одоо хэрэглэхгүй байгаа. Гэрийнхээ ойролцоо газраас түүсэн. Би түүгээд 2 сарын хугацаанд байнга хэрэглэсэн.

... Би гэм буруугаа ойлгож байна. Оногдуулах ялыг минь хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр******* ойролцоо газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн цэвэр жин нь нийт 3.8 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг гэрийнхээ хашаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

 

-Уг үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-8/;

-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15/,

 

-Гэрч ******* өгсөн: “...2022 оны зун 07 дугаар сарын үед ******* надад өвс татахыг зааж өгсөн. ...Бид 2022 оны 07 дугаар сард нийлж хар тамхи татсанаас хойш уулзахгүй байж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр уулзсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/;

 

- Гэрч     ******* өгсөн: “...*******,******* бид гурав уучхаад хоорондоо маргалдаад, зодолдсон ба тухайн орой******* бид хоёр эрүүлжүүлэхэд хоноод 2023 оны 01 дүгээр сарын 08-ний өглөө 8 дугаар багийн цагдаагийн хэсэг дээр мэдүүлэг өгчхөөд цагдаа нартай хамт******* очсон.******* очиход мөн цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын үзлэг хийхэд******* байшингийн хажуу талаас өвс мэт ногоон өнгийн зүйл, хогон дээрээс “гоё” гэсэн бичигтэй ундааны сав, байшингийн үүдний хэсгээс ногоон өнгийн тавгийг тус тус хурааж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,

 

“...Ургамал мэт зүйлийн ууттай жин нь 6.2 гр, цэвэр жин нь 3.8 гр тус тус байна. “Дархан-Уул аймаг цагдаагийн ногоон өнгийн таваг” гэж хаягласан ногоон өнгийн тавгаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “Дархан-Уул аймаг ЦГ хуванцар сав” гэж хаягласан “гоё” гэсэн бичигтэй хуванцар сав, “Дархан-Уул аймаг цагдаагийн газар гялгар ууттай ногоон өнгийн нунтаг” гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9- тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарна.” гэх Шүүхийн шинжилгээний албаны ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 448 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 46-48/,

 

-Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэл эдэлж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50, 52, 55, 57, 59 62-100/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

Хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлөл үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бус аргаар, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хэрэглэхэд бэлэн болгосон аливаа үйлдлийг өөрөөр хэлбэл, мансууруулах бодисыг гарган авах, түүний дотор бусад нийлмэл бодисоос цэвэршүүлэх, нэг төрлийн мансууруулах бодисоор өөр төрлийн мансууруулах бодис гарган авч байгаа бүх үйл явц, байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна тэдгээрийг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

 

Шүүгдэгч *******ын******* ойролцоо газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн цэвэр жин нь нийт 3.8 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг гэрийнхээ хашаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч *******ын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

******* нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч *******ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 14 хоногийн ялыг нэмж нэгтгээд, нийт 3 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.  Шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь тооцож, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлийг устгах, шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргасан болно.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн хувийн байдал болон гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 962 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 9 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 14 хоногийг /хавтаст хэргийн 126-127/ нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг:

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн улмаас мөнгөн дүнгээр илэрхийлэх хохирол тогтоогддоггүй боловч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний уураг тархи, мэдрэлийн системийг гэмтээж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулдаг бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэн тооцох боломжгүй юм.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь 2023.02.17-ны өдрөөс эхлэн 34 хоног цагдан хоригдсон /хавтаст хэргийн 121-123/, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ууттайгаа 0,005 граммын гялгар ууттай ногоон өнгийн нунтаг хэлбэрийн зүйл, “Гоё” гэсэн бичиглэлтэй 1,200 мл хоосон хуванцар сав 1 ширхэг, ногоон өнгийн таваг 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 962 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 9 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 14 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 7 сар 14 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жил 7 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг хорих ялын 34 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

6.Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ууттайгаа 0,005 граммын гялгар ууттай ногоон өнгийн нунтаг хэлбэрийн зүйл, “Гоё” гэсэн бичиглэлтэй 1,200 мл хоосон хуванцар сав 1 ширхэг, ногоон өнгийн таваг 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГЭРШИХБӨРТЭ