Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/296

 

2023          04           13                                     2023/ШЦТ/296

      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******од холбогдох эрүүгийн 220503*******110266 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 04-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* дүүрэг дэх Политехник коллежийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* дүүрэг дэх Политехник коллежийн дотуур байрны ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт ы ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудал орчимд хохирогч Б.ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь баруун ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн зовхи, баруун нүдний алимны салст, дух, хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, цээж, зүүн бугалга, зүүн тохой, хэвлий, зүүн өвдөгт цус хуралт, дух, зүүн хацрын төвгөр, цээж, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун зовхи, хамрын нуруу, зүүн дух, чамархай, хацар, зүүн чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Модны хоёрын тэнд явж байхад нэг хүн намайг цохисноор зодоон эхэлсэн. Эхлээд хохирогч гэх залуу өөдөөс ирээд түлхээд гараа далайгаад цохих гээд байхаар нь нүүр лүү нь цохисон. Тухайн үед хохирогч ийг бусадтай зодолдсон эсэхийг анзаараагүй. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хохирогчтой уулзаж хохирол төлбөрт 1,500,000 төгрөг өгсөн. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 21 цагийн үед хамт ажиллаж байсан дүү Тулгатай утсаар ярьж байгаад Модны хоёрын Full нэртэй буудалд очсон. Тулга бид хоёр тэндээ архи ууж байхад манай эхнэр ирээд бид нар буудлын доод талын караоке орохоор болоод орцгоосон. Тэндээ ууж байгаад 01 цагийн орчимд Тулга бид хоёр гадаа үүдэнд тамхилаад зогсож байхад ардуур хэдэн залуучууд зөрөөд өнгөрсөн бөгөөд миний гар луу шүлсээ хаях шиг болохоор нь хойноос нь дуудаад яваад очсон. Тэгсэн нэг нь шууд намайг цохиж унагаагаад зодоод эхэлсэн. Ингээд би ухаан алдаад эмнэлгийн машин дотор сэрсэн. Хэн нь намайг цохисныг мэдэхгүй, хараагүй. Би Лазер мед эмнэлэгт 150,000 төгрөгөөр томографийн зураг авхуулсан. Мөн Мөнгөнгүүр эмнэлэгт 20,000 төгрөгөөр, Нэгдүгээр эмнэлэгт 20,000 төгрөгөөр тус тус үзүүлсэн. Одоогийн байдлаар нийт 190,000 төгрөгөөр эмнэлэгт үзүүлсэн. Би зодуулснаас болоод 5 хоног ажилдаа явж чадаагүй учир 5 хоногийн ажлын хөлс болох 595,235 төгрөгөө нэхэмжилмээр байна. Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд хамрын таславчийн хагалгаанд орох шаардлагатай гэсэн, тус хагалгааг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөөд зөрүү төлбөр нь 300,000 төгрөг орчим болох юм байна лээ. Би 3 дугаар сард хамрын хагалгаандаа орох төлөвлөгөөтэй байгаа. Эрүүл мэндтэй холбоотой зардлын баримтууд байгаа, гэхдээ би одоохондоо хайгаад олохгүй байна, хайж олоод шүүх хуралд орохдоо баримтаа аваад орно” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 15-16 дугаар хуудас),

Гэрч Ж.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би найз *******, Билгүүн, Гантогтох нартай уулзалдаж хорооллын бааранд сууцгааж архи, пиво ууцгааж байгаад 02 цагийн үед баруун 4 зам орох гээд Модны хоёрын зам дагуу алхаж явсан. Уруудаад явж байхад баарнаас үл таних нэг ах гарч ирэнгүүтээ Билгүүн рүү андуурсан бололтой шууд дайраад эхэлсэн. Тэгэхэд нь би Билгүүнийг холдуулаад тэр согтуу ахыг хойш нь болгож салгаад бид хэд доошоо алхаад явж байсан чинь хойноос чулуу шидээд хүрээд ирсэн ба ******* цааш нь 2 удаа түлхэж унагаагаад нүүр лүү нь 1 удаа, цээж рүү нь 2 удаа өшиглөөд явсан. Тэгэхэд хамт явж байсан залуу нь бид нар луу бас дайраад байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

Гэрч Ж.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн шөнө *******, Билгүүн, Өсөхбаяр бид 4 гандангийн хойно уулзаад Модны хоёр руу уруудаад гэртээ харих гээд явж байсан. Гэтэл нэг махлаг ах ирээд Билгүүнийг саяны лалар мөн үү гээд цохих гээд байсан. Хариуд нь бид биш ээ, та хүн андуурсан байна гэж хэлтэл тэр ах *******ыг цохих шиг болсон. Тэгээд ******* тухайн ахыг түлхсэн. Би тэр үед гар утсаа хаяснаа мэдээд утсаа хайх гээд тухайн газраас холдож яваад хэсэг хугацааны дараа ирэхэд нөгөө ах газар хэвтэж байсан. Тэгээд бид түргэн дуудтал ирэх боломжгүй байна гэхээр нь цагдаа дуудсан. Тэр ах хүн андуураад Билгүүн рүү дайраад байсан. Тэгээд маргаан үүссэн. Би тухайн ахыг цохиж зодоогүй. Тухайн ахыг ******* цохисон байх гэж бодож байна. Би тухайн ахыг яг хэн зодсоныг хараагүй, гар утсаа хайгаад тухайн газраас зайтай байж байгаад ирэхэд тэр ах газар хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

Гэрч Б.Тулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би ахын хамт гадаа тамхи татаад байж байтал хэсэг залуучуудтай гэнэт л маргаан үүсээд нэг мэдэхэд ахыг нэг залуу газарт унагаад зодож байхад нь салгах гэж оролдоод дийлээгүй. Мөн нэг залуутай нь ноцолдож байгаад ах руу хартал ах газарт ухаангүй хэвтэж байсан. Тухайн үед ахыг бордуу царайтай, туранхайвтар нэг залуу зодсон. Тухайн үед ахыг цохиж газарт унагаад удаа дараа өшиглөн зодсон. Тэгээд ах ухаан алдчихсан байсан. Тэр үед ахыг бордуу царайтай залуу нь ганцаараа өшиглөөд зодоод байсан. Тухайн үед би бага зэрэг согтуу байсан, гэнэт л зодоон болчихсон. Би нэг залуутай нь заамдалцаж байсан учир ах ямар нэгэн хүнийг цохисон эсэхийг хараагүй. ах хүн цохиж зодоогүй санагдаж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04/625 дугаартай албан бичиг, хавсралт (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Н.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь 2022 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Модны хоёрын автобусны буудлын орчимд маргалдсаны улмаас иргэн ийг зодож, түүний биед баруун ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн зовхи, баруун нүдний алимны салст, дух, хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, цээж, зүүн бугалга, зүүн тохой хэвлий, зүүн өвдөгт цус хуралт, дух, зүүн хацрын төвгөр, цээж, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун зовхи, хамрын нуруу, зүүн дух чамархай, хацар, зүүн чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 151*******1 дугаартай: “Б.ий биед баруун ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн зовхи, баруун нүдний алимны салст, дух, хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, цээж, зүүн бугалга, зүүн тохой, хэвлий, зүүн өвдөгт цус хуралт, дух, зүүн хацрын төвгөр, цээж, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун зовхи, хамрын нуруу, зүүн дух, чамархай, хацар, зүүн чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.ий биед үүссэн баруун ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн зовхи, баруун нүдний алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, дух, хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, цээж, зүүн бугалга, зүүн тохой, хэвлий, зүүн өвдөгт цус хуралт, дух, зүүн хацрын төвгөр, цээж, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт, хамрын нуруу, дух, чамархай, хацар, зүүн чихний ар хэсэгт үүссэн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би Өсөхбаяр, Гантогтох, Билгүүн бид хэд гэр лүүгээ харих гээд Модны хоёрын автобусны буудлын орчимд явж байтал нэг эрэгтэй хүн Билгүүнийг чи гөлөг минь мөн үү гээд заамдаж авсан. Тэгээд би очоод салгасан. Дараа нь Билгүүн шууд түрүүлээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэр ах намайг нэг удаа цохисон, тэгэхээр нь би түлхсэн чинь тэр ах ахиад дайраад байхаар нь би жийгээд унагаасан, газарт унасан байхад нь би цээж рүү нь өшиглөөд, нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн, гэтэл тэр ах ухаан алдсан байдалтай сэрэхгүй байсан. Тэгээд бид цагдаа дуудсан. Би тухайн үед 1 пиво уусан байсан. Би ий биед халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, түүний нүүр хэсэгт 2 удаа, мөн цээж хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн, хэвлий хэсэгт бас өшиглөсөн санагдаж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), шүүгдэгч Б.*******ын насыг тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудлын орчим хохирогч Б.ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь баруун ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн зовхи, баруун нүдний алимны салст, дух, хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, цээж, зүүн бугалга, зүүн тохой, хэвлий, зүүн өвдөгт цус хуралт, дух, зүүн хацрын төвгөр, цээж, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун зовхи, хамрын нуруу, зүүн дух, чамархай, хацар, зүүн чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Б., гэрч Ж.Гантогтох, Ж.Өсөхбаяр, Б.Тулга нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 151*******1 дугаартай дүгнэлт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04/625 дугаартай албан бичиг, түүний хавсралт, шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Б.ий биед учирсан баруун ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн зовхи, баруун нүдний алимны салст, дух, хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, цээж, зүүн бугалга, зүүн тохой, хэвлий, зүүн өвдөгт цус хуралт, дух, зүүн хацрын төвгөр, цээж, баруун, зүүн тохой, баруун шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун зовхи, хамрын нуруу, зүүн дух, чамархай, хацар, зүүн чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 151*******1 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Тодруулбал, хохирогч Б.ий эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлээс үүссэн шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.******* өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд шүүгдэгч Б.*******ын бусдыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.******* 1,500,000 төгрөг хохирогчид нөхөн төлсөн, хохирогч “гомдол, саналгүй” талаараа бичгээр тайлбар гаргасан байх тул шүүгдэгч Б.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Б. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж яаралтай тусламж, үйлчилгээ авч эмчлүүлсний төлбөрт 214,000 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг Баянгол дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.Мөнгөнсүх нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.******* уг зардлыг шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.*******од оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Б.*******ын орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.*******, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 3*******.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.*******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогч Б.д 1,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 214,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

*******.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА