| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 123/2025/0020/З |
| Дугаар | 221/МА2025/0402 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2025/0402
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н
Нэхэмжлэгч: “Э” ХХК
Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийн 1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0037 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, Э.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 123/2025/0020/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийн 1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0037 дугаар шийдвэрээр: Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.7.7, 6.7.14 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.1 пэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Төв аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаар захирамжийн 1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлага болох Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдийн “Вейп буюу электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй” тухай “Албан мэдэгдэл”-ийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.1, 6.7.7 дах хэсэгт тус тус заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.6-д "Монгол улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйл. Арван нэгдүгээр зүйлд заасан "олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн, нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Монгол улс нь Тамхины хяналтын суурь конвенц болон туунд нийцүүлж гаргасан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж уриалгыг дагаж мөрдөх үүрэгтэй. Иймээс Тамхины хяналтын суурь конвенцын Долоодугаар Бага хурлаас гаргасан зөвлөмжийн дагуу "электрон тамхи"-тай холбогдох харилцааг Тамхины хяналтын тухай хуульд заасан журмаар зохицуулах үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Монгол Улс 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр "Тамхины хяналтын суурь Конвенц"-д нэгдэн орсон. Тус конвенцоор электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглоогүй юм.
Түүнчлэн шүүх Тамхины хяналтын суурь конвенцын Долоодугаар Бага Хурлаас гаргасан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Санал, зөвлөмж хэсгийн 1,2 дахь заалтын агуулгыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байдаг.
Учир нь электрон тамхины харилцаа нь Тамхины хяналтын суурь Конвенц болон гишүүн улсуудын дотоодын хууль тогтоомжид заасан тамхины хяналтын харилцаанд хамааралгүй байх тул уг Санал, зөвлөмж хэсгийн 1,2 дахь заалтаар Конвенцод болон гишүүн улсуудын дотоодын хууль тогтоомжид электрон тамхины харилцааны эрх зүйн үндсийг тодорхойлж, зохицуулах талаар уриалсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад электрон тамхины харилцааг тусгайлан зохицуулсан хууль, дүрэм журам батлагдаагүй, Тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхины харилцааг мөн зохицуулаагүй байна.
Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.6 дахь хэсэгт дээрх зөвлөмжийг буруу тайлбарлан хэрэглэж, зөвлөмжийг үндэслэн электрон тамхитай холбогдох харилцааг Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулна гэж дүгнэн алдаа гаргасан.
3.2. Электрон тамхи нь тамхин бүтээгдэхүүнд хамаарахгүй тухайд
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.9-д "Дээр дурдсан Монгол Улсын хууль, олон улсын гэрээний заалтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл "никотин" агуулсан электрон тамхи буюу вейпийг Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан "тамхин бүтээгдэхүүн" гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх энэ хэсэгт мөн л Тамхины хяналтын суурь конвенцын Долоодугаар Бага Хурлаас гаргасан Санал, зөвлөмж хэсгийн 1,2 дахь заалтын агуулга буюу электрон тамхины харилцааны эрх зүйн үндсийг тодорхойлж, зохицуулах зөвлөмжийг буруу тайлбарлаж, "электрон тамхийг" Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулах үндэслэлтэй хэмээн алдаатай дүгнэсэн.
Шүүх хуулийг хэрэглэхдээ тухайн хуульд заасан нэр томьёо, үгийн шууд утгыг анхаарч үзэх ёстой, Тамхины хяналтын тухай хуульд "электрон тамхи" гэсэн нэр томьёог тодорхойлоогүй бөгөөд энэ талаар зохицуулалт байхгүй болно.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн 2023-03-09-ний өдрийн "Гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг" гэсэн баримтыг үндэслэж электрон тамхинд "никотин" агуулагдаж байгаа тул “тамхин бүтээгдэхүүн"-д хамаарна гэж өнгөц дүгнэлт хийсэн. Гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг нь ердөө гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримт юм.
Хавтаст хэрэгт электрон тамхийг тамхин бүтээгдэхүүн юм гэсэн баримт байхгүй. Түүнчлэн электрон тамхи нь тамхин бүтээгдэхүүнд хамаарна гэсэн хууль, дүрэм, журам, эрх бүхий этгээдээс гаргасан дүгнэлт байхгүй. Гэтэл шүүх зөвхөн гаалийн мэдүүлэгт никотинтой гэж бичсэн тул электрон тамхийг тамхин бүтээгдэхүүн мөн, Тамхины хяналтын тухай хууль үйлчилнэ гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.
3.3. Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй тухайд
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.11-т "Төв аймгийн Засаг дарга Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай захирамжийг гаргасан бөгөөд уг захирамжийг "тамхин бүтээгдэхүүн"-д хамаарах "электрон тамхи”, түүний дагалдах хэрэгслийг худалдах хэрэглэхтэй холбогдох харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор гаргасан байх тул тухайн захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт "Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна: 60.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, 60.1.2.тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх" гэж заасантай тус тус нийцсэн байх" гэж заасантай нийцсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь "Электрон тамхи" нь Тамхины хяналтын тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй талаар өмнө дурдсан бөгөөд тус хуулиар электрон тамхитай холбогдуулан харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд тусгайлан хэрэгжүүлэх аливаа эрхийг Засаг даргад олгоогүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх шаардлагатай. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт "Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална" гэж заасан. Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт аймгийн чиг үүргийг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх бүрэн эрхийг тогтоосон байдаг. Эдгээр чиг үүрэг, бүрэн эрхэд аймаг эсхүл Засаг дарга нь хуулиар хориглоогүй үйл ажиллагааг аймгийнхаа хэмжээнд хориглож болох эрх тусгайлан олгогдоогүй байна.
Иймд Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасан "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх" мөн зүйлийн 60.1.2-т заасан "тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх" гэсэн шаардлагад нийцээгүй нь тодорхой байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зааж өгсөн бөгөөд 60.1.6-д “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх" гэж заасан.
Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актад тавигдах 10 шаардлагыг зааж өгсөн. Хариуцагч Төв аймгийн Засаг даргын маргаан бүхий акт нь хуулиар хориглоогүй асуудлыг хориглосон зохицуулалт тогтоосон байх бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээнд тавигдсан шаардлагыг хангахгүй байхад захиргааны хэм хэмжээнд тавигдсан шаардлагыг хангаж байна гэж хууль бус актыг зөвтгөн дүгнэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
3.4. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.12-т "Тамхины хяналтын тухай хуульд заасан дээр дурдсан зохицуулалтууд аймгийн Засаг даргын захирамжид мөн адил тусгагдсан байх тул захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон ч Тамхины хяналтын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх тул уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэх үндэслэлтэй бүтээгдэхүүн"-д хамаарах "электрон тамхи", түүний дагалдах хэрэгслийг худалдах, хэрэглэхтэй холбогдох харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор гаргасан байх тул, тухайн захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт "Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна: 60.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, 60.1.2 тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх" гэж заасантай тус тус нийцсэн байх" гэж заасантай нийцсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь "Электрон тамхи" нь Тамхины хяналтын тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй талаар өмнө дурдсан бөгөөд тус хуулиар электрон тамхитай холбогдуулан харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд тусгайлан хэрэгжүүлэх аливаа эрхийг Засаг даргад олгоогүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх шаардлагатай. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт "Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална" гэж заасан. Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт аймгийн чиг үүргийг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх бүрэн эрхийг тогтоосон байдаг. Эдгээр чиг үүрэг, бүрэн эрхэд аймаг эсхүл Засаг дарга нь хуулиар хориглоогүй үйл ажиллагааг аймгийнхаа хэмжээнд хориглож болох эрх тусгайлан олгогдоогүй байна.
Иймд Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасан "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх" мөн зүйлийн 60.1.2-т заасан "тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх" гэсэн шаардлагад нийцээгүй нь тодорхой байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актад тавигдах 10 шаардлагыг зааж өгсөн. Хариуцагч Төв аймгийн Засаг даргын маргаан бүхий акт нь хуулиар хориглоогүй асуудлыг хориглосон зохицуулалт тогтоосон байх бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээнд тавигдсан шаардлагыг хангахгүй байхад захиргааны хэм хэмжээнд тавигдсан шаардлагыг хангаж байна гэж хууль бус актыг зөвтгөн дүгнэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
3.5. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.12-т "Тамхины хяналтын тухай хуульд заасан дээр дурдсан зохицуулалтууд аймгийн Засаг даргын захирамжид мөн адил тусгагдсан байх тул захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон ч Тамхины хяналтын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх тул уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна" гэж, мөн 1.13-т". Засаг даргын захирамж "Захиргааны хэм хэмжээний акт улсын бүртгэлд бүртгэгдээгүй" гэдэг үндэслэлээр "хүчин төгөлдөр бус болсон" нэхэмжлэгчид сэргээгдэх эрх байхгүй" гэж, 1.14-т "... тухайн барааг өөрөө худалдан борлуулалт хийдэггүй, хэрэглэдэггүй, зөвхөн импортоор оруулж ирж орон нутгийн борлуулагч нарт гэрээний үндсэн дээр нийлүүлдэг гэж тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна" гэж, 1.15-д "...нэхэмжлэгчийн электрон тамхи, дагалдах хэрэгслийг импортоор оруулж ирэх, аймгийн гэрээт борлуулагч нартай худалдаа хийх эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна" гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь "Э" ХХК нь Төв аймгийн хэмжээнд дэлгүүртэй худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, электрон тамхины борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Засаг даргын дээрх захирамжийг үндэслэн Төв аймгийн хэмжээнд электрон тамхийг худалдан борлуулахыг хориглосон албан мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргын тамгын газраас гаргасан. Төв аймаг дахь манай компанийн харилцагч дэлгүүрүүд дээрх Засаг даргын захирамж, албан мэдэгдлийг үндэслэл болгон бидэн рүү хандан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээ нэн даруй буцаан авахыг шаардаж, электрон тамхийг худалдахаас татгалзсан. (Ч ХХК-ийн 2025.01.27-ны өдрийн бараа буцаах хүсэлт-ХХ 43 тал, У ХХК-ийн 2025.01.27-ны өдрийн бараа буцаах хүсэлт- ХХ 42 тал)
Ийнхүү манай компани электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг Төв аймагт худалдан борлуулж чадахгүйд хүрч, улмаар бид борлуулалтын алдагдалд орсон. Энэ нь тус компанийн Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болно" гэж заасан худалдаа эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн болно.
Гэтэл шүүхээс тухайн барааг өөрөө худалдан борлуулалт хийдэггүй буюу өөрийн гэсэн борлуулалтын цэг байхгүй гэж тайлбарлан энэ үндэслэлээрээ нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
3.6. Засаг даргын захирамж нь хүчин төгөлдөр бус байх тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.10-т Засаг даргын захирамжийг захиргааны хэм хэмжээний акт гэж дүгнэсэн. Мөн үндэслэх хэсгийн 1.16-д "...52 дугаар зүйлийн 52.2-т "Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана: 52.5.6. захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн" гэж тус тус зааснаар, захиргааны хэм хэмжээний акт "нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон" тохиолдолд тухайн "хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болох"-ыг тогтоох зохицуулалттай байна" гэж дүгнэсэн.
Иймд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож, "Төв аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай "Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай" захирамжийн 1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийн 1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Төв аймгийн Засаг дарга 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи буюу вейп түүний дагалдах хэрэгслийг 21 насанд хүрээгүй хүнд, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор худалдахыг, бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчинд хэрэглэхийг 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар хориглож, аймгийн хэмжээнд электрон тамхи буюу вейпийн хэрэглээг сурталчилсан далд агуулга бүхий сурталчилгааны самбар байршуулахгүй байх, цахим орчноор хууль бус зар сурталчилгааг түгээхгүй байхад хяналт тавихыг Цагдаагийн газар, сумдын Засаг дарга нарт даалгажээ.
3.2. Дээрх захирамж гарсны дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас “Вейп буюу электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг импортлогч аж ахуйн нэгжүүд, хэрэглэгчдэд” гэсэн албан мэдэгдлээр вейп буюу электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй болсныг нийтэд мэдээлсэн байна.
3.3. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүгээс дээрх захирамж, мэдэгдлийг эс зөвшөөрч, уг шийдвэрийн улмаас электрон болон гэр ахуйн цахилгаан бараа, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бөөний болон жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. “Төв аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийн 1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
4.1. Төв аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” захирамж нь Тамхины хяналтын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Олон Улсын Тамхины хяналтын суурь конвенцийг тус тус үндэслэн иргэд, өсвөр үе, залуучуудыг тамхинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор гаргажээ.
4.2. Уг захирамж нь Төв аймгийн Засаг даргын харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд, өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гарсан, захирамж гарах болсон үндэслэл, агуулга, хэрэгцээ шаардлага нь тодорхой, Тамхины хяналтын тухай хуульд нийцүүлсэн байх ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн, харин маргаан бүхий захиргааны хэм хэмжээ тогтоосон акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй байна.
4.3. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно …”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т “Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ нийтээр дагаж мөрдөх, хэм хэмжээ тогтоосон акт гаргасан бол Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж тус тус заасан.
4.4. Хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/20 тоот лавлагаанд “Төв аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай “Электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” захирамж нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй байна” гэснээс үзвэл хариуцагч Төв аймгийн Засаг дарга нь маргаан бүхий захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй болох нь тогтоогдож байна.
4.5. Хариуцагчийн зүгээс маргаж буй Төв аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” хэм хэмжээ тогтоосон гэх захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т зааснаар захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбарлаж маргаагүй.
4.6. Нэгэнт захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэнээр уг хэм хэмжээ тогтоосон акт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөхөөр хуульчилсан тул бүртгүүлээгүй актыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
4.7. Иймд дээрх үндэслэлээр Төв аймгийн Засаг дарга 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
5. “Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
5.1. Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас “Вейп буюу электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг импортлогч аж ахуйн нэгжүүд, хэрэглэгчдэд” гэсэн албан мэдэгдэлд Төв аймгийн хэмжээнд вейп буюу электрон тамхийг худалдан борлуулахгүй болсныг мэдээлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.
5.2. Тодруулбал, хариуцагчийн зүгээс уг албан мэдэгдлийг аймгийн Засаг даргын дээрх А/312 дугаар захирамжийн хүрээнд гаргасан гэж тайлбарлаж байгаа ч уг мэдэгдэлд заасан вэйп буюу электрон тамхийг худалдан борлуулахыг хориглосон цаг хугацаа нь захирамжийн үйлчлэл дууссан цаг хугацаанаас хойно хэрэгжихээр зааснаас гадна ямар эрх зүйн актад үндэслэж гаргасан тодорхойгүй байна.
5.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан, нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 67 дугаар зүйлийн 67.1, 67.2-д заасныг тус тус баримтлан Төв аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “хүчингүй болгосугай” гэснийг хасч, “тогтоож” гэснийг “тогтоосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ