Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0054

 

 

 

 

 

 

    2022 оны 01 сарын27 өдөр                               128/ШШ2022/0054            

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: П.Н  /РД: /,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.М нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, М.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , гэрч Б.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.Н  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалын иргэн П.Н д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.Н д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Төрхурахын аманд 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон.

Улмаар Байгаль орчин,  аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр П.Н-нгазар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг мэдэгдсэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 548 дугаар албан бичгийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Баянзүрх (тухайн үеийн Хан-Уул) дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Tөpxypaxын аманд байрлах 3 га газар ашиглах эрхийг олгосны дагуу уг газар дээр байгаль  орчинд нөлөөлөх байдлын Ерөнхий үнэлгээ хийлгэж, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 11/2755 тоот ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулан авч, улсын тэмдэгтийн хураамжид 15 сая төгрөг төлж, гэрчилгээний үнийг төлж, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 20016/0075 тоот гэрчилгээг  5  жилийн хугацаатайгаар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр авч, дээрх 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олж авсан.

Газар ашиглах эрхийн гэрчилгээгээ авсны дараа 2016/060 тоот "Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ"-г Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулж, иргэн П.Н  болон Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв нар гарын үсэг зурж тамга дарсан. Ингээд уг гэрээний нэг тал болох Хамгаалалтын захиргаанаас гадна Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсэг зурах ёстой байсан ба гарын үсэг зуруулах ажлыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа хариуцах ёстой байсан. Гэтэл хамгаалалтын захиргаанаас уг гэрээг Баянзүрх дүүрэг дээр өөрөө очиж зуруулчих гэснийх нь дагуу Баянзүрх дүүрэг дээр өөрөө очсон. Ингээд Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын бичиг хэрэг, Баянзүрх дүүргийн газрын албатай тус тус уулзаж уг гэрээнд гарын үсэг зуруулах гэсэн боловч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь гэрээнд гарын үсэг зурахаас татгалзаж гэрээг буцааж өгсөн. Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хэлэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь иргэн П.Н тай адил өөр бусад олон иргэний газар ашиглах гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа тул Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа нь Баянзүрх дүүргийн Засаг даргыг шүүхэд өгч байгаа гэж хэлсэн.

2016 оны 6 сард Улсын Их Хурлын, 10 сард нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай байсан тул Баянзүрх дүүргийн Засаг дарга томилогдохгүй байсан. Бүр 2016 оноос эхлэн 2019 оны 4 сар хүртэл 2 жил 6 сарын хугацаанд Баянзүрх дүүрэг нь Засаг даргагүй байсан. 2016 оны 10 сард болсон орон нутгийн хурлын сонгуулийн дараа Баянзүрх дүүрэг дээр гэрээндээ гарын үсэг зуруулахаар дахин очиход газрын төлбөр төл гэдэг үндэслэлгүй шаардлага тавьсан. Тухайн үед П.Н  "эхлээд гэрээндээ гарын үсгээ зурчих, гэрээгээ байгуулчхаад гэрээний дагуу газрын төлбөрөө төлнө" гэж хэлсэн боловч гэрээнд гарын үсэг зураагүй. Ийнхүү гэрээнд гарын үсэг зурахгүй байсан тул Баянзүрх дүүрэг гэрээг баталж өгөхгүй байна, энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гараар бичиж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд өгсөн. Хүсэлт өгснийхөө дараа хариу өгөхгүй болохоор нь Хамгаалалтын захиргаан дээр биечлэн очиж уулзахад Дарга байхгүй байна гээд хүсэлтийг газар хариуцсан  мэргэжилтэн дээр цохсон байсан ба уг мэргэжилтэн эргээд холбогдоно гэсэн боловч холбогдоогүй.

            Ийнхүү Баянзүрх дүүргийн Засаг дарга ба Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа хоорондын маргаантай асуудлаас болж газар ашиглах гэрээ бүрэн гарын үсэг зурагдаагүй, батлагдаагүй 5 жил болж, эдгээр төрийн байгууллагууд уг асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, мөн маш олон иргэний эрх ашиг зөрчигдсөөр байсан. Иргэн П.Н  2020 оны хавар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаан дээр очиж уулзахад мөн асуудал шийдэгдээгүй байсан. Хэдий газар ашиглах гэрээнд эцэслэн гарын үсэг зурагдаагүй байсан ч П.Н  нь газар дээр өндөржилтийн зураг хийлгэж, аялал жуулчлалын баазын зураг төсөл, төлөвлөлтийн ажил хийлгэж байсан. Гэхдээ төрийн байгууллагуудын буруугаас гэрээ бүрэн байгуулагдаагүй байснаас шалтгаалж газар дээр хийгдэх төслийн ажил бүр мөсөн зогссон.

Ийнхүү Төрийн байгууллагуудын буруугаас шалтгаалж газар ашиглагч иргэнд газраа зориулалтын дагуу ашиглах боломжийг бүрдүүлж өгөөгүй, иргэнийг цаг хугацаа болон хөрөнгө мөнгөөр хохироосон байж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалын иргэн П.Н-н газар ашиглах эрхийг цуцалсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасан зарчмуудыг зөрчиж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалын үндэслэл нь "... газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй" гэх шалтгаанаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т тусгай хамгаалалттай газрыг гэрээний үндсэн дээр эзэмшүүлэхээр заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар газар ашиглагч иргэн, байгууллага, дүүргийн засаг дарга, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ байгуулахаар, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар байгуулах гэрээнд газрын төлбөр, газар ашиглах талаар талууд хүлээх эрх, үүргийг тодорхойлохоор заасан. Иймд гэрээ байгуулсны үндсэн дээр газар ашиглахтай холбоотой эрх, үүрэг талуудад үүснэ. Дээр дурдсанчлан гурван талт гэрээ байгуулагдаж хуульд заасан газар ашиглахтай холбоотой үүрэг үүссэн тохиолдолд газар ашиглагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгох нь үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулагдаагүй, ямар хэмжээгээр газрын төлбөр төлөх нь тодорхойгүй. газрыг зориулалтын дагуу ашиглах зэрэг үүрэг үүсээгүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Сайдын А/79 тоот тушаалд заасан үндэслэл буюу нөхцөл байдал нь Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд газар ашиглагч хууль зөрчсөн үйлдэл байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан "Хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмын хүрээнд иргэн П.Н-н эрх ашиг хамгаалагдах ёстой.

Мөн газрыг анх авахаас эхлээд газар дээр төслийн бэлтгэл ажлуудаа хийхэд их хэмжээний зардал гаргасан байгааг огт анхаарч үзээгүй, газар цуцлах талаар мэдэгдэх сонсгох ажиллагаа огт хийгээгүй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “…Нэхэмжлэгч П.Н  нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж газар ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа. Олон сая төгрөгийн зардал гаргаад, үйл ажиллагаагаа төлөвлөөд, хууль ёсоор газар ашиглах эрх авсан нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй маргаан бүхий захиргааны гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 25, 26, 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Маргаан бүхий тушаалд газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй 3 үндэслэлийг дурдсан. Нэхэмжлэгчийн хувьд дээрх 3 үндэслэлийн алинд хамаарах нь тодорхойгүй, уг 3 үндэслэл нь бүгд хамааралтай мэтээр шийдвэр гаргасан. Бид дээрх 3 үндэслэл нь нэхэмжлэгчид хамааралгүй гэж үзэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээний үндсэн дээр газар ашиглуулж болно”, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, 2 дахь хэсэгт “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана” гээд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тусгасан байдаг. Газрын төлбөрийг төлөх үүрэг газар ашиглах гэрээ байгуулснаар үүснэ. Газрын тухай хуульд газрыг гэрээний үндсэн дээр эзэмшүүлж, ашиглуулахаар заасан. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулж байж газраа зориулалтын дагуу ашиглах эрх нээгдэж, газрын төлбөр төлөх үүрэг үүсэхээр байна. Газрын тухай хуульд гэрчилгээний хамт хүчинтэй, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэнэ гэж заасан. Дээр дурдсан гэрээ байгуулагдаж байж хуульд заасан газар ашиглахтай холбоотой үүрэг үүснэ. Газар ашиглагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй. Гэтэл эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээгдээгүй, үүрэг нь үүсээгүй байхад газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч П.Н д газар ашиглах гэрчилгээ олгогдсон. Газар ашиглах гэрээнд 2 тал гарын үсэг зурсан боловч бүх талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй учраас гэрээ бүрэн дүүрэн батлагдсан гэж тооцохгүй. Гэрээ байгуулагдаагүй байгаа энэ нөхцөлд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нээгдээгүй, газрын төлбөр төлөх үүрэг үүсэхгүй. Нэхэмжлэгч дур мэдэн үнэ зохион газрын төлбөрийг төлөх боломж байхгүй. Хуульд заасан үүрэг үүсэх нөхцөл байдлыг бий болгоогүй. 

 Сайдын тушаалд заасан нөхцөл байдал нь Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Энэ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг зөрчиж байгаа. Гэрээ байгуулагдаагүй учраас газраа зориулалтын дагуу ашиглах эрх нь нээгдээгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах үндэслэлгүй, газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй. Гэрээгээ ирж байгуулаач гэж нэхэмжлэгчид шаардлага тавиад ирээгүй бол нэхэмжлэгчийг буруутгаж болно. Гэтэл тийм нөхцөл байдал байхгүй.

Мөн сонсох ажиллагаа явуулаагүй. Шүүх сонсох ажиллагаа явуулсан эсэхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодруулахад 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн гэдэг. Гэтэл маргаан бүхий акт үүнээс өмнө 03 дугаар сарын 12-ны өдөр гарсан. Нэхэмжлэгчид 03 дугаар сарын 24-ний өдөр албан бичгийг хүргүүлээд 04 дүгээр сарын 08-ны өдөр П.Н  хүлээн аваад хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан. Сонсох ажиллагааг актыг гаргахаас өмнө эрх ашиг хөндөгдөж байгаа талд мэдэгдэж хийх ёстой. Гэтэл актыг гаргачхаад дараа мэдэгдсэн гэж байгаа. Иймд сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна.

Сайдын тушаалд Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын ажил хийсэн гэж дурддаг. Гэтэл нэхэмжлэгч П.Н тай холбоотой асуудлыг шалгасан эсэхийг тодруулахад шалгалтын ажил хийгдээгүй гэсэн хариуг ирүүлсэн. Тэгэхээр тушаалд дурдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй. Захиргааны байгууллага үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн явуулаагүй, хууль бус үйл ажиллагаа явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “…Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалд 3 үндэслэлийг бичсэн байгаа. Энэ нь хууль зүйн агуулгаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл байдаг. Тусгай газар нутгийн тухай хуульд зааснаар газрыг гэрээний үндсэн дээр эзэмшүүлэхээр заасан. Гэтэл энэ гэрээ байгуулагдаагүй, гэрээнд заасан эрх, үүрэг үүсээгүй. Хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээний 2.4-д төлбөрийн хэмжээ, ямар дансанд хэзээ тушаах талаар заасан байгаа. Гэтэл уг гэрээ байгуулагдаагүй учраас төлбөр төлөх үүрэг үүсээгүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дүүргийн Засаг дарга гэрээг байгуулах үүрэгтэй гэж заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болох 2 үндэслэлийг зааж өгсөн. Гэтэл уг 2 үндэслэлээс гадуур буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тушаалд нь үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг иш татаагүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 1/ “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, 2/ “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан. Газрын тухай хуулийн зохицуулалт нь газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болно. Харин уг газрын хувьд ашиглах эрхтэй газар байгаа. Мөн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын эрхийг хүчингүй болгох зохицуулалттай. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ олгогдоогүй. Тэгэхээр өөрт эрх хэмжээ олгогдоогүй газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэж үзэж байгаа. Газар ашиглах, эзэмших зохицуулалт нь тусдаа ойлголт байдаг. Гэтэл газар эзэмших зохицуулалтыг хэрэглэсэн байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны веб сайтад иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцлах мэдэгдэл байршсан байсны дагуу П.Н  нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр цуцлах жагсаалтаас хасч өгнө үү гэсэн хүсэлтийг тус байгууллагын мэргэжилтэн н.Оюутад өгсөн. Мөн сонсох ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтад нэхэмжлэгч П.Н-ннэр байхгүй. Тэгэхээр П.Н д сонсох ажиллагааг хийгээгүй болох нь харагдаж байгаа. Мөн Богдхан уулын газар ашиглалтын байдалд ямар хяналт шалгалт хийсэн талаар хариуцагчаас тодруулахад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мэдэгдлээр ирүүлсэн судалгааг үндэслэсэн гэсэн хариуг өгсөн. Үүнийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас тодруулахад П.Н тай холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаагүй байна гэсэн гэсэн хариу ирсэн. Тэгэхээр нөхцөл байдлыг бүрэн тогтоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар П.Н д Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурхын аманд аялал жуулчлалын зориулалтаар 3.0 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.

"Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 “...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...” мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх....” 35.3.3-т “...газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “....эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1 5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11И-З/5988 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай Дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хун тур буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах....” гэж  заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар П.Н д Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд 3.0 га талбай бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох уйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.

Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох тур журмын 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг Үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч П.Н  нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн А/116 дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болсон. Үүний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр холбогдох гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан гэрээ байгуулахыг удаа дараа хандан хүсэлт гаргасан боловч баталж өгөөгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргад хандсан өргөдөл, хүсэлтийнхээ хариу аваагүй нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар гэрээ байгуулаагүй батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох тур журмыг хэрэгжүүлээгүй байна

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл Өргөдөл, гомдол гаргагч дараах эрх эдэлнэ: гэж 6.1 гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах: гэж, 6.4 өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаx; гэж

Мөн хуулийн 17 дугаар зүйлд: Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаарх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Гомдлыг тухайн Захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана. Гэж заасныг хэрэгжүүлээгүй анхаарал хандуулаагүй зориуд газрын төлбөр төлөхөөс зугтаасан гэж үзэж байна. Гэрээ байгуулаагүй улмаас Улсын төсөвт асар их хэмжээний хохирол учруулаад байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" А/79 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “…Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасан. Үүний дагуу П.Н  нь газар ашиглах хүсэлтээ гаргаагүй нь нэхэмжлэгчийн өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа. Анх газар ашиглах хүсэлтийг иргэн Б.Ц  гэх хүн гаргасан байдаг. Түүний хүсэлт гаргасан газартай нэхэмжлэгчийн газрын талбайн хэмжээ, координат цэгээр яг таарч байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргаж байгаа. Нэхэмжлэгч өөрөө Б.Ц  хүнээр явж байгаад тушаал гарахдаа нэхэмжлэгч П.Н  миний нэр дээр гарсан гэж ярьсан. Иймд анхнаасаа газар ашиглах эрх авахдаа хууль зөрчсөн нь нотлогдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар 27.1 дэх заалтыг үндэслэл болгосон. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг зааж өгсөн. Газрын тухай хуулийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрөө төлөөгүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө хэлсэн. Нэхэмжлэгч өмгөөлөгч гурван талт гэрээг байгуулснаар төлбөрийг төлнө гэж байна. Гурван талт гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас байгуулж өгсөн байдаг. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно.Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гуравласан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна.” гэж заасан. Гэрчилгээг 2016 оны 6 дугаар сард авсан байгаа. 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргаад гэрээгээ байгуулсан. Нэхэмжлэгч гэрээгээ хамгаалалтын захиргаанаас аваад Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаж байгаагүй нь шүүхийн үзлэг болон тус дүүргийн албан бичгүүдээр нотлогдож байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд Өргөдөл, гомдол гаргагч дараах эрх эдэлнэ, 1/-д “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах”, 4/-д “өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах”,  17 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаарх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй.Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Баянзүрх дүүргийн Засаг даргад гуравласан гэрээ байгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй.

Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчийн тогтоол ирсний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран ажлын хэсэг байгуулан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, ашигласан боловч зориулалтын бус барилга байгууламж барьсан талаарх судалгаа ирсэн. Уг судалгаанд нэхэмжлэгчийн нэр орсон байгаа. Аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх аваад газар дээрээ хаус, орон сууц барьсан, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар эрүүгийн цагдаагийн байгууллагаас хамтран шалгалт хийсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах эрхийг олгодог. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хамгаалалтын захиргаа тухайн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг олгосон. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн албан бичиг ирсэн байгаа. Үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь шүүхийн үзлэг болон дээрх албан бичгүүдээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч П.Н-н тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна хэмээн үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчсөн,

2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан журмын дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл байдал “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг тогтоох ажиллагааг хийгээгүй,

3. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33.1, 37.1, 37.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээний үндсэн дээр тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглаж, гэрээнд заасан төлбөрийг төлөх ёстой. Гэвч Дүүргийн Засаг дарга болон яамны тусгай хамгаалалттай газрын даргаас гэрээг баталж өгөөгүй тул ажил явуулах болон газрын төлбөр төлөх боломжгүй болсон ч энэхүү нөхцөл байдлыг хариуцагч харгалзаж үзээгүй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.Н д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Төрхурахын аманд 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон.

Улмаар, Байгаль орчин,  аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар ”...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, ... газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ... нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосугай” хэмээн шийдвэрлэсний 135-т нэхэмжлэгч П.Н-н газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуулчлалын сайдын 2016 оны А/116 дугаар тушаал, 2016 оны 2016/0075 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаал болон холбогдох бусад баримтаар,

Нэхэмжлэгч П.Н  нь иргэн Х.Б, Л.Ш нартай  2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр маргаан бүхий газарт аялал жуулчлалын цогцолбор барих зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Д” ХХК-тэй Зураг төслийн гэрээ байгуулан ажиллаж байсан хэдий ч тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гурвалсан гэрээний нэг тал болох Баянзүрх дүүргийн Засаг даргаас гэрээнд гарын үсэг зураагүйн улмаас гэрээгээ Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулж чадаагүй. Улмаар нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хандан Баянзүрх дүүргийн Засаг даргын гурвалсан гэрээ байгуулахгүй байгаа асуудалтай холбоотойгоор хүсэлт гаргаж байсан хийгээд тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газрыг зөвхөн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр ашиглах боломжтой. Мөн тухайн гэрээгээр газар ашиглагчийн жилд төлөх газрын төлбөрийн хэмжээг тогтоодог тул гэрээг байгуулаагүйн улмаас нэхэмжлэгч нь газар дээр ямар нэгэн үйл ажиллагаагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн огноо бүхий Хамтран ажиллах гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн огноо бүхий Зураг төслийн гэрээ, П.Н-н 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хандан гаргасан хүсэлт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 13/2742 дугаар албан бичиг, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон гэрч Г.Г, Х.Б, Л.Ш нарын мэдүүлгээр,

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох үүргийнхээ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжид дурдагдсан үндэслэл нь нэхэмжлэгчийн хувьд хамаарч буй эсэхийг шалгаж тогтоох ямар нэг ажиллагааг хийгээгүй, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2020 оны 11и-3/5988 дугаар албан бичигтэй холбогдуулан шүүхээс явуулсан тодруулгын хариуд Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 11и-3/8003 дугаар албан бичгээр тус албанд П.Н д холбогдох хэрэг шалгагдаагүй, сонсох ажиллагааны мэдэгдэл болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 10/7607 дугаар албан бичгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар дамжуулан нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч нэхэмжлэгч нь тухайн мэдэгдлийг маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 1128 дугаар албан бичиг, Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 11и-3/8003 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”,

24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”,

26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" хэмээн,

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно хэмээн,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”,

37 дугаар зүйлийн 1-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг” хэмээн тус тус хуульчилсан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалын П.Н д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “нөхцөл байдлыг тогтоох” болон “оролцогчийг сонсох”-той холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6-д газрын төлбөрийг төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх асуудалд нэхэмжлэгчээс үл хамаарах, “хүндэтгэн үзэх шалтгаан” байгаа эсэх асуудлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1,  37 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын нэхэмжлэгч П.Н д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ