Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 775

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Л ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/00457 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.М-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 2 915 160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01929 тоот захирамжийн дагуу Ц.М-с 44 848 602 төгрөгийг гаргуулж тус ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Ц.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлсэн тул тус ББСБ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай зардал, урамшууллын гэрээ байгуулсан. Үүний дагуу ажиллагаа хийгдэж Ц.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлбөрийг төлж барагдуулсан. Манай байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасныг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай байгуулсан гэрээний дагуу урамшууллын төлбөрт 2 915 160 төгрөг төлсөн. Ц.М-ийн буруутай үйл ажиллагаанаас болж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн хохирол 2 915 160 төгрөгийн хохирол учирсан. Өөрөөр хэлбэл эвлэрлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлж, манай байгууллагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулах нөхцлийг бий болгосон. Гэм буруутай эс үйлдэхүйгээр төлбөрийг төлж барагдуулаагүй. Төлбөр хугацаандаа төлөгдсөн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэхгүй төлбөрийг бүтэн авах байсан. Иймд хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж байгууллагад учирсан хохирол болох 2 915 160 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2 915 160 төгрөгийг Ц.М-ийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн байна. Хариуцагчид буруутай үйлдэл байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.7 дугаар зүйлтэй холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Энэ нь гэрээний үндэслэл болохгүй. 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зохигчдын эвлэрлийг баталсан захирамж гарсан. Уг захирамжид зохих төлбөрийг талууд 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохирсон байсан. Хариуцагч Ц.М нь Л ББСБ ХХК-ийн зээлийн төлбөрийг барагдуулахаар цаг алдалгүй арга хэмжээ авч байсан. Зээлийн барьцаанд тавьсан байсан орон сууцаа зарахаар 2017 оны 4 дүгээр сараас эхлэн үнэгүй.мн сайт болон зар мэдээ, зар сонинд зар тавьсан. Санхүүгийн хямралтай байсан учраас орон сууц зарагдахгүй байсан. Орон сууц 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдагдаж, энэ өдрөө төлбөрөө төлсөн. Хариуцагч маш богино хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийгээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас санаатай зайлсхийсэн зүйл гаргаагүй. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэж болно. Харин урамшууллыг төлөх үүрэг нь төлбөр авагчийн үүрэг. Иймд уг урамшууллын мөнгийг төлбөр авагч өөрөө төлөх үүрэгтэй. Хамгийн гол нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхээр цаг алдалгүй арга хэмжээ авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.М-с гэм хорын хохиролд 2 915 160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч Ц.М нь эвлэрлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй нь түүний тайлбар болон тус ББСБ-д төлбөр төлөгдсөн өдрийн банкны хуулгаар тус тус тогтоож байна. Хэрэв Ц.М нь эвлэрлийн гэрээний хугацаа төлбөрийг төлж барагдуулсан бол 44 848 602 төгрөг тус ББСБ-д орох байсан гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар ажиллагаа хийгдснээс үүдэн 2 915 160 төгрөгөөр багасаж бодит хохирол учирсан байтал хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа төлбөр төлөгч нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өөр байгууллагаар ажиллагаа хийлгэх боломжтой мэт дүгнэсэнд гомдолтой байна.

...Хариуцагч Ц.М эвлэрлийн гэрээний хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан эс үйлдэхүйтэй болох нь нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт тус ББСБ-ыг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа хууль зүйн үндэслэлээ тодорхой заагаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК нь хариуцагч Ц.М-д холбогдуулан гэм хорын хохиролд 2 952 660 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/01929 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 5 000 000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 44 610 500 төгрөгийг Ц.М нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 21А байр 122 тоот хаягт байрлах Ү-2205043599 улсын бүртгэлийн дугаартай, 000186692 тоот гэрчилгээтэй 90.15 м.кв 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.                                                                            /хх-10-11 дүгээр тал/

 

Дээрх шийдвэрийг хариуцагч Ц.М сайн дураараа биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШЗ2017/10581 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 00997 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

            Нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр17/8433 тоот шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах хэмжээг 6.5 хувиар тооцон төлбөрийн үнийн дүнгээс гаргуулахаар харилцан тохиролцсон байна. Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ц.М-с төлбөрт шилжүүлсэн мөнгөнөөс урамшуулалын зардалд 2 915 160 төгрөгийг суутган тооцон авч, үлдэгдэл 42 003 442 төгрөгийг төлбөр төлөгчөөс төлбөр авагчид шилжүүлсэн болох нь хэргийн 15, 33 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.                                                                                                    /хх-15, 33 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасан байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар иргэн болон хуулийн этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй. Иймд хугацаа хэтрүүлбэл нөгөө тал нь хохирол шаардах эрхтэй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ц.М-с төлбөрт шилжүүлсэн мөнгөнөөс урамшуулалын зардалд 2 915 160 төгрөгийг суутган тооцон авч, үлдэгдэл 42 003 442 төгрөгийг төлбөр төлөгчөөс төлбөр авагчид шилжүүлсэн тул шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардалд төлсөн 2 915 160 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах боломжгүй.

 

Учир нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь хохирлыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх талаар, зайлшгүй зардал гарсан бол түүнийг хохиролд тооцож болохоор заажээ.

 

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “зайлшгүй зардал”-ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэж тодорхойлсон ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор “зайлшгүй зардал” гарсан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцон төлбөр төлөгчөөс гаргуулах талаар хуулиар тодорхойлон хуваарилсан байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг өөрийн хүсэл зоригийг илэрхийлж бичгээр хийжээ. Уг гэрээнд шийдвэр бодитой биелэгдсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид хэдий хэмжээний урамшууллыг олгох талаар талууд хуулиар тогтоосон хүрээнд тохиролцон тодорхойлсон байна. Төлбөр авагч шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох гэрээ байгуулах эсэх нь түүний өөрийн хүсэл зоригт үндэслэсэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын асуудал тул хариуцагчийн төлбөр төлөөгүйтэй холбоотой үүссэн зайлшгүй зардал, бодит хохирол гэж үзэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2 915 160 төгрөг төлсөн нь хариуцагчийн үүргээ биелүүлээгүй гэм буруутай шалтгаант холбоогүй гэж үзэх ба анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр 2 915 160 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчид учруулсан гэж үзэх үндэслэлгүй тул гэм хорын хохиролд 2 915 160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/00457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 61 593 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ