Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/330

 

   2023           04            25                                     2023/ШЦТ/330

      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч О.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******т холбогдох эрүүгийн 2305000000233 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* (Регистрийн дугаар: *******).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч О.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Love” бааранд үл ялих шалтгааны улмаас Е.*******тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: “...Манай баарны угтагч залуу хохирогчид хүн дуудаж оруулж ирэх юм бол 3 пиво өгнө гэж хэлсэн байсан. Тухайн үед хохирогч нь над дээр ирээд 3 пивоо авъя гэж хэлснээс болж маргалдсан. Би хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тухайн хэрэг гарсны дараа 500,000 төгрөг хохирогчид өгсөн боловч ах нь шүүхээр шийдүүлнэ гээд буцаагаад надад өгсөн. Би тухайн хэрэг болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Е.*******йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Love нэртэй бааранд орсон бөгөөд тэр үед дижи хийдэг залуу буюу одоогийн ******* намайг хүмүүс авчирвал 3 ширхэг пиво өгнө гэхээр нь би баарны гадуур явж байгаа хүмүүсээс 5 хүн оруулаад 3 пиво авах гэтэл нөгөө дижи залуу надад пиво өгөхгүй, уурлаад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон бөгөөд тэр үед миний хамраас цус гараад би цагдаа дуудсан. Би тэр дижи залуутай тухайн хэрэг гардаг өдөр л танилцсан, тэрнээс өөрөөр танихгүй. Би 2 шил пиво уусан байсан, бүх зүйлийг ухамсарлах чадвартай байсан. Би эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй, хамраа өөрөөр нь эдгээсэн. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, дүгнэлт үнэн бодитой гарсан байна. Тухайн дижи залуу *******аас өөр цохиж зодсон хүн байхгүй. Би одоо хамраа тэгшлүүлэх хүсэлтэй байна, шөнө орой хамар битүүрээд байна, тэр залуугаас хохирлын мөнгөө авах шаардлагатай байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1542 дугаартай: “Е.*******йн биед хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн: “...Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Love нэртэй баарны хяналтын камерын 1 дугаартай камерт 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 цаг 14 минут 29 секундэд хохирогч Е.******* нь баарны баруун урд хэсгээс буюу DJ (ДиЖи)-гийн тавцан хэсгээс хойд талын дунд байрлах ширээ рүү ирж байх бөгөөд түүний араас Love баарны DJ (ДиЖи) хийж байсан О.******* нь Е.*******гийн суух ширээн дээр ирэх бөгөөд Е.******* нь ширээний ард зогсож байх үед О.******* нь түүний нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа 02 цаг 14 минут 43 секундэд цохиж байх бөгөөд тухайн үед О.*******ын хажууд зогсож байсан урт куртик, ноосон малгайтай эрэгтэй салгаж болиулах ба түүнээс хойш ямар нэгэн зодоон болоогүй С.******* нь хохирогч Е.*******тэй маргаан хийгээд хэрэлдээд дайрч байгаа дүрс бичигдсэн байлаа.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас),

Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Love нэртэй бааранд дижи хийж байтал 3 цагийн орчим үл таних залуу манай баараар үйлчлүүлж байхдаа өөр үйлчлүүлж байсан хүнтэй маргалдаад байхаар нь би болиоч гэтэл тэр маргаан хийгээд байсан залуу над руу хүрч ирээд надаас 3 ширхэг пиво нэхээд байсан учир яагаад зүгээр байж байгаад чамд пиво өгдөг юм гээд маргалдсан. Тэр залуу намайг үйл хөдлөлөөрөө өдөөд хоргоод хуруугаараа заагаад байхаар нь нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон чинь хамраас нь цус гараад явчихсан. Тэр залуу бол намайг цохиж зодоогүй, намайг тэр залууг цохих үед бааранд ажилладаг бусад ажилчид салгаад болиулсан. Тэр залууг надаас өөр хүн цохиж зодоогүй, тэр залуутай нас ойролцоо л залуу байх шиг байсан. Би бол 3 ширхэг шилтэй Сэнгүр пиво уусан байсан харин нөгөө залуу бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ үйл явдлыг ухамсарлах чадвартай байсан. Би тэр залуутай манай бааранд үйлчлүүлэгч нар авчирвал 3 ширхэг пиво өгнө, урамшуулалтай гэж огт тийм зүйл яриагүй, харин цохисондоо уучлалт гуйгаад 3 ширхэг нэхээд байсан пивыг нь өгсөн, тэр залуу ч за, за гомдолгүй гэж хэлээд пивоо үүдний текнээс авсан. Харин пивоо яасан талаар нь мэдэхгүй байна, сүүлд явчихсан байж харагдсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Love” бааранд үл ялих шалтгааны улмаас хохирогч Е.*******тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Е.*******йн мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 1542 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч О.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч Е.*******йн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.*******ын гэм буруутай үйлдэл болох цохисноос үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч О.******* өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд шүүгдэгч О.*******ын бусдыг цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Е.*******йн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...хамраа тэгшлүүлэх хүсэлтэй байна, шөнө орой хамар битүүрээд байгаа, хохирлын мөнгөө авах шаардлагатай байна” гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул шүүх нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Е.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч О.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч О.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч О.*******ын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD (СиДи)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч О.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Е.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD (СиДи)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НЯМДАВАА