Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/326

 

 

 

    2023          04          24                                   2023/ШЦТ/326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

хохирогч Ц.У, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Г-н О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн *** суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Ажилчны гудамж, “****” ХХК-ийн 32 дугаар байрны **** тоотод оршин суух хаягтай гэх боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянголын **** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Х овогт Г-н О /регистрийн дугаар ******/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хохирогч Ц.У-ын итгэмжлэн хариуцуулж, худалдан борлуулахаар өгсөн бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан орлогыг хувьдаа завшиж  нийт 3.501.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирлыг төлж барагдуулах болно. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэв.

Хохирогч  Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Би анх 2020 онд эгчээрээ дамжуулж Г.О-тай танилцаж байсан. Г.О машинтай болохоор нь хэд хэдэн удаа хамт явж бараа зарж байсан юм. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2.160.000 төгрөгийн бэлэн хувцас, гоо сайханы бараа өгч байсан. Дараа нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 265.000 төгрөгийн бараа, 4 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийн бараа, 284.000 төгрөгийн бараа, 5 дугаар сарын 21-ний өдөр 520.500 төгрөгийн бараа, 5 дугаар сарын 30-ны өдөр 91.000 төгрөгийн бараа, 6 дугаар сарын 26-ны өдөр 300.000  төгрөгийн бараа, 6 дугаар  сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийн бараа, 7 дугаар сарын 6-ны өдөр 204.000 төгрөгийн бараа өгсөн. Энэ хооронд байнгын харилцаатай байсан. Надад хэлэхдээ чиний бараануудыг зээлээр өгч болох уу, мөнгийг нь ноолуурын үеэр өгье гэж байна гэж хэлэхээр нь би болно гэж хэлсэн. Хөрөнгийн үнэлгээгээр 3.501.000 төгрөг гэж гарсан ба үүнээс 255.000 төгрөгийн барааг биет байдлаар хүлээн авсан. Гэхдээ буцааж авсан бараанаас 2 үсний будгийн хугацаа дууссан байсан. Уруулын будгийг хэрэглэчихсэн байсан. Зарим өмд нь миний О-д өгсөн өмд биш байсан ч хохирлоо барагдуулж авахын тулд би О-гийн өгсөн өмднүүдийг хүлээн авсан. Би үлдэгдэл барааны хохирол болох нийт 3.246.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.У-ын хохирогчоор өгсөн:

“..2020 онд манай эгч Уранбилэгийн таньдаг гэх хүн буюу Г.О-гаас Солонгос улсад үйлдвэрлэсэн түрийвч бөөндөж авч танилцаж байсан юм. Танилцсанаас хойш О-тай бараа солилцож бартер хийдэг байсан. Ганц, нэг удаа машинтай хамт гадуур явж бараа зардаг байсан. О нь 2020 оны 11 дүгээр сард Дорнод аймаг руугаа явах гэж байна, чи надад миний байхгүй бараанаас ганц, нэг бараа өгч явуулж заруулахгүй юу гэж хэлэхээр нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,160,000 төгрөгийн бэлэн хувцас, гоо сайхны бараа өгч явуулсан. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр О-гийн гэр болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 118 дугаар байрны гадна уулзаад 265,000 төгрөгийн сүлжээний бүтээгдэхүүн болох кальци, омега, чацарганы тос гэх бүтээгдэхүүнүүдийг заруулахаар өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би О-гаас 180,000 төгрөгийн гоо сайхны бараа буцааж авсан. О над руу холбогдоод чиний өгсөн бараануудыг хөдөө зээлээр өгч болох уу, хүмүүс ноолуурын цагаар мөнгөтэй болдог юм байна гэж хэлэхээр нь би болно, ааруул цагаан идээ, мах зэргээр зарж борлуулж болно гэж хэлж байсан. 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр О надад “би хөдөө явах гэж байна, одоо ноолуурын цаг гарч байгаа юм байна. Би бараагаа ачаад явдаг юм уу, би чиний өгсөн барааны мөнгийг цуглуулж ирье” гэж хэлж байсан. Би тэгэхээр нь 1,000,000 төгрөгийн гоо сайхны бараа өгч явуулсан. 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр амвэй /аmway/ бүтээгдэхүүний 12 ширхэг шүдний оо, хүүхдийн гутал 4 ширхэг нийт 284,000 төгрөгийн бараа өгч явуулсан. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 520,500 төгрөгийн гоо сайхны барааг заруулахаар өгсөн. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 90,000 төгрөгийн ариун цэврийн хэрэглэл, 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 300,000 төгрөгийн Орос улсын сүлжээний “гүүний саам” нэртэй бүтээгдэхүүн 3 ширхэгийг заруулахаар өгсөн. Мөн 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийн эмэгтэй хүний өмд заруулахаар өгсөн. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 12 ширхэг 204,000 төгрөгийн амвэй /аmway/ сүлжээний шүдний оо заруулахаар өгсөн. Од нийт 5,123,500 төгрөгийн бараа, энэ мөнгөнөөс О 50,000 төгрөгийг үнэртэй ус зараад мөнгийг нь надад бэлнээр өгсөн. О-гаас 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 180,000 төгрөгийн спрөй гоо сайхны бүтээгдэхүүнийг авсан. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр унтлагын хувцас 2 ширхэг, өмд 1 ширхэг 50,000 төгрөгийн үнэ бүхий барааг эргүүлж авсан. 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн бараа болох гоо сайхны бүтээгдэхүүнээс 434,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг О--гаас авсан. 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өгсөн бараанаас хүүхдийн гутал буюу 80,000 төгрөгийн барааг буцааж авсан. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өгсөн бараанаас 342,500 төгрөгийн спрей, шүдний оо, цэвэрлэгч гэх бүтээгдэхүүнийг би О-гаас хүлээж авсан. 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өгсөн ариун цэврийн хэрэглэлээс 69,000 төгрөгийн ариун цэврийн хэрэглэлийг буцааж авсан. 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өгсөн бараанаас гүүний саамнаас 1 ширхэг буюу 100,000 төгрөгийн барааг буцаан авсан. 2021 оны 6 дугаар сарын 27-ны өгсөн барааны эмэгтэй өмднөөс 21 ширхэг буюу 210,000 төгрөгийн барааг буцаан авсан. Ингээд нийт үлдэгдэл нь 3,608,000 төгрөгийн бараа буюу хүүхдийн зузаан трико 1 ширхэг, хүүхдийн унтлагын хувцас 3 ширхэг, хүүхдийн пальто 1 ширхэг, эмэгтэй хүүхдийн өмд 1 ширхэг, хүүхдийн эмэгтэй зузаан дотортой хилэн өмд 1 ширхэг, эмэгтэй өмд 14 ширхэг, хүүхдийн куртик 1 ширхэг, эмэгтэй куртик 2 ширхэг, эмэгтэй богино куртик 1 ширхэг, ногоон куртик 1 ширхэг, эмэгтэй урт пэлник 1 ширхэг, эрэгтэй хар куртик 1 ширхэг, хөнжлийн даавуу 1 ширхэг, 5 хос таваг, том хүний эмэгтэй жинс, даавуун өмд нийлээд 10 ширхэг, спрей 9 ширхэг, гар ариутгагч 4 ширхэг, оо 11 ширхэг, омега 11 ширхэг, чацарганы тос 2 ширхэг, хүүхдийн витамин 2 ширхэг, прове нэртэй халуун тос 2 ширхэг, кальци 1 ширхэг, нарны тоc 2 ширхэг, нүүрний крем 1 ширхэг, эрэгтэй 3206 нэртэй ус 1 ширхэг, хомхойн тос 2 ширхэг, уруулын будаг 2 ширхэг, аяга угаагч порлан 2 ширхэг, амвэй /аmway/ оо 24 ширхэг, амвэй /аmway/ цагаан хувцасны вок 1 ширхэг, үсний паберлик /fabУrlic/ будаг 7 ширхэг, хар өнгийн үсний будаг 1 ширхэг, ариун цэврийн хэрэглэл 9 ширхэг, гүүний саам дархлаа дэмжигч бүтээгдэхүүн 2 ширхэг, эмэгтэй өмд 9 ширхэг гэх нийт 3,608,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг О-гаас авах ёстой. Нэг үнэртэй ус зараад 50,000 төгрөг л авч ирж бэлнээр өгсөн. Өөр бараа бүтээгдэхүүнийг зарж надад мөнгө өгсөн зүйл байхгүй. Гэрийнх нь хаягаар очихоор хаалгаа тайлж өгдөггүй. Утас руу нь залгахад холбогдох боломжгүй байдаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,

Дамно ХХК-ны 2022 оны 7 дугаар сарын  07-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.О-гийн яллагдагчаар өгсөн:

...Би 2019 онд Ц.У-тай бөөний бараа авдаг дэлгүүрт танилцаж байсан. Намар Ц.У надтай холбогдоод хөдөө таньдаг хүн байвал бараа зараад өгөөч гэж гуйсан. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1.706.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулж өгөхөөр У-аас хүлээн авсан. 1,706,000 төгрөгийн бараанд хүүхдийн трико 1 ширхэг үнэ 6,000, унтлагын хувцас 5 ширхэг нь 15,000 төгрөг, хүүхдийн пальто 1 ширхэг нь 30,000 төгрөг, охины өмд 1 ширхэг, эмэгтэй хүүхдийн даавуун өмд 15 ширхэг, хүүхдийн куртка 1 ширхэг, хүүхдийн бор өнгөтэй өвлийн куртка 1 ширхэг, хүүхдийн өвлийн ягаан куртка 1 ширхэг, хүүхдийн ногоон куртка гэх мэтчилэн 1.706.000 төгрөгийн барааг зарж өгөхөөр авсан. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийн гоо сайхны бүтээгдэхүүнийг У-аас зарж өгөхөөр авсан. Мөн дараа нь 520.500 төгрөгийн гоо сайхны барааг У-аас хүлээн авсан. У-аас би нийт 3.226.500 төгрөгийн бараа хүлээж авсан. Мөн би 1.000.000 гаруй төгрөгийн барааг У-д буцааж өгсөн. Тэгээд зарим барааг буцааж өгөөд зарим барааг нь зараад бага багаар мөнгө орж ирээд тухайн мөнгийг хэрэглээндээ үрчихсэн. Мөн барааг нь зээлээр хүнд өгсөн. Би 2019 оноос эхэлж Улаанбаатар хотод машинтай явж бараа зарж эхэлсэн. Мөн би 2020 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймаг руу бараагаа зарахаар явах гэж байгаад Уд би “Дорнод руу явж бараа зарах гэж байгаа” гэж хэлтэл У “миний бараанаас зараад өгөөч” гэхээр нь би “зараад өгье” гээд зарагдсан барааны мөнгийг нь өгье, зарагдаагүй барааг нь бараагаар нь буцаагаад өгье гэж хэлээд барааг нь авсан юм. Гэтэл корона вирусын хөл хорио тавиад би Улаанбаатар хотоос гарч чадаагүй юм. 2021 оны 6 дугаар сарын дундуур У-аас авсан ихэнхи бараа бүтээгдэхүүнийг бараагаар нь Уд өөрт нь хүлээлгэн өгсөн. Би У-аас авч зарсан барааны мөнгийг Уд буцааж өгөөгүй. Би хэчнээн төгрөгийн барааг зарж борлуулснаа одоо мэдэхгүй байна. У-аас авсан барааг Улаанбаатар хотод зарж борлуулсан юм. Уг бараануудыг хүмүүст ихэнхийг нь зээлээр өгсөн байсан болохоор хүмүүс надад буцааж өгөх нь өгөөд барааг нь буцааж авсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дахь тал/,  иргэний үнэмлэхийн лавлаа /хавтаст хэргийн 62 дахь тал/  зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.У-ын итгэмжлэн хариуцуулж, худалдан борлуулахаар өгсөн бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан орлогыг хувьдаа завшиж  нийт 3.501.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хөрөнгө завшсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.У-ын мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын  07-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

             Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн шүүгдэгч нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Г.О-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Г.О-гийн эх нь бөөрний дутагдалтай тул Г.О-гаас өөр асран хамгаалах хүнгүй тул энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү...” гэх хүсэлт,

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...Г.О-гийн үйлдлүүд нь үргэлжилсэн үйлдлээр хөрөнгө завшсан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд хохирол төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх хүсэлт,

Хохирогч шүүх хуралдаанд “...Хохирол төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна...” гэх хүсэлт,

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх хуралдаанд шүүдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...иргэний эрх зүйн маргаан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг бөгөөд өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг буцаан өгөхгүй байгааг ойлгоно. Мөн итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн хувийн хэрэглээнд хэрэглэх, өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлж шунахайн сэдэлттэй шууд санаатай байдаг.

Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй, нэгж байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хуульд бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Ц.У-д 3.501.000 төгрөг учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан хохирол гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 255.000 төгрөгийн барааг биед байдлаар буцааж авсан тул нийт 3.246.000 төгрөг нэхэмжилж байна...” гэж, шүүгдэгч Г.О нь ...хохирогч Ц.У-ын нэхэмжилж байгаа 3.246.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Г.О-гаас нийт 3.246.000 /гурван сая хоёр зуун дөчин зургаан мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.У-д олгохоор шийдвэрлэлээ.

         Энэ хэргийн улмаас Г.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Х овогт Г-н О-г үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.О-гаас 3.246.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Уд олгосугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ