Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/351

 

 

 

 

 

 

 

    2023          05          01                                   2023/ШЦТ/351

                                                                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С овогт  Бн Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 23-ны өдөр *** аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт  Б-н Т- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Т- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ю.А-тэй маргалдаж шилэн аяга нүүр рүү нь шидэж,  биед нь духны хөндийн урд ханын хугарал, духанд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн  няцрал  бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т- “...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг,  

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ю.А-ийн хохирогчоор өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчимд найз Б.Т-тай уулзаад замаараа найз О-г аваад Баянгол дүүргийн ** дугаар хороо, * дүгээр байрны *** тоот буюу манай гэрт ороод пиво ууцгаасан. Тэгээд шөнө 23 цагийн үед манай гэрийн хажууд байдаг караокены 4 тоот өрөөнд гурвуулаа нэг шил архи, ус, ундаа захиалаад тухайн зүйлсээ ууж, идээд дуулсан. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчимд найз Б.Т-тай юм ярьж байтал уурлаад ширээн дээр байсан аяга авч толгой хэсэгт цохисон. Тэр шил нь толгойд зоогдож духнаас цус гарсан. О сандарч орилох үед Т- гараад явсан. Тэгээд 103 дугаарт дуудлага өгөөд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дээр очиж дух хэсэгт нийт 9 оёдол тавиулсан. Духны яс цөмөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.О-н гэрчээр өгсөн:

“...2023 оны 03 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед би сургалтаа тараад байж байтал А-, Т- нар 6 лааз пиво аваад ороод ирсэн. Тэр пивыг уучихаад гэрийн хажууд байдаг караоке орж нэг шил архи авч, гурвуулаа хувааж уусан. Тэгээд дуулаад сууж байтал Т-, А- нар хоорондоо юм яриад сууж байсан. Гэтэл Т- ширээн дээр байсан шилэн аяга аваад А-ийн толгой хэсэг рүү цохих үед шилэн аяга хагарсан. Тэгээд Т- гараад явсан. А-ийн толгой хэсэг рүү харахад дух хэсэгт нь шил зоогдож толгойноос нь цус гараад байсан. Тэгээд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай Ю.А-ийн биед духны хөндийн урд ханын хугарал, духанд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т-ын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн орчимд Ю.А-ийн гэрээс гараад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караоке ороод нэг шил архи авч хувааж уунгаа юм ярьж, дуулсан. Би А-д “чи 2 хүүхэдтэй эхнэрээсээ салаад энэ хүүхэнтэй юу хийж байгаа юм” гэж асуусан чинь надтай маргасан. Би А-тэй хэрүүл хийж байгаад уур хүрээд байсан тул ширээн дээр байсан шилэн аягыг аваад А-ийн толгой хэсэг рүү цохих үед толгойноос нь цус гарсан. Тэгээд би гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/

Си ди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ю.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан болох нь:

Хохирогч Ю.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Тодруулбал хохирогч Ю.А-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Т- хохирогчийн толгой хэсэгт шилэн аягаар цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна. Түүнчлэн энэ болсон үйл баримтын талаар хохирогч Ю.А- болон гэрч Д.О нар тухайн үед шүүгдэгч Б.Т-ыг ямар үйлдэл хийж, ямар байдалтай байсныг тус тус зөрүүгүй мэдүүлж, хохирогчийн эрүүл мэндэд шүүгдэгч Б.Т- хөнгөн хохирол учруулсан талаар шууд нэрлэн заан, гэрчилж нотолж байна. 

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч  Б.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүдэгч Б.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар мөн шүүгдэгч Б.Т-ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Т-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний хувийн байдал  зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Ю.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Хэрэгт хохирогч Ю.А- нь "...эмчилгээний зардлаа хүлээн авсан...." гэх хүсэлт /хх-ийн 54 дэх тал/  авагдсан байх тул шүүгдэгч Б.Т-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Б.Т- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч С овогт  Б-н Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Т-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Т- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ