Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/362

 

 

 

 

 

   2023          05          03                                   2023/ШЦТ/362

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч Б.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Ч-т холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн *** сумын *** дугаар багийн *** дугаар байрны 5 тоотод оршин суух, урьд *** аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 8 дугаар  сарын 30-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар, *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Б-н Ч- /регистрийн дугаар: ****/.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүдэгч Б.Ч- нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй баарны урд талд хувиараа худалдаа эрхэлж байсан хохирогч Ё.Э-ийн лангуун доор тавьсан байсан “Самсунг галакси нөүт 9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

Хохирогч Ё.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчим Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” баарны урд жижиглэн худалдаа эрхэлж байх үед маш олон хүн миний зарж байсан ээмэг, бөгж, зүүлтийг үзэж байсан. Хүмүүс юм худалдаж авах гэхээр миний пос машин ажиллахгүй нь байсан юм. Би пос машинаа оролдож байхад утасны дугаараа бич гэсэн юм гарч ирэхээр нь дараад явуулахад миний утсанд 6 оронтой тоо ирээд тэр 6 оронг гаргаад пос машиндаа хийх гээд утсаа лангууныхаа ширээн доор байсан хайрцагны таг дээр үлдээгээд хажуу лангууны хүндээ код ирээд пос машин зүгээр болчихлоо гэж хэлээд буцаад лангуун дээрээ ирэхэд миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд  тэр даруйдаа “С” баарны хяналтын камерыг шүүж үзэхэд нэг залуу миний хажууд зогсож байгаад намайг босоод явсны дараа миний утсыг аваад гарцаар зам гарч байгаа нь бичигдсэн байсан. Тэр даруйдаа цагдаагийн байгууллагад  өргөдөл бичиж өгсөн. Миний алдсан гар утас “Самсунг Нөүт-9” загварын гар утас байсан ба 2022 оны 5 дугаар сарын эхээр сүмийн тусламжийн бараанаас 1.200.000 төгрөгөөр авч байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дэх тал/,

Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...тэр өдөр хагас сайн өдөр байсан байх, хүүдээ юм авч өгөх гээд хүүтэйгээ хамт явж байгаад “Т” худалдааны төв ороод 4 давхрын 8 дугаар лангуунаас 500,000 төгрөгөөр “Самсунг нөүт-9” загварын гар утас авч өгсөн. Манай хүү ашиглаж байгаад 7 дугаар сарын 14-ний орой явж байгаад гар утсаа хаячихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Сүүлд сонсоход Ч- ах ажлаа тараад явж байхдаа Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороололд явж байхдаа жижиглэнгээр худалдаа хийдэг хүн гар утсаа үлдээгээд жаахан холдохоор нь гар утсыг нь авсан гэж сонссон. Би Ч- ахтай нэг газар ажилладаг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...“Самсунг  Нөүт-9” загварын гар утсыг 410.000 төгрөг...” гэжээ. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

Шүүгдэгч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эмээлтэд блокны үйлдвэрт байрлан ажиллаж байгаад 17 цаг гэж ажил дуусахаар нь ажил дээрээ нэг лаазтай пиво уугаад хотын төв рүү автобусанд суугаад явсан. Зун халуун байсан учраас автобусанд ам хатаад байхаар нь Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороолол дээр буугаад гудамжнаас ундаа авч уугаад жижиглэнгээр эд зүйл зардаг хүний бараанаас сонирхоход худалдагч нь өөрийн гар утсыг хайрцаг дээр үлдээгээд цаашаа явахаар нь би утсыг нь аваад шууд зам хөндлөн гарсан. Тэндээсээ “Т” худалдааны төв дээр ороод тухайн гар утсыг 140.000 төгрөгөөр худалдсан. Миний хулгайлсан гар утас ямар гар утас байсан гэдгийг хэлж мэдэхгүй. Би гар утас техник талдаа маруухан. Хулгайлсан гар утсаа “Т” гар утас худалдааны төвийн үүдэнд зогсож байсан танихгүй хүнд 140.000 төгрөгөөр зарсан. Би урьд өмнө гар утас хулгайлж байгаагүй. Надад хулгайн гар утас өгдөг хүн байхгүй. Би гар утас болон эд зүйл хулгайлах зорилготой яваагүй. Тохиолдлоор гар утас хайрцаг дээр байхаар нь авсан. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дахь тал/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ч- нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй баарны урд талд хувиараа худалдаа эрхэлж байсан хохирогч Ё.Э-ийн лангуун доор тавьсан байсан “Самсунг галакси нөүт 9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 410.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ё.Э-, гэрч Г.Г,  Э.Б нарын өгсөн мэдүүлэг “Дамно”ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн шүүгдэгч нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ч-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна, иймд шүүгдэгчийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлтийг гаргав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Ч-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэрэгт хохирогч Ё.Э-ийн “...хохирлоо бүрэн барагдуулсан тул надад гомдол, санал байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 60 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Ч-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

         Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Ч- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-н Ч-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ч- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ч- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ