Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2025/0424

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 03-2091017-24-|33519 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн барааны нэгж үнийн аргаар үнэлсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0296 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, А.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 118/2024/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 03-2091017-24-|33519 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн барааны нэгж үнийн аргаар үнэлсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0296 дугаар шийдвэрээр: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 8.3.1, 8.3.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 15 дугаар зүйлийн 15.2.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т тус тус заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 03-2091017-24-|33519 дугаартай мэдүүлэг бүхий барааг үнэлсэн ийдвэрийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

3.1. Анхан шатны шүүх Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2.5-д заасан гаалийн үнийг тодорхойлоход ашиглахаар заасан зохицуулалтад нийцээгүй байна гэж үзсэн байна. Шүүх зөрүүтэй үнийн судалганы 2 хавсралт 2-лаа хавтаст хэрэгт авагдсан байхад аль нь яг үнэн зөв хууль ёсны бичиг баримт мөн эсэхийг судлан тогтоолгүйгээр шууд дурын аль нэг судалгааны хавсралтыг шууд ашигласан нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

3.2. Тиймээс энэ нотлох баримтуудын зөрүүг нотлох, аль нь хууль ёсны хүчин төгөлдөр эсэхийг тогтоох ажиллагаа хийгээгүй шууд шүүх хуралд ашигласан нь шүүгч хийх ёстой ажлаа бүрэн гүйцэт хийлгүйгээр нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байна. Шүүхээс үзлэг хийж баримтжуулсан хэрнээ шийдвэртээ бүрэн ашиглаагүй банйа.

3.3. Замын-Үүд дэх гаалийн газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08/1030 тоот албан бичгийн хавсралт 12 хуудас материал нь алдаатай батлагдаагүй үнийн судалгааны хавсралтыг ирүүлсэн ба Замын-Үүд дэх гаалийн газрын залруулга албан бичиг болон зөв хавсралтыг хүргүүлж байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “М” ХХК нь “2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 03-2091017-24-|33519 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн барааны нэгж үнийн аргаар үнэлсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч “М” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 03-2091017-24-|33519 дугаартай мэдүүлгээр 15,430 кг плита, 1,400 кг шатны зориулалттай хавтан чулуу, 8,950 кг дээврийн сэндвичэн хавтан, 2,000 кг барилгын төмрийг БНХАУ-аас 41,820 юаниар худалдан авсан гэж мэдүүлжээ.

3.2. Гээлийн ерөнхий газраас дээрх бараануудын үнийг уялдуулан хэрэглэх үнийн аргаар тооцож плитаны гаалийн нэг үнийг 6.02, хавтан чулууны гаалийн нэгж үнийг 0.3, сэндвичийн гаалийн нэгж үнийг 1.4, төмрийн гаалийн нэгж үнийг 0.6 ам.доллароор тус тус тогтоож, гаалийн төлбөрийг 3,161,020.41, нэмэгдсэн өртгийн албан татварыг 6,638,142.87, нийт 9,799,163.28 төгрөгөөр тогтоож, мэдүүлэгч “М” ХХК-иар төлүүлсэн байна.

3.3. Нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 42 тоот албан бичгээр “... зах зээлийн бодит үнэлгээнээс хэт өндрөөр буюу плита 5,054,868 төгрөгөөр авсан байхад 15,100,171.60 төгрөг, сэндвич 9,382,464 төгрөгөөр авсан байхад 42,351,400 төгрөгөөр тус тус үнэлсэнд гомдолтой байна” гэсэн гомдлыг гаргасан байх ба Гаалийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02-2.1/3189 тоот албан бичгээр “... БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас олгосон гарал үүслийн гэрчилгээ дээрх барааны илгээгч аж ахуйн нэр гадаад худалдааны гэрээ болон бусад бичиг баримтад бичигдсэн аж ахуйн нэрээс зөрсөн, мөн тухайн гарал үүслийн гэрчилгээ дээрх барааны үнийн нэхэмжлэлийн он, сар, өдөр мэдүүлэгт хавсаргасан үнийн нэхэмжлэхийн он, сар, өдрөөс зөрүүтэй байна. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн барааны төлбөр шилжүүлсэн гэх К банкны гадаад гуйвуулгын хоёр баримтын нэг дээр мөнгөн дүн цифрээр 10,820 юань гэж мөнгөн дүн үсгээр “TWENTY THOUSAND YUAN” гэж зөрүүтэй байна” гэсэн үндэслэлээр гаалийн улсын байцаагчийн үнэлгээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана”, 8.2-т “Мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт нь гаалийн үнийг шалгаж, шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авч болно”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан.

4.1. Хариуцагчийн дээр дурдсан хоёр үндэслэлийн нэг болох банкны гадаад гуйвуулгын мөнгөн дүнгийн зөрүүтэй холбоотойгоор К банкнаас ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 24/211 тоот албан бичигт “... К банкны Шангри-Ла вип салбарт 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “М” ХХК нь 3002012363 тоот төгрөгийн харилцах данснаасаа 10,820.13 юанийн гадаад гуйвуулгыг Хятад улсын A, M хүлээн авагчтай 6228 4650 5000 2424 111 тоот данс руу шилжүүлсэн. Тус салбарын теллер нь гүйлгээний хэвтээ дүн болох үсгээр бичих дүнг андуурч хорин мянган юань хэмжээн буруу бичсэн байна” гэсэн байх ба тухайн үед нэхэмжлэгчээс энэ талаар тайлбарлаж байсан байна.

4.2. Түүнчлэн, хариуцагчаас “... компанитай гэрээ хийсэн хэр нь хувь хүн рүү шилжүүлсэн, эскиз код тусгагдаагүй, гарал үүслийн гэрчилгээ дээрх илгээгч нь зөрсөн, импортлогчийн нэрээ буруу бичсэн” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчээс баримт бичгийн эх хувийг гаргуулж аваагүй, нэмэлт баримт цуглуулаагүй, шалтгаан нөхцөлийг тодруулаагүй буюу хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй байна.

4.3. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... нэмэлт нотлох баримтуудыг гаргуулах замаар гарал үүслийн гэрчилгээнд илгээгчийн нэр, импортлогчийн нэр зөрсөн шалтгааныг тодруулах боломжтой байсан гэж үзэхийн зэрэгцээ мөнгөн гуйвуулгын баримтад шилжүүлгийн дүнг үсгээр бичихдээ гаргасан алдаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс хамаараагүй болохыг холбогдох банкнаас тодорхойлсон, нэхэмжлэгчээс энэхүү баримтыг гомдол гаргах ажиллагааны явцад гаргаж өгсөн байхад үнэлээгүй, түүнчлэн ... плита авахдаа үлдэгдэл төлбөрийг бэлнээр төлсөн гэх баримтыг хүлээж аваагүй, хариуцагчаас шийдвэр гаргахад шаардлагатай шалгавал зохих нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй...” гэсэн дүгнэлт хийж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлнэ” гэж заасантай нийцжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... Шүүх зөрүүтэй үнийн судалгааны 2 хавсралт 2-лаа хавтаст хэрэгт авагдсан байхад аль нь яг үнэн зөв хууль ёсны бичиг баримт мөн эсэхийг судлан тогтоолгүйгээр шууд дурын аль нэг судалгааны хавсралтыг шууд ашигласан нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн ... нотлох баримтуудын зөрүүг нотлох, аль нь хууль ёсны хүчин төгөлдөр эсэхийг тогтоох ажиллагаа хийгээгүй шууд шүүх хуралд ашигласан нь шүүгч хийх ёстой ажлаа бүрэн гүйцэт хийлгүйгээр нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байна” гэжээ.

5.1. Анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/9563 тоот албан бичгээр 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөгдөж байсан хилийн үнийн жагсаалтыг нотлох баримтаар гаргуулахаар Замын-Үүд дэх гаалийн газарт хүргүүлсэн байх ба Замын-Үүд дэх гаалийн газраас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/1030 тоот албан бичгээр шаардсан баримтыг ирүүлсэн байх ба уг баримтыг үндэслэн шийдвэр гаргасан.

5.2. Гэтэл Замын-Үүд дэх гаалийн газраас 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/456 тоот албан бичгээр “Тус газарт “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотой ирүүлсэн 01/9563 дугаар албан бичгийн хариуг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/1030 дугаар албан бичгээр хүргүүлэхдээ 197 дугаар албан бичгийн хавсралтыг андуурч явуулсан байх тул хүлцэл өчье. Иймд 2024 оны 3 дугаар улиралд мөрдөгдөж байсан хил орчмын барааны үнийн жагсаалтыг гарган хавсралтаар дахин хүргүүлж байна” гэж холбогдох баримтын хамт ирүүлжээ.

5.3. Хариуцагч өөрсдийн хариуцлагагүй үйлдлийн улмаас анхан шатны шүүхийг буруутгах нь зохисгүй бөгөөд энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-д “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж зааснаар давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтыг үнэлж, дүгнэхгүй.

5.4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ