| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 181/2019/01045/И |
| Дугаар | 001/ХТ2021/01455 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2021/01455
Ө.Хишигсүхийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02696 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 621 дүгээр магадлалтай,
Ө.Хишигсүхийн нэхэмжлэлтэй,
Л.Буянбатад холбогдох,
37,209,000 төгрөгийн үнэ бүхий 372,090 ширхэг хувьцааг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван, Б.Бат-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Хишигсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтамир, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Хишигсүх миний бие 1993.12.23-ны өдөр Сингапур улс дахь Францын Франсез ду Коммерс Екстенкур банканд хадгалагдаж байсан өөрийн 94,717 ам.долларыг иргэн Р.Лутаад шилжүүлсэн. Р.Лутаа нь тухайн мөнгөн хөрөнгийг Тахько ХК-ийн өмнөөс ХОТШ банктай байгуулсан хэлэлцээрийн дагуу урт хугацаат зээлийн төлбөр төлөхөд ашигласан. Р.Лутаа нь надаас авсан 94,717 ам.долларыг буцаан төлөхдөө Тахько ХК-ийн 1996 онд нэмж гаргасан өөрийн нэр дээрх 687,610 ширхэг хувьцаанаас нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 372,090 ширхэг хувьцааг шилжүүлж төлөхөөр болсон. Энэ талаараа 2004.09.24-ний өдөр бичгээр баталгаа үйлдэн надад өгсөн. Тухайн үед буюу 2004 онд Тахько ХК-ийн хувьцааг хууль бусаар хувьчилж авсан асуудлаар Улсын мөрдөн байцаах газар дээр хэсэг хүмүүс гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эхэлсэн. Иймд Р.Лутаа нь Тахько ХК-ийн хувьцааны маргаан шийдэгдсэний дараа надад эзэмшүүлэх хувьцаагаа шилжүүлэхээр тохирсон. Тахько ХК-ийн хувьцааг хувьчилж авсан асуудал эрүүгийн хэрэг биш болох нь тогтоогдсон. Үүнийг дараа иргэний болон захиргааны хэргийн журмаар нөгөө хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргаж 2009.05.18-ны өдөр Монгол Улсын дээд шүүхээс тогтоол гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. 2006 оны намар Р.Лутаа өвчний улмаас нас барсан. Р.Лутаа бид хоёр олон жилд хамтран ажиллаж, ажил амьдрал дээр дотно сайн найзууд байсан. Тиймээс миний бие талийгаачийн гэр бүлд хүндэтгэлтэй хандаж Тахько ХК-ийн хувьцааны маргаан шийдэгдсэний дараа, өв залгамжлалын асуудал эцэслэн шийдэгдсэний дараа өөрийн эзэмших ёстой Тахько ХК-ийн 372,090 ширхэг хувьцааг шилжүүлэн авах асуудлыг шийдвэрлүүлнэ хэмээн хүлээцтэй хандаж ирсэн. Тиймээс 2017 оноос эхлэн Р.Лутаагийн хүү хууль ёсны өв залгамжлагч Л.Буянбатаас өөрийн эзэмших ёстой Тахько ХК-ийн 372,090 ширхэг хувьцааг шилжүүлэн авахыг амаар хүссэн. Л.Буянбат нь тухайн асуудлыг судалж шийдвэрлэж өгнө гэж хариуг амаар өгсөн боловч 2018 он хүртэл ямар нэгэн дорвитой хариу өгөлгүй, асуудлыг хойшлуулж байсан. Сүүлдээ Л.Буянбат нь утсаа авахаа больж надтай уулзахаас зугтах болсон. Иймд миний бие Тахько ХК-ийн 372,090 ширхэг хувьцааг шилжүүлэн авч чадахгүй өдийг хүрлээ. Иргэн Р.Лутаагийн хууль ёсны өв залгамжлагч Л.Буянбатаас Тахько ХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 37,209,000 төгрөгийн үнэ бүхий 372,090 ширхэг хувьцааг гаргуулж, Ө.Хишигсүхийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992.03.27-ны өдрийн 32 дугаар тогтоолын дагуу 59,283,000 төгрөгийн дүрмийн сантайгаар Тахько ХК-ийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр анх хувьчилсан байдаг. Тус компани нь 1986-1990 онуудад үйлдвэрлэлээ өргөтгөх, техник технологийг шинэчлэх зориулалтаар тухайн үеийн Хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлтийн банкнаас зээл авч байсан бөгөөд 68,760,997 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэйгээр хувьчлагдсан. Улмаар 1993.06.16-ны өдөр Тахько ХК болон иргэн Р.Лутаа нарын хооронд Хөрөнгө оруулах тухай хэлэлцээр байгуулагдаж, дээрх өрийн үлдэгдлийг хөрөнгө оруулагч Р.Лутаа төлж барагдуулснаар тус компанийн албан ёсны хөрөнгө оруулагч болохоор харилцан тохиролцсон ба энэхүү гэрээ хэлцлийн дагуу иргэн Р.Лутаа нь дараах байдлаар зээлийн өр төлбөрийг 1993.12.31-ний өдрийн дотор төлж дуусгасан байна. Үүнд: 1993.07.05-ны өдөр 19,700,000 төгрөг, 1993.09.29-ний өдөр 11,670,000 төгрөг, 1993.12.30-ны өдөр 37,189,367 төгрөг, 1993.12.30-ны өдөр 201,630 төгрөг, нийт 68,760,997 төгрөг. Иргэн Р.Лутаа нь дээрх өр төлбөрийг төлж дуусгасан тухай талууд 1994.05.13-ны өдөр Хэлэлцээр дүгнэсэн тухай протоколоор баталгаажуулсан байна. Тахько ХК-ийн ТУЗ-өөс дээрх зээлийг төлсөн хэмжээгээр тус компанийн дүрмийн санг нэмэгдүүлэхээр 1996.04.22-ны өдөр шийдвэрлэснийг Монгол улсын Үнэт цаасны хорооны 1996.05.23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор батлан, 687,610 ширхэг хувьцааг нэмж бүртгүүлэх зөвшөөрлийг олгожээ. 1998.08.31-ний өдрийн Тахько ХК-ийн хувьцааг эзэмших тухай хэлэлцээрээр дээрх 687,610 ширхэг хувьцааг иргэн Р.Лутаа 130,658 ширхэг, Ч.Батбилэг, Ц.Наст, Т.Доржготов, Ж.Чимидцэрэн, Л.Эрдэнэбат, Ш.Мөнх-Очир нар тус бүр 92,837 ширхэг хувьцааг тус тус эзэмшихээр харилцан тохиролцсон боловч 2000.04.22-ны өдөр хэлэлцээр өөрчлөлт оруулж, иргэн Р.Лутаа 120,658 ширхэг, Ч.Батбилэг, Ц.Наст, Т.Доржготов, Ж.Чимидцэрэн, Л.Эрдэнэбат, Ш.Мөнх-Очир нар тус бүр 80,000 ширхэг хувьцааг эзэмшихээр болсон байдаг. Нэхэмжлэгч Ө.Хишигсүх нь Р.Лутаа нь надаас авсан 94.717 ам.долларыг буцаан өгөхдөө Тахько ХК-ийн 1996 онд нэмж гаргасан өөрийн нэр дээрх 687,610 ширхэг хувьцаанаас 372,090 ширхэг хувьцааг шилжүүлж төлөхөөр болсон гэж шүүхэд мэдүүлж байгаа нь үндэслэлгүй болох нь дээрх нөхцөл байдлаар тогтоогдож байх ба хэрэв иргэн Ө.Хишигсүх хувьцааг эзэмших эрхтэй байсан бол 687,610 ширхэг хувьцааг нэр бүхий 7 иргэн хувааж эзэмших үед тэрээр өөрийн нэр дээр хувьцааг бүртгүүлэхээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд анхнаасаа Ө.Хишигсүх, Р.Лутаа нарын хооронд хувьцааны эрх шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй зөвхөн 94,717 ам долларыг зээлийн харилцаа, төлбөр тооцооны асуудал үүсч, 2004 оны 11-р cap гэхэд төлбөр тооцоогоо дуусгасан болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:
1. Улсын мөрдөн байцаах газарт ...Ө.Хишигсүхийг 2004.11.16-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг сануулж, гэрчээр байцаасан байдаг. ...Ө.Хишигсүх мэдүүлэхдээ: 2001 оноос Тахько ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, ...1995 онд Лутаагаас Япон улсад үйлдвэрлэсэн оёдлын Жүки гэх нэртэй машинуудыг 90 гаруй мянган доллараар авч, Дархан хотод оёдлын үйлдвэр байгуулж байсан. Үлдсэн мөнгөө бага багаар нь аваад дуусгасан гэжээ.
Түүнчлэн иргэн Р.Лутаа нь 2004.11.06-ны өдөр ...1993 оны эцэс болоод тодорхой зээлийн төлбөр төлөгдөөгүй ба миний хувийн хөрөнгө ч хүрдэггүй, тэгээд найз Ө.Хишигсүхээс хоорондын тооцоотой байсан мөнгөө авсан юм. Өөрөөр хэлбэл, миний нэрийн өмнөөс Сингапураас Хишигсүх ХОТШ банк руу шилжүүлсэн юм. Ингээд л зээл төлж дуусгасан юм, Ер нь 94 мянган доллар бол миний мөнгө юм гэж мэдүүлснээр Ө.Хишигсүхтэй төлбөр тооцоогоо дуусгасан болох нь давхар нотлогдож байна. 2006.12.01-ний өдрийн Нийслэлийн Прокурорын газрын 189 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
2. Нэхэмжлэгч Ө.Хишигсүх нь нэхэмжлэлдээ 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Баталгаа гэх бичгийг 15 жилийн дараа гарган ирж, иргэн Л.Буянбатаас 372,090 ширхэг хувьцааг зээлийн эргэн төлөлтөнд шилжүүлэх ёстой байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Ө.Хишигсүх нь 2001 оноос Тахько ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан учраас 687,610 ширхэг хувьцаанаас Р.Лутаа нь 120,658 ширхэг хувьцааг эзэмшиж, үлдсэн хувьцааг хамтран ажиллаж байсан нэр бүхий 6 хүнд хуваан эзэмшүүлсэн болохыг тодорхой мэдэж байсан. Иргэн Ө.Хишигсүхийн нэхэмжлэлдээ хавсаргасан Кредит Суис Хонг Конг банкны мэдэгдэл, Баталгаа гэх бичгүүдийг үндэслэн, 1994 оноос хойш 25 жил, 2004 оноос хойш 15 жилийн дараа Тахько ХК-ийн 372,090 ширхэг хувьцааг эзэмших тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй болох нь дараах хууль тогтоомжуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгч Ө.Хишигсүхийн 2004.11.16-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг сануулан гэрчээр байцаасан тэмдэглэл, иргэн Р.Лутаагийн 2004.11.06-ны өдөр Улсын мөрдөн байцаах газарт сэжигтнээр байцаалт өгсөн тэмдэглэлүүдээр иргэн Р.Лутаа нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн байна.
- Иргэн Р.Лутаагийн хууль ёсны өв залгамжлагч Л.Буянбат нь 2007.01.09-ний өдөр Өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр өөрийн эцэг Р.Лутаагийн Тахько ХК-ийн хувьцааг өвлөн авсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байна.
Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар манай гэр бүлд хүндэтгэлтэй хандаж ирсэн, 2017 оноос эхлэн, амаар надаас шаардаж байсан мэтээр шүүхэд худал мэдүүлсэн, мөн дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02696 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Л.Буянбатад холбогдох 37,209,000 төгрөгийн үнэ бүхий 372,090 ширхэг хувьцааг гаргуулан Ө.Хишигсүхийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэгч Ө.Хишигсүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар сарын 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 343,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Хишигсүхэд буцаан олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 621 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02696 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэснийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 343,995 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван, Б.Бат-Эрдэнэ нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 181/ШШ2019/02696 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.3.18-ны өдрийн 621 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ талийгаач Р.Лутааг нэхэмжлэгч Ө.Хишигсүхээс зээлсэн 94,717 ам.долларыг буцаан төлж үүрэг дуусгавар болсон байна, мөн нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн дүгнэлтүүдийг хийсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн эхний дүгнэлт болох үүрэг дуусгавар болсон гэдэг дүгнэлтийг үгүйсгэн, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний 94,717 ам.долларыг төлөх үүргийг Тахько ХК-ийн 372,090 ширхэг хувьцааг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээр сольсон байх ба энэхүү үүрэг хуулийн дагуу үүссэн байна гэж хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хуульд нийцсэн зөв дүгнэлт хийсэн. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа болно. /Магадлалын 12 дахь тал/
Гэвч давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 89 дүгээр тогтоолын огнооноос тоолоход 2012.05.18-ны өдөр гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна, иймд анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу, буруу үнэлж, хуулийн заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна. Шүүх хэрэглэх ёсгүй хууль /хуулийг буруу хэрэглэсэн/-ийг хэрэглэсэн тухайд:
1. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй гэсэн заалтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой байхад мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг хэрэглэж хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тооцсныг буруу гэж үзэж байна. 2004.9.24-ны өдөр Р.Лутаагийн үйлдсэн Баталгаа нэртэй баримт бичиг нь иргэн Р.Лутаа нь өөрийн эзэмшиж буй Тахько ХК-ийн 372,090 ширхэг хувьцаагаа Ө.Хишигсүхэд шилжүүлж, өр төлбөрөө хаах үүрэг хүлээсэн баримт бичиг юм. Иймээс Ө.Хишигсүхийн шаардах эрх нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт заасан Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгө буюу хувьцаа шилжүүлэх асуудал тул хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй.
Дээр дурдснаар нэхэмжлэгчийн шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй ба хамаарна гэж үзсэн ч энэ маргааны тухайд шүүх хөөн хэлэлцэх хугацааг тоолох үеийг буруу тодорхойлж дүгнэсэн. Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс эхлэн тоолох вэ гэдгийг хуульд тодорхой заасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Ө.Хишигсүх нь иргэн Р.Лутаатай дотнын найз нөхөд, хамтран ажилладаг түнш байсан ба түүний өв залгамжлагч Л.Буянбат нь энэ тухай мэдэж байсан нь тодорхой юм. Мөн 2004.9.24-ны өдрийн Баталгаа нэртэй баримт бичигт Р.Лутаа нь Тахько ХК-ийн 372,090 ширхэг хувьцааг Ө.Хишигсүхэд хууль журмын дагуу шилжүүлэн өгөх хүртэл хүчинтэй. Р.Лутаагийн нэр дээр байгаа хувьцааны асуудлаар маргаантай байгаа тул эцэслэн шийдвэрлэсний дараа хувьцааг шилжүүлнэ гэж тус тус заасан. Ө.Хишигсүх нь Л.Буянбатын эцэг Р.Лутаагийн ийм тодорхой баталгаа байгаа учраас Р.Лутаа нь нас барсан, Тахько ХК-ийн хувьцааны асуудал маргаантай байгаа, өв залгамжлалаар хувьцаа шилжих зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүн чанарын үүднээс хүлээцтэй хандаж явсаар 2017 онд Тахько ХК-ийн 372,090 ширхэг хувьцааг шилжүүлж өгөхийг Л.Буянбатаас шаардаж, энэ шаардлагыг Л.Буянбат зөвшөөрөхгүй байсан үеэс шаардах эрх үүссэн юм. Ийм учраас шаардах эрх үүссэн энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Түүнчлэн хариуцагч Л.Буянбат тайлбартаа нэхэмжлэгч Ө.Хишигсүх хувьцаа авах талаар 2017 оноос эхлэн амаар надаас шаардаж байсан мэтээр шүүхэд худал мэдүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь хариуцагч 2019.05.14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаснаар шаардах эрх үүссэнийг баталж байгаа юм. Р.Лутаагийн гаргаж өгсөн баталгаанд үүргээ гүйцэтгэх, хувьцаагаа шилжүүлэх тодорхой хугацааг заагаагүй бөгөөд Баталгаа нь хувьцааг шилжүүлж өгөх хүртэл хүчинтэй гэж заасан учраас Ө.Хишигсүх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар хэдийд ч шаардах эрхтэй байгаа юм. Л.Буянбат нь эцгийнхээ эдийн бус хөрөнгө /хувьцаа/-ийг Иргэний хуульд зааснаар өвлөж авсан учраас өвлүүлэгчийн болон өвлөгдсөн эд хөрөнгөтэй холбоотой аливаа үүрэг, хариуцлагыг бүрэн хариуцах, биелүүлэх үүрэгтэй. Энэ үүднээс Ө.Хишигсүх Л.Буянбатад хандсан, тэрээр зөвшөөрөөгүй үеэс эхлэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх ёстой гэж үзэж байна. Гэтэл аль ч шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэдий үеэс эхлэн тоолох талаар ямарч дүгнэлт хийгээгүй орхигдуулсан болно.
Тахько ХК-ний хувьцаа зэмшигч Р.Лутаагийн Ө.Хишигсүхээс авсан 94,717 ам.долларыг хариуцагч төлчихсөн гэж илт худал мэдүүлж, маргасан боловч түүнийгээ батлах баримтыг гаргаж өгч чадаагүй учраас давж заалдах шатны шүүх төлбөр төлөгдөөгүй гэдгийг зөв дүгнэж, шийдвэртээ заасан. Яаж ч үзсэн нэхэмжлэгч үнэний төлөө, шударга, бодитой биелүүлэх ёстой шаардлага тавьж байгааг харгалзан шүүх хөөн хэлэлцэх хугацаа болон түүнийг тоолох журмыг өөрчилж болох тухай Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсгийн заалтыг ч баримталж болох юм.
Нэхэмжлэгч Ө.Хишигсүх нь Р.Лутаагийн компани нь өр зээлд орж, хүнд нөхцөлтэй байхад нь найз нөхрийн ёсоор туслалцаа үзүүлж, багагүй хэмжээний мөнгө өгч, түүнийгээ аваагүй болох нь туйлын үнэн тул яаж ч бодсон нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь хууль зүй болон ёс суртахуун, шударга ёсонд харшлахгүй гэдэг нь тодорхой байна.
2. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:
Нэхэмжлэгчийн шаардах эрхийг эдийн бус хөрөнгөтэй холбоотой биш, мөн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх хугацааг 2009.05.18-ны өдөр гэсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзлээ ч шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь илэрхий байна. Учир нь 2004.09.24-ний өдрийн хувьцаа шилжүүлэх үүрэг хүлээсэн Баталгаа нэртэй баримт бичгийг хуульд заасан хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Иргэний эрх зүйн онол зарчмаар гэрээ болгон хэлцэл байдаг, харин хэлцэл болгон гэрээ болдоггүй. Гэтэл шүүх хэлцэл гэж дүгнэчихээд, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэснийг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг бүрэн илэрхийлнэ. Хэлцлийг гэрээ гэж үзэхийн тулд гэрээний шинжийг хэрхэн агуулсан талаар дүгнэлт хийх ба шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байдаг. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч бид анхан шатны шүүхийн шийдвэр, түүний үндэслэлийг няцаасан давж заалдах гомдлын үндэслэлээ дахин нэг бүрчлэн тоочихгүйгээр агуулгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 181/ШШ2019/02696 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 621 дүгээр магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ө.Хишигсүх хариуцагч Л.Буянбатад холбогдуулан 37,209,000 төгрөгийн үнэ бүхий 372,090 ширхэг хувьцааг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
1. Нэхэмжлэгч Ө.Хишигсүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Р.Лутаа нь надаас 1993 онд авсан 94,717 ам.долларыг буцаан төлөхдөө Тахько ХК-ийн 1996 онд нэмж гаргасан өөрийн нэр дээрх 687,610 ширхэг хувьцаанаас нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 372,090 ширхэг хувьцааг шилжүүлж төлөхөөр 2004.09.24-ний өдөр Баталгаа гаргасан, ...2006 оны намар Р.Лутаа нь өвчний учир нас барсан тул түүний хууль ёсны өв залгамжлагч Л.Буянбатаас дээрх хувьцааг гаргуулж, миний өмчлөлд шилжүүлж өгнө үү... гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...Ө.Хишигсүх, Р.Лутаа нарын хооронд хувьцааны эрх шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, зөвхөн 94,717 ам.долларын зээлийн харилцаа, төлбөр тооцооны асуудал үүсч, 2004 оны 11 сар гэхэд төлбөр тооцоогоо дуусгасан болох нь баримтаар тогтоогдсон. ...түүнчлэн мөнгө авсан гэх 1994 оноос хойш 25 жил, баталгаа бичиж өгснөөс хойш 15 жилийн дараа нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй, ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл нь зөв тул шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шийдвэр, магадлалын үндэслэлийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.
2. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Ө.Хишигсүх нь 1993.12.23-ны өдөр Сингапур улс дахь Францын Франсез ду Коммерс Екстенкур банкнаас 97,717 ам.долларыг Өргөө ХХК-ийн нэрээр иргэн Р.Лутаад шилжүүлсэн, Р.Лутаа нь дээрх мөнгөн хөрөнгийг Тахько ХК-ийн өмнөөс ХОТШ банктай байгуулсан урт хугацаат зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөд ашигласан нь зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008.09.02-ны өдрийн 846 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2009.01.13-ны өдрийн 32 дугаар тогтоолоор тогтоогдсон байна.
Улмаар дээрх зээлийг төлөхөөр 2004.09.24-ний өдөр ...Ө.Хишигсүхийн 94,717 ам.долларын төлбөрийг Тахько ХК-ийн 1996 онд нэмж гаргасан Р.Лутаа миний нэр дээр бүртгэгдсэн 687,610 ширхэг хувьцаанаас нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 372,090 ширхэг хувьцааг эзэмшүүлж төлбөр тооцоог дуусгана. Хувьцааны асуудлаар маргаантай байгаа тул эцэслэн шийдвэрлэсний дараа хувьцааг шилжүүлж өгнө... гэсэн Баталгаа бичиг үйлдсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.
Нэхэмжлэгч Ө.Хишигсүх нь 2001-2008 оны хооронд Тахько ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Баталгаанд дурдсан нэмж гаргасан Р.Лутаагийн нэр дээр бүртгэгдсэн гэх 687,610 ширхэг хувьцааг баталгаа гаргах үед дан ганц Р.Лутаа бус нэр бүхий 7 хүн эзэмшиж байсан талаар мэдэж байсан боловч тухайн үед хувьцаатай холбоотой шаардлага гаргаж байгаагүй, бодит байдалд Баталгаа хэрэгжих боломжгүй байсан тул зээлдэгчийн хүсэл зориг тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан агуулгатай байсан гэж үзэхээр байна.
Энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй болно.
Иймд Ө.Хишигсүх, Р.Лутаа нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх заалтыг зөрчөөгүй боловч давж заалдах шатны шүүх гэрээний үүрэг үүссэн гэж тодорхойлон хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй.
3. Зээлдэгч Р.Лутаа зээлийн төлбөрийг төлж барагдуулсан нь нотлогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Баталгаа гэх баримт хэрэгжих боломжгүй нөхцөл байдалтай байсан, түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзлээ.
Тухайлбал, Р.Лутаад холбогдох Тахько ХК-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хувьчилж авсан гэх эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Ө.Хишигсүх 2004.11.16-ны өдөр буюу Р.Лутаа Баталгаа бичиж өгснөөс хойш гэрчээр ...Р.Лутаад зээлдүүлсэн мөнгөө буцаан авч дуусгавар болгосон, бидний хооронд өглөг авлага байхгүй... гэж мэдүүлсэн /хх-40/, Р.Лутаа дээрх эрүүгийн хэрэгт сэжигтнээр мэдүүлэхдээ: ...Үнэт цаасны хорооноос гаргасан нэмж олгосон 687,610 ширхэг хувьцаа нь нийтэд санал болгож гаргасан хувьцаа биш, надад нэр зааж, хаалттайгаар гаргасан хувьцаа, дээрх хувьцааг Тахько компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ашигтай ажиллуулах үүднээс тус компанид өмнө нь болон тухайн үед хамтран ажиллаж байсан ажлын туршлага, мэдлэгтэй боловсролтой хүмүүст санал тавьж, хувааж өгсөн... гэсэн /хх-34,35/, мөн Тахько ХК-ийн Р.Лутаагийн нэрээр эзэмшиж байгаа компанийн 687,680 ширхэг хувьцааг тус компанийн хувьцаа эзэмшигч нэр бүхий 7 хүн хувааж эзэмшихээр, үүнээс Р.Лутаа 124,680 хувьцааг эзэмшихээр харилцан тохиролцсон 1998, 2000 оны хэлэлцээр /хх-41, 42/ тус тус хэрэгт авагджээ.
4. Харин 2018 онд нэхэмжлэгч Ө.Хишигсүхийн төрсөн хүү Х.Отгонсүхийн Цагдаагийн байгууллагад гаргасан Гэр бүлийн дундын эд хөрөнгийн дансанд байсан мөнгийг мэдэгдэлгүй дур мэдэн зарцуулж хохирол учруулсан... гэх гомдолд Ө.Хишигсүх гэрчээр асуугдахдаа ...Р.Лутааг шалгагдах үед түүний хүсэлтээр худал мэдүүлэг өгсөн... гэж мэдүүлж байсан боловч Ө.Хишигсүхийг гэрч худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг өмнө нь худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд Р.Лутаагийн Ө.Хишигсүхэд төлөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
5. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус зохицуулжээ.
Р.Лутаа 2006.09.24-ний өдөр нас барсан, хүү Л.Буянбатад 2007.01.09-ны өдөр өвлөх эрхийг гэрчилгээ олгосноор тэрээр Тахько ХК-ийн хувьцааг өв залгамжлалаар шилжүүлэн авснаас хойш нэхэмжлэгч нь дээрх өр, төлбөрийн талаар 2019.04.01-ний өдрийг хүртэлх хугацаанд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүй 12 жил өнгөрсөн байх тул хоёр шатны шүүх Ө.Хишигсүхийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
6. Шүүх хувьцаа шилжүүлэх тухай Баталгааг бодитоор хэрэгжих боломжгүй, харин тооцооны үлдэгдлийг баталгаажуулах агуулгатай байсан гэж үзсэн тул эдийн бус хөрөнгөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байтал шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
Дээрд дурдсан үндэслэлээр ...шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...шаардах эрх үүссэн үеийн буруу тооцсон, ...нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн ... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 621 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван, Б.Бат-Эрдэнэ нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ө.Хишигсүхээс 2020.04.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Х.ЭРДЭНЭСУВД