Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 724

 

 

Ц.А-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00214 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.А-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.А, Ө.Д нарт холбогдох

 

15 476 895 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,

Хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагч Ө.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.А-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.А нь өөрийн найз гэх Ж.А, түүний эхнэр Ө.Д нарт 2013 оны 11 дүгээр сард Япон улсаас оруулж ирсэн гаалийн бичигтэй, 2005 оны 180 кузовтой “Тоёота кроун” маркийн автомашин болон 2 100 ам.доллар өгсөн. Ж.А нь тухайн үед хэлэхдээ “автомашин авах хүн олчихлоо, би зараад өгье” гэхээр нь 10 500 000 төгрөгөөр бодож өгсөн. Тухайн үед Ж.А нь талбайн хойно ирээд автомашин авч явсан ба улмаар нотариат орж түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл Ж.А, Ө.Д нар нь автомашиныг зараад мөнгийг нь өгөөгүй. Мөн 2 100 ам.доллар нэмж авсан. Тэрээр хэлэхдээ “Англи явна очиж байгаад 3 сарын дотор мөнгийг чинь өгнө, би чамд баримт болгоод үлдэж байгаагаар нь эхнэртээ бичиг үйлд” гээд эхнэр Ө.Д нь мөнгө авсан гэж өөрийн гарын үсэгтэй бичиг бичиж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл Ж.А, Ө.Д нар нь нэг ч төгрөг өгөөгүй. Иймд автомашины үнэ 10 500 000 төгрөг болон 2 100 ам.долларыг Ө.Д-аас гаргуулж авах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч Ө.Д-аас 10 500 000 төгрөг болон 2 100 ам.доллар буюу Монгол банкны 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ханшаар /1 ам.доллар–2369.95 төгрөг/ 4 976 895 төгрөг, нийт 15 476 895 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ө.Д нь “Тоёота кроун” маркийн автомашиныг огт аваагүй. Ц.А нь уг автомашиныг өөрөө зарж борлуулан мөнгийг авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдана. 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ө.Д-ийн нөхөр Ж.А Англи улс руу явсан байдаг. Ц.А нь Ж.А-ыг Англи улс руу явахын тулд бичиг баримт хөөцөлдөх гэх мэт ажилд нь тусалж 2 100 ам.долларыг өгсөн юм. Ж.Амгаланбаатар нь уг 2 100 ам.долларыг Англи улсад очиж ажил хийгээд буцаан төлөхөөр Ц.А-тай харилцан тохирсон. Гэвч Ж.А нь очоод тэр дороо баригдаж, улмаар ажил хийж чадалгүй 2014 оны 5 дугаар сард буцаж ирсэн. Түүнийг буцаж ирсний дараа Ц.А энэ болсон явдлыг шалгах гэж өөрөө Англи улс руу хүртэл явсан байдаг. Ө.Д-ийн хувьд 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Өлзийбаяр овогтой Д миний бие Ц овогтой А-д 10 500 000 төгрөг, 2 100 ам.доллар өгөх нь үнэн болно” гэж бичиж өгсөн нь үнэн. Гэхдээ уг бичгийн агуулгаас харвал Ө.Д нь “...өгөх нь үнэн” гэж бичиж өгсөн болохоос “...авсан нь үнэн” гэж бичээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.А нэхээд байгаа 2 100 ам.доллар болон 10 500 000 төгрөгийг Ө.Д-д өгснөө нотлоогүй байна.

Ж.А өмнө нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, улмаар бусдад өр төлбөр төлөхөөр ял авсан. Ж.А уг хэрэгт гэм буруугүй боловч төлбөрийг төлөхийн тулд Ц.А-с 7 000 000 төгрөгийг зээлж авч байсан. Гэхдээ буцааж төлсөн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Нэгэнт Ө.Д нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь зөвшөөрч байгаа. Ц.А нь өөрийн Япон улсаас оруулж ирсэн “Тоёота кроун” маркийн автомашиныг н.Өлзийжаргал гэж хүнд 9 500 000 төгрөгөөр зараад мөнгийг өөрөө авсан. Түүнээс биш Ж.А-аар заруулаагүй. Харин уг мөнгөнөөс Ж.А 7 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг Ж.А эрүүгийн журмаар төлөх ёстой төлбөрөө төлөх гэж зээлж авсан. 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 450 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 250 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 200 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 200 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөгийг Ж.А Ц.А-д буцаан төлсөн. Үлдсэн 5 400 000 төгрөгийг Ж.А буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин 2,100 ам долларыг бол Ж.А аваагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг хүлээлгэж өгөөгүй учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй. Ц.А Ж.А-ыг Англи улс руу явахад тусалж 2 100 ам.долларын зардал гаргасан. Уг 2 100 ам.долларыг Ж.А Англи улс руу очиж ажил хийгээд буцаан өгөхөөр тохирсон мөнгө. Гэвч Англи улсад очоод ажил хийж чадалгүй баригдсан. Нэгэнт ажил хийж чадаагүй учраас буцааж өгөөгүй. Иймд 5 400 000 төгрөгөөс бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Д-с 8 926 895 төгрөгийг, хариуцагч Ж.А-с 5 400 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 150 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Д-с 157 780 төгрөг, хариуцагч Ж.А-с 101 350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ө.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Баталгаа гаргасан талаар ямар ч үндэслэл бичээгүй, яриагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ оруулсанд гомдолтой байна. Хэргийн 6 дугаар талд авагдсан баримтад “10 500 000 төгрөг, 2 100 ам.доллар өгөх нь үнэн болно” гэж бичсэнийг Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж үнэлж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 458-465 дугаар зүйлийн зохицуулалтаас харахад Ц.А, Ө.Д нарын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдсан гэх үндэслэл харагддаггүй. Нэхэмжлэгч Ц.Амарсайхан Япон улсаас оруулж ирсэн автомашинаа өөрөө зараад, мөнгийг нь Ж.А-т өгсөн болох нь тогтоогддог, талууд энэ талаар маргадаггүй. 2 100 ам.долларын хувьд Ж.А-ыг Англи улс руу явж хөдөлмөр эрхлэхэд нь тусалсны хариуд шагнал болгон өгхөөр амалсан мөнгө юм. Ж.А, Ө.Д нарын хэн аль нь Ц.А-с нэг ч ам.доллар аваагүй. Ц.А хариуцагч нарт 2 100 ам.доллар өгсөн гэдэг нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүх буцаан гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Ө.Д нь Ц.А-с монгол төгрө, ам.доллар аваагүй, түүнтэй батлан даалтын гэрээ байгуулаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ө.Д-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас харахад бэлнээр болон дансаар 2 100 ам.доллар хүлээлгэн өгсөн, шилжүүлсэнг нотлох нэг ч баримт байхгүй. Мөн энэ талаар хариуцагч нарын зүгээс шүүх хуралдаанд удаа дараа хэлсэн боловч анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй. Ц.А, Ж.А-т 2 100 ам.доллар өгсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотолж чадаагүй байхад Ж.А-с 2,100 ам.долларыг буцааж төл гэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 2 100 ам.доллар буюу 4 976 895 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Ө.Д, Ж.А нарт холбогдуулан 10 500 000 төгрөг, 2 100 ам.доллар буюу нийт 15 476 895 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “найз Ж.А, түүний эхнэр Ө.Д нарт 2013 оны 11 дүгээр сард Япон улсаас оруулж ирсэн Тоёота кроун маркийн автомашин болон 2 100 ам.доллар өгсөн. Тухайн үед Ж.А автомашин авах хүн олсон зараад өгье гэхээр нь 10 500 000 төгрөгөөр бодож өгсөн тул 10 500 000 төгрөг болон 2 100 ам.долларыг гаргуулна” гэж тодорхойлсон байна.

   

Хариуцагч Ө.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г Ө.Д нь нэхэмжлэгч Ч.А-с ам.доллар болон машин аваагүй “Ц.А-д 10 500 000 төгрөг, 2 100 ам.доллар өгөх нь үнэн” гэж бичиж өгсөн гэж, хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд “Тоёота кроун автомашиныг Ц.А өөрөө зарж мөнгийг нь авсан. Уг мөнгөнөөс Ж.А 7 000 000 төгрөгийг зээлж авсан ба нийт 1 600 000 төгрөг төлсөн, үлдэх 5 400 000 төгрөгийг Ж.А буцааж төлнө, Ж.А-ыг Англи улс руу явахад тусалж Ц.А 2 100 ам.долларын зардал гаргасан. Уг 2 100 ам.долларыг Ж.А Англи улсад очиж ажил хийгээд буцаан өгөхөөр тохирсон” гэж татгалзлаа тус тус тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Ц.А нь 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Япон улсаас өөрийн нэр дээр оруулж ирсэн, Тоёота кроун маркийн цагаан өнгийн автомашиныг мөн өдөр 9 800 000 төгрөгөөр Ч.Өлзийжаргалд худалдсан болох нь хэргийн 59-60, 69-73 дугаар тал дах Гаалийн ерөнхий газрын албан бичиг болон лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийг бүртгэх маягт, хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээ, гэрч Ч.Өлзийжаргалын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх автомашиныг худалдсан 9 800 000 төгрөгөөс Ж.А 7 000 000 төгрөг зээлж, 1 600 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон энэ талаар зохигчид маргахгүй байна.

 

Иймд хариуцагч  Ж.А-с нэхэмжлэгч Ц.А-д 5 400 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлж чадаагүйгээс Ц.А, Ө.Д нарын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж дүгнэж Ө.Д-д 2 100 ам.долар болон 3 950 000 төгрөгийг хариуцуулан шийдвэрлэсэн нь буруу, хууль хэрэглээний алдаатай болсныг залруулах боломжтой.

 

Хариуцагч Ж.А 2 100 ам.долларыг төлөхгүй гэх үндэслэлээ “...Англи улсад очиж ажил хийж чадалгүй баригдаж ирсэн тул буцааж өгөхгүй” гэж тайлбарласан нь уг 2 100 ам.долларыг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн талуудын хооронд уг хэлцлийг Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой болзол бий болсноор үүрэг үүсэх нөхцлийг тохиролцсон гэж үзэх баримтгүй байхаас гадна хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б “2 100 ам.долларын зардал гаргасан” гэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргасан тул хариуцагч Ж.А-с 2 100 ам.доллар буюу 4 976 895 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хариуцагч Ө.Д нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Ө.Д миний бие Ц.А-д 10 500 000 төгрөг, 2 100 ам.долларыг өгөх нь үнэн болно” гэх агуулгатай баримтыг үйлдсэн нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн гэрээний үүрэг үүссэн гэж үзэхгүй юм.                                                                            /хх-6 дахь тал/

           

Анхан шатны шүүх хариуцагч Ө.Д-г батлан даалтын гэрээний үүрэг хүлээгч гэж тодорхойлсон дүгнэлт нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ. Хэрэв талуудын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл батлан даасан үндсэн үүрэг нь тодорхой байх шаардлагатай.

 

Хэргийн 6 дугаар талд авагдсан хариуцагч Ө.Дү-ийн үйлдсэн “...10 500 000 төгрөг, 2 100 төгрөг төлөх нь үнэн болно” гэсэн бичилт бүхий баримтад Ө.Д мөн мөнгийг хүлээж авсан талаар бичээгүй, түүнчлэн хэний ямар үүргийг төлөх талаар заагаагүй, үүрэг үүсгэсэн эрх зүйн харилцаа гэж үзэх боломжгүй.

 

            Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.А-аас 10 376 895 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 100 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ө.Д-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Ө.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00214 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А-с 10 376 895 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 100 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ө.Дүзиймаад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч Ө.Д-с 157 780 төгрөг, хариуцагч Ж.А-с 101 350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгосугай” гэснийг “хариуцагч Ж.А-с 180 981 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 580 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ө.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 780 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ