Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/379

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч И.Мөнхцэцэг /томилолтоор/

шүүгдэгч Ж.******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205031760746 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 15-нд Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Завхан аймгийн Идэр сум, Сургуулийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ИЖ*******/, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Э.*******ыг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ******* тоот гэртээ байхад нь Бинанс /Bianance/ аппликешний крипто нэгж болох /USDT/ валют худалдана гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан 325.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Э.*******д Бинанс /Bianance/ аппликешний крипто нэгж болох /USDT/ валют худалдана гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан 325.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Э.*******ын “...Би 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байх үедээ Бинанс аппликейшн суулгаад татан авалт хийж арилжаа хийх гэсэн болохгүй байсан тул хүмүүсээс асууж үзэхэд Бинанс /Bianance/ арилжаа гээд монгол фейсбүүк групп байгаа тэнд хүмүүс нэгэндээ зөвлөгөө өгч бинанс крипто нэгж болох 1130Т солилцдог гэхээр нь тэр группт орж USDT зарна гээд “DarkDior Dior” гэх фейсбүүк хаягаас зар тавьчихсан байхаар нь хувь чат бичээд ханшаа тохироод харилцахад нэг л итгэл даахааргүй сэжигтэй санагдаад байхаар нь 100 доллар авахаар болсон. Тэгэхэд тухайн хүн чи нэг мөсөн ихээр 4000-5000 доллароор солихгүй юм уу гээд байсан юм. Тэгэхээр нь 100 доллар сольё гээд ******* тоот данс руу 325.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлчхээд хэсэг хугацааны дараа USDT нь орж ирэхгүй байхаар нь “DarkDior Dior” гэх хаяг руу юм бичихэд удахгүй гэж таг болсон. Фейсбүүкээр аудио дуудлага хийхэд авахгүй байж байснаа блок хийчихсэн. Тэгээд залилуулсан гэдгээ мэдээд гомдол гаргасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

Хаан банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 55-57 дахь тал),

Яллагдагч Ж.*******ын “2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотод 10 дугаар хороололд байхдаа өөрийн  “DarkDior Dior” гэх хаягаараа Бинанс доллар цэнэглэнэ гэх фейсбүүк групп үзэж байхад нэг хүн доллар цэнэглүүлнэ гээд зар тавьчихсан байхаар нь би чат бичээд хэдээр цэнэглүүлэх юм гэхэд 200 доллароор цэнэглүүлье гэхээр нь би 100 доллароор эхлээд цэнэглээд өгье гэхэд тэр хүн зөвшөөрөхөөр нь би өөрийн Хаан банкны ******* дансаа явуулсан. Удалгүй 325.000 төгрөг орлого болж орж ирсэн. Би тэр даруй өмнө нь 2-3 удаа надад доллароор миний бинанс хаягийн цэнэглэж өгч байсан ах руу холбогдоход би хөдөө замд сүлжээ муутай байна карт захиалчихсан ирээгүй байгаа ах нь жоохон завгүй байна гэсэн. Тэр үед манай гэрийн гадаа найз ирээд өмнө нь надаас авсан байсан өмд цамц авчирлаа чи гарч ирээд авчих гэхээр нь би гарч хувцаснуудаа авахдаа жоохон юм ярьж байгаад гэртээ ороход нөгөө эмэгтэйгээс яасан бэ хүүе юу болов гэх мэтчилэн их чат ирчихсэн байсан. Өөр цэнэглэж өгөх хүн байхгүй байсан. Тэгээд доллар цэнэглэж өгдөг ахыг ирэхээр нь дансыг нь цэнэглэж өгье гэж бодож байтал нөгөө хүн зөндөө чат ирээд байхаар нь би блок хийчихсэн. Хэд хоногийн дараа Завханд ээж эмнэлгээр шинжилгээ өгөөд бие нь өвдөөд байхаар нь хань болох гэж Завхан явсан. Завхан аймгийн Идэр суманд ээжийгээ эмнэлгээр үзүүлж байгаад сумаасаа хөдөө байх мал руугаа яваад холбогдох сүлжээ утасгүй болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-88 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ж.******* нь Facebook цахим хэрэгсэл ашиглаж хохирогч Э.*******аас 325.000 төгрөг шилжүүлэн авч, Бинанс /Bianance/ аппликешний крипто нэгж болох /USDT/ валют худалдах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үг хэллэг болон үйлдлээр хуурч мэхэлж, итгэлийг нь эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилгын үүднээс өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Э.******* нь гомдол саналгүй гэсэн хүсэлтийг (хавтаст хэргийн 98 дахь тал)-д гаргасан байх тул энэ хэрэгт шүүгдэгч Ж.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос санал болгож шүүгдэгч Ж.*******ыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар гаргасан санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ж.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт Ж.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ