Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 19 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00385                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн Ба  сумын               гэх газар оршин суух,  Бовогт А Э /РД:ЗЙ /-ийн ажилласан жил сэргээн тогтоолгох тухай 139/2019/00381/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааднд: нэхэмжлэгч А.Э, нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... миний бие.... 1983 онд Өндөршил сумын 8-н жилийн сургуулийг төгсөж малчин болсон. Би 1983 оны  06 дугаар сарын 21-ны өдөр Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Цог бригадад хоньчноор орж ажиллаж байгаад 1987 оны 02 сарын 11-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-ны өдөр хүртэл уг нэгдэлдээ санитарчаар ажилласан.  1992 оны 04 сарын 01-нээс 1994 оныг дуустал буюу Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд хоньчноор ажилласан билээ. ... Миний хөдөлмөрийн дэвтэрүүд дээрхи зарим бичилтүүд нь дутуу, засвартай, тамга тэмдэг дутуу,зөрүүтэй гэх зэрэг шаардлага хангахгүй байх тул  ажиллаж байсан жилийг  тогтоож өгнө үү     гэжээ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Э  нь 1983 оны 06 сарын 21-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31 дуустал  Өндөршил сумын Энхтайван нэгдэл, Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчин, санитарчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг   гаргажээ.

А.Эд хамаарах 1983 оны 06 сарын 21-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31 дуустал  Өндөршил сумын Энхтайван нэгдэл, Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчин, санитарчинаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. /хэргийн 13, 43 хуудас/

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

-  Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 08/404 дугаартай “Өндөршил сумын Энхтайван нэгдэл, Мөнгөн буйл ББХК”ын талаарх тодорхойлолт /хэргийн 4 хуудас/

-  А.Эд  Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлээс 1985 оны 12 сарын 22-ны өдөр олгосон 1983 оны 06 сараас 1990 оны 12 сарыг дуустал хугацаанд хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилттэй;  Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс 1991 оны 9 сарын 21-ний өдөр олгосон 1991 оны 01 сараас 1992 оны 03 сарын дуустал хугацаанд хамаарах хөдөлмөрийн хөлсний бичилттэй;  :Дундговь аймгийн Баянжаргалан сумын тамгын газраас 1994 оны 01 сарын 20 өдөр олгосон 1994 оны 01 сараас 1994 оны 12 сарыг дуустал хугацааны хөдөлмөрийн хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хэргийн 6-9 хуудас/

  - Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлийн даргын 1987 оны 02 сарын 11 өдрийн 06 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай”, 1991 оны 12 сарын 12-ний 49 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай”, 1992 оны 04 сарын 01-ний өдрийн 07 дугаартай “Ээлжийн амралт олгох ба ажлаас чөлөөлөх тухай”, тушаалуудын хуулбар /хэргийн 10-12 хуудас/

-  Дундговь аймгийн Өндөршил сумын засаг даргын тамгын газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2/180 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.Эгийн 1983-1988 онуудын цалингийн хуудасны хуулбар /хэргийн 15-33 хуудас/

-  Гэрч А.Ту-ын “...А.Э нь 1983 оны 6 сараас 1989 он хүртэл нэгдэлд малчин, санитараар ажиллаж байсан. Төмөрбаатартай 1989 онд гэр бүл болж Дундговь аймгийн Баянжаргалан суманд малчнаар шилжсэн.  .... Би  1983  оны 8 сараас 1994 оныг дуустал Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажилласан. Тэрнээс хойш сумын эмнэлэгт үйлчлэгч байсан. .... ” гэх мэдүүлэг /хэргийн 44 хуудас/

Гэрч Б.Цэ-ийн “А.Э нь 1983 оны 6 сард илгээлтээр гарч ээжтэйгээ хамт Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Цог бригадад мал маллаж байгаад 1989 оны эхэнд Өндөршил сумаас шилжсэн. ..... Бид айл саахалт  амьдардаг байсан.   ....  Би  1974  оны 8 сараас илгээлтээр гарч 1994 оныг дуустал Дундговь аймгийн Өндөршил  сумын Цог бригадад мал маллаж байсан. .... ” гэх мэдүүлэг /хэргийн 45 хуудас/

Гэрч  Д.О-гийн “ А.Э нь 1989 оны эхэнд Өндөршил сумаас шилжиж ирж Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд мал маллаж байсан.  ....  Би  1982  оны 8 сараас 1994 оныг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн зочид буудалд буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан...” гэх  мэдүүлэг /хэргийн 47 хуудас/

Гэрч Д.Э-ын “ ... А.Э 1989 оны 1 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Энгэр ус бригадад бог мал маллаж байсан.  .....  Би 1987 оноос  1990 он хүртэл Баянхошуу бригадад хэвлэл түгээгч, 1990 оноос хойш Ардын жаргал нэгдэлд уурын зуух, тэжээлийн цэгт 1995 он хүртэл ажиллаж   байсан. .... ” гэх мэдүүлэг /хэргийн 51 хуудас / гэх мэдүүлэг зэрэг баримтаар шууд байдлаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Э нь 1992 оны 04 сараас 1993 оны 12 сарыг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь тогтоогдож байна. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн зорилго нь “...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох...” агуулгатай байх тул нэхэмжлэгч А.Эгийн нөхөн тооцолт авсан хугацааг ажилласан жилээр тогтоох  үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бовогт А Э /РД:ЗЙ /-г  Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1983 оны 06 сарын 21-ний өдрөөс 1987 оны 02 сарын 11 өдрийг хүртэл малчинаар, 1987 оны 02 сарын 11-нээс 1992 оны 04 сарын 01 хүртэл санитарчинаар, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал ХК-д 1994 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-ний хүртэл хоньчноор ажиллаж байсныг тогтоож нэхэмжлэлийн үлдэх хэсэг /1992 оны 04 сарын 01-нээс  1993 оны 12 сарын 31 дуусталх хугацаанд малчинаар ажиллаж байсан/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Эгийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б