| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0147/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/147 |
| Огноо | 2023-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0147/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000182 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* , 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, *******,******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* тоотод оршин суух хаягтай боловч ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэрэгт холбогдсон.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед “Мобиком” ХХК-ны Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг салбарын үзүүлэнгийн ширээн дээрээс “Huawei Y90” загварын ногоон өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,099,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл[1], эд зүйлийг хураан авч, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2], хохирогч ******* мэдүүлэг[3], иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг[4], гэрч ******* мэдүүлэг[5], Капитал зууч ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт[6] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас бусдад 1,099,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд алдагдсан “Huawei Y90” загварын ногоон өнгийн гар утсыг нь хураан авч, хохирогч ******* хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 05 дахь хуудас/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 жил 6 сарын хугацаагаар ******* гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар ******* гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 . Нэргүйн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 жил 6 сарын хугацаагаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ