| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00410/И |
| Дугаар | 390 |
| Огноо | 2019-09-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 390
2019 оны 09 сарын 23 өдөр Дугаар 139/ШШ2019/00390 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн С сумын тоотод оршин суух Т овогт Тын О /РД:ЗЮ /-ийн ажилласан жил сэргээн тогтоолгох тухай 139/2019/00410/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие .... Улсад 20 жил 06 сар ажилласан. Үүнээс 1986 оны 07 дугаар сарын 21-нээс 1995 оны 01 сарын 01 хүртэл Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт мастераар ..... ажиллаж байсан. Ханын материалын үйлдвэрт ажилд орсон тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажлаас халагдсан тушаал бичигдээгүй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг үндэслэн 1986 оны 07 дугаар сарын 21-нээс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт мастераар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.О нь 1986 оны 07 дугаар сарын 21-нээс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт мастераар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Т.Од хамаарах 1986 оны 07 дугаар сарын 21-нээс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт мастераар ажиллаж байсан талаархи баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 09 сарын 04 өдрийн 278 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул хэргийг нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 4 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
-Дундговь аймаг дахь Техник туслалцааны барилгын 6-р трестийн дэргэдэх Ханын материалын үйлдвэрийн даргын 1986 оны 07 сарын 21 өдрийн 155 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 5 хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 9 сарын 04-ний өдрийн 08/512 дугаартай “Ханын материалын үйлдвэр, Дээд буян ХХК”-ын талаархи тодорхойлолт /хэргийн 7 хуудас/
- Политехникийн дээд сургуулийс 1986 оны 07 сарын 01 өдөр Т.Од олгосон 093686 дугаартай,” 1986 оны 07 сарын 21 өдөр ээлжийн мастераар авч ажиллуулав, 1995 оны 01 сарын 01 өдөр Нийгмийн даатгалын багц хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, дэвтрийг хаав” гэх Ханын материалын үйлдвэрийн даргын 1986 оны 155, 1995 оны 01 дугаартай тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 08-11/
-580481 дугаартай 1984-1990 онуудад гишүүний татвар төлсөн бичиглэл бүхий Т.Оын Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх /хэргийн 16 хуудас/
-Гэрч Х.Ц-ийн “... Намайг Дундговь аймгийн Ханын материалд ажиллаж байхад Т.О нь 1986 оны 7 сарын 21-ний өдөр Монгол улсын их сургуулийг материалын технологич инженерээр төгсөж ирээд Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт мастераар ажиллаж эхэлсэн. Тэгээд Т.О нь 1986 оны 7 сараас 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Би 1971 оноос 1995 он хүртэл Ханын материалын тоосгоны үйлдвэрт цахилгаан гагнуурчинаар ажиллаж байсан. ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/
-Гэрч М.С-ийн “ ... Т.О нь Монгол улсын их сургуулийг материалын технологич инженерээр төгсөж ирээд 1986 оны 7 сарын 21-ний өдрөөс Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт мастераар ажиллаж байсан. Т.О нь 1986 оны 7 сараас 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Би 1964 оноос 1991 он хүртэл Ханын материалын тоосгоны үйлдвэрт мастер, цехийн даргаар ажиллаж байсан. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/
-Гэрч М.Э-ын “...: Би 1984 онд Барилгын дээд сургууль төгсөөд Дундговь аймгийн Ханын материалд ажиллаж байхад Т.О нь 1986 оны 7 сарын 21-ний өдөр Монгол улсын их сургуулийн материалын технологич инженерээр төгсөж ирээд Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт мастераар ажиллаж эхэлсэн. Би 1984 оноос 1996 он хүртэл Ханын материалын тоосгоны үйлдвэрт ерөнхий механикчаар ажиллаж байсан. Бид нэг газар хамт ажиллаж байсан учраас Т.Оын мастераар ажиллаж, ажилд орж байсан талаар нь сайн мэдэж байна. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/ зэрэг баримтууд болно.
Нэхэмжлэгч Т.О нь 1986 оны 07 дугаар сарын 21-нээс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт мастераар ажиллаж байсан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Тын О /РД:ЗЮ /-ыг 1986 оны 07 сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт мастераар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б