Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1217

 

 

 

 

 

 2019           12             05                                           2019/ДШМ/1217                        

         

М.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                               

            прокурор Т.Жаргалсайхан,

            шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж, Н.Ууганцэцэг,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантогтох,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Баасанбат, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1381 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж, Н.Ууганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Э-т холбогдох 201301000267 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.     

Б овгийн М-ын Э, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд 1969 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Товчооны 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

М.Э- нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангамжийн 183 тоотод архидан согтуурсан үедээ Б.Бын нүүрэн тус газарт цохиж унагаан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.        

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Э-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 156 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Э-оос 2,823,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантогтоход олгож, хохирогч М.Баярмаа, Б.Гантогтох нар нь гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2013 оны 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 6 жил гаруй хугацаанд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг надад тулган шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хүнийг яллахдаа гэм буруутайг нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоож байж яллах ёстой.    

Гэрч Т.Б-ын мэдүүлгийн талаар: Түүний удаа дараа өгсөн бүх мэдүүлгүүд зөрүүтэй. Уг нь болсон үйл явдлыг нүдээр харсан хүн намайг цохисон болгох гэж болсон явдлыг гуйвуулж олон янзаар хэлсэн. Талийгаачийг босч бидний хажууд ирээд зодоон салгах гэж байхад нь цохисон, эсхүл сандал дээр сууж байгаад босох үед нь цохисон, бүр сүүлдээ сандал дээр сууж байх үед нь цохисон гэх мэтээр талийгаач Бын тухайн үеийн байдлыг олон янзаар худал мэдүүлсэн. Мөн гаднаас гэрт Бүрэнжаргал бид 2 буцаж орох үед талийгаач ямар байдалтай байсныг хүртэл өөрөөр хэлсэн байдаг. Энэ зөрүүтэй мэдүүлгүүдийг харахад ямар нэгэн будлиан байна, үүнийг шинжилж тогтоогоогүй гэж үзэж байна.

Гэрч Энхбаатар, Мөнхцоож нарын мэдүүлгийн талаар: Энэ хүмүүс хэн хэн нь намайг талийгаачийг цохихыг хараагүй, өөр хоорондоо хэрэлдэж муудаагүй гэсэн байдаг. Хэрэг явдал болох үед энэ хоёр хүн тэнд цуг байсан. Энэ хоёр хүн хараагүй байхад ганц Бүрэнжаргал  харсан байдаг. Үүнийг тодруулаагүй.

“... Хашаа нүдээд найзыгаа алчихлаа ...” гэх. 2010 оноос хойш уулзалдаагүй нөхөр маань цуг архи ууж байгаад юунаас болсон нь мэдэгдэхгүй өнгөрсөн байхад, мөн би өөрөө анхны тусламж үзүүлэх гэж оролдоод амийг нь аварч чадалгүй алдсандаа одоо ч харамсдаг. “Найз маань үхчихлээ, одоо яах юм бэ” гэж харуусан уйлж байсныг тэнд очсон цагдаа нар мэднэ. Тэд мөн намайг тайвшруулж байсан.

Шинжээч эмч С.Одончимэгийн мэдүүлгийн талаар: Уг гэмтлийг цохисноос болон унаснаас үүсэхийг тодорхойлох боломжгүй. Цохих, унахын аль ч үед үүсч болно гэсэн тул талийгаач өөрөө босох гээд ойчсон байх магадлалтай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчим хэрэгжээгүй. Хүн болгон хуулийн өмнө адил тэгш эрхтэй.

Би өөрөө мөрдөн байцаагч болон прокурорт гэрч гэх Бүрэнжаргалтай нүүрэлдэн байцаалт явуулах хүсэлт гаргасан боловч хэрэгжүүлээгүй. Мөн полиграфи шинжилгээнд орох хүсэлт гаргасан боловч бас л таны эрүүл мэнд тохирохгүй гээд аваагүй. Энэ хэрэг 2017 онд шүүхээс буцаж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 25 хүртэл “цохиж унагаан” гэсэн мэдүүлэг болон гэрч байгаагүй. Тэрнээс хойшхи бүх мэдүүлэг цохиж унагаасан болж хувирсан. 2017 онд Улсын Мөрдөн байцаах газрын байцаагч нар байцаалт авахдаа өдөржин дарамталж янз бүрээр хэрэг хүлээлгэх гэж оролдсон. Энэ мэт олон янзын дайралт дарамт, худал үнэн нь мэдэгдэхгүй мэдүүлгүүд намайг хүний  амь нас хороосон хэрэгт тулгаж байна. Үүнийг би эрс эсэргүүцэж байна. Шүүх хурлын шийдвэрээс болж бие хямарч шокийн байдалд орсон. Тэр байдлаасаа болж бие муудан 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эцэст нь хэлэхэд би хүн алаагүй. Энэ бүхнийг нарийн шинжилж өгнө үү хэмээн хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. Мөн Бүрэнжаргал намайг гүтгэн гүжирдэж байгааг олж үнэнийг тогтоож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч С.Пүрэвдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/1381 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүх “амь хохирогч Б.Б нь М.Э-ын 1 удаагийн цохилтоор гавал тархины гэмтэл аван ухаан алдан унаж, улмаар зүрх судасны хурц дутагдалд орж үйл явдал болсон газар дээрээ нас барсан нь шүүгдэгч М.Э-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна” гэж дүгнэж тулгаж ял шийтгэсэн юм. Шүүгдэгч М.Э- би нэг нутгийн, багын найзыгаа цохиж зодоогүй, түүний амь насыг хохироогоогүй гээд болсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн нь тэнд байсан гэрч Б.Энхбаатар, Б.Мөнхцоож нарын мэдүүлгээр батлагдсан.

Энэ хэрэгт шүүгдэгчийг буруутгаж байгаа 2 нотлох баримт байна гэж шүүх үзсэн. Эдгээр 2 нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар ач холбогдол өгч гүнзгийрүүлэн судлахгүйгээр хэргийг буруу шийдвэрлэлээ.

Нэг.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 3 дүгнэлт гарсан.

Шинжээч эмч С.Одончимэгт шинжээч томилсон тогтоол дээр хууль сануулаагүй гаргасан. 2017 онд хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө шинжээчийн гарын үсгийн хуурамчаар зурсан нь 2 дугаар хавтаст хэргийн 154, 155, 201, 202 хуудаст байгаа тогтоол, шинжээчийн дүгнэлтээр батлагдана.

Шинжээч С.Одончимэгийн гаргасан 1084 дүгээр дүгнэлтэд “хохирогчийн тархины суурийн артерийн судас хагарсанаас цус харвалт явагдсан” гэсэн гол үхэлд хүргэх онош тавьсан. Гэхдээ энэ судасны хагарал нь элэгдлээс болж хагарсан ердийн өвчин үү, гэмтлийн улмаас уу гэдгийг ялгаж чадаагүй. Химийн шинжилгээгээр цусанд 3,3%, ходоодны шингэнд 5,9%, шээсэнд 2,7% этилийн спирт илэрсэн, хүнд зэргийн согтолт гэжээ./1-р хх-ийн 125-р хуудас/

Шинжээч энэ хагарсан судсыг олж илрүүлсэн атлаа бусад эд эсийн шинжилгээнд авсан дээжийн хамт эд эсийн нэмэлт шинжилгээ хийлгэхээр лабораторид явуулсан эсэх нь эргэлзээтэй. Шинжээчийн 1084 дүгээр дүгнэлтэд: /1-р хх-ийн 124-р хуудасны сүүлчийн 2 мөрөнд/ “Нэмэлт шинжилгээнд: эд эсийн шинжилгээ, химид цус, шээс, ходоодны шингэн, цус биологид авав” гэжээ. Мөн дүгнэлтийн сүүлчийн хуудаст хими, биологийн шинжилгээний хариуг бичээд “эд эсийн шинжилгээг архивт авлаа” гэж бичсэн. Чухам тэр хагарсан судсыг шинжлүүлсэн эсэх, архивт авсан эсэх нь тодорхойгүй байна.

Харин 947 дугаартай дүгнэлт буюу 2 дахь дүгнэлтэд “Эд, эсийн шинжилгээг давтан харуулахад ХХМ-13” /2-р хх-ийн 197-р хуудас/ гээд эд эсийн шинжилгээний дүгнэлтийг бичсэн байснаас үзэхэд шинжээч С.Одончимэг анх дүгнэлт гаргахдаа эд эсийн шинжилгээ хийлгэсэн, тэр нэмэлт шинжилгээний хариуг шинжээчийн дүгнэлт гаргахдаа тусгаагүй, одоо тэр нэмэлт шинжилгээний хариу нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн архивт байгаа болов уу гэж үзэж байна.

Хэрэв 2010 онд батлагдсан Цогцост шинжилгээ хийх журмын 3.8-д “лабораторийн болон нэмэлт шинжилгээнд дээж авч, холбогдох лабораторид илгээлт бичгийн хамт хүргүүлэх ба уг бичигт хэний аль эрхтнээс хэзээ, хэдий хэмжээний дээж авсан, түүнд ямар төрлийн шинжилгээ хийхийг тэмдэглэнэ” гэж, 4 дэх бүлэг буюу “Шинжээчийн дүгнэлт” гэсэн хэсэгт “цогцост илэрсэн гэмтэл, өөрчлөлт, лабораторийн шинжилгээний хариу... зэргийг нэгтгэн үнэлж шинжээч нь шүүх эмнэлгийн шинжилгээний онош тавина” гэжээ.

Гэтэл шинжээч С.Одончимэг эд эсийн нэмэлт шинжилгээ хийлгээд хариуг дүгнэлтэд тусгаагүй юм уу, эсвэл огт хийлгээгүй юм уу, ямар ч байсан үндэслэлгүй дүгнэлт гаргажээ.

Шинжээч С.Одончимэг өгсөн мэдүүлэгтээ “судас хагарч байгаа учраас цохисон болон унаснаас үүсэх боломжтойг тодорхойлох боломжгүй” гэдэг./1-р хх-ийн 129-130-р хуудас/

1.2 Шинжээч С.Одончимэгийн гаргасан 1084 дүгээр дүгнэлт нь хууль сануулаагүй гаргасан байсан тул шүүх хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 947 дугаар шинжээчийн дүгнэлт гаргасан. /2-р хх-ийн 196-197-р хуудас/

Энэ дүгнэлтийг гаргахдаа эд эсийн шинжилгээг давтан харуулахад гээд артерийн судасны хатууралтай, артерийн даралт ихэддэг байсан шинжүүд илэрсэн. ХХМ-13-д артериолсклероз, эдэд артериол судас тойрч улаан эс нэвчсэн цус харвалттай, бөөрөнд артериол судасны хана зузаарч сорвижсон оношууд илэрч тогтоогдсон. Артеритайгаасаа гэдэг нь тархины судасны хатуурал гэсэн онош юм байна. Бусад онош нь тухайн хүн артерийн даралт ихсэх өвчтэй байсныг баталсан онош юм байна.

Хэрвээ шинжээч С.Одончимэг эд эсийн шинжилгээг хийлгээд хариуг нь дүгнэлт гаргахдаа тусгаагүй бол талийгаачийн нас барсан шалтгааны талаар санаатайгаар нуун дарагдуулсан гэж үзэж байна. Тархины суурийн артерийн хагарсан судсыг эд эсийн шинжилгээний архивт байгаа эсэх нь тодорхой гарсангүй. Шинжээч нар тархины гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэжээ. Энэ дүгнэлтийг гаргахдаа шинжээч “Болсон хэргийн товч” гэдэгт өөр газар хэргийг бичсэн байсан тул өмгөөлөгч гомдол гаргаснаар 3 дахь дүгнэлтийг гаргасан.

1.3 Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1174 дугаартай дүгнэлтийг гаргуулахаар шинжээч томилсон тогтоолд асуулт тавихдаа “4 дүгээр асуултанд: 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангамжийн 183 тоотод М.Э- гэгч нь архидан согтуурсан үедээ Б.Бын нүүрэн тус газар нь цохиж унагаан санаатай алсан гэх эрүүгийн 201301000267 дугаартай хэргийн хохирогч Баасанжав овогтой Бын биед гэмтэл учирсан байна уу” гэж хөтөлж асууж, 4 дүгээр хариултаар хариугаа авсан байна. /3-р хх-ийн 6 дугаар хуудас/

3 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа гаднаас мэргэшсэн мэдрэлийн мэс заслын эмч оролцуулаагүй, нэг дор ажилладаг шүүх эмнэлгийн шинжээч нараар дүгнэлт гаргуулснаар шүүх хуралдаан дээр өөрөө хэлснээр 25 жил ажилласан шинжээч С.Одончимэгийн дүгнэлтийг дараагийн дүгнэлтүүд үндэслэлтэй гэж гаргасан нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Талийгаачийн тархины суурийн артерийн судас хаана хагарсныг илрүүлээд шинжээч С.Одончимэг эд эсийн шинжилгээ хийлгэхээр хурааж авсан эсэх нь тодорхойгүй, тархины цус харвалт нь судас хагарснаар үүсдэг тул тэр олон удаа архи ууснаар тархины судас хатуурсан хүний тархины судас олон удаа өргөсөж, нарийсаж элэгдэлт орсноор эмгэгээр судас хагардаг. Үүнийг С.Одончимэг эд эсийн шинжилгээг энэ хагарсан судсан дээр хийх үүргээ биелүүлсэнгүй. Гэхдээ энэ хагарсан судас лабораторийн архивт байгаа эсэх нь тодорхойгүй. Шинжээч С.Одончимэгийн мэдүүлэгт “судас хагарсан нь цохисон болон унаснаас үүсэх боломжтойг тодорхойлох боломжгүй” гэснээс үзэхэд хүнд согтолттой, тархины судас хатууралтай, артерийн даралттай хүн сууж байгаад өндийх гээд нүүрээрээ шал мөргөж унасан байх боломжтойг үгүйсгээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Э-ын гэм буруугийн талаар эргэлзээ үүсэж байгаа юм.

М.Э-, Б.Энхбаатар нар зодолдоод тэр айлаас гарахад араас нь Т.Б-, Б.Мөнхцоож нар салгахаар гарч, Б.Б гэрт ганцаараа үлдсэн болох нь нотлогдож байгаа. Б.Мөнхцоож нь хамгийн сүүлд гарахдаа Б.Б цохиулаад унасан бол юу боллоо гэж түүнд туслахгүйгээр, зодолдож байгаа хүмүүсийг салгахаар араас нь гарах вэ дээ. /1-р хх-ийн 102-104 дүгээр хуудас/

Хоёр. Т.Б- нь “М.Э-, Б.Энхбаатар нарыг манай гэрт битгий зодолд гар гээд гаргах үед Б.Б сууж байгаад босч ирэхэд М.Э- нүүр рүү нь нэг удаа цохисон, унасан, дараа нь орж ирэхэд Б.Б түрүүлгээ хараад хэвтэж байсан, М.Э- түүний биед массаж хийсэн” гэж гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг байгаа. Т.Б- нь ашиг сонирхлын зөрчил бүхий гэрч юм. 2013-2017 онуудад М.Э-той хамт энэ хэрэгт сэжигтнээр тооцогдож, яллагдагчаар татагдан, цагдан хоригдож шалгагдаж байгаад хэргийг удаа дараа түдгэлзүүлсэн.

2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр прокурор хэргийг сэргээж, хугацаа тогтоож өгсөн өдрөө урьд нь Т.Б-аас ямар ч мэдүүлэг аваагүй, мөрдөн шалгах өөр ажиллагаа хийгээгүй атлаа холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдсэн. /2-р хх-ийн 74-р хуудас/

2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Т.Б- анх удаа гэрчээр мэдүүлэг өгч М.Э- нь Б.Бын нүүр рүү нэг удаа цохисон гэсэн. /2-р хх-ийн 81-84-р хуудас/ Өмгөөлөгч би дээд шатны прокурорт гомдол гаргаснаар прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосон. /3-р хх-ийн 33-р хуудас/

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр М.Э-, Т.Б- нар бүлэглэн хүний амь нас хохироосон гэж яллагдагчаар татах тогтоол үйлдээд М.Э-оос яллагдагчаар мэдүүлэг аваад, Т.Б- ирэхгүй байна гээд сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгээгүй, мэдүүлэг аваагүй. /3-р хх-ийн 42-44-р хуудас /

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хяналтын прокурор тогтоол гаргаж “6 цагийн дотор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол танилцуулаагүй” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлд байхгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн юм. /3-р хх-ийн 51,53-р хуудас/

Т.Б- гэрчээр мэдүүлэг өгснийхөө дараа эхнэр, хүүхэд, найз нараараа гэрчлүүлэн М.Э- “миний найз үхчихлээ, би яах юм бэ” гээд уйлж байсныг “би найзыгаа алчихлаа шүү дээ яах юм бэ” гэж болгож чангаруулсан. Энэ яриа болох үед цагдаа нар ирсэн байсан, цагдаа ийм яриан дээр анхаарал тавьдаг шүү дээ. Цагдаа С.Ууганбаяр /3-р хх-ийн 133-р хуудаст/ ийм яриа болсныг санахгүй байна гэдгээ мэдүүлсэн.

Ер нь нүүрэндээ цохиулсан хүн дээшээ хараад унах байтал Т.Б- 2 удаа туршилт хийхэд доошоо хараад унасан байсан гэж 2 өөр байрлалаар зааж өгсөн. Анх цохихыг нь харсан гэснээ мэдүүлгээ улам чангатган унахыг нь харсан гэх мэтээр мэдүүлэг өгсөн. Гэрч Б.Энхбаатар, Б.Мөнхцоож нарын мэдүүлэг Т.Б-ын мэдүүлгээс эрс зөрүүтэй байдаг.

2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэр бүхий эрүүгийн мөрдөгч нар М.Э-ыг мэдүүлэг өгүүлэх гэж дарамталсан нь тогтоогддог. Мөн Т.Б- дээр ийм ажиллагаа хийж худлаа мэдүүлэг гаргуулан авсан байхыг үгүйсгэхгүй. Энэ тухай шалгуулах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч прокурор хүлээн аваагүй.

Гурав. 2017 оны 4 дүгээр сарын 25-ны үеэр нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол магадлагааг гаргуулах хүсэлтийг гаргасныг ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Баярсайхан Эрүүгийн цагдаагийн албанд явуулсан тоот хэрэгт байгаа боловч хариу аваагүй байна. Нууц ажиллагааны магадлагааг шаардахад 2018 оны хавар М.Э-ыг өмгөөлөгчтэйгөө утсаар ярьсан яриаг нууц магадлагаа болгож хэрэгт хавсаргаад улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтанд хэлэлцүүлэх нотлох баримтанд тусгасан юм. Энэ нууц ажиллагааны магадлагааг шүүх хурал дээр улсын яллагч хэлэлцүүлэх гэхэд шүүгч энэ нууц магадлагаа байхгүй, өмнөх шүүгчээс шилжиж ирээгүй гэсэн хууль бус үндэслэлээр нууц магадлагааг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй орхигдуулсан болно. Нууц ажиллагааны магадлагааг яагаад хэлэлцүүлээгүй тухай шийтгэх тогтоолд огт дурьдаагүй байна.

Дөрөв. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг дурьдахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 шинжээчийн дүгнэлтийн алийг нотлох баримтаар тооцох, шинжээч С.Одончимэгт хууль сануулаагүй гаргасан 1084 дүгээр дүгнэлтийг нотлох баримтаас хасах эсэхийг шиийдвэрлээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын өгсөн эрс зөрүүтэй мэдүүлгүүдийг тусгах төдийгөөр ажлаа хязгаарлаад, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй байна.

Ер нь шүүх бүрэлдэхүүн дараагийн шүүх хурлаа явуулах гэж яарч, гэрч, шинжээч нараас асуулт асуух гэхээр улсын яллагч нь энэ асуултыг эсэргүүцэж байна гэсээр мэтгэлцэх боломж олгоогүй, шүүх шүүгдэгч М.Э-ын холбогдсон хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна.

Талийгаач Б.Бын тархинд цус харваж өвчнөөр нас барсан, эсвэл хүнд зэргийн согтолттой байх үед ухасхийж босохдоо шал мөргөж унаснаас золгүй явдал тохиолдолж нас барсан байж болзошгүй байх тул мэдрэлийн мэс заслын эмч оролцуулсан шинжээчийн дүгнэлтийг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж, эд эсийн шинжилгээний архивт тархины суурийн артерийн хагарсан судсыг авсан эсэх, авсан бол элэгдлээс хагарсан уу, гэмтлээс хагарсан уу гэдгийг тогтоолгох, талийгаачийн нас барсан шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв тогтоолгох, гэрч Т.Б-ын статус тодорхойгүй, түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хуульд заасан үндэслэлгүйгээр хүчингүй болгосон тул дахин шалгуулах шаардлагатай байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргав.

1. Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой  зөрчсөн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь заалтын 2.1 заалтад шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт “... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл гэм буруугийн хэлбэрийг...”, мөн зүйлийн 2.3 дах заалтад “... шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг..” тусгах талаар заасныг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болно. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... М.Э- нь ... архидан согтуурсан үедээ Б.Бын нүүрэн тус газарт цохиж унагаан амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь ... зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул  шүүгдэгч М.Э-ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна ...” гэжээ.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ... гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн буруугийн хэлбэр, сэдэлт, шалтгаан нөхцлийн талаар дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ш.Содномбалжир “нотлох баримтууд зөрүүтэй тул шүүгдэгч М.Э-ыг гэм буруугүй” гэсэн дүгнэлт гаргасан байхад шүүхээс иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт заасан хуулийн ноцтой зөрчил болно.

2. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

2.1   Дүгнэлтэнд  ноцтой  нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Анхан шатны шүүх гэм буруугийн талаар дүгнэлт гаргахдаа “хохирогч Б.Б нь М.Э-ын 1 удаагийн цохилтоор гавал тархины гэмтэл авч ухаан алдаж, улмаар зүрх судасны хурц дутагдалд орж үйл явдал болсон газар дээрээ нас барсан нь шүүгдэгч М.Э-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна” гэжээ. Гэтэл шүүх энэхүү дүгнэлтэнд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1174 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 5-д талийгаач Б.Бын биед гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн нүдний зовхи, хамрын хянга, хүзүү, бугалга, шуу, сарвуунд нь гэмтэл учирсан байна. 7-д дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэжээ. Гэтэл шүүхээс хохирогч Б.Быг М.Э- нэг удаа цохисон талаар дүгнэсэн байх бөгөөд хохирогчийн биед учирсан бусад гэмтлүүдийг хэн, хэзээ учруулсан болох асуудал нь дүгнэлтэнд ноцтой нөлөө үзүүлэх асуудал юм.

Түүнчлэн хохирогч хаана сууж байсан, цохигдож ухаан алдаж унасан гэх нөхцөлд байдлын талаар М.Э- нь хэрэгт гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ “... хохирогч Б.Б нь ... сууж байсан орныхоо урд шалан дээр дөрвөн хөллөөд толгойгоороо газар тулсан байдалтай байсан ...” гэж, шүүх хуралдаанд “... талийгаач газар сөхөрч суусан байсан ...” гэж тус тус мэдүүлдэг бөгөөд гэрч Б.Энхбаатар мэдүүлэхдээ “... гэрийн баруун хойд орон дээр хамгийн доод захад Б.Б, орны хойд захад Эрдэнэ-Очир суусан...” гэж мэдүүлсэн /1-р хх -ийн 93-р тал/ байна. Харин гэрч Т.Б- мэдүүлэхдээ “... Б сандал дээрээс босч ирэх үед Эрдэнэ-Очир Бын нүүр лүү цохисон ...” гэж, шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... Би гарч Эрдэнэ-Очирыг салгаад гэр рүү ороход талийгаач газар суусан...” байсан гэж мэдүүлжээ.

Дээрхи нөхцөл байдлууд нь хэрэгт ач холбогдолтой боловч гэрчийн мэдүүлгүүдэд зөрүүтэй тусгагдсан байгааг шүүх анхаарч үзээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхээс хохирогч Б.Б М.Э-т цохиулаад ухаан алдаж, улмаар зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан талаар дүгнэлт хийсэн байх боловч хохирогч сандал дээр эсхүл орон дээр сууж байсан нөхцөл байдалд нь хохирогчийн нүүрэн тус газар цохигдох үед хүний унах чиглэл физикийн үйлчлэлээр хэрхэн үүсгэгдэх, урагш унасан тохиолдолд хаанаас ямар хүч үйлчлэх талаар тодруулаагүй.

2.2 Дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

Гэрч Т.Б- мэдүүлэхдээ хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хохирогч Б.Бтай гэрч М.Мөнхцоож гэрт хамт байсан талаар мэдүүлдэг боловч гэрч М.Мөнхцоож, Б.Энхбаатар нарын мэдүүлгээр М.Мөнхцоож нь Т.Б-, М.Э- нарын араас гарсан, мөн буцаж орж ирэхдээ тэдний дараа орж ирэхэд амь хохирогч Б.Б дээшээ хараад хэвтсэн байсан талаар мэдүүлдэг. Ийнхүү гэрч нарын мэдүүлэг ноцтой зөрүүтэй байхад, зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэн М.Э-ын гэм буруугийн талаар эцэслэн шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүх харилцан илтэд зөрүүтэй нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийг шаардлагад нийцэхгүй байна.

Харин зөрүүтэй нотлох баримтуудаас аль нэг баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж, харин бусад баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолдоо тусгах ёстой. Тодруулбал: Т.Б-ын мэдүүлгийг үнэлж буй тохиолдолд гэрч М.Мөнхцоож нь амь хохирогч Б.Быг М.Э-т цохиулан унасан гэх үед гэрт байсан болох бөгөөд болсон бүх нөхцөл байдлыг харсан байх учиртай. Гэтэл гэрч М.Мөнхцоожид хууль сануулан 2 удаагийн гэрчийн мэдүүлэг авах үед амь хохирогч Б.Быг бусдад цохиулсан, газар унасан талаар огт мэдүүлээгүй бөгөөд “... сууж байсан Б.Б газар уначихсан байсан ...” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг үнэлбэл гэрч М.Мөнхцоожийг хамгийн сүүлд Б.Быг сууж байхыг харсан байна гэсэн оюун дүгнэлтэнд хүрэхээр байна. Хамгийн сүүлд гэрээс гарсан хүн М.Мөнхцоож байсан гэж гэрч М.Мөнхцоож, гэрч Б.Энхбаатар, М.Э- нар мэдүүлсээр байтал шүүх дээрхи нөхцөл байдлын талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр, зөрүүтэй баримтуудыг шийтгэх тогтоолын гэм бурууг нотолсон баримтууд болгон дүгнэлт хийжээ.

Иймд дээрхи үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1381 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэрэг 2013 онд гарсан. Анх үйл явдал болсон цагаас хойш 7 жил өнгөрсөн. Миний хувьд шүүгдэгчийг гэм буруутай юу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт өгч ярих нь илүүц байх. Аавыг маань өнгөрөхөд миний 7 настай дүү, би, эх маань үлдсэн. 18 насанд хүрээгүй хүүхэд манайд байдаг. Шүүгдэгч өөрийгөө хүн чанартай, талийгаач миний багын найз болохоор цохиогүй гэж байна. Хэрвээ шүүгдэгч М.Э- үнэхээр хүний найз байсан бол энэ хугацаанд хохирогчийн гэр бүлтэй утсаар ярьж, мөнгөн дэмжлэг үзүүлэх, ямар нэгэн байдлаар сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх байсан байх. Ийм найз байх уу, та хүний найз мөн үү. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг ойлгохгүй байна. Одончимэг шинжээч анхан шатны шүүх хуралд оролцохдоо шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын маргалдаад байгаа асуудалд маш хангалттай хариулт өгсөн. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн цохилтоос болж уг гэмтлийг авсан гэж дүгнэлт гаргаж байхад талийгаачийг өөрөө унасан болгох гэж, олон жилийн ужиг өвчтэй байсан болгох гэж үздэг. Мухардалд ортлоо янз бүрийн арга хайж байна. Гэрч Бүрэнжаргалыг удаа дараа худал мэдүүлэг өгсөн гэсэн. Шүүгдэгч М.Э- өөрөө ч гэсэн мэдүүлгээ худал өгсөн байдаг. Цохисон гэж нэг мэдүүлсэн, би огт цохиогүй гэж нэг мэдүүлсэн байдаг. Миний зүгээс аав маань босоод ирэхгүй, одоо хохирлоо барагдуул гэсэн саналтай байна ...” гэв.

Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Талийгаач Б.Б нь М.Э-ын нэг удаагийн цохилтоос гавал тархины гэмтэл авч, улмаар зүрх судасны дутагдалд орж нас барсан. Шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурдагдсан байдаг. Болсон үйл явдал уг дүгнэлтүүдтэй яаж холбогдож байна вэ? гэхээр тухайн үед байсан гэрчүүд мэдүүлэхдээ “М.Э- талийгаачийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон” гэдэг. Гэрчүүдээс мэдүүлэг авахдаа ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал байдаггүй. Шинжээчийн 3 удаагийн дүгнэлт ямар нэгэн байдлаар эргэлзээтэй, хоорондоо эрс зөрүүтэй байдал тогтоогдоогүй. Тархины гэмтэл нь талийгаачийн тархины суурь артерийн судас хагарснаас гавал тархинд гэмтэл учирсан. Энэ нь унах үед үүсэх боломжгүй, гэмтлийн улмаас үүссэн гэдгийг удаа дараагийн дүгнэлтээр гаргасан. Шүүгдэгч М.Э-ын нэг удаа цохисон үйлдэлтэй талийгаачийн амь насаа алдахад хүргэсэн гэмтэл нь шалтгаант холбоотой. Иймд анхан шатны шүүх, шүүгдэгч М.Э-ыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал гаргаагүй гэж үзэж байна. Хэргийг түдгэлзүүлээд, сэргээгээд нийтдээ 7 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байдаг. Талийгаачийн биеэс авсан эд, эсийн шинжилгээний хариу бүгд хэрэгт авагдсан. Архивт журмаараа хадгалагдаад явж байгаа. Үүнд хууль зөрчсөн асуудал байхгүй. Гэрч Бүрэнжаргалын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэж байна. Анхан шатны шүүх яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хэмжээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн тул энэ талаарх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй. Шүүгдэгч М.Э-ыг эрүүдэн шүүсэн талаарх баримт хавтас хэрэгт авагдсан зүйл байхгүй. Үнэхээр ийм байдалд орсон бол тухайн үед нь өмгөөлөгч нар гомдлоо гаргаад явах боломжтой байсан байх. Уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор эрүүдэн шүүсэн талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байсан зүйл байхгүй. Шинжээч эмч нараас мэдүүлэг авахдаа прокурорыг хөтөлж асуусан гэж байна. Хөтөлж асуусан гэж харахгүй байна. Гэмтэл учирсан уу гэж л асуухаас биш өөр ямар байдлаар асуух байсныг мэдэхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт нууц ажиллагааны материалыг шинжлэн судлуулахгүй байх, хэлэлцэх боломжоор хангаагүй гэх нөхцөл байдал шүүх хуралдааны тэмдэглэлд харагдаагүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэм буруутай гэж тооцох үндэслэлээ тодорхой заасан, нотлох баримтуудыг хангалттай дурьдсан, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна.

1. Хохирогч Б.Бын үхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1084 тоот дүгнэлт /1-р хх 123/-ээс үзэхэд “... дотор эрхтний шинжилгээ: ... Тархины 2 тал бөмбөлгийн орой хэсэг болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доогуур тархмал цус харвалттай, тархины суурийн артерийн дагууд шалгахад судсууд нимгэн толигор, хатуурлын голомтгүй, тархины суурийн артери буюу a.bazillaris салаалах хэсгийн дор хагарч тэр хэсэгт бага зэрэг бүлэнтэй цус хурсан, судсыг шалгахад ямар нэг гаж хөгжил, цүлхэн байхгүй, цагаан бор эдийн зааг тод, ховдлууд чөлөөтэй, чийглэг, суурь яс бүтэн ...” гэжээ. Энэ дүгнэлтийг гаргасан шинжээч эмч С.Одончимэг мэдүүлэхдээ: “... судас хагарч байгаа учраас цохисон болон унаснаас үүсэх боломжтойг тодорхойлох боломжгүй. Цохилт, унаж ойчихын аль ч үед үүсч болно ...” /1-р хх 130/ гэж дүгнэлтээ тайлбарлажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шинжилгээний 947 тоот дүгнэлт /2-р хх 196-197/-д “... Эд эсийн шинжилгээг давтан харуулахад: ХХМ-13 ... Артериол судасны хана зузаарсан. Эдэд артериол судас тойрч улаан эс нэвчсэн цус харвалттай. САК, артериолсклероз, хаван, тэжээл хувирал ...” гэжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээс үзэхэд хохирогч Б.Бын тархины суурийн артерийн судас хагарсан нь үхэлд хүргэх гол шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байхад биеийн аль хэсэгт хүч үйлчилсний умлаас уг гэмтэл үүссэн болохыг тогтоогоогүй байна.

Иймд дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийж хохирогчийн тархины суурийн артерийн судас хагарсан гэмтэл нь биеийн аль хэсэгт хатуу мохоо зүйлийн хүч үйлчилснээс үүсч болохыг тогтоох шаардлагатай байна.

2. Хэргийн газарт дуудлагаар очсон эмч А.Саруул гэрчээр мэдүүлэхдээ “... хашаагаар яг орох үед үл таних эрэгтэй, согтуу “Би найзыгаа алчихлаа” гэж орилж уйлж байсан ... Гэр дотор мөн цагдаагийн алба хаагч нар байсан ... Би үзлэгээ хийхээр орсон. Үзлэг хийж байхад мөн л дээрх үгийг хэлээд эрэгтэй хүн уйлсаар байсан. Хэд хэдэн удаа энэ үгийг хэлсэн ...” /3-р хх 144-145/ гэж, цагдаагийн алба хаагч С.Ууганбаярын “... Би тухайн үед биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон хүн эрүүлжүүлэхээр авч яваад давхар дуудлага гарснаар ирсэн. Би автомашинд авч явж байсан хүнээ харж үлдсэн ба эргүүлийн офицер Пүрэвжал дотогш орсон ...” гэж тус тус мэдүүлсэн байх тул тухайн үед хэргийн газарт үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчдын олж байцаан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй.

3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх 19-21/-д “... өрөөний шалан дээр болон зуухны плита шал, дрож цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг фото зургаар бэхжүүлэн авч, хатсан хэсгийг хусан авч битүүмжлэв ...” гэсэн байхад уг цусны дээжийн талаар зохих мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна.   

4. Хэргийн талаар ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх гэрч Б.Мөнхцоожийг нас барсан гэх боловч энэ талаар хэрэгт албан ёсны нотлох баримт алга байна.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээр дурьдсан асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэт шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, М.Э-т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Гэрч Д.Баасандорж /2-р хх 119-120/, Т.Ганбат /2-р хх 121-122/, Б.Баярсайхан /2-р хх 123-124/ нарын мэдүүлэгт гарын үсэг зурагдаагүй болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1381 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Э-т холбогдох хэргийг тухайн шүүхээр дамжуулан, Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол М.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН