| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0167/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/172 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0167/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000212 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, 1978 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэрэгт холбогдсон.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 08 цагийн орчимд ******* зоорийн давхарт байх Нийтийн ахуй үйлчилгээний газрын амралтын байрны ширээн дээрээс *******ын цэнэглэж байсан Redmi note-7, Samsung A-10 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 390,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн гар утасны хамгаалалтын гэрэнд хийсэн байсан Хаан банкны виза картыг нь уншуулж, нийт 6 удаагийн гүйлгээгээр 111,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 501,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл[1], хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2], эд зүйл хураан авсан тэмдэглэл[3], эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[4], хохирогч *******ын мэдүүлэг [5], гэрч *******ийн мэдүүлэг[6], гэрч *******ын мэдүүлэг[7] Капитал зууч ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[8] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ад 501,000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь “би өөрийн 2 ширхэг гар утас, картнаас уншуулсан 110,000 төгрөгийг бэлнээр буцааж авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 . ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ