Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 396

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 26 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00396                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн А сумын                  гэх газар оршин суух, А овогт Нийн Б /РД:ЗА             /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00402/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие ...улсад 13 жил ажилласан. ...  Адаацаг сумын  Амьдралын туг нэгдэл болон Амьдралын туг бүрэн бус хувьцаат компанид  бог мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн  дэвтэр үрэгдсэн тул хэрэгт авагдсан баримтыг  үндэслэн  1980 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 сар хүртэл  Дундговь аймгийн Адаацаг сумын  Амьдралын туг нэгдэлд  бог мал маллаж байсан жилийг   тогтоож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь 1980 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992  оны 5  сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг   гаргажээ.

Н.Бөд хамаарах 1980 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992  оны 5  сарын 01-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан талаархи баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 273 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 05 хуудас/

Нэхэмжлэгч   Н.Б нь 1980 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992  оны 5  сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж  байсан болох нь:

 

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2019 оны 08 сарын 27-ны өдрийн 08/502 дугаартай “ Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг ХК, Амьдралын туг хоршоо”-ны талаархи тодорхойлолт /хэргийн 06 хуудас/

-Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 3 сарын 18-ны 2/74 дугаартай  албан бичгээр ирүүлсэн Н.Баягмөнхийн 1980-1988, 1990 онуудын цалингийн хуудасны хуулбар  /хэргийн 07-19 хуудас/

-Гэрч П.О   “ Н.Бтэй Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд хамт ажиллаж байсан. Би  1982 онд хөдөө аж ахуйн сургууль төгсөж илгээлтээр гэр бүлийн хүний хамт нэгдлийн зоо техникчээр ажилд томилогдох Н.Б нь Сүм бригадын  малчин, тууварчинаар ажиллаж байсан. ...Зуны цагт малын тарга тэвээрэг, эрүүл байдлыг шалгахаар очиход тууварт яваагүй үедээ нэгдэлд  үржил мал малладаг малчин хүн байсан. Би  1982 оны 8 сараас Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд үржлийн малын зоо техникчээр томилогдож  1991 оныг дуустал нэгдэлдээ чанарын албаны дарга, хянан шалгагч зэрэг ажлуудыг хийж байсан. Н.Б хувьчлал тарснаас хойш Сүм  багтаа мал маллаж байгаа. Өөр ажил хийж байгаагүй, мал маллаж  тасралтгүй малчинаар ажиллаж байгаа.  ...” гэх мэдүүлэг   /хх-ийн  29/

-Гэрч Т.М    “ Би 1982 оны 8 сард Адаацаг суманд  Хөдөө аж ахуйн дээд сургуулийн мал зүйчээр төгсөж нэгдлийн ахлах зоо техникчээр ажилд ороход бид хамт нэгдэлд ажилд орж байсан. Тэр үед Н.Б  нь Адаацаг суманд цэргээс халагдаж ирээд 1980 оноос малчин, тууварчинаар ажиллаж байсан. Н.Б 1980 оны 1 сараас 1992 оны хавар хувьчлал тарах хүртэл бог мал маллаж байсан. Би нэгдлийн зоо техникчээр гэрт нь очиход мал малладаг төл малын эндэгдэл гаргаж байгаагүй сайн малчин байсан. ... Би  1982 оны 8 сараас Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд үржлийн малын ахлах зоо техникчээр томилогдож  1990 оныг дуустал нэгдэлдээ  ахлах зоо техникчээр ажиллаж, хувьчлал тарснаас хойш сумын мал эмнэлэгт 2005 оныг хүртэл ажиллаж байсан. Н.Б хувьчлал тарснаас хойш  мал маллаж байгаа. Одоо Адаацаг сумандаа мал аж ахуй дээр байдаг. Бид  нэг нутгийн хүмүүс учраас нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ.  ...  ” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

-Гэрч С.Я-ийн “ Би Бийг багаас нь мэднэ. Намайг дунд сургуульд сурдаг байхад манай дээд ангид сурдаг байсан. 8-р ангиа төгсөөд хөдөө аав ээж дээрээ мал дээр гарч байсан. Би 8-р анги төгсөөд хөдөө аж ахуйн техникум төгсөж ирээд 1983 оноос 1989 он хүртэл Амьдралын туг нэгдэлд малын эмч, мал зүйчээр ажиллаж байхад Б Сүм бригадад малчнаар ажилладаг байсан. .... Н.Б 1980 оны 1 сараас 1992 оны хавар хувьчлал тарах хүртэл бог мал маллаж байсан. Би нэгдлийн мал зүйчээр  гэрт нь очиход мал малладаг малын эндэгдэл гаргаж байгаагүй сайн малчин байсан. Би  1983 оны оноос 1989 он хүртэл  Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд үржлийн мал зүйчээр ажиллаж байсан. Н.Б хувьчлал тарснаас хойш  мал маллаж байгаа. Одоо Адаацаг сумандаа мал аж ахуй дээр байдаг. ...    ” гэх мэдүүлэг /хх-ийн 36/ зэргээр шууд байдлаар,

-П.О-ийг Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн даргын  1984 оны 05 сарын 29 өдрийн 16 дугаартай “нэгдлийн чанарын алба, хянан байцаах комиссын даргаар томилох” тухай,  1988 оны 03 сарын 30  өдрийн 11 дугаартай  “үржлийн зоотехникч, хянан байцаах албаны даргаар томилох” тухай,   1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаартай  “нэгдлийн боловсон хүчин, чанарын албаны даргаар томилон ажиллуулах” тухай тушаалуудын хуулбар  /хэргийн 31, 33-34 хуудас/

-Т.М-ыг Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн даргын 1982 оны 08 сарын 05 өдрийн 21 дугаартай “нэгдлийн ерөнхий зоотехникчээр томилох” тухай,   1991 оны 08 сарын 01 өдрийн 45 дугаартай “ерөнхий мал зүйч Т. Мыг  ажлаас нь чөлөөлж сумын АХ-н гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэх” тухай тушаалуудын хуулбар   /хэргийн 32, 35 хуудас/ зэргээр дам байдлаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А овогт Нийн Б /ЗА /-ийг  1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны  5 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б