Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

 

 

 

      2023        05          03                                   2023/ШЦТ/46

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *******  дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       Б.Н

Улсын яллагч                                                       З.Х

Шүүгдэгч                                                    ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, археологич, багш мэргэжилтэй, “......” ХК-нд туслах ажилтан, ам бүл ганцаараа, ......... тоотод оршин суух хаягтай боловч одоо ........... түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ......... /РД:........./

 Шүүгдэгч ....... нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны оройн 20 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ......... цахилгаан шатны хэсэгт хохирогч .......-ны эзэмшлийн “Ми макс 2” /Mi Max 2/ загварын гар утсыг гараас нь булаан авч, дээрэмдэх гэмт хэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, 170,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 Шүүгдэгч ..........-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...том эгч ........нд очих гээд ...... байр луу явсан. Тухайн үед архи уусан, нилээн согтолттой байсан учраас зарим үйл явдлыг сайн санахгүй байна. Тухайн хүнтэй .... байрны нэг давхарт тааралдаад утсаар яриад өгөөч гэж хэлээд утсыг нь авсан гэж бодсон боловч утсыг нь булааж аваад газарт унагасан байсан, би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг булааж, эд хөрөнгөнд нь халдсан үйлдэлдээ гэмшиж байна, хохирогчоос уучлалт хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51-р хуудас/

              Хохирогч ......-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20 цаг 30 минутын үед дэлгүүр ороод буцаад гэртээ орохоор Багануур дүүргийн ............байрны 1 давхарт лифт дуудаад зогсож байтал гаднаас согтуу залуу “алнаа” гэж орилоод миний ард ирж зогссон. Тухайн залууг нилээд согтуу ууртай явж байна гэж бодоод лифтэнд хамт суухгүй, буцаад гадагшаа гарах гэтэл лифтны хажуу талын гарах хэсгийн хаалгыг биеэрээ хааж зам таглаж зогсоод гартаа барьсан /баруун/ миний утсыг хоёр гараараа булааж авсан. Би өгөхгүй гээд гартаа чанга атгасан ч булааж аваад зугтаах гээд хаалга руу явсан. Хаалга руу явах үедээ миний утсыг газар унагаачихаад аваагүй цааш явснаа эргэж хараад буцаад унасан утсыг авах гээд тонгойх үед би гадагш нь гаргахгүй гээд орцны давхарт модон хаалгыг хаагаад зогссон, тухайн үед лифтнээс эрэгтэй, эмэгтэй 2 хүн гарч ирэхээр нь тусламж гуйсан. Энэ хооронд тэр залуу орцноос гараад явчихсан байсан. Би араас нь нөгөө хоёр хүнтэй гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Нөгөө хүн байрны араар тойроод явж байгаа харагдсан тэгээд алга болчихсон байсан. Ингээд зогсож байтал эргүүлийн хоёр цагдаа ирсэн. Тэр хоёр цагдаагаар гэртээ хүргүүлэхээр хамт суугаад өгсөж явтал 6 давхарт лифт зогсоод хаалга онгойход нөгөө залуу зогсож байсан цагдаа тэр залууг аваад явсан. Одоо миний утсыг унагааснаас болж дэлгэц нь эвдэрсэн, ашиглах боломжгүй болсон. Намайг харахад нилээн архи үнэртүүлсэн байсан, гэхдээ хөл дээрээ явж байсан. Тухайн үед миний утсыг булаачихаар нь би “Миний дүү ингэж болохгүй энэ байранд байдаг юм уу, би хүргээд өгье” гэхэд миний өөдөөс юм хэлээгүй шууд буцаад гараад явах гэж байгаад утсыг унагаачихсан. Ямар нэгэн яриа өгүүлэл гаргаагүй шууд булааж авсан, булааж авчихаад ч юм хэлээгүй, надтай харилцан яриа хийгээгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

              Гэрч ....-ийн өгсөн “...Би тухайн өдөр явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх явцад Галуут 10-аас ...... дүүргийн ...... хороо .. байрны гадна согтуу хүн утас булаагаад зугтсан гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тус байрны гадна очиход утас булаасан гэх хүн нь байхгүй, дуудлага өгсөн иргэн байсан ба дээрх иргэнийг гэр лүү нь хүргэж өгөх гээд тус байрны лифтэнд суугаад явж байтал 6 дугаар давхарт лифт зогссон гэтэл утас булаасан гэх эрэгтэй хүн зогсож байсан хохирогч өөрөө хараад “энэ хүн мөн байна” гэж хэлсэн тул цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Утас булаасан гэх хүн би хүний утас булаагаагүй найзынхаасаа гарч ирж байна гэж байсан. Тэр хүн нилээн согтуу, согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байдалтай байсан. Тухайн хүн нь ганцаараа явж байсан. Хохирогч нь хэлэхдээ утсаар ярьж байтал хүн булааж аваад утасны дэлгэц хагалчихсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

              Гэрч ....-ын өгсөн “...Би тухайн үед Багануур дүүргийн .......... дугаар хороонд цагдаагийн дэд ахлагч ..-гийн хамтаар явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Галуут10-аас “.... байрны гадаа гар утсаа үл таних хүн утас эвдсэн” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу 21 цагийн үед очиход дуудлага мэдээлэл өгсөн ......... нь байрны гадаа зогсож байсан ба “Үл таних хүн гар утсыг маань булааж аваад эвдчихлээ” гэж хэлсэн тухайн гар утас эвдсэн хүн нь байгаагүй тул тухайн дуудлага өгсөн хүнийг нь гэрт нь оруулж өгөхөөр .......... байрны лифтэнд суугаад явж байтал 6 дугаар давхарт лифт зогсоод хаалга онгойход утас булааж аваад эвдсэн гэх эрэгтэй зогсож байсан дуудлага өгсөн иргэн энэ хүн мөн байна гэж заасны дагуу дээрх иргэнийг цагдаагийн хэлтэс дээр авчирч зөрчлийн байцаагчид хүлээлгэн өгсөн. ....... гэх иргэн нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Тухайн иргэн нь ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

              Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 29-33-р хуудас/

              Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт компанийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай “...Mi загварын утасны зах зээлийн үнэ 170.000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/

              Шүүгдэгч ........-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 56-р хуудас/

              Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах хуудаст “...3.22 хувийн согтолттой...” гэх гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-р хуудас/

              .......-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжлийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 66-72/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...гэм буруу дээр маргахгүй...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ........-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, бусад баримтуудаар давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Шүүгдэгч .... нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны оройн 20 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3......... байрны 1 давхарт цахилгаан шатны хэсэгт хохирогч .......-ны эзэмшлийн “Ми макс 2” /Mi Max 2/ загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 170.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх  гэмт хэргийн шинж нь  материаллаг  хохирол,  хор уршиг  учирсан байхыг  шаардахгүй,  бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу тодруулбал, хүндрүүлэх шинжгүйгээр үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн  шинжийг агуулдаг байна.

Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч ....... нь амар хялбар байдлаар мөнгө олох зорилгоор хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, цүнхтэй эд зүйлийг авч зугтаан өөртөө захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ...... нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ...-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч ..... нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Нийслэлийн ..... дүүргийн нутаг дэвсгэр болон ...... тогтоолгох саналтай...” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчээс “...уурхайн гүнд ажилладаг, ажил дээр бугуйвч зүүгээд байхад хэцүү байна. Тэнсэх ял оногдуулж өгөөч...” гэсэн дүгнэлтүүд гаргасан байна. 

******* нь урьд ял шийтгэлгүй, ам бүл ганцаараа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах байдлаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд тэрээр өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй байдал,  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруу дээр маргаагүй зэргийг тус тус харгалзан прокурорын санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.

  Шүүгдэгч *******-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С......-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .......-д хорих ял оногдуулахгүйгээр зургаан /6/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч *******-д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

5. Хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол .....-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. ......-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ