Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 19

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00055/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                              Б.Батзориг

                             Шүүгчид                                         Л.Амарсанаа

                                                                                    Г.Давааренчин

                            

                          Оролцогчид

                                Нэхэмжлэгч                                      *******

                          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван  нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 57 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар  сарын 12-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Миний бие 1980 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 1983 он хүртэл тээвэрчний гуанзанд кассчинаар ажилд ороод 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 10 дугаар дэлгүүрийн барааны тасагт түр кассаар ажиллаж байсан. Одоогоор би улсад нийт 21 жил ажилласан бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас минь болж нийгмийн даатгалд холбогдох баримтаа гаргаж өгсөн боловч дээрх хугацааны ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй, мөн хөдөлмөрийн дэвтрээ үерт урсгаж алга болсон гэдгээ хэлэхэд нийгмийн даатгал шүүхээр энэ асуудлаа шийдүүл гэсэн хариу өгсөн. Ингээд шүүхэд хандаж дээрх хугацааг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Иймд намайг Сэлэнгэ аймгийн худалдаа бэлтгэлийн трестэд 1980-1992 онд худалдагч, зөөгч, туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр  хянан хэлэлцээд 57 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* Сүхбаатар хотын худалдаа бэлтгэлийн трестийн 12 худалдагчтай дэлгүүрт 1983 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл кассчинаар, 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Сүхбаатар хотын худалдаа бэлтгэлийн трест 7 дугаар гуанзны ажилчин, кулинарын худалдагч, зөөгч, туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх 1980 оны 8 дугаар сараас 1983 оны 03 дугаар сар хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэлх хугацааг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүх миний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ зарим хэсгийг хангаж шийдвэрлээд харин миний Сэлэнгэ аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1980 оны 6 дугаар сард кассчинаар анх ажилд орсон болон ажиллаж байснаа нотлоогүй гээд 1980 оноос 1983 он хүртэл ажиллаж байсан гэх хугацааг тогтоох боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.  Үүнд би гомдолтой байна. Би анхан шатны шүүх хурлын дараа хөдөлмөрийн дэвтрээ олж авсан юм. Шүүх хурлаас өмнө миний хөдөлмөрийн дэвтрийг байхгүй байна, олдохгүй байна гэж нийгмийн даатгалын байцаагч хэлж байсан юм. Гэтэл шүүх хурлын дараа тус дэвтэр архиваас олдсон юм. Энэ байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгч дахин шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү  гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ******* нь 1980-1992 он хүртэл хугацаанд улсад ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасныг шүүх түүний хүсэлтийн заримыг нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг шүүх нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг бөгөөд тухайн хэргийн онцлог нь маргаан байдаггүй зөвхөн хүсэлт гаргагч этгээдийн хүсэлтээр шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн тухайн үйл явдлыг тогтоодог.

 

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1983 оны 03 сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд  дэлгүүрт касс, худалдагч, 7 дугаар гуанзад тогоочоор  тус тус нийт 7 жил 9 сар 13 хоног  ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

 Нэхэмжлэгч ******* нь 1980 оны 08 сард Сэлэнгэ аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн тээвэрчдийн гуанзад кассаар орж 1992 он хүртэл ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч анх ажилд орсон буюу 1980-1983 оны 03 сар хүртэл, 1992 онд тухайн байгууллагад ажиллаж байсан тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэхүү хугацааг тогтоох боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн заримыг хангаж шийдвэрлэсэн ч нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд хүсэлт гарган тухайн ажилласан хугацааг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

  

 Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлага гэж тодорхойлон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сэлэнгэ аймаг  дахь  сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 57 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн: 

 

1 дэх заалтыг

  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* Сүхбаатар хотын худалдаа бэлтгэлийн трестийн 12 худалдагчтай дэлгүүрт 1983 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл кассчинаар, 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Сүхбаатар хотын худалдаа бэлтгэлийн трест 7 дугаар гуанзны ажилчин, кулинарын худалдагч, зөөгч, туслах тогоочоор нийт 07 жил 09 сар 13 хоног  ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлт гаргагч нь бусад хугацаанд ажилласан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 408 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

       

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                           Л.АМАРСАНАА

                                                                              Г.ДАВААРЕНЧИН