| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2023/0401/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/430 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/430
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч П.Эрдэнэбат,
гэрч ********,
хохирогч *********, өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ж.Ганболд,
шүүгдэгч *********, өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108015072042 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *********************
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ********* нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хохирогч *********гийн итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох 38 тооны хонь, 11 тооны хурга, нийт 49 тооны малыг завшиж 10,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ********* тэр үед надад хэлээгүй, би нийлүүл гэж хэлээгүй, өөрсдөө дур мэдэж хонио нийлүүлсэн. Ийш тийшээ явж алга болоод би л хардаг байсан. Тэгээд хонь алга болсон, эд нарт мэдэгдсэн. Манайх 53-54 хонь, 8 ямаа алдсан. Адилхан хонио алдсан гомдолтой байна. *********манайх цөөвтөр хоньтой, нийлүүлээд хамт хариулъя гэдэг. Би 3, 4 удаа салгаж, тууж аваачиж өгсөн. Би малыг нь харж байсан. Надад хүлээлгэж өгөөгүй, би тоолж аваагүй. Эднийх 10 хонь тавьсан байснаас дутсан байсан. Би өөрийн мал дутснаа цагдаад мэдэгдээгүй. Эд нарыг хамт мэдэгдсэн гэж бодож явсан. *******, ******* нарын ярьсныг мэдэхгүй. ********* худлаа яриад байна. Өөрсдөө хонио зарчихаад намайг авсан гэж байгааг ойлгохгүй байна” гэв.
Хохирогч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “********* ах бол манай саахалтын хүн. ********* ахад итгээд 2021 оны 06 сарын 30-нд бид нар хонио хоёр талаасаа хяргаад, тэмдэглээд тоолоод нийлүүлсэн. ******** эгч ч тоолсон. Би 2-3 өдөр халуураад бие эвгүйрхээд байсан болохоор “хот яваад ирье” гэж хэлээд 07 сарын 01-нд хонио бэлчээхдээ захиад хот орж үзүүлэхэд корона туссан байсан. Би ********* ахад “бинзен тосны мөнгө өгнө, та харж байгаарай” гэж хэлэхэд “тэгье” гэсэн. Би хонь маланд явж байгаагүй, ***** ах л хардаг байсан. 07 сарын 06-нд эмнэлгийн мөнгө хэрэгтэй байсан учраас Эмээлтээс ченж авч очоод ***** ахаас “хонь хаана байгаа вэ, би хонь зарах гэсэн юм” гэхэд “тэр энгэрт байна” гэж хэлсэн. Тэгээд очиход миний зарах гэсэн хонь алга болсон байхаар нь ********* ахаас асуухад “шөнө хонь үргээд байсан мэдэхгүй” гэж хэлсэн. Хонь тоолоод үзэхэд манайхаас 49 тооны хонь дутсан. Манайх хонио ялгаад тоололцоход ********* ах манайхаас хонь дутсан гэж хэлээгүй. Би цагдаад өргөдөл өгөөд 2-3 өдөр хайсан. Тэр хавийн хүмүүс танайх эзгүй байхад *********ынх хонь мал зараад байсан, ********* алуулсан байна лээ гээд хэлээд байсан. Би цагдаад өргөдөл өгчихөөд буцаж очоод ********* эгчтэй тоолоод мөрдөгч ********* ирээд “хонио тоолсон уу” гэхэд “тоолсон” гэсэн. Би тэр үед бичлэг хийсэн. Бүгдийг хүйсээр нь ялгаж тоололцсон. Эднийх 172 байсан, манайх 165 байсан. Тухайн өдөр ********* эгч 88 хонь, 90 ямаа байсан гэж хэлсэн. Бид хоёр анх тоолсон хониноос илүү гараад байсан. Эднийх манай хониноос тэмдэглээд хониндоо нийлүүлсэн байсан. Манайхаас яах аргагүй 49 хонь дутсан. ********* эгч манайхаас дутаагүй байна гэсэн. Мөрдөгч гараад явсны дараа ********* ах уурласан. ********* ах *********ь хоёрынх ойрхон. *********ь “бид хоёрыг ирэнгүүт алж байсан хонио гэртээ оруулаад гаргаж ирээд гэрийнхээ ард хийгээд байсан. Өөрийнхөө хонийг зарж байсан бол тэгэхгүй шүү дээ” гэсэн. ********* “толгойн орой дээрээ ногоон будагтай хонь гаргасан” гэж хэлсэн. Тэр үед ********* ахыг ингэнэ гэж бодоогүй. Би ********* ахын данс руу мөнгө өгсөн баримт байгаа. Энэ хэргээс болж миний гарыг хугалсан, жирэмсэн байхад зодож хүүхэд зулбуулсан. Та нар яах юм, яаж ч чадахгүй гэж хэлсэн. Илт басамжилж намайг доромжилсон. Би гомдолтой байна” гэв.
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны хавар манай тэнд нүүж очсон. ********* ахынд 6 сарын сүүлээр хонио хяргаад хүлээлгэж өгсөн. 7 сарын эхээр ирж хонио ялгаж авсан. Хонь алга болсон талаар бидэнд хэлж байгаагүй. Аав ээжээсээ 160 гаран мал авсан байсан. ********* ахаас 110 хонь буцааж авсан. ********* ах манай нэг хонийг өөрийнхөө тэмдгээр тэмдэглээд имийг нь өөрчилсөн байсан. Толгой дээр нь ногооноор будсан 20 хонь ********* аймгаас худалдаж авсан байсан” гэв.
Эрүүгийн 2108015072042 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч *********гийн: “Би 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Корона вирус тусаад Улаанбаатар хот орж тусгаарлалтанд орохоор болоод өөрийн 98 тооны хонь, 30 тооны ямаа, 32 тооны хургыг саахалт айлын ********* гэх залууд “харж байгаарай” гээд захиж үлдээгээд явсан. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тусгаарлалтаас гараад гэртээ очихдоо 10 хонь зарах санаатай Эмээлтээс малын ченж аваад ********* гэх залуу дээр очиход “Танай хонины тал нь байхгүй болсон юм шиг байна. Урд шөнө үргээд байх шиг байсан хулгайлаад аваад явсан юм шиг байна” гэж хэлсэн. Би хонио ялгаад тоолж үзэхэд 38 тооны хонь, 11 тооны хурга алга байсан. Тэр хавиар хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Танай хонийг ялгасны дараа харин манай хонь дутсан байна гэдгийг мэдсэн гэж хэлсэн. Нэг хонийг дундажаар 250,000 төгрөг, нэг хургыг 50,000 төгрөгөөр үнэлж байна.
...Намайг хотын *********өөс Ж********* тосгонд шууд ирээд *********ынд орж ирэхэд надад миний мал алга болсон гэдгийг хэлээгүй юм байж намайг малаа асуусны дараа “танай мал алга болсон” гэж хэлсэн. *********, *********ь нар надад “********* танай хониноос аваад байна шүү дээ, та нар мэддэггүй юм уу” гэж хэлж байсан. Манай хонь алга болсны дараа *********ынх болон манай хонины тоог гаргаж тоолох үед *********ын хониноос алга болохгүй дан ганц манай хониноос алга болсон байсан. 2021 оны 6 сарын орчим манай хонины им тэмдгийг өөрчилж өөрийнхөө хонинд нийлүүлж байсан. Би тухайн үед асуухад “андуурчихаж” гэж хэлж байсан. Тухайн үед энэ хэргийг шалгаж байсан эрүүгийн мөрдөгч *********ийн хажууд малыг бүртгэж тоолж үзэхэд *********ын хонь дутаагүй байсан. *********ын эхнэр ********* хүлээн зөвшөөрч байсан.
...2021 оны 6 дугаар сарын 30-нд ********* гэх хүнд “Би танай хонинуудтай өөрийн хонь, ямаагаа нийлүүлээд танд үлдээлээ, та харж байгаарай. Дүү нь бие өвдөөд эмнэлэгт хэвтэх боллоо. Би танд энэ сарын мал харах бинзен тос, ойр зуур хэрэглээний мөнгө өгнө гээд 100 гаран мянган төгрөгийг өөрийн ...данснаас ********* ахын данс руу шилжүүлэн өгсөн. ********* ах “Миний дүү санаа зоволтгүй, ах нь хонийг чинь дутаахгүй хараад байж байна” гэж хэлсэн. 2021 оны 07 сарын 06-ны өдөр хонио тоолоход манай хонь дутсан, *********ынх бүрэн байсан. Эрүүгийн мөрдөгч ********* хонь тоолох үед хамт байлцсан. *********ын эхнэр, би, ********* мөрдөгч бид нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр уулзаж хониныхоо тоог тулгахад манай хонь дутаж, *********ын хонь бүрэн байсан. ********* ахын хонь бүрэн байсныг түүний эхнэр ********* болон эрүүгийн мөрдөгч ********* нар мэдсэн. ********* *********д “Тэгвэл ойлгомжтой, танаа хонь бүрэн, *********гийн хонь дутуу байна, та авсан юм биш үү” гэхэд ********* ах сандраад “за тэгвэл би чиний хонийг төлнө, чи битгий цагдаа энэ тэр гээд гай удаад бай” гэж хэлсэн. Сүүлд над руу ********* ах утсаар залгаад “Хохь чинь шүү дээ, би танай хонийг авсан, та нар өөрсдөө хонио харахгүй яасан бэ” гэж хэлсэн. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 29-30, 74-75 дахь тал),
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.01.03-ны өдрийн 2488 дугаар тайланд: “Хонь 1 ширхэг 250,000 төгрөг, 38х250,000=9,500,000 төгрөг, хурга 1 ширхэг 50,000 төгрөг, 11х50,000=550,000 төгрөг, нийт 10,050,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
Гэрч Ц.*********ийн: “Би *********ам гэх газар зусаж байсан. 2021 оны 7 дугаар сарын эхээр ********* гэх хүн нэг орой харанхуй болохоос өмнө бүрэнхийд гэрийнхээ гадна нэг хонь гаргаж байснаа даваан дээрээс машины гэрэл тусахад гаргаж байсан хонио орхиод гэр лүүгээ орсон. Хэний хонь байсныг мэдэхгүй байна. Тухайн үед харанхуй бүрийд ********* гэх хүн хонь гаргасан болохоор *********гийн хонийг гаргачихлаа гэж ойлгоод сүүлд *********д танай хониноос ********* гаргасан байж магадгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дахь тал),
Гэрч М.*********ын: “...2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ********* ахын гэрээс нэг танихгүй эрэгтэй “хонь барилцаад өгөөч, би худалдаж авч байгаа юм” гэхээр нь би хонийг барилцаад өгтөл “гаргаад өгөөч, би гаргаж чадахгүй” гэсэн. Би тэр хүнд хонийг гаргаж өгөөд байж байтал ********* ах, эхнэртэйгээ ирээд гэдсийг нь арилгаад тэр хүнд өгөөд явуулсан. Тэр хонь хүрэн хүзүүтэй, эр, толгойн орой дээрээ ногоон өнгийн будагтай байсан. Хонь гаргаж өглөө гээд тэр худалдаж авсан хүн нь надад 20,000 төгрөг өгсөн. ********* ах, ********* гэх залуу хоёр малаа нийлүүлж малладаг.
...Уг хонь ********* гэх хүний хонь биш, Мөнх-Эрдэнэ, ********* гэх айлын хонины нэг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40, 44-45 дахь тал),
Гэрч Б**********: “...Тухайн үед *********, ********* нар хонио тоолж, ялгаж дуусгаад надтай ирж уулзсан. Уулзалтын үеэр хохирогч ********* “Бид нар хонио тоолж ялгалаа, *********ын хонь бүрэн байна” гэхэд ********* гэх хүн “Үгүй ээ, манайхаас 50 гаруй хонь дутуу байна” гэж хэлж байсан. Хохирогч ********* “Үгүй ээ, анх малаа тоолж нийлүүлэхэд танайх хонь, ямаатайгаа нийлээд 172 толгой байсан” гэхэд хажуугаас *********ын эхнэр ********* “Тийм ээ, манайх хонь, ямаа нийлээд 172 толгой байсан” гэж хэлсэн. Тэгээд ********* “За тэгвэл сая тоолсон тоогоо нийлүүлье” гэхэд ********* “ишиг 28, ямаа 52, хонь 69, дүүгийн 20 гаран хонь байгаа” гэж хэлж байсан санагдаж байна. Тэр үед ********* “тавиул мал тавьсан эмээгийн 40 гаран толгой мал байсан” гэхэд ********* “тийм ээ 23 хонь, 20 гаран ямаа байсан” гэж хэлсэн. ********* гар утасны тооны машин дээрээ “*********ын дээрх дурдагдсан тоог нэмэхэд 190 гаран толгой мал болж байна шүү мөрдөгчөө. Тэгвэл танай малаас дутаагүй байна шүү дээ” гэж хэлсэн. Миний санаж байгаагаар энэ яриан дундуур ********* “Яг одоо манай бэлчээрт байгаа мал 88 хонь, 90 ямаа байгаа” гэж хэлж байсан. Тэр үед би утсан дээрээ 88 хонь, 90 ямааг нэмж бодоход 178 толгой хонь, ямаа болж байсан. Миний бодож байгаагаар анх *********ын хонь, ямаа 172 толгой байсан юм бол хэрэг учрал *********ог өдөр *********ын ярьж байгаагаар 50 гаран мал дутсан гэхээр 178 толгой мал биш 120 гаран толгой малтай байх ёстой байсан. Тэгэхээр *********, *********, ********* нарын ярьснаар *********ын хонь бүрэн, *********гийн хониноос дутсан гэж тухайн үед ойлгож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал),
Гэрч *********“2021 оны хавар ************************************************* гэх газар нүүж ирсэн. 2021 оны 6 дугаар сарын дундуур ********* ахын хоньтой өөрийн хонио нийлүүлж ********* ах хардаг байсан. 2021 оны 6 дугаар сарын сүүлээр ********* ах болон манайх хонио нийлээд хяргаж будгаар тэмдэглээд тоолоод тавьсан. Эхнэр, бид хоёр хот руу явахдаа ********* ахад хонио захиж үлдээсэн. 2021 оны 07 сарын эхээр ирэхэд манай хонь дутуу байсан. Би ********* ахаас асуухад дутсан талаар хэлэхгүй байсан. Эхнэр, бид хоёр хонио ялгаж аваад тоолтол хонь дутуу байсан. ********* ах “Хонь тасраад явсан байх, би мэдэхгүй байна” гэсэн. Манай хонь зүүн чихний урд хайрцаг имтэй, сэрвээн дээрээ ногоон будагтай, ********* аймгаас ирсэн 20 тооны эр хонь толгой дээрээ ногоон будагтай байсан. ********* ахын хонь зүүн талын гуян дээр ногоон будагтай байсан. 2021 оны 07 сарын 06-ны өдөр хонь тоолж ялгахад манай зүс мэдэх харлаг хонио би таниад авах гэтэл хонины имийг өөрийн хонины имтэй төстэй болгоод зүүн гуян дээр нь ногоон будгаар өөрийн хоньтой адил будсан байсан. Би ********* ахаас “яагаад ингэж байгаа юм” гэж асуухад “андуурчихсан байна, чи наад хонио ав” гэж хэлсэн. *********ь гэх хүн надад “********* танай хонийг алаад зараад байдаг. Та хоёрыг харахаараа нуудаг” гэж хэлсэн. Манай саахалт айлын ах надад “********* хотоос ирсэн машинтай хүнд нэг хонь гаргаж өгч явуулсан, би тэр хонийг гаргаж өгсөн. Тэр хонь танай хоньтой ижил толгой дээрээ ногоон будагтай эр хонь байсан” гэж хэлсэн. ********* ах 2021 оны 07 сарын 08-ны өдөр хонь тоолсноос хойш 3-4 хоногийн дараа шөнөөр нүүгээд явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал),
Гэрч Х.*********: “2021 оны 07 сарын 05-06-ны шилжих шөнө адуу гэрийн гадаа ирж нохой хуцаад шуугиад байсан. Гараад хартал адуунууд гадаа байхаар нь хөөчихөөд хонио гэрийн хойноос хурааж ирсэн. Тэр үед 2 цаг өнгөрч байсан. Тэр шөнөө нэлээн чагнаж хэвтсэн. Би шөнийн 03 цаг 40 минут болж байхад гараад хартал дахиад баруун хойшоо гараад айлын урд хэвтэж байсныг гаднаа авчирч хураасан. Өглөө нь манай хүн ********* 10 хонийг тоолсон чинь 7 хонь байсан. Мөн манай хоттой хониноос нэлээд хонь дутсан байсан. ********* хонио хайж яваад ололгүй ирсэн. Манайх 172 хонь, 85 ямаатай байсан. 51 хонь, 8 ямаа, 7 хурга байхгүй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
Гэрч Ш.*********ын: “2021 оны 07 сарын 05-06-ныг шилжих шөнө манай хүүхэд Шар хээр морио аргамжихдаа хоёр удаа тооно тушиж үлдээсэн. Тэр шөнө хоёр, гурван удаа нохой хуцсан. Би хээрийн боохой байх гэж бодсон. Үүрээр баруун тийшээ уулын ар луу нохой хуцаад байхаар нь машинаа асаагаад араас нь явах гээд больсон. Өглөө нь аргамжаатай морь байхгүй байсан. Би жижүүрийн рапортонд тэмдэглүүлсэн. Тэр хавиараа морио хайж байгаад үдээс хойш урд талын даваан дээр *********, ********* нартай уулзаж алга болсон морио захисан. Тэр үед ********* “хонь цөөхөн юм шиг байна” гэж ярьж байсан. Маргааш өглөө нь ...*********гийн гадаа ********* “хонины тал байхгүй байна” гэсэн явж байсан. Би “хэзээ алга болов, яав ийв” гэж асуухад “уржигдар шөнө алга болсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “миний морь бас хамт алга болсон юм байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),
Гэрч Г.*********ийн: “********* ах 2021 оны хавраас манай дэлгүүрт 80,000 төгрөгийн өр тавьсан байсан. Уг өрөө 2021 оны намар төлсөн. ********* ах 2021 оны 06 сараас 07 сарын 10-ны өдрүүдэд манай дэлгүүрээр үйлчлүүлж архи авдаг байсан. Тухайн үед мөнгөжүү байсан. Голдуу архи авдаг, авахаараа 2-3 шил 0,75 литрийн архи авдаг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),
Шүүгдэгч *********ын яллагдагчаар өгсөн: “********* ********* гэх айл манайхтай саахалт байж байгаад 2021 оны 05 сарын сүүлээр ********* “Хоёулаа хонинуудаа нийлүүлээд хариулъя, манай хонь цөөхөн болохоор алга болох гээд хэцүү юм” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөгүй. 3-4 хоногийн дараа ********* хонио нийлүүлсэн байсныг мэдсэн. Үүнээс хойш ********* нөхөр ********* хамт Улаанбаатар хот руу явахдаа “Манай хонийг харж байгаарай” гэхээр нь би тухайн үедээ за гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй. Хоёр хоногийн дараа тухайн хүмүүс хотоос ирсэн. Бид нар хонь малаа ээлжлэн хардаг байсан. 2022 оны 7 дугаар сарын 05-наас 09-ний өдөр манайхаас 50 гаран хонь алга болсон. ********* гэх айлаас хэдэн хонь алга болсныг би мэдэхгүй байна. Тухайн өдөр ********* цагдаа руу бүртгүүлнэ гээд явсан. Үүнээс хойш манайх малаа аваад ********* аймгийн ********* суманд нүүж ирсэн. Тухайн үед ********* гэх айлынх 200 орчим хонь, ямаатай байсан. 2022 оны 7 дугаар сарын 05-ны үдээс хойш гэртээ ирэхэд ********* хүрэн хүзүүтэй, толгой дээрээ ногоон будагтай эр хонь гаргаж байсан. Би тэр өдөр хэн нэгэн хүнд хонь зараагүй. Харин ********* өөрөө хонь зарсан байсан. *********ын хэлсэн үнэн байна, миний харсан зүйлийг ярьсан байна. ********* манай хоньтой өөрсдөө дур мэдэн нийлүүлсэн бөгөөд надтай хонь харах хөлс, цалин ярилцсан асуудал огт байгаагүй. Яагаад гэвэл би хонийг нь харахыг зөвшөөрөөгүй юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал),
мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол (хх-1), хохирогчийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-14), гар бичмэл (хх-52-53), шүүгдэгчийн хохирогч *********гийн эрүүл мэндэд халдсан гэх хэргийн талаарх баримтын хуулбарууд (хх-118-152),
шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-87), дансны хуулга (хх-104-105) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч *********ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-32, 42)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********* нь *********дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 06-ны өдрүүдийн хооронд хохирогч *********гийн итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох 38 тооны хонь, 11 тооны хурга нийт 49 тооны малыг завшиж 10,050,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй. Хохирогч үнэн зөв мэдүүлсэн, түүнчлэн хууль сануулсан байгаа. 10,250,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул гаргуулж хохирогчид олгох саналтай...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч Ж.************ “Мөрдөн шалгах ажиллагаа хязгаарлагдмал нөхцөлд хүртээмжтэй явагдах ёстой. Энэ хэрэг хүртээмжтэй явагдаагүй байна. Улсын яллагчтай зүйлчлэлийн хувьд санал нэг байна. Шүүгдэгч хэрэгт 4 удаа мэдүүлэг өгсөн. Тооны хувьд анх 80, хоёр дахь удаа 40, гурав дахь удаа 30 гэж ярьсан. Өнөөдөр ойролцоо гэж ярьсан. Шүүгдэгчийн мэдүүлэг нотлох баримтын эх сурвалжаа зааж чадахгүй бол нотлох баримт болохгүй. Малчин хүн малаа тоолж бүртгэж хотлуулдаг, мэдэхгүй байх боломжгүй. 07 сарын 05-нд гэмт хэрэг гарсан. Хохирогч 07 сарын 09-нд өргөдөл гаргахдаа “*********ыг шалгаж өгнө үү” гэсэн. ********* хэрэгт 2 удаа мэдүүлэг өгч 07 сарын 05-ны өдрийн үйл явдлыг мэдүүлдэг. Духан дээрээ ногоон будагтай хонь гэж хэлсэн. Энэ хонь *********гийн хонь. *********ын хонь хондлой дээрээ ногоон тэмдэгтэй. Энэ нь мэдүүлгүүдийг нотолж байна. Хохирогч малаа хэд хоног хадгалуулах гэж өгсөн. Мал маллаж байсан гэдгээ хэлсэн. Хяргаж байх үед малаа тоолсон. Энэ үед ********* байсан. Гомдол, мэдээлэл шалгаж байсан мөрдөгч ********* *********ын мал дутаагүй, *********гийн мал дутсан гэдгийг хэлсэн. Гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч Ц.********* “Өмгөөлөгч Ган*********той санал нэг байна. *********ын тухайд 20-30 жил мал маллаж байгаа хүний хувьд өнөөдөр хүний малын тэмдгийг мэдэхгүй гэж ярьж байгаа нь үнэнд нийцэхгүй. Шүүх хуралд болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө миний малнаас 80, 40, 30 тооны мал дутсан гэж ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл цагдаагийн байгуулагад гомдол гаргаагүй байна. 200 гаран хониноос алга болсон байхад мэдэхгүй гээд зогсож байна. Хохирогчийн малын тоо тодорхой, зөрүүгүй хэлж байгаа. Энэ мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Малыг бусдад зарж борлуулсан нь харагддаг. 10,250,000 төгрөгийн бодит хохирол учирсан. Гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Нэг талыг барьж яллах дүгнэлт үйлдсэн. Би урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг энэ хүнийг яллах талын нотлох баримтыг бүрдүүлэхгүйн тулд өгөөгүй. *********д энэ малыг хүлээлгэж өгсөн, авсан уу авсан гэж тааж тулгаж хариуцуулах гэж тайлбар өгч байна. Түүнээс энэ хүнд тэдэн хонь хүлээлгэж өгснөөс хэд дутсан талаар баримт нь хаана байгаа вэ. Хохирогч аав ээжээс тасалж өгсөн хонь гээд байгаа боловч яг хэд гэдэг нь нотлогдохгүй байна. ********* үнэхээр мэдэхгүй байгаа учраас мэдэхгүй байна. Өөрийн хонь нь алга болсон учраас гомдолтой, хохиролтой байгаа. Улсын яллагчаас монгол хүн юм чинь харах үүрэгтэй гэж яллаж байгаа. Гэрчийн мэдүүлгээр нотолж байна гэж байгаа боловч тэдгээр гэрч нь таамаг төдий мэдүүлэг өгсөн, хэрэв тэр хонийг зарсан бол тэр зарж үрсэн мөнгө нь хаана байгаа гэдэг нь нотлогдохгүй. ********* нь толгой дээрээ тэмдэгтэй хонь алсан талаар яриад байдаг, ********* мэдэхгүй. ********* тэр хонийг өгчихөөрэй гэж Гантөмөрт хэлсэн байдаг. Тиймээс энэ нь тогтоогдохгүй байна. ********* хонь тоолоход өөрөө тоолоогүй гэдгээ хэлсэн. Цалин хөлс аваагүй гэдгээ хэлдэг. Хэрэгт баримт байхгүй байна. Өөр аймгаас ирсэн учраас тэр нутгийн хүмүүс дээрэлхдэг байсан. Энэ талаар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримт эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Итгэмжлэн хариуцах үүрэг хүлээгээгүй, хариуцсан баримт байхгүй тул гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “Хохирогчийн малыг гэрээ хийж болон тоолж хүлээн авсан асуудал байхгүй, малыг хүлээлгэж өгсөн гэж таамаглаж яллаад байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан хохирогч *********гийн “...Корона вирус тусаад Улаанбаатар хот орж тусгаарлалтанд орохоор болоод өөрийн эзэмшлийн 98 тооны хонь, 30 тооны ямаа, 32 тооны хургыг саахалт айлын ********* гэх залууд “харж байгаарай” гээд захиж үлдээгээд явсан. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 10 хонь зарах санаатай Эмээлтээс малын ченж аваад гэртээ очиход ********* надад “Танай хонины тал нь байхгүй болсон юм шиг байна. Урд шөнө үргээд байх шиг байсан хулгайлаад аваад явсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би хонио ялгаж яваад тоолж үзэхэд 38 тооны хонь, 11 тооны хурга алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-25-26), гэрч М.*********ын “...2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ********* ахын гэрээс нэг танихгүй эрэгтэй “хонь барилцаад өгөөч, би худалдаж авч байгаа юм” гэхээр нь би барилцаад өгтөл “гаргаад өгөөч, би гаргаж чадахгүй” гэхээр нь гаргаж өгөөд байж байтал ********* ах, эхнэртэйгээ ирээд гэдсийг нь арилгаад тэр хүнд өгөөд явуулсан. Тэр хонь хүрэн хүзүүтэй, эр, толгойн орой дээрээ ногоон өнгийн будагтай байсан. ********* ах, ********* гэх залуу хоёр малаа нийлүүлж малладаг...” гэх мэдүүлэг (хх-39-40), гэрч Б.*********ийн “...*********ын эхнэр ********* яг одоо манай бэлчээрт байгаа мал 88 хонь, 90 ямаа байгаа гэж хэлж байсан. Тэр үед би гар утсан дээрээ 88 хонь 90 ямааг нэмж бодоход 178 толгой хонь ямаа болж байсан. Миний бодож байгаагаар анх *********ын хонь, ямаа 172 толгой байсан юм бол хэрэг учрал *********ог өдөр *********ын ярьж байгаагаар 50 гаран мал дутсан гэхээр 178 толгой мал биш 120 гаран толгой малтай байх ёстой байсан. Тэгэхээр *********, *********, ********* нарын ярьснаар *********ын хонь бүрэн, *********гийн хонь дутсан гэж тухайн үед ойлгож байсан...” гэх мэдүүлэг (хх-49-50), гэрч Ц.*********ийн “...2021 оны 7 дугаар сарын эхээр ********* гэх хүн нэг орой харанхуй болохоос өмнө бүрэнхийд гэрийнхээ гадна нэг хонь гаргаж байснаа даваан дээрээс машины гэрэл тусахад тухайн үед гаргаж байсан хонио орхиод гэр лүүгээ орсон. ...Тухайн үед харанхуйд ********* хонь гаргасан болохоор *********гийн хонийг гаргачихлаа гэж ойлгоод сүүлд хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-79-80), гэрч Э.********* “...2021 оны 6 дугаар сарын дундуур ********* ахын хоньтой өөрийн хонио нийлүүлж ********* ах манай хонийг хардаг байсан. 2021 оны 6 дугаар сарын сүүлээр ********* ахынх болон манайх хонио нийлээд хяргаж будгаар тэмдэглээд тоолоод тавьсан. Эхнэр, бид хоёр хот руу явахдаа ********* ахад хонио захиж үлдээгээд явсан. 2021 оны 07 сарын эхээр ирэхэд манай хонь дутуу байсан. Би ********* ахаас асуухад дутсан талаар хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-82-83), шүүгдэгч *********ын яллагдагчаар өгсөн “...2021 оны 05 сарын сүүлээр ********* “Хоёулаа хонинуудаа нийлүүлээд хариулъя, манай хонь цөөхөн болохоор алга болох гээд хэцүү юм” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөгүй. 3-4 хоногийн дараа ********* хонио нийлүүлсэн байсныг мэдсэн. Үүнээс хойш ********* нөхөр ********* хамт Улаанбаатар хот руу явахдаа “Манай хонийг харж байгаарай” гэхээр нь би тухайн үедээ за гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй. Бид нар хонь малаа ээлжлэн хардаг байсан...” гэх мэдүүлэг (хх-70-71)-үүдээр шүүгдэгч *********, хохирогч ********* нар малаа нийлүүлж, хамт малладаг, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч *********д “Харж байгаарай” гэж хэлэн хохирогч ********* түр хугацаагаар малаа шилжүүлэн өгсөн болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Хохирогч ********* хэрэгт нийт 3 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн мэдүүлэг бусад эх сурвалжаар тогтоогдож, харин шүүгдэгч “би малыг нь хүлээж аваагүй, хэдэн тооны мал байсныг мэдэхгүй” гэж мэдүүлсэн боловч өөрийн мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй гэж үзлээ.
Шүүгдэгч ********* хохирогчийн мал алга болох үед түүний 53-54 тооны хонь, 8 ямаа хамт алга болсон гэх боловч хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар шүүгдэгчийн мал алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй болно.
Хохирогч ********* шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид мал харуулсны төлбөр өгч байсан гэж мэдүүлсэн ч хэрэгт авагдсан баримт болон дансны хуулга (хх-104-105)-аар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэж өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлсэн эсхүл хадгалагч этгээдэд итгэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн эд хөрөнгө, эд юмсыг ойлгох нь зүйтэй. Энэхүү харилцаа нь гэрээний дагуу эсхүл гэрээгүйгээр итгэмжлэн өгсөн байж болно. Өөрөөр хэлбэл өмчлөгч өөрөө хүсэж өмч хөрөнгөө гэмт этгээдэд сайн дураараа шилжүүлсэн байх бөгөөд хохирогч өөрөө хүсэж, гуйж эд хөрөнгөө бусдад хадгалуулах, түр хэрэглүүлсний дараа буцааж авах гэх мэтээр гэмт этгээдийн эзэмшилд түр хугацаагаар, сайн дураар итгэмжлэн шилжүүлснээр илэрхийлэгддэг.
Хөрөнгө завших нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг дээрх байдлаар эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу мөрдөгчийн 2022.12.15-ны өдрийн тогтоолоор эд зүйлийн үнэлгээг тогтоолгохоор “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийг томилж, улмаар уг хуулийн этгээд 2022.01.03-ны өдөр хөрөнгийн үнэлгээний 2488 дугаар тайлан гаргаж хонь, хургыг тоо ширхэг болон нэг бүрийн үнэлгээг тогтоож нийт хохирлын дүнг 10,050,000 төгрөгөөр тогтоосныг яллагдагч, хохирогч нарт танилцуулсан (хх-58, 59) байна. Иймд дээрх хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнийг хууль бус, түүнчлэн хохирогчийн хэлсэн үнийн дүнгээр тогтоосон байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд учирсан хохирлын хэмжээг 10,250,000 төгрөг гэж үнэлгээгээр тогтоосноос өөрөөр бичсэн байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх алдааг 10,050,000 төгрөг гэж зөвтгөснийг тэмдэглэж байна.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********* нь ************дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 06-ны өдрүүдийн хооронд хохирогч *********гийн итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох 38 тооны хонь, 11 тооны хурга нийт 49 тооны малыг завшиж 10,050,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч *********гийн “...өөрийн эзэмшлийн 98 тооны хонь 30 тооны ямаа 32 тооны хургыг саахалт айлын ********* гэх залууд “харж байгаарай” гээд захиж үлдээгээд явсан. Би хонио ялгаж яваад тоолж үзэхэд 38 тооны хонь, 11 тооны хурга алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-25-26, 74-75), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-55-56), гэрч М.*********ын “...2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ********* ахын гэрээс нэг танихгүй эрэгтэй хүн “хонь барилцаад өгөөч, би худалдаж авч байгаа юм” гэхээр нь би барилцаад өгтөл “гаргаад өгөөч, би гаргаж чадахгүй” гэхээр нь би гаргаж өгөөд байж байтал ********* ах эхнэртэйгээ цуг ирээд гэдсийг нь арилгаад тэр хүнд өгөөд явуулсан. Тэр хонь хүрэн хүзүүтэй, эр, толгойн орой дээрээ ногоон өнгийн будагтай байсан...” гэх мэдүүлэг (хх-39-40), гэрч Б.*********ийн “...*********ын эхнэр ********* яг одоо манай бэлчээрт байгаа мал 88 хонь, 90 ямаа байгаа гэж хэлж байсан. Тэр үед би гар утсан дээрээ 88 хонь 90 ямааг нэмж бодоход 178 толгой хонь ямаа болж байсан. Тэгэхээр миний бодож байгаагаар анх *********ын хонь, ямаа 172 толгой байсан юм бол хэрэг учрал *********ог өдөр *********ын ярьж байгаагаар 50 гаран мал дутсан гэхээр 178 толгой мал биш 120 гаран толгой малтай байх ёстой байсан. Тэгэхээр *********, *********, хохирогч ********* нарын ярьснаар *********ын хонь бүрэн, *********гийн хонь дутсан гэж тухайн үед ойлгож байсан...” гэх мэдүүлэг (хх-49-50), гэрч Ц.*********ийн “...2021 оны 7 дугаар сарын эхээр ********* гэх хүн нэг орой харанхуй болохоос өмнө бүрэнхүйд гэрийнхээ гадна нэг хонь гаргаж байснаа даваан дээрээс машины гэрэл тусахад тухайн үед гаргаж байсан хонио орхиод гэрлүүгээ орсон...” гэх мэдүүлэг (хх-79-80), гэрч Э.********* “...2021 оны 6 дугаар сарын сүүлээр ********* ахынх болон манайх хонио нийлээд хяргаж будгаар тэмдэглээд тоолоод тавьсан. Эхнэр, бид хоёр хот руу явахдаа ********* ахад хонио захиж үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг (хх-82-83) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *********ын хохирогч *********гийн түр хугацаагаар шилжүүлэн өгсөн малаас 38 хонь, 11 хургыг хувьдаа завшсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч *********д 10,050,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч *********оос 10,050,000 (арван сая тавин мянга) төгрөг гаргуулж, хохирогч ********* (***********дүүргийн ** дүгээр хороо, ********* *-*** тоотод оршин суух, РД:**********, утас:*******)-д олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгчийн хохирол төлөөгүй, гэм буруу дээр маргаж оролцсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Ган********* “Улсын яллагчтай санал нэг байна. Хохирол төлөхгүй гэж байгаа, үлэмж хэмжээнээс дээш хохирол учирсан. Эрүүгийн хариуцлага цээрлүүлэх, хохирол нөхөн төлүүлэх зорилготой байдаг” гэж,
хохирогчийн өмгөөлөгч Ц.********* “Хэлэх зүйлгүй” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч ********* малыг завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. Би аваагүй учраас төлөхгүй гэж хэлсэн. Эрүүгийн хариуцлагын талаар санал байхгүй. Улсын яллагчийн санал дээр хэлэх зүйл байхгүй. Давж заалдана гэж байгаа. Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар саахалт айлууд бөгөөд малаа нийлүүлж малладаг байсан, шүүгдэгч нь хохирогчийн түр хугацаагаар шилжүүлэн өгсөн малаас 38 хонь, 11 хургыг хувьдаа завшсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 10,050,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолтой, хохирлоо барагдуулж авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлөхгүй, би мэдэхгүй, байгаагүй гэх мэтээр үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ********* ********* аймгийн *****суманд байнгын оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор оршин суух газар нь тодорхойгүй, өөрийн амьдарч байгаа газрын хаягаа тодорхой мэдэхгүй байгаа зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял болон бусад ял оногдуулах боломжгүй гэж үзээд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ******* овогт *****гийн *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ыг 1 (нэг) жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********оос 10,050,000 (арван сая тавин мянга) төгрөг гаргуулж, хохирогч ********* (*********** дүүргийн ** дүгээр хороо, ******** *-***тоотод оршин суух, РД:*********, утас:********)-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР