Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/317

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Хонгорзул,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2499/, Ю.Тогмид /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105025320108 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянхонгор аймгийн *** сум, *** дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/, урьд

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 656 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн авч ирсэн, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь фейсбүүк орчинд “***” гэх хаягаас “Юнителийн дугаар зарна” гэсэн зар байршуулан хохирогч ***ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-д бусдын дансыг ашиглаж 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг Шүүгдэгч ***ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 1 дэх тал),

2. Хохирогч ***ын Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 15 дахь тал),

3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк үзээд байж байтал “***” гэх фейсбүүк хаягаас Юнителийн дугаар зарах пост оруулсан байхаар нь би чатаар “дугаар байна уу” гэж бичээд үлдээсэн байсан юм. Тэгсэн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр намайг гадуур явж байсан чинь тухайн фейсбүүкээр холбогдоод “Одоо 2 дугаар үлдсэн. Та сонирхох юм уу” гэхээр нь би “Авна шүү” гэхэд “Одоо энэ дугаарыг хүн авах гээд байна. Би таны нэр лүү шилжүүлээд өгье. Та над руу одоо мөнгөө шилжүүлээд өгчих” гэхээр нь би “Ах нь тэгвэл мөнгөө шилжүүлье” гэж хэлээд Хаан банкны *** тоот *** гэсэн эзэмшигчтэй данс руу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19 цаг 16 минутад 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлчхээд Юнителийн салбар дээр очиход “Манайх *** гэх дугаарыг худалдаалаагүй. Та залилуулсан байна. Цагдаагийн байгууллагад ханд” гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би холбогдох дугаарыг нь асуухад надад өгөхгүй байсан. Зөвхөн фейсбүүк чатаар холбогдсон. Мөнгөө шилжүүлснээс хойш би “***” гэх фейсбүүк хаяг руу чат бичихээр ерөөсөө хариу өгөөгүй. Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын орчим явж байхдаа мөнгөө тухайн данс руу интернэт банкаараа шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70 дахь тал),

4. Гэрч Б.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн ажилладаг газар болох computer mall худалдааны төвийн №*** тоот лангуун дээрээ сууж байтал 15 цаг 51 минутад *** гэх дугаараас над руу залгаад “Lenovo брэндийн зөөврийн компьютер авах гэсэн юм аа. Мөнгөө хувааж шилжүүлье” гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд ажил дээрээ байж байтал миний эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу эхлээд 15 цаг 47 минутад *** тоот данснаас “7247” гэсэн гүйлгээний утгатай 500.000 төгрөгийн орлого дараа нь 16 цаг 10 минутад мөн тухайн данснаас “4188” гэсэн гүйлгээний утгатай 500.000 төгрөгийн орлого, дараа нь 19 цаг 16 минутад *** тоот данснаас “6897 ХААНААС:320000 ***” гэх гүйлгээний утгатай 500.000 төгрөгийн орлого орж ирсэн юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 цаг 21 минутад *** дугаараас над руу залгаад "Ахаа компьютероо дараа авахаар боллоо. Мөнгөө буцаагаад Хаан банкны *** тоот “***” гэх данс руу хийгээд өгөөрэй” гэхээр нь би буцаагаад өгсөн мөнгө болох 1.500.000 төгрөгийг нь шилжүүлсэн юм. ...Надтай 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр холбогдоод зөөврийн компьютер асууж байсан юм. Надаас зөөврийн компьютер авахаар ярьж байсан хүн *** гэх дугаартай, эрэгтэй хүн байсан. Миний эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас зарлага гарсан хуулга байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-75 дахь тал),

5. Батсайханы ***ийн Хаан банкны *** дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 52 дахь тал),

6. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-59 дэх тал),

7. 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2105025320108 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн 77-79 дэх тал),

8. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би *** гэх фейсбүүк хаягийг 2020 оны үед хүнээс нууц үгтэй нь хамт авч байсан хэнээс авсан гэдгээ санахгүй байна. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тухайн *** гэх фейсбүүк хаягаар *** гэсэн азын дугаар зарна гэсэн худал пост зар оруулсан бөгөөд зарын дагуу хүмүүс холбогдоод байсан бөгөөд нэг хүн мөнгө шилжүүлнэ дансаа өгчих гээд над руу холбоо барих үед нь Компьютер моллын худалдаачин эрэгтэйн дансыг өгсөн бөгөөд учир нь би нотебүүк тэр хүнээс худалдаж авах гэж байсан. Тэгсэн тэр дугаар авсан гэх хүн буюу одоогийн хохирогч *** нь Компьютер моллын худалдагч эрэгтэйн данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн байсан бөгөөд нотебүүкээ авахаа болиод гадуур явж байгаа үл таних эмэгтэйн дансыг гуйгаад тухайн 500,000 төгрөг шилжүүлж аваад Хаан банкны АТМ-аас бэлнээр тэр мөнгийг үл таних эмэгтэйгээс авсан. Тэгээд мөнгөөр нь мөрийтэй тоглоом тоглоод архи уусан байх. Би өмнө нь бүх хэргээ нэгтгүүлж шүүхээр ял шийтгэл авсан одоо дахин байхгүй байх. Би тухайн мөнгөөр мөрийтэй тоглоом болон архи дарс уугаад дууссан байх. Би дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, надтай хамтарч үйлдсэн ямар нэгэн хүн огт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол нөхөн төлсөн талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 ширхэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 91-132 дахь тал), ялын тооцооны тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 140 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгч *** нь фейсбүүк орчинд “***” гэх хаягаас “Юнителийн дугаар зарна” гэсэн зар байршуулан хохирогч ***ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-д бусдын дансыг ашиглаж 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан байна.

Энэ нь хохирогч ***ын Хас банкны дансны хуулга, гэрч Б.***ийн Хаан банкны дансны хуулга, хохирогч ***, гэрч Б.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ***ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***ыг  “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд, Ю.Тогмид нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамаарна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд өмнөх шийтгэх тогтоолоос өмнө үйлдэгдсэн болон тухайн гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, түүнд 975 /есөн зуун далан тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 975.000 /есөн зуун далан таван мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч ***т урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/656 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, уг ялаас 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2 жил 3 сар 25 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй болох нь ялын тооцооны баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 140 дэх тал)

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан.

Иймд шүүгдэгч ***ын дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой, ингэж шийдвэрлэх нь түүний эрхзүйн байдлыг дээрдүүлэх үндэслэл болно гэж дүгнэсэн.

Шүүгдэгч *** нь энэ хэрэгт 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 65 /жаран тав/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 975 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 975.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *** нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаа эдэлж дуусаагүй 2 жил 3 сар 25 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байх тул энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, хорих ангидаа очтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.  

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ад 500.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч *** нь шүүхийн шатанд хохирогч ***ад 500.000 төгрөгийн нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 975 /есөн зуун далан тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 975.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 975 /есөн зуун далан тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 975.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/656 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 25 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, 975 /есөн зуун далан тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 975.000 /есөн зуун далан таван мянга/-н төгрөгийг торгох ялаас хасаж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч ***ад 500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, хорих ангидаа очтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА