Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/36

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр                             Дугаар 2023/ШЦТ/36                              Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгч, хохирогч  П.А, Н.Г,

Шүүгдэгч, хохирогч Н.Гын өмгөөлөгч Ц.Баярмаа,

            Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овгийн Пын А, Б овгийн Ны Г нарт холбогдох 2328000000009 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

/Яллах дүгнэлтэд бичигдснээр/

Шүүгдэгч П.А нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн Хадах эмгэн гэх газарт орших Н.Гын гэрт 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой, зүүн нүд хэсэгт цохиж, биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Г нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн Хадах эмгэн гэх газарт орших гэртээ 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн гуя, шилбэнд хутгаар хатгаж, биед зүүн гуя, шилбэний зүсэгдэж хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч П.А, Н.Г нарын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч, хохирогч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч болон шүүгдэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч, хохирогч П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч П.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 дугаар сарын 12-нд Өмнөговь аймгийн Ханхонгор сум Хондот баг Хадах эмгэн гэх газарт Н.Гын гэрт 23 цагийн үед очиж 0,5 литрийн ногоон өнгийн шилтэй архи хувааж уусан. Тэгсэн Г надад хандан хоёулаа Батсуурийн гэрт очих уу гэсэн. Би бензин муутай явахгүй гэсэн чинь чи аймгаас ирж байж ганц айл руу явах бензин гаргаж чадахгүй байгаа юм уу бацаан минь гэж хэлсэн. Би чиний архинд явах бензинийг чинь бэлдээгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн Г над руу бацаан чинь томордог болжээ ахын дүү ахыгаа арай амжихгүй байх шүү гэж ирээд миний захаас заамдаад орон дээр дарсан. Би зөрүүлээд заамдаад авсан. Тэгсэн миний чигчий хурууг хазсан. Би өвдөөд байна гэсэн чинь ах нь тас хаздаг хүн шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би баруун гараараа зүүн нүд рүү нь 1 удаа цохисон. Тэгсэн Г чи миний нүдийг тагалчихлаа гээд цаашаа эргээд шкабнаас хутга аваад эргээд ирсэн. Би орон дээр сууж байсан чинь над руу хутгаа бариад хүрээд ирсэн. Би зүүн хөлөө өргөсөн чинь миний өргөсөн хөлийн шилбэнд 1 удаа хутгалсан. Би орон дээр хойшоо шахаад суух хооронд гуя руу 1 удаа хутгалсан. Тэгээд буцаад хутгаа шургуулганд хийсэн. Би Год цус гоожоод бие салаглаад байна гэж хэлсэн. Тэгсэн Г наадахаа арчаад цэвэрлээд боочих, гэмтлийг чинь үзээд боогоод янзалъя гэж хэлсэн. Би үгүй гэж хэлээд гэр лүүгээ явлаа гээд явсан. Тэгээд явж байгаад хөл өвдөөд байхаар нь Гынд буцаад очсон. Г цай чанаад байж байсан. Би ороод цай уугаад хэвтэж байхад өвчин намдаах эм гаргаж өгсөн. Тухайн эмийг уугаад унтсан. Тэгээд өглөө сэрээд би Год явлаа гээд гарсан. Тэгээд мотоциклио асааж чадахгүй болохоор Гоор мотоциклио асаалгаж аваад гэр лүүгээ явсан гэжээ. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 дугаар сарын 13-нд Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэх гэж Prius-20 маркийн авто машиныг 500.000 төгрөгөөр түрээсэлж явсан. Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд эмийн сангаас суга таяга 2 ширхгийг 60.000 төгрөгөөр,  өөрийн хэрэглээндээ ариун цэврийн цаас, саван, салфитка, 5л цэвэр ус, үзэмний шүүс, нийт 16.300 төгрөг болсон. 10 удаагийн боолт 20.000 төгрөг, гэмтлийн эмнэлэгт имрай эхо 150.500 төгрөгөөр 2 удаа нарийвчилсан шинжилгээнд орсон. Өвчин намдаах эм тариа аваад хэрэглэсэн боловч баримтаа авч хадгалаагүй бөгөөд 30.000 төгрөгийн эм авсан. 78.000 төгрөгөөр Дундговь аймгаас бензин авсан. Нийт 1.005.300 төгрөгийн хохирол учирсан. Мөн Таван-толгойд Энержи ресурс ХХК байгууллагад Нүүрс буулгагчаар бүртгүүлсэн байна. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тухайн байгууллагаас ажилдаа ор гэж дуудсан боловч эрүүл мэндээрээ хохироод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул явж чадаагүй хохирсон. Би 1 сарын цалингаа авч чадаагүй гомдолтой байна гэжээ. /хавтаст хэргийн 27 дахь тал/

Хохирогч Н.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Бор хошуу гэх газар Аийн гэрт очиж захисан 2 хайрцаг тамхи авсан. Тэгээд ярьж сууж байгаад манайд 1 шил архи байгаа хувааж ууя гээд дагуулаад гэртээ очсон. Манай гэр Аийн гэрээс зүүн урагшаа 5-7 км-т байрлах Хадах эмгэний бууц гэх газарт байдаг. А бид хоёр 1 шил 0,5 литрийн ногоон шилтэй архи хувааж уусан. Бид юм яриад сууж байгаад айл руу явъя нэг айлынд очъё би тэр айлд хононо гэж хэлсэн. А би айлд хонохгүй гэж хэлсэн. Тэгүүл чи явахгүй юу гэж хэлсэн чинь А намайг гэрээсээ хөөлөө энэ тэр гэж маргалдсан.  Бид 2 маргалдаад А миний зүүн нүд рүү 1 удаа өшиглөсөн. А баруун гараараа хоолой боож багалзуурдсан. Би нэг хурууг нь хазсан. Тэгсэн миний зүүн хөмсөг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгсэн хөмсөгнөөс цус гарсан. Би цусаа арчаад сууж байсан чинь тавагтай чихэр над руу цацаж шидсэн. Би гэрийн зүүн хойн сууж байсан. Аээс чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь чи намайг гэрээсээ хөөсөн гэж хэлсэн. Тэгээд А намайг гурвын дунд цохиод алчихна шүү гээд над руу чихэр шийдээд байсан. Удалгүй А намайг доороо дараад 2-3 удаа зүүн талын нүд рүү гараараа цохисон. Би болъё гэж хэлсэн чинь А намайг тавьсан. Би цус нөжөө арчаад эхнэр Баярмагнайгийн Юнителийн дугаар луу залгасан чинь утсаа аваагүй. Тэгсэн А надад хандан чи эхнэр лүүгээ залгах гэж байна уу гэж хэлэхээр нь би гэрийн зүүн талд байсан тавиур дээр байсан хутга аваад Аийг айлгах  гээд хутгаараа зүүн хөлийн шилбэ рүү 1 удаа хатгасан. А босоод ирэхээр нь хутгаараа зүүн гуя руу 1 удаа хутгалсан. Тэгээд бид хоёр больсон. Тухайн үед шөнийн 00:00 цаг болж байсан. Би хөлийг чинь үзье хармаар байна гэж хэлсэн чинь би явлаа гэр лүүгээ гээд байсан. Би гэрийн гадаа байсан Аийн мотоциклийн түлхүүрийг өгөөгүй. Тэгсэн А би алхаад явна гэсэн.  Би гэрт ороод ирээ наад шархийг чинь харъя боохгүй бол болохгүй гэж хэлсэн. А гэр лүүгээ алхаад явсан. Тэгээд би гэртээ байж байгаад 1 цагийн дараа гэрийн гадаа гараад харахад А явсан байсан. Удалгүй А манайд алхаад хүрээд ирсэн гэжээ. /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 345.794 төгрөгийн хохирол учирсан. 2023 оны 12 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд мэдүүлэг өгөөд буцаж явахад 50.000, 20.000, 40.000 төгрөгөөр нийт 110.000 төгрөгийн бензин, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5.694 төгрөгөөр эм авсан. 2022 оны 12 дугаар сарын 15-ны Томограф 36.000 төгрөг, Ор хоногийн мөнгө 203.100 төгрөг нийт 345.794 төгрөгийн хохирол учирсан байна гэжээ. /хавтаст хэргийн 35 дахь тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: П.Аийн биед зүүн гуя, шилбэний зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Гын биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 42-43 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14 дахь тал/

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/

Өвчний түүх /хавтаст хэргийн 56-67 дахь тал/

Хаан банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/

Хохирогч Н.Гын хохирлын баримт /хавтаст хэргийн 70 дахь тал/

Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 73 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 74 дэх тал/

Өмнөговь аймаг Ханхонгор сумын Хондот багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дахь тал/

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын хуулбар /хавтаст хэргийн 77-80 дахь тал/

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гавал тархины тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний хариу /хавтаст хэргийн 83 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 84 дэх тал/

П.Аийн компьютерт томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 89 дэх тал/

Хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоо /хавтаст хэргийн 90 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 91 дэх тал/

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 93 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дахь тал/

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дахь тал/

Хохирлын баримт /хавтаст хэргийн 98-99 дэх тал/

П.Аийн хүсэлтэд: П.А би Н.Гтой харилцан тохиролцож гомдол саналгүй болсон. Иймд бид 2-ын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна гэжээ. /хавтаст хэргийн 106 дахь тал/

Н.Гын хүсэлтэд: Н.Г би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, хэргийн зүйлчлэлтэй маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа тул өөрт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хүсэлтийг прокурорт гаргаж  байна гэжээ. /хавтаст хэргийн 107 дахь тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 108-109 дэх тал/

Прокурорын санал /хавтаст хэргийн 110 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч П.А, Н.Г нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг  2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай Прокурорын тогтоол /хавтаст хэргийн 108-109 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч П.А, Н.Г нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.А, Н.Г нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч П.А, Н.Г нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч П.А, Н.Г нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай Прокурорын тогтоол /хавтаст хэргийн 108-109 дэх тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч П.А, Н.Г нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.А, Н.Г нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан П.Аийн хүсэлтэд: П.А би Н.Гтой харилцан тохиролцож гомдол саналгүй болсон. Иймд бид 2-ыг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна гэжээ. /хавтаст хэргийн 106 дахь тал/, Н.Гын “яллагдагч Н.Г би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, хэргийн зүйлчлэлтэй маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа тул өөрт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хүсэлтийг прокурорт гаргаж  байна гэжээ. /хавтаст хэргийн 107 дахь тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч П.А, Н.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шүүгдэгч П.А, шүүгдэгч Н.Г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялыг тус тус хүлээн зөвшөөрч /хавтаст хэргийн 110 дахь тал/ танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.А нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн Хадах эмгэн гэх газарт орших Н.Гын гэрт 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой, зүүн нүд хэсэгт цохиж, биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Г нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн Хадах эмгэн гэх газарт орших гэртээ 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн гуя, шилбэнд хутгаар хатгаж, биед зүүн гуя, шилбэний зүсэгдэж хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч П.Аийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 27 дахь тал/, хохирогч Н.Гын мэдүүлэг /хавтаст хэргийн 30-, 35 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн “П.Аийн биед зүүн гуя, шилбэний зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн “Н.Гын биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дэх тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14 дахь тал/, Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

  Шүүгдэгч П.А, Н.Г нар нь бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.А нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн Хадах эмгэн гэх газарт орших Н.Гын гэрт 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой, зүүн нүд хэсэгт цохиж, биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Н.Г нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн Хадах эмгэн гэх газарт орших гэртээ 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн гуя, шилбэнд хутгаар хатгаж, биед зүүн гуя, шилбэний зүсэгдэж хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч Н.Г гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт шүүгдэгч П.Аээс 350.000 төгрөгийг, хохирогч П.А гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт шүүгдэгч Н.Гоос 650.000 төгрөгийг нотлох  баримт /хавтаст хэргийн 70, 98-99 дэх тал/-аар тус тус нэхэмжилсэн байна.

          Шүүгдэгч П.А нь хохирогч Н.Год 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн, шүүгдэгч Н.Г нь хохирогч П.Аэд 650.000 /зургаан зуун таван мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч П.А, Н.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч П.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Н.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан,

Шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Ц.Баярмаа: Прокурорын сонсгож байгаа ялын саналын хэмжээнд Н.Год 550 нэгжээр торгох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэх,

Шүүгдэгч П.А, Н.Г нар эцсийн болгож хэлэх зүйлгүй гэх тайлбарыг тус тус гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.А нь шүүхээс оногдуулсан 450.000  төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Н.Г нь шүүхээс оногдуулсан 550.000  төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А, Н.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.   

Шүүгдэгч П.А, Н.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст устгуулахаар шилжүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А, Н.Г нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч П.А нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх нь шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овгийн Пын А, Б овгийн Ны Г нарыг тус тус  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Год 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Аэд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Н.Г шүүхээс оногдуулсан 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.А шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор тус тус төлж барагдуулахыг даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А, Н.Г нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.А, Н.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст устгуулахаар шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч П.А нь хохирогч Н.Год 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн, шүүгдэгч Н.Г нь хохирогч П.Аэд 650.000 /зургаан зуун таван мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А, Н.Г нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч П.А, Н.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ