Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 20

 

Ц.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00003/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                              Б.Батзориг

                             Шүүгчид                                         Л.Амарсанаа

                                                                                    Г.Давааренчин

                                                      Оролцогчид

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч           А.Отгонбаяр

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 72 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Ц.Баттулгын нэхэмжлэлтэй Б.Ганхуягт холбогдох “2.610.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар  сарын 13-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч Ц.Баттулга анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Ганхуяг нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр надаас 2.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлэн энэ хугацаанд хүүнд 900.000 төгрөг нэмж төлөхөөр хэлцэл хийсэн. Улмаар дээрх мөнгийг 14 хоногийн хугацаанд төлөөгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцон өгөхөөр тохиролцсон. Өнгөрсөн 1 жил 6 сарын хугацаанд дансанд болон бэлнээр 1.090.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна. Би түүнээс 2.000.000 төгрөг хүүгийн хамт 2.900.000 төгрөг, алданги үндсэн зээл /үндсэн үүргийн/-ийн 50 хувиар бодоод 1.000.000 төгрөг нийт 3.900.000 төгрөгнөөс өөрийн эргүүлэн авсан 1.090.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1.810.000 төгрөг анх нэхэмжилсэн. Гэтэл нэхэмжлэл гаргах үед техникийн /тоон/ алдаа гарч 2.810.000 төгрөг нэхэмжилж байгаагаа 1.810.000 төгрөг гэж ташаа бичиж тэмдэглэсэн байна. Иймд энэ нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж байна. Үүнээс нэхэмжлэл гаргасны дараа дансаар шилжүүлсэн тодруулбал 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 200.000 төгрөгийг хасч одоо 2.610.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Ганхуяг нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр надаас 14 хоногт 900.000 төгрөгийн хүү төлөхөөр харилцан тохиролцож түүний хүсэлт гаргаснаар 2.000.000 төгрөгийг зээлж авсантай холбоотой бөгөөд хугацаа өнгөрсөн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр Б.Ганхуяг нь өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан бичгээр хийсэн гэрээтэй. Иймд түүнээс бэлэн болон бэлэн бусаар авсан нийт 1.290.000 /нэг сая хоёр зуун ерэн мянган/ төгрөгийг хасч үлдэх 2.610.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Ганхуяг анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие иргэн Ц.Баттулгаас 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөгийг зээлж хүүнд нь 900.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Уг зээлсэн мөнгөнөөс дансаар: 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 150.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөг өгсөн. Зээлсэн мөнгөнөөс бэлнээр 2016 оны 10 дугаар сард 250.000 төгрөг бэлнээр гэртээ байхад өгсөн. 2016 оны 11 дүгээр сард 440.000 төгрөг бэлнээр өгөхдөө 2 дугаар багийн иргэн Баярдалайгийн хашаанд Шунхлай клонкийн түгээгч Адъяахүүгийн хамт аваачиж өгсөн. 2016 оны 12 дугаар сард 160.000 төгрөгийг эхнэр Г.Сугар бэлнээр өгсөн, 2016 оны 11 дүгээр сард Шунхлай шатахуун түгээх станцаас 83.000 төгрөгөөр дизель түлш авахуулсан. 2016 оны 10 дугаар сард мөн бэлэн мөнгө 40.000 төгрөгөөр нэг удаа, 20.000 төгрөгөөр нэг удаа тус тус өгсөн. 2016 оны 09 дүгээр сард хөдөө аж ахуйн техникийн сэлбэг Улаанбаатар хотоос 30.000 төгрөгөөр авахуулсан. Нийт 1.250.000 төгрөгийг дансаар, 1.023.000 төгрөг нийт 2.273.000 төгрөг өгсөн. Гэтэл Ц.Баттулга нь 1.090.000 төгрөг авсан гэж бичсэн байна. Миний бие анх тохирч зээлж авсан мөнгөө харилцан тохиролцсон хүүгийн хамт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Үүргийн гүйцэтгэлийн алданги 50 хувиар тооцож 1 сая төгрөг нэхэмжилсэн байна. Би анх тохиролцсон 2.900.000 төгрөгнөөс өгсөн бэлэн болон дансаар өгсөн 2.273.000 төгрөгийг хасч 627.000 төгрөг өгөхөд ямар нэг татгалзах зүйл маргаангүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр  хянан хэлэлцээд 72 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ганхуягаас 886.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баттулгад олгож, үлдэх 1.723.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72.470 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25.826 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус шийдвэрийн “үндэслэх” хэсэгт хариуцагч Ц.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...одоо 2.610.000 төгрөг гаргуулах гэж тайлбарласан.Энэ нь түүний шүүх хуралдаанд өгсөн “Б.Ганхуяг надад 1.250.000 төгрөг бэлнээр бус дансаар харин бэлнээр нь 877.000 төгрөг өгсөн байна” гэсэн тайлбараар няцаагдаж байна гэж дүгнэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч Ц.Баттулга нь хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудтай шүүх хурлын өдөр танилцсан. Нэхэмжлэгч Ц.Баттулгын Хаан банкны дансны харилцах дээр хариуцагчийн нэргүй орлого гэж мөнгө орсон байсантай тулгаж нягтлаад хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.773.000 төгрөг гэж шүүх хурал дээр ярьсныг зөрүүтэй, эргэлзээтэй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, татгалзах эрх хуулиар олгогдсон байдаг. Мөн шүүхийн шийдвэрт “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” бичгээр хийх шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах тул гээд 1.440.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь хавтаст хэргийн 3 дахь хуудсанд иргэн Б.Ганхуяг бидний хооронд 14 хоногийн хугацаатай, хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөх, алданги нь өдрийн 15000 төгрөг байхаар тогтоосон бичгээр хийсэн хэлцэл байсаар байхад бичгээр “гэрээ” хийгээгүй гэж үзсэнд гомдолтой. Нөгөө талаар энэ тал дээр хариуцагч тал ямар нэг асуудал гаргаагүйн дээр анхан төлөлтийг 2016 оны 10 сард 250.000 төгрөг өгсөн талаараа өөрөөр хэлбэл 4 сарын дараа л эхний мөнгөө төлж эхэлснээр алданги 1.000.000 төгрөг төлөх үүрэг үүссэн байсан юм.  Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Баттулга нь Б.Ганхуягт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.610.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч шаардлагын заримыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлын дагуу хэргийг судлан үзвэл: Зохигчид хоорондоо 2016 оны 06 сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөгийг 900.000 төгрөгийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ц.Баттулга нь 2.000.000 төгрөгийг хариуцагч Б.Ганхуягт шилжүүлэн өгснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон зээлийн хүүгийн талаар маргаагүй, харин зээлийн гэрээний үүргийг  хэрхэн биелүүлсэн болон алданги төлөх эсэх талаар маргажээ.

2016 оны 06 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг талууд бичгээр байгуулсан бөгөөд тус гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан хуулийн шаардлагад нийцсэн, тус гэрээгээр хариуцагч Б.Ганхуяг нь зээл 2.000.000 төгрөг зээлийн хүү 900.000 төгрөг нийт 2.900.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Баттулгад буцаан өгөх, хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги төлөх  үүргийг тус тус хүлээсэн байна.

Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон  мөнгө шилжүүлсэн тухай  баримт зэргээс үзвэл хариуцагч Б.Ганхуяг нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2.900.000 төгрөгөөс нэхэмжлэгч Ц.Баттулгын дансанд 1.250.000 төгрөг шилжүүлж, бэлнээр 877.000 төгрөг нийт 2.127.000 төгрөг төлсөн байх тул нийт төлсөн мөнгийг нь үндсэн үүргээс нь хасч /2.900.000-2.127.000=773.000/ 773.00 төгрөгийг гэрээний дагуу төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

   Зээлийн гэрээний талууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр харилцан тохирсон байх тул нэхэмжлэгчийн анз гаргуулах тухай шаардлага үндэслэлтэй бөгөөд ийнхүү анзыг тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-д зааснаар хариуцагч Б.Ганхуягийн гүйцэтгээгүй үүрэг 773.000 төгрөгийн 50 хувиар буюу 386.500 төгрөгийн алданги тооцон нийт нэхэмжлэлийн шаардлагаас /773.000+386.500=00/ нийт 1.159.500 төгрөг гаргуулан  нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хариуцагч нь  нэхэмжлэгчид бэлэн мөнгө болон шатахуун, техникийн сэлбэг зэргийг тохиролцон өгсөн гэж байгаа боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх  боломжгүй.

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул  нэхэмжлэгчийн шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн давж заалдах гомдлыг  хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн: 

 1 дэх  заалтын 

  “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ганхуягаас 886.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баттулгад олгож, үлдэх 1.723.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

 “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.Ганхуягаас 1.159.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баттулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.450.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 72.470 төгрөгийг орон орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25.826 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.470 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганхуягаас 32.378 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа  тэмдэгтийн хураамж 43.318 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                           Л.АМАРСАНАА

                                                                              Г.ДАВААРЕНЧИН