| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 500/2019/0101/Э |
| Дугаар | 1215 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 1215
М.У-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор И.Ариунсанаа,
яллагдагч М.У-,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/3195 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 124 дугаартай эсэргүүцлээр М.У-т холбогдох эрүүгийн 1906054352091 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн М.У-, 1995 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 4, дүү нарын хамт Баянзүрх дүүрэгт түр оршин суух, ял шийтгэлгүй,
М.У- нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66/А байрны 37 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай С.Ууганцэцэгийн нүүр лүү гараараа цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.У- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Ууганцэцэгийг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн эсэх, мөн С.Ууганцэцэгийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж тодруулах зэргээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор И.Ариунсанаа тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Прокуророос М.У-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлээгүй. Түүнчлэн шүүгчийн захирамжид “...хохирогч Б.Алтанзаяа гаргасан тайлбартаа...” гэж бичсэн байна. Гэтэл энэ хэргийн хохирогч нь С.Ууганцэцэг юм. Энэ бүгдээс үзэхэд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
2. Хохирогч анхнаасаа “гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан, зодуулсан” талаар гомдол гаргаагүй, зөвхөн “2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр зодуулсан” талаараа гомдол гаргасан байдаг. М.У- урьд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүйн зэрэгцээ цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй болох нь АСАП сангийн лавлагаанаас харагддаг. Иймээс 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр М.У- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр С.Ууганцэцэгийг зодсон үйл баримтад тулгуурлан холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн.
Анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, цаашид мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагагүй тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч М.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос М.У-ыг 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66/А байрны 37 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай С.Ууганцэцэгийн нүүр лүү гараараа цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсаны үр дүнд “...М.У-ын үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай...” хэмээн дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодид нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулах байдлаар байнгын шинжтэй идэвхитэй үйлдлээр илэрдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт хууль бус үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа хийсэн байхыг ойлгодог.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Ууганцэцэгээс “...У-тай амьдарч байх хугацаанд миний биед 3 удаа халдаж зодсон. 2014 онд анх гар хүрч зодсон. Түүнээс хойш маргалдах болгонд гар хүрчихээд байдаг болсон. 2019 оны 1 дүгээр сард 3 сартай ургийг минь абортонд оруулсан. 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр цээж рүү цохисон, доод уруул язарсан. 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хэвтэж байтал өмд рүү гараа хийгээд умдагны үснээс зулгаагаад байсан. Би “Боль” гэхэд миний нүүр лүү 2 удаа цохисон. ...” /хх-ийн 7, 14-15, 16/ гэж хамтран амьдрагч М.У-т урьд нь зодуулсан цаг хугацааг тодорхой мэдүүлсэн боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгтээ “...намайг хэзээ цохиж зодсоныг санахгүй байна...” /хх-ийн 66-67/ гэж өмнөх мэдүүлгээ эрс няцааснаас гадна, даргалагч шүүгчээс асуусан “Таныг өмнө нь яллагдагч гэмтээж байсан уу” гэх асуултад “Үгүй” гэж хариулжээ.
Нөгөөтээгүүр, 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хохирогчийн өмд рүү гараа хийж, умдагны үснээс нь зулгаасан гэх асуудал нь Эрүүгийн хуульд заасан бие даасан гэмт хэргийн шинжгүй байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул М.У-ын гэмт үйлдэлд өөр бусад гэмт хэргийн шинж байгаа эсэх асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, М.У-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг талуудын хүсэлтээр оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн удиртгал, тодорхойлох хэсгүүдэд “...хохирогч Б.Алтанзаяа гаргасан тайлбартаа...” гэж, “...прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн...” гэж илтэд зөрүүтэй, хайнга, хариуцлагагүй алдаа гаргасныг буруутган тэмдэглэж байна.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, М.У-т холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/3195 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.У-т холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэх хүртэл М.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН