| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2021/0759/З |
| Дугаар | 128/ШШ2022/0068 |
| Огноо | 2022-02-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2022/0068
2022 02 08 128/ШШ2022/0068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э С П ХХК /РД:/,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нарын хооронд тус тус үүссэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн ММ-р хороо, Зайсангийн аманд байрлах 3000 м.кв хэмжээтэй авто зогсоолын 100 м.кв талбайг эко 00-ын хамтаар түрээслэх, кофе шопийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхийг даалгахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж , хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Н.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Э С П” ХХК нь тус шүүхэд хандан “Нийслэлийн Хан-Уул дүүргийн ММ дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах 3000 м.кв авто зогсоолын 100 м.кв талбайг эко 00-ын хамтаар түрээслэх, кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байсан.
1.2. Шүүх хуралдаан дээр “Нийслэлийн Хан-Уул дүүргийн ММ дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах 3000 м.кв авто зогсоолын 100 м.кв талбайг эко 00-ын хамтаар түрээслэх, кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах тухай” гэж тодруулсан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч “Э С П” ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн ММ дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах 3000 м.кв авто зогсоолын 100 м.кв талбайг эко 00-ын хамтаар түрээслэх, кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлттэй бөгөөд энэхүү хүсэлтийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан.[1]
1.2. Дээрх хүсэлтийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа мөн өдөр нь хүлээн авсан.[2]
1.3. Улмаар тус компанийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан дээрх хүсэлтийг гаргасан.[3]
1.4. Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргасан “эко 00 түрээслэх, кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулах”-ыг хүссэн газрыг ашиглах эрх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаартай тушаалын дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд олгогдсон.[4]
1.5. Нэхэмжлэгчийн зүгээс “хариуцагч нар дээр дурдсан хүсэлтүүдэд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан, энэ нь хууль бус байх тул нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах ёстой” гэж, хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс “Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/04 дугаартай тушаалын[5] дагуу Зайсангийн амны автозогсоол, ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагааг хамтран ажиллах гэрээгээр хариуцах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ажлын хэсгийн зөвлөмжийн[6] дагуу “А******* ш*******” ХХК-ийг шалгаруулан хамтран ажиллахыг зөвшөөрсний дагуу тус компанитай хамтран ажиллах болсон тул “Э С П” ХХК-тай хамтран ажиллах боломжгүй” гэж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс “нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбайг ашиглах эрх нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд байгаа тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх үүрэг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад байхгүй” гэж маргаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Хан-Уул дүүргийн ММ хороо зайсангийн аманд байрлах 3000 м.кв авто зогсоолын 00-ийг түрээслэх, хурдан шуурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын үйлдлийг хууль бус болохыг тогтоож хариуцагч нарт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхийг даалгах гэсэн шаардлагаар тодруулж байна.
Нэхэмжлэгч Э С П ХХК нь 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэн байгуулагдсан. 2007 оноос өнөөдрийг хүртэл 14 жилийн хугацаанд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Компанийн үйл ажиллагаа өргөжиж байгаа холбоотойгоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн ММ хороо зайсангийн аманд байрлах 3000 м.кв хэмжээтэй авто зогсоолыг 100 м.кв талбайг түрээсэлж тухайн газарт өөрсдийн зөөврийн кантенарыг байршуулаад ууланд алхаж, амарч байгаа иргэдийн ая тухтай байдлыг хангах үүднээс Кофе шоп ажиллуулаад тухайн хэсгийн эко 00-ийг хамт түрээсэлье, харуул хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах зэрэг эдгээр үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр өөрсдөө хариуцаад холбогдох түрээсийн төлбөрийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан байхад өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдад 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөн хүсэлт гаргасан ч хуулийн хугацаанд хариу өгөөгүй. Хүсэлтэд дурдсанаар Хан-Уул дүүргийн эрх бүхий байгууллагууд үйл ажиллагаа явуулж болно гэсэн хариуг өгсөн байдаг. Компанийн зүгээс дээрх Кофе шопын үйл ажиллагааг явуулахын тулд 45-ны кантенарыг тохижуулаад 48 сая төгрөг болсон. 25-ны кантенарыг тохижуулаад 26сая төгрөг болсон. Нийт 74 сая төгрөгийг зарцуулаад тухайн газар кантенаруудыг байршуулсан байгаа. Тухайн газарт Багануур дүүрэгт харьяалалтай А шХХК нь төсвийн хөрөнгөөр баригдсан тухайн газрыг төлбөртэйгөөр ашиглаж орлого олж байгаа нь тогтоогдсон. Манайхаас өөрийн компанийн хөрөнгөөр ашиглая гэхээр хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
... Байгаль орчин аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасныг мэдэхгүй байна гэж байна. Манайх шуудангаар явуулсан шуудангийн баримт хэрэгт авагдсан байгаа. Өөрсдөө мөн хүсэлтийг аваагүй гэдгийг нотлох үүрэгтэй байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны манай хүсэлтийг хүлээж авсан, хариу өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас энэ хоёр байгууллага нь иргэдээс төрийн байгууллага албан тушаа*******д гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсэгт зааснаар өргөдөл гомдлыг хүлээн авснаас 30 хоногийн дотор албан ёсоор хариу өгөх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй нь хууль бус байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.
3.2. Хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн хувьд тусгай хамгаалалттай газар нутгийг тусгайлсан хуулиар зохицуулагддаг тусгай газар байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд тодорхой заагаад өгсөн байдаг. Тухайн 3000 м.кв авто зогсоолыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын нэр дээр байгаа гэдэг нотлох баримтыг өмнөх шүүх хуралдаан дээр гаргуулахаар шийдвэрлэж холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн. Түүн дээрээс харвал тухайн 3000 м.кв талбай нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын нэр дээр байгаа нь харагдаж байна. Тухайн газрыг ашиглаж байгаа гэсэн утгатай түүнээс Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан хуулийн заалт байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа хүсэлтийг хариуцагч байгууллага шийдвэрлэх үүрэг хүлээхгүй. 3000 м.кв авто зогсоол нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын нэр дээр байдаг учраас тухайн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь хууль зөрчсөн нөхцөл байдлыг хүсээд байгаа. Тухайн газар дээр үйл ажиллагаа явуулахын тулд гаргасан хөрөнгө санхүүгийн асуудал нь Э С П ХХК-ийн өөрсдийнх гаргасан үйл ажиллагаа юм. Иймд хариуцагч байгууллага үүрэг хүлээх шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.
... Нэхэмжлэгч 07 дугаар сарын 07-ны хүсэлтийг яриад байна. Хавтас хэрэгт шуудангийн баримт өгсөн гэж байна. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдаж өгөөгүй учраас хариуцагч энэ талаар нотлох баримтаар гаргах боломжгүй байсан. 30 хоногийн дотор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариу өгөөгүй бол үүнтэй мөн хуулийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны албан тушаа*******д гаргах цаашлаад шүүхээр явах гэсэн хуулийн зохицуулалтаар явах ёстой. Өмнө нь гаргасан тайлбар болон бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна.” гэжээ.
3.3. Хариуцагч Богдхан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/128 дугаар тушаалаар Богд уулын зайсангийн амын 2 га талбайг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны сайдын тушаалаар олгосон байдаг. Богдхан уулын дархан цаазат газрын зайсангийн аман дээрх 2 га газарт байх бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, ариун цэврийн байгууламжийн хамгаалалтын захиргаа хариуцаж байгаа хүмүүс оршино. Эдгээрийг хариуцаж байгаа ажиллаж, ажиллуулах орон тоо ажиллах хүч, цалин хөлс, хамгаалалтын захиргааны төсөв байхгүй учраас хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулж үүргийн хүрээнд хамтын үйл ажиллагаагаа хэвийн явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот тушаалаар сонгон шалгаруулалт явуулахад А шХХК шалгарсан байдаг. “Э С П” ХХК 01 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлтээ гаргасан байдаг. Процесс дууссаны дараа хүсэлт гаргасан болохоор хүсэлтийг шийдвэрлэх боломж байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбарыг өгсөн байгаа. Хүсэлтийг шийдвэрлээгүй байхад 70 хэдэн сая төгрөгөөр кантенарыг аваачиж тавьж өөрсдөө зардал гаргасан. Энэ нь хариуцагч нарт хамааралгүй юм.
... Анх ажлын хэсэг байгуулаад хамтран ажиллах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалт зарласан. “Э С П” ХХК нь зөөврийн байшин авчирч байршуулаад, кофе ажиллуулна гэсэн хүсэлт гаргасан байгаа. А шХХК нь зогсоолыг зогсоол хэлбэрээр ашиглахаар хариуцна. Өөр үйл ажиллагаа явуулахгүй гэсэн хүсэлт ирүүлсэн. Зогсоолын талбай дээр өөр зүйл авчрах гэдэг дээр ямар нэгэн байдлаар зөвшөөрөх боломжгүй гэдэг үүднээс албан бичигт хариу өгөөгүй гэж харж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Хариуцагчийн гаргасан эс үйлдэхүйн хууль зүйн үндэслэлийн талаар:
1.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана.” гэж заажээ.
1.2. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.” гэжээ.
1.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зохицуулжээ.
1.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл аливаа иргэн, хуулийн этгээд нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах талаар хүсэлт гаргах эрхтэй байх бөгөөд тийм хүсэлт гаргасан тохиолдолд тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь тухайн хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжлах үүрэгтэй байна.
1.5. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Э С П” ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн ММ дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах 3000 м.кв авто зогсоолын 100 м.кв талбайг эко 00-ын хамтаар түрээслэх, кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тухай хүсэлтийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан, мөн дээрх хүсэлтээ 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргаж байсан болох нь тогтоогдож байна.
1.6. Харин хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтэд хуульд заасан журмаар буюу бичгээр хариу өгөөгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.
1.7. Хэдийгээр хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс “Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/04 дугаартай тушаалын дагуу Зайсангийн амны автозогсоол, ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагааг хамтран ажиллах гэрээгээр хариуцах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу “А******* ш*******” ХХК-ийг шалгаруулан хамтран ажиллахыг зөвшөөрсний дагуу тус компанитай хамтран ажиллах болсон тул “Э С П” ХХК-тай хамтран ажиллах боломжгүй” гэж тайлбарлаж байх боловч энэ тухай хариуг хүсэлт гаргасан “Э С П” ХХК-д бичгээр өгөх үүрэгтэй гэж үзнэ.
1.8. Тиймээс хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан өргөдлийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүйг гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.
1.9. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс “Нийслэлийн Хан-Уул дүүргийн ММ дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах 3000 м.кв авто зогсоолын 100 м.кв талбайг эко 00-ын хамтаар түрээслэх, кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” нь зүйтэй байна гэж үзлээ.
1.10. Харин хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
1.11. Учир нь, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Э С П” ХХК-ийн хүсэлт гаргасан талбайн хувьд түүнийг ашиглах эрх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаартай тушаалын дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд олгогдсон байх тул энэ талаарх хүсэлтийг шийдвэрлэх эрх хэмжээ бүхий холбогдох этгээд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэж үзэх боломжгүй.
1.12. Шүүх уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр “А******* ш*******” ХХК-ийг татан оролцуулах шаардлагагүй бөгөөд түүнийг оролцуулаагүй нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөхгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
1.13. Учир нь, хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс тайлбарлахдаа “А******* ш*******” ХХК нь нэхэмжлэгч “Э С П” ХХК-ийн хүсэлт тавьсан талбайд хамтран ажиллахаар шалгарсан гэх боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн сонгон шалгаруулалтад холбогдох материал[7] нь Богдхан уулын Зайсангийн аманд байрлах автозогсоолын талбай бус, харин Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, түүний автозогсоолын талбайд хамаарч байна.
Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн талаар:
2.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээж авсан талаарх өргөдөл, гомдлын бүртгэлийн картыг гаргуулах тухай” хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.
2.2. Учир нь, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн зүгээс ашиглахыг хүссэн талбайн хувьд түүнийг ашиглах эрх нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд бус, харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаартай тушаалын дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд олгогдсон байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээж авсан талаарх өргөдөл, гомдлын бүртгэлийн картыг гаргуулах нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э С П” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох хэсгийг хангаж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ММ дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах 3000 м.кв авто зогсоолын 100 м.кв талбайг эко 00-ын хамтаар түрээслэх, кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхийг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ