| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2023/0873/З |
| Дугаар | 221/МА2025/0467 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0467
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.З
Нэхэмжлэгч: Б.Д
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч нар
Гуравдагч этгээд: Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220605**** дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32б байр, *6 тоот хаягт байрлах 90.8 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1974 дугаартай дүгнэлт, Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дугаартай дүгнэлтийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, эрхийн улсын Ү-220605**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Дгийн өмчлөлд сэргээн бүртгэхийг даалгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0339 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 128/2023/0873/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч нарт холбогдуулан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220605**** дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32б байр, *6 тоот хаягт байрлах 90.8 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1974 дугаартай дүгнэлт, Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дугаартай дүгнэлтийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, эрхийн улсын Ү-220605**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Дгийн өмчлөлд сэргээн бүртгэхийг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0339 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.1, 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0339 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
3.1. Хэрэгт авагдсан баримтуудаар улсын бүртгэгчийн буруутай үйлдлийг хяналтын улсын байцаагч Т.З, Ц.О нар нь хяналт шалгалт хийж тогтоосон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/344 тоот тушаалаар улсын бүртгэгч Б.М хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл ногдуулсан, мөн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд улсын бүртгэгч Ц.О тайлбар мэдүүлэгтээ улсын бүртгэгч Б.М нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж, хориотой байхад нь бүртгэсэн гэдгийг маш тодорхой хэлж, хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, үүнд гомдолтой байна.
3.2. хариуцагчийн бүртгэл түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон захиргааны акт нь иргэн Б.Дд эрх зүйн сөрөг үр дагавар бий болгосон, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан буюу өмчлөх эрхэнд халдсан байтал үндэслэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн гомдолтой байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Дгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч нарт холбогдуулан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220605**** дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32б байр, *6 тоот хаягт байрлах 90.8 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1974 дугаартай дүгнэлт, Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дугаартай дүгнэлтийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, эрхийн улсын Ү-220605**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Дгийн өмчлөлд сэргээн бүртгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Эрхийн улсын бүртгэлийн Ү-220605**** дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32б байр, *6 тоотод байрлах 90.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрх 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гуравдагч этгээд Б.Б өмчлөлд анх бүртгэгдсэн байна.
3.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШЗ2019/10999 дугаартай захирамжаар Э.Хонгорын нэхэмжлэлтэй “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,846,418.5 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, Б.Б, “Б” ХХК-ийн эд хөрөнгөөс нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилж, уг захирамж болон захирамжийн дагуу гарсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/21125 тоот “Ү-220605**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх” албан бичиг,
3.3. мөн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 652 дугаар зөвшөөрлөөр “Б.Б нь “Б” ХХК-иар хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж нэр бүхий 43 иргэнийг залилан мэхэлж, 2,849,274,108.45 төгрөгийн хохирол учруулсан” гэх эрүүгийн 1909090741188 дугаартай хэрэгт “Ү-220605**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах”-ыг зөвшөөрч, Мөрдөн байцаах албаны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/4-5979 тоот албан бичгийг тус тус үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дээрх орон сууцны бүртгэлд тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
3.4. Гэтэл, нэхэмжлэгч Б.Д, гуравдагч этгээд Б.Б нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу орон сууцыг Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байх ба Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Баянгол төв дэх Улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн хүсэлтийн дагуу Хяналтын улсын байцаагч Т.З дээрх бүртгэлд хяналт хийж, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Бүртгэл түдгэлзүүлэх тухай” 1974 дүгээр дүгнэлтээр орон сууцны бүртгэлийг хяналт шалгалт хийж эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, мөн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 3196 дугаар дүгнэлтээр Б.Дгийн өмчлөлд шилжүүлж бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд үндэслэн хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгосноор энэхүү маргаан үүсжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ”, 30.1.3-д “тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан”, 30.1.4-т “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” гэж тус тус заасан.
4.2. Улсын бүртгэгч нь маргаан бүхий 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220605**** дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 32б байр, *6 тоотод байрлах 90.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Дд шилжүүлсэн бүртгэлийг хийхдээ дээрх хуулийн хориглосон заалтыг зөрчсөн байна.
4.3. Мөн хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл гуравдагч этгээд Б.Б нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан болохыг мэдэж байсан ч эрхийн доголдолтой эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.
4.4. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч нь бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх хугацаанд бүртгэлийг түдгэлзүүлж, улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгосон дүгнэлт гаргасан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах” гэж заасантай нийцсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.
5. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “... хариуцагчийн бүртгэл түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон захиргааны акт нь иргэн Б.Дд эрх зүйн сөрөг үр дагавар бий болгосон, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан буюу өмчлөх эрхэнд халдсан байтал үндэслэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн гомдолтой байна” гэжээ.
5.1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, хүчин төгөлдөр бус үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэсэн бүртгэл нь хууль бус болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
5.2. Харин, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасны дагуу өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
5.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0339 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ