Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 06

 

     

    Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж, Х.Санжидмаа, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй, 
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
    Иргэдийн төлөөлөгч Ц.Цээсүрэн,
    Улсын яллагч Д.Энх-Амар,
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
    Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ган-Эрдэнэд холбогдох 201617000354 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

         Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

    Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат, 1994 оны 12-р сарын 05-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдрах, хэрэг үйлдэх үедээ Баруун-Урт сумын 8-р баг Хайлаастын 27-2719 тоотод оршин сууж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 05-р сарын 13-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар 2 сарын баривчлах, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 21 хоногийн ялаас 2 жилийг өршөөн хасаж, 2016 оны 10 сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, ЛМ94120515 регистрийн дугаартай, Улаангууд овгийн Түвшинжаргалын Ган-Эрдэнэ.
            
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нь урьд булаалтын болон дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ял шийтгэлгүй болох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 11-р сарын 28-ны шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн нутаг дэвсгэр Дэнжийн 13 дугаар гудамжинд иргэн Ч.Энхцэцэгийн газарт унагаж өшиглөж, бие махбодид нь тархи доргилт толгон дагзны хэсгийн хуйхнй зөөлөн эдийн няцрал баруун мөрөнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, 82.960 төгрөгийн эд зүйлийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь: 
 
           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би дээрэмдье гэж бодоогүй, булаах зорилготой л цүнхийг нь булаасан.  Тухайн үед хохирогчийг өшиглөөгүй. Гараа халаасандаа хийсэн байсан, тэгээд цүнхнээс нь татахад өөрөө унасан. Хохирогчийн эд зүйлийг бүгдийг нь буцааж өгсөн. Гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

    - Хохирогч Ч.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би ганцаараа Дэнжийн 13-07 тоот хашааны үүдэнд зүүн чигтээ гар цүнхний оосор хэсгээр баруун гартаа өлгөөд 2 гараа халаасандаа хийчихсэн тайван алхаж явтал гэнэт араас хүн гүйж ирэхээр нь эргэж хартал миний цүнхнээс татсан чинь би арагш савж толгойгоо газарт цохисон. Энэ үед цүнхээ тавихгүй зуураад газар уначихсан, хөлөөрөө өшиглөж тийчлээд бахирсан чинь өөдөөс миний баруун хөл рүү өшиглөхөөр нь айгаад баруун гарынхаа халааснаас гараа авсан чинь цүнх гарнаас мултарч миний цүнхийг аваад баруун зүгт явж байгаад засмал зам дагаад хойшоо эргэж байсан. Миний цүнхийг дээрэмдсэн хүн гадуураа богинохон хар өнгийн савхин куртиктэй, юүдэнтэй малгайтай, малгайных нь өнгийг замын гэрэлд харахад цэнхэр өнгөтэй байсан. Бараандуу өнгийн өмдтэй байсан. ...миний алдсан зүйл гэвэл хар өнгийн савхиндуу материалтай эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг, улаан хүрэн өнгөтэй эмэгтэй түрийвч 1 ширхэг, ЛЮ66032001 регистрийн дугаартай Таван баяд овгийн Чулууны Энхцэцэг миний иргэний үнэмлэх, Хаан банкны ногоон өнгийн Виза карт, 100, 50, 20, 10 төгрөгний дэвсгэртээс бүрдсэн 1400 орчим төгрөг, саарал өнгийн нүдний шилний хайрцаг, хар өнгийн нүдний шил, хар өнгийн эмэгтэй савхин бээлий байсан. Татаж унагаахад толгойгоороо газарт унасан. Цүнхээ тавихгүй байхад миний баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн. Заналхийлсэн ямар нэг зүйл хэлээгүй, өшиглөхөөр нь айгаад цүнхээ тавьчихсан ... гэх мэдүүлэг /хх-17/,

- Гэрч Д.Болдбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Ган-Эрдэнэ рүү залгаж байгаад өөрөө 18 цаг өнгөрч байхад ирээд чи өнөөдөр галаа түлж чадах уу чи харь гээд явуулчихсан. Өдөр хөдөөнөөс хүн ирсэн та мөнгө зээлчих гэхээр нь өгөөгүй юм. Хамгийн сүүлд манайхаас 19 цаг өнгөрч байхад гарсан” гэх мэдүүлэг /хх-18-19/,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.08-ны өдрийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. Ч.Энхцэцэгийн биед тархи доргилт, толгой дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмы 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, /хх-24/

    -Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-04-06/

    -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-07/

    -Цагдаагийн ахлагч Б.Баяржаргалын Илтгэх хуудас, гэрэл зураг. 2016.11.28 /хх-08-09/

    -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг.2016.11.29 /хх-10-12/

    -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл 2016.12.07/хх-13-14/

    -Эд зүйлийн үнэлгээ. 2016.12.07 /хх-15/

    -Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багийн Засаг даргын 2016.12.12-ны өдрийн 8/570 дугаартай тодорхойлолт /хх-36/

    -Т.Ган-Эрдэний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/

    -Эд зүйлийн үнэлгээ 2016.11.29 /хх-46/

    -Т.Ган-Эрдэний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх52/

    -Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.05.13-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-66-69/,

    -Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05-ны өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-57-59/,

    -Суллагдсан хүмүүст олгодог справка /хх-60/ зэрэг болно.

     
    Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нь урьд булаалт болон дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны орой 20.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 9 дугаар багийн нутаг дэвсгэр Дэнжийн 13 дугаар гудамжны 07 тоот хашааны ойролцоо иргэн Ч.Энхцэцэгийг цүнхнээс нь татаж газар унаган бие махбодид нь “ тархи доргилт, толгойн дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт “ бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, түүнийг өшиглөж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж цүнхийг дээрэмдэж 82.960 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Ган-Эрдэнийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Энхцэцэг, гэрч Д.Болдбаяр нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.08-ны өдрийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, Т.Ган-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.05.13-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05-ны өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамж болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 
        
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нь хохирогч Ч.Энхцэцэгийн цүнхнээс татахдаа газарт унаган, түүнийг цүнхээ тавилгүй зуурч, бахирч эсэргүүцэхэд хөл рүү нь өшиглөж амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, цүнхийг авах шунахайн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр тухайн гэмт хэргийг шууд санаа зорилгоор зориуд хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч Ч.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ” Дэнжийн 13-07 тоот хашааны үүдэнд зүүн чигтээ гар цүнхний оосор хэсгээр баруун гартаа өлгөөд 2 гараа халаасандаа хийчихсэн алхаж явтал гэнэт араас хүн гүйж ирэхээр нь эргэж хартал миний цүнхнээс татсан чинь би арагш савж унан толгойгоо газарт цохисон. Энэ үед цүнхээ тавихгүй зуураад газар уначихсан, хөлөөрөө өшиглөж тийчлээд бахирсан чинь баруун хөл рүү өшиглөхөөр нь айгаад баруун гарынхаа халааснаас гараа авсан чинь цүнх гарнаас мултарч цүнхийг минь аваад баруун зүгт явж байгаад засмал зам дагаад хойшоо эргэж байсан “ гэх мэдүүлгээр нотлогдоно.

Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нь “ Би дээрэмдье гэж бодоогүй, булаах зорилготой л цүнхийг нь булаасан. Тухайн үед хохирогчийг өшиглөөгүй. Гараа халаасандаа хийсэн байсан, тэгээд цүнхнээс нь татахад өөрөө унасан.” гэж, түүний өмгөөлөгч “ Т.Ган-Эрдэнэ хохирогчид санаатай гэмтэл учруулаагүй, хохирогчийг шууд цохиж, зодох гэх мэтээр гэмтэл учруулаагүй, хохирогчийг арагш нь татахад өөрөө арагшаа савж унахдаа гэмтэл авсан “ гэж гэм буруугийн талаар мэтгэлцэж байгааг  шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 
Учир нь шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ хохирогч Ч.Энхцэцэг рүү довтолж цүнхнээс татсан үйлдлийн улмаас хохирогч унаж гэмтэл авсан бөгөөд хохирогчид учирсан энэ гэмтэл нь Т.Ган-Эрдэний цүнх рүү довтолж унагасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн дээрэмдэх гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг өөрийн болгохын тулд биеийн болон сэтгэхүйн хүч хэрэглэсэн буюу тийм хүч хэрэглэхээр довтлох үйлдлээр илрэн гардаг онцлогтой хийгээд Т.Ган-Эрдэний цүнхнээс татаж унагах, хөл рүү нь өшиглөж байгаа үйлдлүүд тухайн  гэмт хэргийн бүрэлдэхүүний дээрх шинжийг агуулсан байна. 

Иймд шүүгдэгч Т.Ган-Эрдэнэд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг урьд дээрэмдэх болон булаах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, хорих ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Т.Ган-Эрдэнэ нь эх, дүү нарын намт амьдардаг, хувьд ногдох эд хөрөнгөгүй зэргийг үндэслэн эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нь Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 5 сарын 13-ны өдрийн 50 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 21 хоногийн ялаас 2 жилийг өршөөн хассан, 2016 оны 10 сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан  болох нь Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.05.13-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол/хх-66-69/, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05-ны өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамж/хх-57-59/, Суллагдсан хүмүүст олгодог справка /хх-60/ зэргээр хэрэгт тогтоогдсон байна. 
    
    Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Т.Ган-Эрдэнийн ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал үгүй байгааг дурдах нь зүйтэй. 
    
           Шүүгдэгч Т.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 44 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

    Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Энхцэцэгт эмэгтэй хүний 20.000 төгрөгийн үнэ бүхий цүнх, 15.000 төгрөгийн үнэ бүхий түрийвч, 18.300 төгрөгийн үнэ бүхий Иргэний цахим үнэмлэх, 3.000 төгрөгийн үнэ бүхий хаан банкны виза карт, 5.000 төгрөгийн үнэ бүхий нүдний шилний хайрцаг, 5000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн нүдний шил, 15.000 төгрөгийн үнэ бүхий савхин бээлий, бэлэн мөнгө 1.390 төгрөг нийт 82.690 төгрөгийн хохирол учирсан нь Баруун- Урт сумын Засаг даргын тамгын газраас гаргасан үнэлгээ, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 755 тоот, Хаан банкны Сүхбаатар салбарын 385 тоот албан бичгээр нотлогдох бөгөөд дээрх хохирол биетээр буцаан олгогдож нөхөн төлөгдсөн бөгөөд шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нь энэ тогтоолооор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ч.Энхцэцэг нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно. 
 
           Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ бусдад төлөх төлбөргүй тул түүний гэр бүлийн дундын эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.12.07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохоор тогтоов.     


    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Шүүгдэгч Улаангууд овгийн Түвшинжаргалын Ган-Эрдэнийг урьд  дээрэмдэх болон булаах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч  Т.Ган-Эрдэнийг 05 /тав / жил 06 /зургаа / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
           
           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д заасныг журамлан ялтан Т.Ган-Эрдэнэд оногдуулсан 05 жил 06 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
           
    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан ялтан Т.Ган-Эрдэний цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 
            
    5. Ялтан Т.Ган-Эрдэнэ энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ч.Энхцэцэг хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 
 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Т.Ган-Эрдэний дундын эзэмшлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ган-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.СУГАР

                           ШҮҮГЧИД                             Х.САНЖИДМАА

                                                                          С.НАСАНБУЯН