Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2019/02456

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 30 өдөр                  Дугаар 184/ШШ2019/02456                       Улаанбаатар хот

                                        

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

 Нэхэмжлэгч: ............. тоот хаягт оршин суух Д овогт Дын Чгийн /регистрийн дугаар: ......./ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...... тоот хаягт оршин суух Ц овогт Бын Эд  /регистрийн дугаар: ....../ холбогдох

 

 “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Б.Э, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Ч нь 2001 онд Анагаахын дээд сургуулийн оюутан байхдаа Б.Этай танилцаж 2005 онд гэр бүл болж 2007 онд хүү Э.А, 2010 онд охин Э.У төрсөн. Бид хамт 10 гаруй жил хамт гэр бүл болж амьдарсан ч гэрлэлтээ батлуулаагүй. Б.Э нь гэр бүлийн халуун дулаан байдалгүй хүүхдүүддээ хайр халамжгүй анхаарал халамж огт тавьдаггүй болно. Түүний хүйтэн хөндий байдлаас болж 2011 оны эхээр тусдаа амьдарч жил гаран болоод эргэж нийлсэн. Би хүүхдүүдээ бүрэн бүтэн гэр бүлтэй өсгөх гэж зүтгэсээр 2018 оны 9 сар хүртэл амьдарсан. Гэтэл Б.Эын хүүхдүүдээ, гэр бүлээ гэх сэтгэлгүй байдал хайхрамжгүй хандлага зэрэг нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж том хүү маань ширүүн ааш гаргадаг болоод байгаа. Хүүхдүүдтэйгээ дотно байдаггүйгээс болж намайг жижүүртэй өдөр аавтайгаа хамт байхгүй миний аав ээж дээр очиж хонодог. Бид тусдаа байснаас хойш хүүхдүүдийн сэтгэл санаа тайван байдалтай болж төлөвшиж байна. Бид цаашдаа эвлэрэн амьдрах бүрэн боломжгүй болсон. Бид БГД-ийн 20 дугаар хороо 47-22 тоотын 3 өрөө орон сууцыг хамтран өмчилж тэнд амьдарч байсан бөгөөд уг байр 5 хүний өмчлөлд байдаг. Энэ байрыг 10,000,000 төгрөгөөр үнэлж байгаа болно. Б.Эаас 2 хүүхдэдээ тэтгэлэг гаргуулж Т.Б, Б.Э нараас БГД-ийн 20 дугаар хороо 47-22 тоотын 3 өрөө орон сууцаас 2 хүүхэд болон өөрт ногдох 3 хүний өмчлөх хэсгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх төв аймгийн шүүхэд хандахдаа Т.Б, Б.Э нараас өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар шаардлага гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа Т.Быг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, Б.Э, Т.Б нараас ногдох хувийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, багасгаж байгаа. Бид 2005 онд гэр бүл болоод бидний дундаас 2007 онд Э.А, 2005 онд Э.У  нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй ч хүүхдүүд ааваараа овоглодог. Үүнд: Т.Б, Б.Э нараас Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 47-22 тоотын 3 өрөө орон сууцнаас 2 хүүхэд болон өөрт ногдох хэсгийг гаргуулах хэсгийг багасгаж, Б.Эаас 2 хүүхдэдээ тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн багасгасан байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2001 онд Анагаахын сургуульд 1 анги байх үедээ танилцаад 2005 онд үерхээд 2010 онд охин Э.У, 2007 онд хүү Э.А нар төрсөн. Бид хамтдаа 11 ажил жил амьдарсан ингээд 2018.09.03-ны өдрөөс тусдаа амьдарч байгаа. Одоо хүүхдүүд маань ээж дээрээ хадмынд байдаг, том нь 7-р анги, бага нь 4-р анги Ирээдүй цогцолборт сурдаг. Хүүхдүүд маань надаар овоглодог, миний хүүхдүүд байгаа. Хүүхдүүдэдээ тэтгэлэг төлнө.Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хэрэгт авагдсан  нотлох баримтыг шинжлэн судлав.         

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч  Б.Эад холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” , хариуцагч Т.Б, Б.Э нараас “ дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дээс  хариуцагч Т.Б, Б.Э нарт холбогдох “ дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага мөн хариуцагч Т.Боос татгалзаж, хариуцагч Б.Эаас “ хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар  шаардлагаа багасгаж  байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заажээ.

 

Иймд нэхэмжлэгч талын хариуцагч Б.Эаас “хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар  шаардаж,  хариуцагч Т.Б, Б.Э нарт холбогдох “ дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулах” тухай мөн хариуцагч Т.Боос татгалзсан нь  хуульд нийцсэн байна.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Д.Ч, Б.Э нар нь 2001 онд танилцаж, 2005 оноос хойш  2018 оны 9 сар хүртэл хамтран амьдарсан ба энэ хугацаанд 2007 оны 9 дүгээр сарын 20-нд хүү Э.А, 2010 оны 8 дугаар сарын 06-нд охин Э.У нарыг төрүүлсэн  болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж буй тухай өрхийн эмчийн болон сургуулийн тодорхойлолт, эхийн иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдожээ.

 

 Зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй ба хариуцагч Б.Э нь хүү Э.А, охин Э.У нарыг өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан бөгөөд өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн  байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.

 

Иймд хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж  шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч эцэг Б.Эын  хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх  Д.Ч саад болохгүй байхыг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт ”тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх тул түүний төлсөн  82,367 төгрөгийг  улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Чд олгов.

 

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээс гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 59 дүгээр зүйлийн  59.5-т “ Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж зааснаар тал хувийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 228.975 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Чд олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлэгийг  гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор  заасан.

 

Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дэх хэсэгт  зааснаар хариуцагч Б.Эаас нэг жилийн хугацаанд 2 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамжид 71,736 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтсон ба нэхэмжлэгч тал нь дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулахаах шаардлагаас татгалзсан татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах туханй асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 135 дугаар  зүйлийн 135.2.8 д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2010 оны 08 дугаар сарын 06-нд  төрсөн охин Э.Уыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, энэ хуулийн 40.1.2 дах хэсэгт зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 20-нд төрсөн хүү Э.А, 2010 оны 08 дугаар сарын 06-нд  төрсөн охин Э.У нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц овогт Т.Бын Б.Эаар /регистрийн дугаар: .........../ сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Эаас гаргуулах  хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурьдсугай.

   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар  нэхэмжлэгч Д.Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь  хариуцагч Т.Б, Б.Э нарт холбогдох “дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага мөн хариуцагч Т.Боос татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Чгийн “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,367 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Чд олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 71,736  төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.   

 

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээж,  228.975 төгрөгийг   улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Чд олгосугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эх Д.Ч, эцэг Б.Э нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

8.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОЮУНЖАРГАЛ