Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/524

 

 

 

 

 

 

 

 

  2023        04         11                                  2023/ШЦТ/524

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Очбадрах /томилолтоор/,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

шинжээч Б.Ариунзул /цахимаар/,

шүүгдэгч З.Б  , түүний өмгөөлөгч Ж.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Б  ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01028 1441 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б  ийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд хохирогч Н.М тай лангуун дээр ирсэн үйлчлүүлэгч дуудаж авсан гэх шалтгааны улмаас хэл амаар доромжилж, гараараа толгой руу нь цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.       

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч З.Б   нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд хохирогч Н.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

Хохирогч Н.М ын гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 11/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан:

“2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Н.М  нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвд бусдад зодуулсан гэх хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байж болзошгүй этгээдтэй адил төстэй нийт 6 хүний фото зургийг 1, 2, 3, 4, 5, 6 гэж дугаарлан 3 эгнээнд урьдчилан байрлуулсан бөгөөд З.Б  ийн зургийг 5 дугаараар дугаарлаж доод эгнээнд байрлуулав. Хохирогч Н.М ыг 204 тоот өрөөнд оруулж урьдчилан бэлтгэсэн хүий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байж болзошгүй этгээдтэй адил төстэй нийт 6 хүний фото зургийг үзүүлэхэд доод эгнээнд байрлах 5 дугаартай гэрэл зургийг гараар заан “намайг зодож миний эрүүл мэндэд хохирол учруулсан Б  мөн байна” гэв...”,

Хохирогч Н.М ыг өрөөнөөс гаргаж, дээрх 6 хүний зургийн байрлалыг өөрчилж З.Б  ийн фото зургийг 2 дугаараар дугаарлаж дээд эгнээнд байрлуулсны дараагаа хохирогчийг дуудан оруулж фото зургуудыг үзүүлэхэд дээд эгнээнд байрлах 2 дугаараар дугаарласан зургийг зааж “энэ зурган дээрх эмэгтэй Б  мөн байна” гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16/,

 

Хохирогч Н.М ын мөрдөн шалгах ажилгаанд өгсөн:

“Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн 20, 21, 22, 23 дугаар лангуудад савхин бээлий болон нүдний шил худалдаалдаг хүн. 20, 21, 22, 23 дугаар лангуунууд нь төв хаалганы хажууд байрлалтай байдаг ба 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн орчим эрэгтэй, эмэгтэй хоёр худалдан авагч манай урд талы лангуун дээр ирсэн боловч худалдагч нь байхгүй байсан тул манай лангуунд хүрээд ирсэн ба манай лангуунаас хайж байсан зүйлээ олоод худалдаж авахаар болсон ба тэгээд байж байхад миний хажуу талын лангууны худалдагч Б  нь намайг “яасан цадаж ханадаггүй пизда вэ, пэндийж тэсгийчээд” гэх мэтээр намайг доромжлоод орилоод байсан. Би тухайн хоёр хүнтэй наймаагаа хийж дуусаад явуулсны дараа худалдагчид “чи одоо юу гээд хүн доромжлоод байгаа юм бэ” гэхэд “хуц, пизда минь” гээд намайг элдвээр доромжилж орилж байгаад гэнэт надруу дайрч ирээд үгийн зөрүү байхгүй миний толгой руу гараа атгаж байгаад нүүр нүдгүй цохисон. Тухайн үед би малгайтай байсан учир малгай доошлоод нүд хаагдсан. Б  нь намайг зодож байхдаа цааш лангуунд шахаж түлхээд байсан. Би арай гэж лангуунаасаа зай аваад Б ийг цаашаа түлхэхэд миний хажуу талаас Б ийн найз М  нь ирээд хоёр гарыг минь хойно барихад Б  нь миний хөл гуя руу өшиглөж байгаад толгой руу цохиод байсан тул би “болиоч ээ, та хоёр яагаад нэг нь бариад нэг нь зодоод байгаа юм бэ, та хоёр нийлж байгаад намайг зодсон” гэж орилсон. Тэгсэн Б  нь намайг зодож байгаад нэг мэдэхэд би ганцаараа үлдсэн байсан. Ийм асуудал гарсан учир би цагдаагийн байгууллагад хандах болсон. Одоо ер нь хил хаасан бараа материал хил дээр гацаад байгаа. Манай бараанууд арай түрүүлээд ирсэн тул барааны сонголт ихтэй байгаа. Худалдан авагч надаас их худалдан авалт хийж байгаа учир надад атаархсан байх гэж бодож байна. Б  нь намайг зодож байхдаа хэлэх хэлэхгүй үгээр доромжилж “одоо хэд хоногийн дараа чамд муу юм тохиолдоно, чи энд байх уу, үгүй юу, чамайг байхгүй болгоно” гэх мэтээр айлгаж сүрдүүлээд байсан. Миний зүүн хацар хавдсан, толгой өвдөлт ихтэй, дотор муухайраад, зүрх дэлсээд салгалаад чичрээд байна. Миний биед учирсан гэмтлүүдийг Б  нь надад учруулсан. Харин М  нь миний гарыг бариад байж байсан...”,

“Бид хоёр хоорондоо маргалдаад хэрэлдэж байтал Б  нь гүйж ирээд шууд гараараа миний зүүн хацар хэсэгт 1 удаа цохиод, хувцас, энгэр заамнаас зулгаагаад байхаар нь би гарыг нь тавиултал 2 гараараа ээлжлээд самардаад байсан боловч яг самардах үедээ миний нүүр болон бусад хэсэгт төдийлөн хүчтэй цохиогүй. Харин самардах үед нь миний малгай нүүр хэсэг рүү ороод нүүд хааж, толгойн дагз, орой хэсэг ил гарсан байхад толгойн оройн хэсэгт 1 удаа нилээн хүчтэй цохисон. Б  нь надруу дайрч, намайг цохих үед М  ямар шалтгаанаар ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Болиулах гэж байсан юмуу, хэргээр барьж өгсөн юмуу гэдгийг нь мэдэхгүй. Миний гарыг биедээ наагаад бариад байсан. Тэрнээс биш М  нь намайг цохисон, зодсон асуудал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 71-72/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлээнгийн  2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3104 дугаартай:

“З.Б  ийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хуганцаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,

 

Гэрч Д.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Үдээс хойш 17 цагийн үед ямар шалтгааны улмаас гэдгийг нь сайн мэдэхгүй М , Б  нар хоорондоо хэрэлдэцгээгээд байсан. Би нэг их анхаарал хандуулахгүй байгаад хартал тэр хоёр зууралдаад заамдалцчихсан байхаар нь очоод М ыг “боль, боль” гэж хэлээд биенээс нь татаад хойшлуулсан. Харин Б ийг Ц  аваад цааш нь явсан бөгөөд яг салж байхдаа М  нь Б ийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би очоод тэр хоёрыг салгах санаатай М ын бие хэсгээс татаж холдуулсан. Уг асуудалд өөр хэн нэгэн оролцоогүй. Тэр хоёрын хооронд л болсон. Барилцаж авсны дараагаар тэр хоёр хоорондоо хэрэлдээд л үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,

 

Гэрч Ж.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажил тарах дөхөж байхад Б  М  хоёр ямар шалтгааны улмаас гэдгийг нь мэдэхгүй хоорондоо хэрэлдээд бие биенийгээ элдэв муухайгаар харааж байгаад гэнэт барилцаад авсан. Би лангуунаас гүйж очоод Б ийг татаж авахад цаад лангуунаас М  ирээд М ыг бариад тэр хоёрыг хооронд нь маргахыг болиулснаас биш хэн нэгнийх нь талд орж уг асуудалд оролцсон зүйл байхгүй. Яг тухайн үед тэр хоёр сүйдтэй зодолдож цохилцоогүй. Хэн хэнийхээ биед хэрхэн халдсан талаар ч би сайн хараагүй. Нэг л мэдэхэд барилцаад авчихсан энгэрээсээ зулгаалцчихсан байсан бөгөөд уг асуудлын дараагаар Б  нүд рүү цохичих шиг боллоо гэж байсан. М ын биед ямар гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна...”

“...Тэгтэл М  гүйж ирээд М ыг салгасан. Би З.Б  ийг салгасан. Тухайн үед З.Б   миний нүд рүү цохичихлоо шдээ гэсэн. Тухайн үед зодоон болоогүй ба заамдалцаад салгаж байхад М  З.Б  ийн нүд рүү цохисон байх гэж бодож байна. Би маргааш нь ажил дээрээ ирээд Б тэй уулзахад нүд нь хөхөрчихсөн байсан. Тухайн үед З.Б  , М  нар хэрэлдэж заамдалцаад байж байхад Нарантуул захад лангуу ажиллуулдаг Д , Г , У , М  эгч, Т , Э  нар байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 79-82/,

 

Шүүгдэгч З.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би М  гэх хүнтэй заамдалцаж авснаас өөр зүйл байхгүй. Биед нь ямар нэгэн байдлаар огт хүрээгүй учраас уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. М  бид хоёр нь Нарантуул худалдааны төв дээр ижил төрлийн бараа зардаг. Тухайн өдөр би хажуу лангууны Т цэцэгтэй юм яриад зогсож байтал М  нь манай лангуунаас үз гээд тухайн үйлчлүүлэгчийг өөр дээрээ татчихсан. Тухайн хоёр хүн нь М ын лангуунаас худалдаж аваад явсны дараагаар би М д хандан “чи чинь хүний лангуунаас хүн яагаад дуудаад байгаа юм” гэхэд “хуц гөлөг минь хов яриад зогсож байхаар юмаа зар” гэж хэлээд бид хоёр үүнээс болж нилээн хэрэлдсэн. Бид хоёр хоорондоо хэрэлдэж бурхан болсон ээжийн минь нэрийг хүртэл дурдаад “эхийнхээ толгойг залгичихаад заяагүйдээ чи ингэж байгаа юм, хүүхдээ нэг муу МСҮТ-ийн сургуульд оруулчихаад” гэх мэтээр намайг тэсэхийн аргагүйгээр харааж ерөөгөөд би ч бас өөдөөс нь хэрэгдэж байгаад М ын лангууны урд барилцаад авсан. Барилцаж авах тухайн үед намайг Д , М ыг Мөнхцацрад татаад салгацгаасан. Салах үед М  миний нүд хэсэг рүү цохиод авсан. Миний зүгээс М ын биед халдсан ямар ч асуудал байхгүй. Харин ч би илүү гомдолтой байна... М ын биед учирсан гэмтлийг хэн, хэзээ, хэрхэн учруулсан эсэхийг огт мэдэхгүй. Ямартай ч надтай маргалдсан тухайн асуудлын улмаас үүссэн гэмтэл огт биш. Учир нь би болон тэнд байсан хүмүүс М ын биед халдсан асуудлал огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/,

 

Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан:

Хохирогч Н.М ын: Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед гэж санаж байна лангуун дээрээ наймаагаа хийгээд байж байтал миний хажуу талд зогсдог Б ийн лангуун дээр 60 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд Б ийн лангуунаас даавуун бээлий үзээд, тухайн бээлийгээ аваад энэ хэд вэ гэж асуухад дугарах хүн хажууд нь байгаагүй, тухайн үед Б  нь лангууныхаа цаад талд зэрэгцэж наймаа хийдэг Т тай хамт хараад зогсож байсан. Тухайн бээлийг үзэж байсан эмэгтэйн асуултад хариулах хүн байхгүй байсан тул бээлийгээ тавиад манай лангуу руу алхаад иртэл Б  араас нь ирээд “хүн дуудчихлаа, яасан ханаж цаддаггүй, пэндийсэн пизда вэ” гэж хэлэхээр нь би хариуд нь “чи юу гэсэн бэ” гэхэд “хуц пизда минь” гэсэн. /Б  нь доош хараад сууж байв/ Б  намайг хараагаад л янз бүрээр хэлээд л байсан. Би тухайн хоёр хүнд бээлий зарчихаад явсны дараагаар нь “Чи юу гээд байгаа юм” гээд бид хоёр хоорондоо маргалдаад, би Б ийг дуугай болчих байх гээд сонсоод л байтал Б  нь огт дуугай байхгүй намайг “чи шоронд нөхөртөө очиж шаалгасан биздээ, чи бол нэг их удахгүйдээ, хэдхэн хоноод чамд ямар нэгэн муу юм бол тохиолдоно би мэдэж байна, чамайг зах дээр байхгүй болгоно, танай хүүхэд чинь тэнэмэл” гэх мэтээр элдэв бусаар хэлээд байсан. Тэгэхээр нь би “чи ингэж надтай хэрэлдээд сууж байх цаг заваа болиод ядаж нэг цагийн өмнө ч гэсэн буугаад, гэр орондоо цаг гарга, очиж хүүхдийнхээ хичээлийг давтуул” гэхэд “чи миний хүүхдийг доромжиллоо” гээд лангууныхаа авдран дээр сууж байгаад гэнэт босож ирээд миний зүүн шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиод миний энгэр заамнаас зулгаагаад, түлхэхэд миний нүдний шил өлгөдөг 2 ширхэг модон самбар руу шахаж түлхэхээр нь би гараараа өөрөө холдуулж түлхээд, өөрийгөө хамгаалж байхад хоёр гараараа ээлжилж миний гарын булчин, мөр хэсэгт самардаад байж байтал миний өмсөж явсан дугуй хэлбэртэй ноосон хар малгай нүүр дарж унаад миний толгой хэсэг ил гарахад миний баруун зулайн хуйх хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд байж байтал М  ирээд намайг яах гэж байгаа нь мэдэгдэхгүй миний хоёр гартай тэвэрчихсэн тавихгүй байхаар нь “чи намайг тавиач, би энэ хүнийг чинь зодох гэж дайраагүйшдээ, чи энийгээ аваад цаашаа яваач” гэж хэлэхэд тоохгүй намайг барьчхаад зогсоод байж байтал Ц  буюу Д  ирээд “Баагий болиочээ, боль боль” гэж хэлээд цааш татаж авах үед Д гийн хоёр талаар гарч ирээд намайг хоёр хөлөөрөө ээлжлээд миний хөл хэсэг рүү өшиглөөд, Д  нь Б ийг цааш нь аваад явтал М  намайг тавиад яваад өгсөн. /Б  нь доош хараад, илүү дутуу үйлдэл гаргалгүй сууж байв/ Тухайн үед гадаа хүйтэн байсан болохоор өвлийн зузаан куртик, дотуур нь хоёр давхар ноосон цамц өмссөн байсан, Б т зодуулсан гэх асуудлын дараагаар миний ноосон цамцны цахилгаанууд нь эвдэрчихсэн байхаар нь “чи хамаг байдаг цамцны цахилгаан эвдчихсэн байна” гэхэд Б  нь “хохчинь гөлөг минь” гэж хэлээд авдар дээрээ сууж байсан. Би Б т “та хоёр намайг нийлж зоддог болжээ” гэхэд “хохчинь гөлөгөө” гээд л сууж байсан. Тэгээд би тухайн оройноо лангуугаа хаачхаад 23 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст ирж Б т зодуулсан тухай өргөдөл гараар бичиж өгтөл, тухайн оройноо надаас мэдүүлэг авч биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилсон тогтоол үйлдэж өгөөд ковидын улмаас шүүх эмнэлэг нь 24 цаг ажилладаг байж байгаад шөнөдөө ажиллахгүй болчихсон байгаа, та өглөө очоод үзүүлээрэй гэхээр нь би өглөө нь очиж шүүх эмнэлэгт үзүүлсэн.

Яллагдагч З.Б  ийн: Би тухайн өдөр миний лангуунаас 1 лангууны зайтай зэрэгцээ лангууны худалдагч Т цэцэгтэй ойр зуурын юм яриад зогсож байтал гарцаар 60 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд манай лангуун дээр ирэх үед нь би Т цэцэгийн лангуунаас “Ямар бээлий вэ үзээрэй” гэж хэлээд алхаад очиж байтал /Хохирогч Н.М  инээв/ цаанаас нь М  шууд “нааш ир эндээс үз” гээд тухайн хоёр үйлчлүүлэгчийг дуудахад тухайн хоёр хүн М ын лангуу руу яваад өгөхөөр нь би лангуун дээрээ ирээд “өө чи хүн дуудаад ямар өлөн болцон юм бэ” гэж хэлсэн. Уг хоёр хүн М аас бээлий худалдаж аваад цаашаа явсны дараагаар нь би “Пизда минь яагаад хүн дуудаад байгаа юм” гэхэд өөдөөс “хохино муу пизда минь хов яриад зогсож байхаар юм аа зарахгүй ясан юм чи” гэхээр нь би “битгий хуцаад бай чи муу өлөн нохой шиг хүний лангуун дээрээс яахаараа хүн дууддаг юм” гэтэл “Янхан минь битгий хуцаад бай” гэхээр нь би “би янхан байсан ч чи янхан болж чадахгүй, чи энд янхандаж явж байхаар шоронд байгаа нөхөртөө очиж шаалгуулахгүй яасан юм” гэж хэлээд бид хоёр хэлэх хэлэхгүй үгээр бие биеэ доромжилж хэрэлдээд сүүлдээ намайг “чи эхийнхээ толгой залгисан, заяагүйдээ чи ингэж явж байгаа юм, нэг архичингаас салаад нэг архичинтай суусан, арчаагүйдээ хүүхдээ нэг муу ТМС-д оруулчхаад чи ингээд зогсож байхаар гэртээ очиж хүүхдийнхээ хичээлийг хийлгээч” гээд над руу алхахаар нь би лагуунаасаа М ын лангууны өмнө очиж бид хоёр заамдалцсан. Би заамдалцсаны дараагаар би М ыг баруун гараараа нүүр хэсэг рүү нь цохих гэсэн боловч гар хүрээгүй, хөлөөрөө хөл хэсэг рүү нь өшиглөх гэсэн боловч хөл хүрээгүй, бид заамдалцсан хэвээрээ байж байтал, Д , М  нар ирээд бид хоёрыг хоёр тийш нь зэрэг татаад салгасан. Би тухайн үед М ын биед ямар нэгэн байдлаар огт хүрээгүй, харин М  нь салж байх явцдаа аль гараараа гэдгийг нь сайн мэдэхгүй байна миний зүүн хацар, нүд хэсэг рүү 1 удаа цохисон. Бид хоёрыг заамдалцах үед М ын цамцны цахилгаан нь салж, эвдэрсэн байхыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-97/,

 

            Гэрч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Тухайн өдөр бид нар Нарантуул зах дээр бараа зараад Б тэй ойр зуурын юм яриад зогсож байтал Б ийн лангуун дээр хүн бараа үзэх гээд очихоор нь Б  очих гээд яваад очтол М  цаанаас нь тэр хүийг “ямар бээлий авах юм” гэж хэлээд асуугаад өөрийнхөө бараанаас үзүүлээд бээлийгээ зарчихсан. Түүнээс болоод М , Б  нар хоорондоо маргалдсан. Тэр 2 нэгнийгээ элдвээр хэлж доромжилж байснаа тэр 2 хоорондоо барьцалдаад авахаар нь тэнд байсан Цогоо, М  нар 2 талаас нь очоод салгахын өмнө М  нь Б ийн баруун талын нүд рүү нь гараараа нэг удаа цохичихсон. Тэгээд Б ийг Цоогоо барьж салгаад, М ыг М  гарнаас нь бариад тэр хоёрыг салгасан. Тэгээд тэр 2 бараагаа хурааж байхдаа лангууныхаа араар хэрэлдээд байгаа бололтой байсан. Удалгүй харанхуй болж байсан тул тэр 2 яваад өгсөн. Тэр явдлын маргааш нь Б ийн нүд хөхөрчихсөн Нарантуул дээр ирээд өчигдөр М  цохиод ингээд хөхөрчихлөө гэж байсан. М ыг цохихоос өмнө Б ийн нүүрэнд ямар нэгэн ил харагдах гэмтэл байгаагүй байсан. Би тухайн өдөр Б тэй хамт юм ярьж зогсож байгаад Б  нь М тай маргалдаад барьцалдаж зууралдах хүртэл нь би хараад зогсож байсан. Б  нь М ыг огт цохиж зодоогүй. Заамдалцчихсан байхаар нь хүмүүс салгахын өмнө харин М  нь Б ийг цохисон. М , Б  нар Нарантуул зах дээр өөр өөрсдийн бараагаа зараад л байж байдаг. Наймаачид бид нар өөрсдийнх нь барааг үзэх гээд ирсэн хүмүүсийг дуудаж авахгүй шүү гээд аман байдлаар тохирчихсон байдаг. Үүнээс болоод тэр 2 маргалдсан..”,

            “Эхлээд Б  бид хоёр юм яриад зогсож байхад Б ийн лангуун дээр нэг үйлчлүүлэгч ирээд савхин бээлий асуусан чинь Б  гүйж очоод асуусан чинь цаанаас нь М  “эндээс үз” гээд өөрийнхөө бээлийний лангуун дээр дуудаад бээлийгээ зарсан. Тэгсэн чинь Б  “адилхан хөлдөж үхэх гэж байж хүний бараан дээрээс дуудаад байхдаа яадаг юм” гэж хэлсэн чинь “хов ярьж байхаар бараагаа зарахгүй яасан юм хохино” гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Гэтэл М  эхлээд зууралдаж байхдаа Б ийн зүүн талын нүд рүү гараараа цохисон. Тэр үед нь ойр байсан хүмүүс салгаад явсан. Энхцэцэг нь жижигхэн биетэй, М  нь Б ийн хажууд том биетэй хүүхэн байгаа юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162, 199-200/,

 

            Гэрч З.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “2022 оны 02 дугаар сард байсан санагдаж байна. Өдрийн 14-15 цагийн орчим Нарантуул зах дээр бараагаа дэлгэчихээд лангууныхаа ард сууж байтал манай зэргэлдээ лангуунд суудаг Б , М  2 хоорондоо муудалцаад эхэлсэн. Наймаачид бараанаасаа болж хоорондоо их муудалцдаг. Тэгээд нээх тоогоогүй байж байтал М  нь Б ийг “чи арчаагүйдээ ээжийнхээ толгойг залгиа биз дээ” гэж хэлээд үүнээс болоод хоороноо заамдалцаж барьцалдаж аваад байж байтал миний хажууд бараа зардаг Цогоо гэж дууддаг, М  гээд тэнд бараа зардаг эмэгтэй тэр 2 очиж салгаад тэр хоёрыг салгасан. Тэр явдлын маргааш нь Б  Нарантуул зах дээр иртэл нүд нь хөхөрчихсөн ирсэн. Тэгээд өчигдөр М  намайг цохичихсон юм, тэр нь ингээд хөхөрсөн гэж хэлж байсан...”,

            “Миний лангууны өөдөөс харсан лангуу байгаа юм. Бээлийгээ үйлчлүүлэгчид дуудаж зарлаа гэдэг маргаанаас болоод хоорондоо хэрэлдээд байсан. Тэрнээс зодоон болоогүй. Хоорондоо барьцалдаж аваад хоёр талаас нь гарч ирээд салгасан. Харин М  нь Б ийн нүд рүү цохисон чинь маргааш нь ирэхдээ Б ийн нүд хөхөрчихсөн зогсож байсан. Б тэй маргалдахдаа тухайн гэмтлийг аваагүй, хэрэв зодуулсан бол Нарантуулын цагдаад мэдэгдэх байсан. Гэтэл цагдаад мэдэгдээгүй. Тэгээд маргалдаад хоорондоо заамдалцсан. Тэр үед нь хажуугаас хүмүүс салгаад тэгээд тарсан. Тэрнээс хойш нилээн удаж байгаад цагдаагаас залгаад гэрчээр мэдүүлэг авахад нь М ыг Б т гомдол гаргасан талаар мэдсэн. Тэрнээс маргаашнаас нь хэвийн намайгаа хийцгээгээд байж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 164-165, 201-202/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очирын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2301 дүгээр:

“Н.М ын биед зүүн хацрын төвгөр, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 185-186/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Ариунзул, М.Аригуунтөгс, Б.Сэргэлэн нарын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 920 дугаар:

“2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2301 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Н.М ын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдийн зүүн хацрын төвгөр, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Толгойн КТГ шинжилгээний хариунд гавал тархинд гэмтлийн өөрчлөлт тогтоогдоогүй байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 187-190/,

 

Н.М ын дүрслэл оношилгооны “2022 оны 01 дүгээр сарын 27-ны гавал тархины КТГ-аар тархинд эзэлхүүнт өөрчлөлтгүй. Тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн. Дунд бүрдэл хазайлтгүй. Хажуугийн болон 3, 4-р ховдлуудын байрлал, хэлбэр, хэмжээ хэвийн. Субарахнойдал зайнууд хэвийн. Гавал ясанд гэмтлийн өөрчлөлтгүй, хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Хамар ясанд гэмтлийн өөрчлөлтгүй, хамрын таславч бага зэрэг мурийн /хуучин/, хоёр талын гайморовын хөндийн салст бага зэрэг зузаарсан /синусит/. Хоёр нүдний алим, харааны мэдрэл, булчингууд, ухархайн хананууд хэвийн” гэх хариу, дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 191-193/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

Гэрч Д.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Миний ээж М  нь Нарантуул захад нүдний шил худалдан борлуулдаг ажил эрхэлдэг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр над руу залгаад “ажлынхаа хүнд зодуулчихлаа, хүрээч ирээч” гэхээр нь би Нарантуул захад очсон. Тэнд очиход ээж уйлчихсан байдалтай байсан бөгөөд хажуу талын лангууны Б  гэх хүн зодсон гэж хэлж байсан бөгөөд би тухайн үед ээжээс айхтар тодорхой зүйл асуугаагүй. Ээж надад бас тодорхой зүйл хэлээгүй. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. Тухайн үед өвлийн улирал байсан тул ээж маань зузаан хувцастай байсан. Би ээжээсээ тусдаа амьдардаг учраас биед нь гэмтэл шарх учирсан эсэхийг мэдээгүй. Нүүр нь улайсан байдалтай байсан. Өөр гэмтэл байсан эсэхийг мэдэхгүй. Ээжийн нүүр нь цохиулаад улайсан эсвэл хүйтэнд улайсан байсан эсэхийг мэдэхгүй байна. Ээж маань 2022 оны 12 дугаар сарын эхээр Солонгос улс руу явсан бөгөөд одоо Солонгос улсад байгаа. Яг хэзээ ирэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 216-217/, шүүгдэгч З.Б  ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 36/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 37/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 38/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Шинжээчийн дүгнэлтүүдийг уг хэрэгт ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй этгээдүүд хуульд заасан журмын дагуу тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан учир үнэн зөвд тооцох нь зүйтэй.      

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас З.Б  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.Б   нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч Н.Мөнх-Ургмалын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч З.Б   нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ. Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ.

 

Шүүх хуралдаанд шинжээч эмч Б.Ариунзул нь “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн компьютер томограф хийдэггүй. Бусад нарийн мэргэжлийн эмнэлгүүдээр оношилгоо хийлгээд тэрийг үндэслэж дүгнэлт гаргадаг... Энэ хэрэг 01 дүгээр сарын 26-ны өдөр гарсан. 01 дүгээр сарын 27-ны өдөр компьютер томограф хийлгэсэн. Гарсан өөрчлөлт нь зулайн орой хэсгээр зөөлөн эд овойж хавдсан гэдэг нь компьютер томограф харагдаж байна. Зүүн хацар, зүүн нүдний орчим байгаа цус хуралт гэмтлүүд нь шинжээч эмчид өөрт нь харагдаж байгаа. Тэр өөрчлөлтүүдийг компьютер томографаар хэдэн см хавдсан гэх нь оновчгүй. Хамгийн гол нь гавлын яс, тархиа үзэж байгаа шүү дээ. Шинжээч эмч компьютер томографи болон зүүн хацар, зүүн нүд зэргийн гэмтлүүдээ хараад нийтэд нь нэгдсэн байдлаар дүгнэлт гаргасан байна. Энэ гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа. Гэмтэл тус бүрээр ялгах шаардлагатай гэвэл зүүн хацрын төвгөр гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхинд цус хуралт бага хэмжээгээр үүссэн бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Их хэмжээгээр үүссэн бол гэмтлийн зэрэгт хамаарна...” гэх үндэслэл бүхий дүгнэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон болно. 

 

Тухайн үед хохирогч, шүүгдэгч нар нь харилцан маргалдсан, хэн хэнийхээ эрүүл мэндэд халдсан үйлдэл болжээ. З.Б  , Н.М  нарын хэн хэнийх нь биед үзлэг хийж шинжээч эмч дүгнэлтийг тус тусдаа гаргасан байна. Ингэхэд З.Б  ийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан байх боловч гэмтлийн зэрэгт хамаарахгүй, Н.М ын биед үүссэн  зүүн хацрын төвгөр, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл учирч энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гол шинж нь “хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан” байх юм. Хүний эрүүл мэндэд ямар хохирол учирсан байгааг шинжээч тусгай мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлт гаргаж тогтоодог. Ийнхүү шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий компьютер томографийн шинжилгээг үндэслэн гарсан байна.

 

Иймд шүүгдэгч З.Б  ийн хохирогч Н.М ын биед зүүн хацрын төвгөр, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин Н.М  нь З.Б  ийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэмтэл, хохирол учруулж халдсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангахгүй. Гэмт этгээдийн довтлох үйлдлийн эсрэг хийсэн хариу үйлдлийн үр дүнд үүсчээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Н.М  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 138.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд энэ баримтад авагдсан мэдээлэл нь 130.000 төгрөгөөр толгойн дүрс оношилгоо хийлгэснийг, 8.000 төгрөгөөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсний төлбөр төлснийг илэрхийлсэн шаардлага хангасан нотлох баримтууд байх тул шүүгдэгч З.Б  ээс 138.000 төгрөг гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судалхад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч З.Б  ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн гаргасан үйлдэлдээ хийж буй дүгнэлт зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан багавтар хэмжээгээр шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч З.Б   нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Б  ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б  ийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б  т оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б  ээс 138.000 төгрөг гаргуулж хохирогч Н.М-д олгосугай.

 

6. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулан хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б  т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ