Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/584

 

 

 

 

 

 

2023         04          21                                        2023/ШЦТ/584

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Ч.Батбаатар,

Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Б.Уранбилэг,

Иргэний нэхэмжлэгч Г.Жамъянцогзол,

Шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг /ҮД:0229/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Эод холбогдох 2303 00012  0094 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Увс аймагт 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, “Хос бар” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 85-А байрны 49 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 198 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Т овогт Пагмын Э /РД: /.

Хэргийн товч агуулга:

П.Э нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Бээжингийн гудамж, И-март худалдааны төвийн хойд замд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 04 цаг 40 минутын үед “Тоёота приус-20” маркийн 94-07 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 12.1 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч гүүрний хашлага мөргөснөөс зорчигч Б.Нарансолонгын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Б.Ихэрсарангийн эрүүл мэндэд мөн хохирол учирч, Б.Ихэрсаран Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барж амь насанд нь хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уранбилэг өгсөн мэдүүлэгтээ: “Би охины талаар яръя. Миний охин Эрдэнэт хотод ихэр хүүхэд болж төрсөн. Манай хүүхэд цэцэрлэгээр хүмүүжсэн. 2021 оны 09 дүгээр сард Анагаах ухааны их сургуулийн шүдний эмч, нүүр амны гажиг засал гэсэн мэргэжлээр ихэр дүү болох Эрхсаран дүүтэйгээ хамт нэг ангид сурдаг нэг хүүхэд байсан. Миний охин эгэл жирийн хүүхэд байгаагүй. Сургуулийнхаа оюутны зөвлөлийн гишүүн, гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин хүүхэд байсан. Төлөв даруу, сайхан сэтгэлтэй. Сайхан сэтгэлийн хариуд найзтай туслах гээд гэрээс нь дуудахаар нь гараад яваад мөнх бусыг үзээд хорвоогоос явсан. Манай хүүхэд шударга, хүнд хэлье гэснээ хэлчихдэг тийм хүүхэд. Бид хоёр хоёр ихэр охинтой. Өөр хүүхэд байдаггүй. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 удаа хүүхдээ тээх боломжгүй гээд ураг салгуулсан. Эцэг, эх хүн бүр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зүтгэдэг. Бид хоёр хүсэл мөрөөдлийг биелүүлэх гээд өдөр шөнөгүй бид нар зүтгэ байсан. Энэ сургуулийг төгсөөд дахиад эм зүйчээр сураад аптек нээгээд эгчтэйгээ ээж, ааваа та нарыг 4 жилийн дараа жаргаана гэдэг мессежийг энэ явдлаас болохоос 2 хоногийн өмнө охиноосоо авсан. Энэ хэргийн талаар сайн мэдээгүй. Би хэргийн материалтай танилцсан. Хөдөө ахындаа очсон байсан учраас сүлжээ муу байдаг. Өглөө 6 цагт манай хүн хувцсаа өмсөөд охинтой ярих хэрэг гарлаа гэхээр нь бид хоёр саяхан 11 дүгээр сарын 28-нд хамгийн сүүлд хоёр хүүхэд дээрээ ирээд буцсан. 10 хэдэн хоногийн дараа дуудах хэрэг юу гарсан юм бол гээд Эрхсаран луу сүлжээ ороод залгахад “ээжээ та тайван байгаарай. Ихрээ маань эмнэлэг дээр ирээд нуруу хэвлийний хагалгаанд орох гэж байна” гэж хэлээд миний утас сүлжээ тасарсан. Манай хүн очоод дөнгөж сүлжээ ороод залгахад “10 цаг 10 минутад амьсгал хуураалаа” гэдэг мэдээг нөхрийнхөө дүүгээс сонссон. Эын хийсэн хэргээс болоод үнэхээр хэцүү байгаа. Манай хоёр хүүхэд аав, ээжийн маань анхны ач нар. Тухайн үед оюутан байсан учраас манай хоёрыг аав, ээж маань өсгөж өгсөн. Ээж маань гэнэтийн байдалд ороод “зүрхний шигдээс” гэсэн онош тавигдаад, мартах санах, юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байдаг. Би хүүхдийнхээ хөргийн өмнө зул өргөөд сууж байгаа хэр нь “ороод ирнэ дээ” гээд сууж байдаг. Миний охин бурхан болохоосоо өмнө шүүгдэгчид тэр өдөр “хурдаа хасаач ээ, яаж яваад байгаа юм бэ” гээд анхааруулаад хэлж байхад хурдаа хасаад аюулгүй байдлыг бүрэн хангаад явж болоогүй юм бэ гээд хэлсэн.  Манай гэр бүлд үнэхээр хэцүү байгаа. Энэ хэргийн улмаас үлдсэн нэг охин нь маань сэтгэл санаа нь тогтворгүй хичээлдээ явж чадахгүй байгаа. Утас нь дуугараад найз нөхөд нь дуудаад үзвэр үйлчилгээ үзье гэхэд явах болгонд нь бид хоёр байнгын сэтгэл санаа зовоотой байдаг. Яагаад гэхээр нэг хүүхдийн маань найз гэдэг нь дуудаж гараад ийм байдалд орсон учраас хүнд итгэх итгэл гэдэг зүйлээ алдчихсан байгаа. Би 48 хоног дээр нь өмгөөлөгч нь өөрөө над руу ярьсан. Би Эыг “яагаад өөрөө ярьж болоогүй вэ, наад хүн чинь өөрөө хэл амтай биз дээ, яагаад холбоо барихгүй байгаа вэ” гээд хэлэхэд орой нь Э над руу залгаад хэлэхдээ “би хурдтай яваагүй шүү дээ” гэж өөрийгөө өмөөрсөн. Шүүгдэгч 60 км цагийн хурдыг хэтрүүлээгүй гэж яваагүй ч гэсэн тэр зам дээр 20 км цагийн хурдтай явсан нь асар хурдтай байсан. Тэгэхэд би хурд хэтрүүлээгүй гэж өөрийгөө өмөөрсөн. Миний хүүхдийг юман чинээ бодоогүй. Шүүгдэгчийн хэлж байгаа уучлаарай гэдэг үгийг 1000 удаа хэлсэн ч миний охиныг босгож чадахгүй. Би бүхэл амьдралаараа, үр хүүхдээрээ, эрүүл мэндээрээ хохироод явж байна. Би гашуудлын зардалд 37 сая төгрөгийг нэхэмжлээд явж байсан. Тэр 37 сая төгрөг миний охины амьтай тэнцэхэд нэг хувийг ч эзлэхгүй. Бичиг үсэг мэдэхгүй бол яаж жолооч болсон бэ. Тэр тестийг бөглөөд, яаж дүрмийг судалсан бэ. Э жолоо бариад явахдаа би хүний амь нас хариуцаж явж байгаа шүү гэж бодох ёстой. Би аргаа бараад хэлсэн. “Чи миний хүүхдийн дөрвөн мөчийг ч хугалаад, тэргэнцэр дээр ч болтугай суулгаад өгөхгүй яасан бэ?” гэж хэлсэн. Тэгсэн бол хүүхдээ асраад сууж байхад нь би гомдохгүй гэж хэлсэн. “Би яах вэ? эгчээ” гээд ирэхэд би өөрийнхөө бодлыг хэлсэн. “Би хатуу сэтгэл гаргахыг хүсээгүй. Адилхан үр хүүхэдтэй гээд элэг бүтэн амьдралаар хагацал үзээд яах вэ дээ гээд хөдөөлүүлэхэд нь бодоод зогсож байсан. Гэтэл та нар намайг ямар хүн болгож байгааг мэдэж байна уу? Шүүгдэгч тал чимээгүй байж байгаад шүүх хурал дөхөөд ирэхээр сонин сонин юм ярьдаг. Өнөөдрийн хэлж байгаа мөнгө юу ч биш. Үрээ алдсан хүний хувьд наад мөнгө чинь инээдэм. Миний үлдсэн ганц хүүхдэд юу ч хийж чадахгүй, юу ч хийж нотолж чадахгүй. Нарансолонгын ээж болон Нарансолонго, Э гурав яг адилхан. Нэг нь хүүхэд нь амь үлдсэн гээд намайг хаясан. Шүүгдэгч бол яаж гэм зэмгүй, ял багатай салах вэ гэдэг бодол байгаа болохоос биш, миний амьдралыг тараагаад, миний үр хүүхдийг үгүй хийсэн гэдэг бодол үнэхээр байхгүй байна. Шүүгдэгчийн хандаж байгааг харахаар гэмшихгүй байна гэж харж байна. Би маш их гомдолтой байгаа болохоор энэ хурлыг үнэн зөвөөр явуулаад эдлэх ёстой ял шийтгэлийг өөрийн биеэр эдлүүлэхийг хүсэж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жамъянцогзол өгсөн мэдүүлэгтээ: “Манай дээр осол гарсны дараа тээврийн цагдаагийн албанаас тоот ирсэн. Тэрний дагуу очиж мэдүүлэг өгсөн. Тэр ослыг Тээврийн цагдаагийн албанаас мэдсэн. Дараа нь хохирлын үнэлгээ нь гаргуулж авсан. Хохирлын үнэлгээ нь 1.980.000 төгрөг болсон байсан. Уг төлбөрийг өөрсдөө энэ өвөл гүүрийг засварлаж өгсөн. Гүүрний засвар бүрэн болсон. Нийслэлийн өмчийг хувь хүн засах боломжгүй байсан ч өөрсдөө гуйгаад байхаар нь би удирдлагууддаа хэлээд зөвшөөрөөд засуулсан. Одоо гүүр хэвийн ашиглалтад орсон. Нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.04/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх.05-12/,

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.1.13/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл /хх.1.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уранбилэгийн өгсөн: “... Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Осол гарсны дараа миний охин Эрхсаран утсаар залгаж “Ихрээ гэмтлийн эмнэлэгт хэвлийн нурууны хагалгаанд орох гэж байна” гэж хэлэхэд миний утасны сүлжээ унаад яриа тасарсан. Охиноо зам тээврийн осолд орсон гэдгийг эгч Батсүхээс сонсож мэдсэн... Оршуулгын зардалд ойролцоогоор 25 сая орчим төгрөгийн зардал гарсан байгаа. Жолоочоос 3.000.000 төгрөг өгсөн. Жолоочид маш их гомдолтой байгаа, миний охин такси бариад явж байсан зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хүн хариуцлагагүйгээс болж миний охины амь нас хохирсон... Ихэр охин болох Эрхсаранг сэтгэл зүйчид үзүүлж сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай, тухайн зардлыг гаргуулна. Эрхсарангийн хувьд маш их хэцүү байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Нарансолонгын хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзаяагийн өгсөн: “... Б.Нарансолонгын биед ослоос болж толгой өвдөг хэсэгт бага зэрэг шалбарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Эмчилгээнд гарсан зардал байхгүй... Охины биеийн байдал гайгүй учраас гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх.1.105/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Нарансолонгын өгсөн: “... Би найз Ихэрсарантай 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 04 цагийн орчимд Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах Галерейн гадна уулзсан. Би Ихэрсарантай уулзаж машин жолоодуулах гэж уулзсан. Машин бол манай ээж Мөнхзаяагийн машин ба манай ээж Их засгийн гадна машинаа үлдээсэн байсныг гэрийнхээ гадна аваачих гэж байсан юм. Тэгээд 04 цагийн орчимд Ихэрсарантай Сүхбаатарын талбайн зүүн талд уулзаад Их засаг орохоор явсан. Бид хоёр уулзсан газраасаа бага зэрэг зүүн тийш алхаж байхад замын хойд талд нэг баар байсан. Тэр баарны үүдэнд 2-3 хүн зодолдоод байж байсан. Бид 2 тэр хүмүүсийг хараад зогсож байтал бид хоёрыг цэнхэр өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй 35 орчим насны эрэгтэй хүн такси авах уу гэж бид хоёроос асуусан. Бид хоёр тэгье гэж хэлээд гэж хэлээд уг тээврийн хэрэгсэлд суугаад Их засаг орохоор хөдөлсөн. Тээврийн хэрэгслийн хойд талын голд, Ихэрсаран миний баруун гар талд жолоочийн хойд талд суугаад явж байсан ба тухайн жолоочийг би хаана явж байгааг хоорондоо юм яриад явж байсан учраас анзаараагүй. Тэр жолооч нэлээд их хурдтай яваад байх шиг байсан. Зам түгжрэлгүй бид хоёрын сууж явсан машинаас өөр машин бараг байгаагүй. Тэр жолооч замын хурд сааруулагч дээгүүр их хүчтэй гарахаар нь Ихэрсаран тэр жолоочийг “та ямар их хурдтай явдаг юм бэ? жоохон зөөлөн яваач ээ” гэж хэлж байсан. Би жолооч биш учраас ойролцоогоор хэдэн км/цаг хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй байна. Тэр жолооч 2 дугаар эгнээгээр явж байгаад 3 дугаар эгнээ рүү шилжих гэж байсан чинь машин гулгах шиг болоод замын хажуу руу ороод гүүрний бетонон хашлага мөргөчихсөн. Маш хурдан болоод өнгөрсөн. Би осол болсны дараа ухаан алдсан байсан ба ухаан ороод хартал Ихэрсаран “ёоё ёоё” гээд ёолоод байсан. Тээврийн хэрэгслийн жолооч цагдаа эмнэлэг дуудаж байх шиг байсан. Тэр жолооч бид хоёрыг тайван байгаарай, ахыгаа уучлаарай гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.1.108/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, Улаанбаатар зам арчлалтын газар ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Г.Жамьянцогзолын өгсөн: “... Уг гүүрний засвар үйлчилгээг манай байгууллага хариуцдаг. Гүүрний хашлага нурсан байсан. Буруутай этгээд уг гүүрний эвдрэлд гарсан хохирлыг төлж барагдуулсан тохиолдолд манай байгууллагаас нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх.1.113/,

Бээжингийн гүүрний засвар арчлалтын ажлын төсөвт өртгийн “төсөвт өртгийн дүн 1.986.383 төгрөг” гэх тооцоо /хх.1.115/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ц.Бадралын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3147 дугаартай

“1.Талийгаач Б.Ихэрсарангийн цогцост элэгний баруун дэлбэнгийн 6, 7, 8 дугаар сегментийн урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа (1400 мл), хоёр уушгины эдийн няцрал, баруун бөөрний өөхлөг, өрцний цус хуралт, баруун зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй..

4. Талийгаач нь дээрх хэвлийн битүү гэмтэл, элэгний эдийн задралын улмаас цочмог цус алдаж нас баржээ.

 5. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн №17312 тоот өвчний түүхэнд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 10 минутад нас баржээ.

6. Дөрөвдүгээр бүлгийн харьяаллын цустай байна.

7. Цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй байна” гэх дүгнэлт /хх.1.141-146/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 114 дугаартай: “Тоёота приус маркийн 94-07 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” Мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна...” гэх магадалгаа /хх.1.231-232/,

Хохирлын тооцоо /хх.1.37/,

Хохирлын баримтууд /хх.1.38-102, хх.2.43-45, шинээр гаргасан 9 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.1.239-241/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.1.243/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Эын яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 02 цаг 40 минутын үед Тоёота Приус маркийн 94-07 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод таксинд явж мөнгө олохоор гэрээсээ гарсан. Тэгээд 04 цаг 40 минутын орчимд Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Ай лофт” баарны үүдэнд зогсож байтал уг баарнаас 2 эмэгтэй хүн гарч ирээд намайг таксинд явах уу их засаг их сургууль орно гэсэн ба би тэг 2 охины тээврийн хэрэгсэлдээ суулгаад уг баарны үүднээс хөдөлсөн. Нас барсан эмэгтэй нь миний чанх хойд талд нөгөө охин нь түүний зүүн гар талд суугаад явж байсан. Тэгээд баарны үүднээс хөдлөөд туушин зочид буудлын урдуур зүүн тийш явж байгаад ертөнцийн зүгээр хойшоо эргээд ШУТИС-ийн уулзвараар баруун гар тийш эргээд Хятад элчин сайдын яамны урд замаар ертөнцийн зүгээр зүүн тийш явсан. Тэгээд Сэлбийн голын гүүрийг давахаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад 2 дугаар эгнээ рүү шилжих гээд жолооны хүрдээ зүүн гар тийш эргүүлтэл машин зам дээр гулгаад шууд эсрэг урсгал руу ороод цааш явган хүний зам даваад гүүрний бетонон хашлагыг мөргөөд зогссон. Машин гулгах үед би тоормос гишгэсэн боловч тэр чигтээ гулгаад явчихсан, би зам халтиргаа гулгаа ихтэй байгаа гэдгийг мэдэж байсан. Тухайн зам нь бага зэрэг уруу байсан ба миний хойд талд нэг машин явж байсан. Өөр эсрэг урсгал болон миний урд талд ямар нэгэн машин байгаагүй. Тэгтэл хойно сууж явсан 2 охины нэг нь нэг л сонин амьсгалаад нөгөө охин нь ухаан алдсан байсан бололтой байж байгаад сэрэх шиг болсон. Тэр охин сонин амьсгалж байхдаа “ёоё ёоё” гээд ёолоод өөр юм ярихгүй байсан. Тэгээд би шууд 102, 103 дугаарт өөрийн гар утаснаас дуудлага өгсөн. 103 ирэхгүй удаад байхаар нь замын унаа зогсоогоод 2 охиныг суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан ба замын унаанд суулгаж явуулаад удаагүй байж байтал 103 ирсэн. Тэгээд 103-ын эмч нөгөө 2 охины араас холбогдож байгаад хойноос нь очиж аваад гэмтлийн эмнэлэг явсан. Би тухайн үед 60 орчим км/цагийн хурдтай явж байсан. Би тэр хоёрыг яг юуны талаар ярьж явсныг мэдэхгүй. Тэр хоёр охиноос архи үнэртэж байсан. Согтсон болон хүнтэй маргалдаж муудалцсан зүйл ажиглагдаагүй. Тээврийн хэрэгслээр явж байх хугацаанд тээврийн хэрэгсэл дотор янз бүрийн хэрүүл маргаан үл ойлголцох зүйл гараагүй. Тэр хоёр хоорондоо л юм яриад явж байсан...” /хх.1.137-138/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч П.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх.1.249/,

Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.248, 250, хх.2.25-28/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.2.08/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

П.Э нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Бээжингийн гудамж, И-март худалдааны төвийн хойд замд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 04 цаг 40 минутын үед “Тоёота приус-20” маркийн 94-07 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 12.1 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч гүүрний хашлага мөргөснөөс зорчигч Б.Нарансолонгын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Б.Ихэрсарангийн эрүүл мэндэд мөн хохирол учирч, Б.Ихэрсаран Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барж амь насанд нь хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.04/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх.05-12/,

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.1.13/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл /хх.1.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уранбилэгийн өгсөн: “... Осол гарсны дараа миний охин Эрхсаран утсаар залгаж “Ихрээ гэмтлийн эмнэлэгт хэвлийн нурууны хагалгаанд орох гэж байна” гэж хэлэхэд миний утасны сүлжээ унаад яриа тасарсан. Охиноо зам тээврийн осолд орсон гэдгийг эгч Батсүхээс сонсож мэдсэн... миний охин такси бариад явж байсан зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хүн хариуцлагагүйгээс болж миний охины амь нас хохирсон...” гэх мэдүүлэг /хх.1.30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Нарансолонгын хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзаяагийн өгсөн: “... Б.Нарансолонгын биед ослоос болж толгой өвдөг хэсэгт бага зэрэг шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.105/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Нарансолонгын өгсөн: “... Тээврийн хэрэгслийн хойд талын голд, Ихэрсаран миний баруун гар талд жолоочийн хойд талд суугаад явж байсан... Тэр жолооч нэлээд их хурдтай яваад байх шиг байсан. Зам түгжрэлгүй бид хоёрын сууж явсан машинаас өөр машин бараг байгаагүй. Тэр жолооч замын хурд сааруулагч дээгүүр их хүчтэй гарахаар нь Ихэрсаран тэр жолоочийг “та ямар их хурдтай явдаг юм бэ? жоохон зөөлөн яваач ээ” гэж хэлж байсан... Тэр жолооч 2 дугаар эгнээгээр явж байгаад 3 дугаар эгнээ рүү шилжих гэж байсан чинь машин гулгах шиг болоод замын хажуу руу ороод гүүрний бетонон хашлага мөргөчихсөн. Маш хурдан болоод өнгөрсөн. Би осол болсны дараа ухаан алдсан байсан ба ухаан ороод хартал Ихэрсаран “ёоё ёоё” гээд ёолоод байсан...” гэх мэдүүлэг /хх.1.108/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, Улаанбаатар зам арчлалтын газар ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Г.Жамьянцогзолын өгсөн: “... Уг гүүрний засвар үйлчилгээг манай байгууллага хариуцдаг. Гүүрний хашлага нурсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.113/,

Бээжингийн гүүрний засвар арчлалтын ажлын төсөвт өртгийн “төсөвт өртгийн дүн 1.986.383 төгрөг” гэх тооцоо /хх.1.115/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ц.Бадралын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3147 дугаартай

“1.Талийгаач Б.Ихэрсарангийн цогцост элэгний баруун дэлбэнгийн 6, 7, 8 дугаар сегментийн урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа (1400 мл), хоёр уушгины эдийн няцрал, баруун бөөрний өөхлөг, өрцний цус хуралт, баруун зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх хэвлийн битүү гэмтэл, элэгний эдийн задралын улмаас цочмог цус алдаж нас баржээ.

 5. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн №17312 тоот өвчний түүхэнд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 10 минутад нас баржээ.

6. Дөрөвдүгээр бүлгийн харьяаллын цустай байна.

7. Цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй байна” гэх дүгнэлт /хх.1.141-146/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 114 дугаартай: “Тоёота приус маркийн 94-07 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” Мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна...” гэх магадалгаа /хх.1.231-232/,

Хохирогч Б.Ихэрсарангийн хохирлын баримтууд /хх.1.38-102/,

Хохирлын тооцоо /хх.1.37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Эын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд Сэлбийн голын гүүрийг давахаар зорчих хэсгийн  1 дүгээр эгнээгээр явж байгаад 2 дугаар эгнээ рүү шилжих гээд жолооны хүрдээ зүүн гар тийш эргүүлтэл машин зам дээр гулгаад шууд эсрэг урсгал руу ороод цааш явган хүний зам даваад гүүрний бетонон хашлагыг мөргөөд зогссон. Машин гулгах үед би тоормос гишгэсэн боловч тэр чигтээ гулгаад явчихсан, би зам халтиргаа гулгаа ихтэй байгаа гэдгийг мэдэж байсан. Тухайн зам нь бага зэрэг уруу байсан ба миний хойд талд нэг машин явж байсан. Өөр эсрэг урсгал болон миний урд талд ямар нэгэн машин байгаагүй. Тэгтэл хойно сууж явсан 2 охины нэг нь нэг л сонин амьсгалаад нөгөө охин нь ухаан алдсан байсан бололтой байж байгаад сэрэх шиг болсон. Тэр охин сонин амьсгалж байхдаа “ёоё ёоё” гээд ёолоод өөр юм ярихгүй байсан...” /хх.1.137-138/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уранбилэгийн өгсөн: “... Эрхсаран луу сүлжээ ороод залгахад “ээжээ та тайван байгаарай. Ихрээ маань эмнэлэг дээр ирээд нуруу хэвлийний хагалгаанд орох гэж байна” гэж хэлээд миний утас сүлжээ тасарсан. Манай хүн очоод дөнгөж сүлжээ ороод залгахад “10 цаг 10 минутад амьсгал хуураалаа гэдэг мэдээг нөхрийнхөө дүүгээс сонссон. Эын хийсэн хэргээс болоод үнэхээр хэцүү байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Жамъянцогзолын өгсөн: “Манай дээр осол гарсны дараа тээврийн цагдаагийн албанаас тоот ирсэн. Тэрний дагуу очиж мэдүүлэг өгсөн. Тэр ослыг Тээврийн цагдаагийн албанаас мэдсэн. Дараа нь хохирлын үнэлгээ нь гаргуулж авсан. Хохирлын үнэлгээ нь 1.980.000 төгрөг болсон байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.Эыг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж,

Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохирсон” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Б.Ихэрсарангийн цогцост шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “элэгний баруун дэлбэнгийн 6, 7, 8 дугаар сегментийн урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа (1400 мл), хоёр уушгины эдийн няцрал, баруун бөөрний өөхлөг, өрцний цус хуралт, баруун зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн шилбэнд цус хуралт” гэмтэл учирсны улмаас хохирогч нас барсан байна.

П.Э зам тээврийн осол гаргаж, түүний улмаас иргэн Б.Ихэрсарангийн амь нас хохирсон үйлдэл нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохирсон гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Эын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Шүүгдэгч П.Э нь хохирогчийн амь насанд хохирол учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

П.Эын гэмт үйлдлийн улмаас хохирогчийн амь насанд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохирох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн:

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уранбилэг оршуулгын зардал, хохирол, хор уршигт нийт 37.080.430 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч П.Э хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Нарансолонгод 595.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар зам арчлалтын ажлын албанд 1.986.383 төгрөг тус тус нөхөн төлсөн байх бөгөөд шүүгдэгч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн учир түүнээс нэхэмжлэлийн үлдэх хэсэг 32.080.430 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгон, нэхэмжлэлийг бүрэн хангах нь зүйтэй.

Мөн хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Б.Уранбилэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.Эоос жич нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

П.Э гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, хохирогчийн санал хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

          П.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч П.Эод эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

          П.Эод хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсэлт, дүгнэлт гаргаж байх боловч тухайн авто ослын гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн бодит хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлөөгүй, хохирол нөхөн төлөхөө бодитоор илэрхийлж чадаагүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн эцэг, эх, гэр бүлийн гомдолтой байгааг төлөөлөн илэрхийлж байгаа зэргээс үзэхэд дээрх хүсэлт, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээн, мөн хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 1400994 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч П.Эод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

П.Эод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Т овогт Пагмын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч П.Эод оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Шүүгдэгч П.Эод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Эод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дуусмагц эхлэн тоолсугай.

          6. Шүүгдэгч П.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уранбилэгт 5.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Нарансолонгод 959.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар зам арчлалтын ажлын албанд 1.986.383 төгрөг тус тус нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          8. Хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 1400994 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч П.Эод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсүгэй.

          9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч П.Эоос 32.080.430 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уранбилэгт олгосугай.

10. Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Б.Уранбилэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.Эоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР584