| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2025/0216/З |
| Дугаар | 221/МА2025/0445 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2025/0445
Б.Сын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.С
Нэхэмжлэгч: Б.С
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Захиргааны акт гаргуулахыг буюу өндөр насны тэтгэврийн шинэчлэлийг дахин тооцож олгуулахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2025/0216/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С нь Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт тус тус холбогдуулан “Өндөр насны тэтгэврийн шинэчлэлийг дахин тооцож олгуулахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 15 дугаар зүйлийн 7, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Сын Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт тус тус холбогдуулан гаргасан “Өндөр насны тэтгэврийн шинэчлэлийг дахин тооцож олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0317 дугаар шийдвэрт Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Н, Б.Б, М.Б, Б.У нарын дөрвөн хүн оролцож, миний 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шинээр цалинг өөрчлөн тэтгэвэр тогтоолгосныг үгүйсгэж 2000 онд тэтгэвэр тогтоолгосон цалинг өөрчлөн хүчингүй болгосон тэтгэврээр тооцон Тэтгэвэр, тэтгэмжийн хуулийг буруу тайлбарлан шүүхийн шийдвэрт нөлөөлж хөдөлмөрийн хөлс, цалинг дүйцүүлэн тооцох хуулийн заалт хүчингүй гэж тайлбарлан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 28 дугаар зүйлийн 1/1, 1/2 заалт, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь заалтуудыг нууцлан орхигдуулах замаар шийдвэр гаргасныг миний бие эс зөвшөөрч гомдолтой байна.
3.1. Нэхэмжлэгч Б.С миний бие 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архивын материалыг шинээр бүрдүүлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх "олон нийт, яам тусгай газрын мэргэжлийн хүмүүс, ерөнхий газрын хоёр хүн оролцсон” гомдлын шаардлагын зөвлөлд Нийгмийн даатгалын ерөнхий газрын шийдвэрийг өөрчлөн 1981-1985 оны цалингаар бодит биш тэтгэвэр тогтоосныг хүчингүй болгон архивын баримтыг үндэслэн цалинг шинэчлэн тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргуулсан юм. Энэ шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс миний тэтгэвэр авах дэвтрийг шинэчлэн хүснэгтэд цалинг өөрчлөв гэсэн шийдвэрээ бичиж баталгаажуулснаар итгэлцүүрээр тооцсон сарын цалинг 741,199 төгрөг байсныг 28,416 төгрөгөөр нэмэгдүүлэн 769,615 төгрөг болгон өөрчилсөн, мөн олгох тэтгэвэр 544,780 төгрөг авч байсныг 42,908 төгрөгөөр нэмэгдүүлэн 587,688 төгрөг болгон өөрчилж 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хаан банкаар миний тэтгэврийг олгож эхэлсэн юм. Гэтэл 2014 онд өөрчлөгдөж шинэчилсэн тэтгэвэр цалинг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй байсан орлогын дээд хэмжээ 1,404,000 төгрөгөөр тооцсоноос тэтгэвэр тэтгэмжийн хөдөлмөр хөлс, цалинг дүйцүүлэн тооцох хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
3.2. Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 28 дугаар зүйл. "...тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох 1 дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно" гэсэн хуулийн 1/1 авч байгаа тэтгэврийг нь тогтооход хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдон тэтгэвэр авагч хүсэлт гаргасан гэсэн заалтын дагуу миний бие 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хүсэлт гаргасан. 1/2 авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох, итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа /2015 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/ энэ хуулийн заалтын дагуу мөн хуулийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт, анхан шатны шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж, орлогын дээд хэмжээг 1,404,000 төгрөгөөр тооцсон нь тэтгэвэр тэтгэмжийн хөдөлмөрийн хөлс, цалинг дүйцүүлэн тооцох хуулийг зөрчсөн тул тухайн үеийн мөрдөгдөж байсан орлогын дээд хэмжээ 6,600,000 төгрөгөөр тооцож тэтгэврийг шинэчлэн тогтоох нэхэмжлэл гаргасан юм.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0317 тоот шийдвэрээр тэтгэвэр тогтоох орлогын дээд хэмжээг 1,404,000 төгрөгөөр тооцсоныг зөвшөөрч миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 28 дугаар зүйлийн 1/1, 1/2 дахь заалт, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 6-д заасан заалт, үндсэн хуулиар иргэн бүр тэгш эрхтэй байх, хөдөлмөрийн хөлс цалинг дүйцүүлэн тооцох заалтуудыг үндэслэн дээрх шийдвэрийг хүчингүйд тооцож тухайн үед мөрдөгдөж байсан орлогын дээд хэмжээ 6,600,000 төгрөгөөр 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр шинэчлэн тэтгэврийг тооцохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. Нэхэмжлэгч Б.С нь улсад нийт 34 жил 8 сар ажилласан, 55 насанд хүрсэн тул тэтгэвэр тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 1995 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дэргэдэх Улсын тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комиссын 1995 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Өндөр насны тэтгэвэр тогтоох тухай” тогтоолоор 1981-1985 оны 5 жилийн цалин, хөлсний дунджаас тооцуулан 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.
2.2. Сүүлд Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолоор баталсан тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрээр Б.Сын дундаж цалин болох 1,402,684 төгрөгөөс 19 жилд оногдох тэтгэвэр 1,134,068 төгрөг болж өөрчлөн тогтоосон байна.
2.3. Нэхэмжлэгч Б.С нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд өндөр насны тэтгэврээ шинээр тогтоолгохоор хандсан бөгөөд тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах гарын дарга Б.Бн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 07/310 дугаар албан бичгээр “... Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрээр бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг шинэчлэн бодсон. Засгийн газрын 239 дүгээр тогтоолын дагуу бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгоод байна ...” гэсэн хариу өгсөн байна.
2.4. Дараа нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт Нийгмийн даатгалын хууль шинэчлэгдсэний дагуу өндөр насны тэтгэврээ нэг удаа шинэчлэн тогтоолгохоор хандаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Гн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 04/149 дүгээр албан бичгээр “... Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолд зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1,404,000 төгрөг хэвээр байгаа бөгөөд та тэтгэврээ 1981-1985 оны цалин хөлснөөс бодуулсан тул 2024 онд мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг баримтлан таны тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй байна ...” гэсэн хариу өгчээ.
2.5. Улмаар дээрх хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Саас “Захиргааны акт гаргуулахыг буюу өндөр насны тэтгэврийн шинэчлэлийг дахин тооцож олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргажээ.
2.6. Анхан шатны шүүх “...Б.Сын тэтгэвэр тогтоолгох үедээ тооцуулсан 1981-1985 оны 5 жилийн цалин хөлсийг 2013 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ болох 1,404,000 төгрөгийг баримтлан дундаж цалинг тооцож тэтгэврийг тооцож олгож байсан бөгөөд Засгийн газрын 239 дүгээр тогтоолыг баримтлан тэтгэврийг шинэчлэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс олгож эхэлсэн нь дээрх хууль тогтоомжид нийцсэн бөгөөд хариуцагч нараас тэтгэврийг тооцохдоо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.7. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... 2014 онд өөрчлөгдөж шинэчилсэн тэтгэвэр цалинг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй байсан орлогын дээд хэмжээ 1,404,000 төгрөгөөр тооцсоноос тэтгэвэр, тэтгэмжийн хөдөлмөр хөлс, цалинг дүйцүүлэн тооцох хуулийг зөрчсөн ...” гэснийг хүлээн авч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
2.8. Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 15 дугаар зүйлийн 7-д “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно”,
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна”,
Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Итгэлцүүр тогтоох тухай” 10 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан сарын дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар, ... тус тус тооцсугай” гэж,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 01 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 140,400 төгрөг байхаар тогтоож 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөрдөхөөр заасан байна.
2.9. Нэхэмжлэгч Б.Сын хувьд тэтгэвэр тогтоолгох үедээ тооцуулсан 1981-1985 оны 5 жилийн цалин хөлсийг 2013 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ болох 1,404,000 төгрөгийг баримтлан дундаж цалинг тооцож тэтгэврийг тогтоож, Засгийн газрын 239 дүгээр тогтоолын дагуу түүнд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн бодсон тэтгэврийг олгож эхэлсэн нь дээрх хууль болон журамд нийцсэн байна.
2.10. 2013 оноос өмнөх үеийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1,404,000 төгрөг хэвээр байгаа бөгөөд Б.Сын тэтгэвэр тогтоолгохдоо сонгосон 1981-1985 оны цалин хөлснөөс тооцуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 онд мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр өөрчлөн тэтгэврийг шинэчлэн тогтоох үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ