| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 181/2019/02650/И |
| Дугаар | 001/ХТ2021/01473 |
| Огноо | 2021-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2021/01473
Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00170 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 564 дүгээр магадлалтай,
Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нарны тосгон ХХК, Б.Уламбаяр, Л.Байгалмаа нарт холбогдох,
Зээлийн гэрээ-ний үүрэгт 251,817,047 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Б.Уламбаяр, Л.Байгалмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Нарны тосгон ХХК, Л.Байгалмаа, Б.Уламбаяр нар нь 2016.07.28-ны өдөр Хас банк ХХК-тай 1060036361 дугаартай зээлийн гэрээ, 1060036361-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 1060036361-02 дугаартай барьцааны гэрээ, 1060036361 дугаартай батлан даалтын гэрээг тус тус байгуулж, 300,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн тогтмол хүүтэй, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Дээрх зээлийн гэрээнд Л.Байгалмаа нь хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр, Б.Уламбаяр нь батлан даагчаар оролцсон. Нарны тосгон ХХК-ийн захирал нь Б.Уламбаяр бөгөөд зээлдэгч нь зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 40 дугаарт байрлах улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга; Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Г-2203010240 дугаартай, нэгж талбарын 6002/0040, 18643311981052 дугаартай, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан.
Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлд 100,010,000 төгрөг, зээлийн хүүнд 106,915,558 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 121,129 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018.08.06-ны өдрөөс хойш зээл, хүү эргэн төлөх хуваариа зөрчин 401 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд банкны санаачилгаар 2019.09.11-ний өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5.-д 1 хувийн шимтгэл тооцож авахыг зөвшөөрч гэрээ байгуулсан, тэр нөхцөлийг хүлээн зөвшөөрч зээл авчихаад, одоо 1 хувийн шимтгэл түүнд ногдох хүүг хасаж тооцох үндэслэлгүй. Зээлийн үндсэн төлбөр 199,990,000 төгрөг, үндсэн хүү 49,895,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,931,776 төгрөг, нийт 251,817,047 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нарны тосгон ХХК, Л.Байгалмаа, Б.Уламбаяр нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нарны тосгон ХХК, Л.Байгалмаа, Б.Уламбаяр нар 2016.07.28-ны өдөр Хас банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 13 дугаар хороолол /14210/ Энхтайваны өргөн чөлөө гудамжны 40-д байрлах, улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Г-220301024 дугаартай, нэгж талбарын 6002/0040 дугаартай 147 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан.
Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 251,817,047 төгрөгийг хүлээн зөвшөөрч ойрын хугацаанд төлж барагдуулахаар ажиллаж, барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхтэй газрыг худалдан борлуулахаар Алекс Ака компанийн захирал Ц.Уранчимэгтэй хэлцлүүд хийгдээд явж байна. Ц.Уранчимэг нь Хас банкны тусгай активын газартай ярьж манай зээлийг бартераар хаахаар тохиролцож эхний байруудыг Хас банкинд үзүүлж үнэлгээ хийгдэх ажлууд хийгдэж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрөхгүй. Хас банк ХХК анх зээл олгохдоо 1 хувийн шимтгэлийг хасаж 297,000,000 төгрөгийг олгосон. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул зээлдэгчид олгогдоогүй 3,000,000 төгрөг түүнд тооцогдох хүү нийт 5,704,800 төгрөгийг хасаж ёстой. Зээл олгосон банк гэрээ цуцлах тухайгаа зээлдэгч нарт нэг ч удаа мэдэгдэж байгаагүй атлаа шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, зээлдэгч нар үүргийг ялимгүй зөрчсөн байхад гэрээнээс татгалзаж болохгүй юм. Хас банк анх зээл олгохдоо суутгаж авсан шимтгэл түүнд ногдох хүүг хасаж тооцож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00170 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Нарны тосгон ХХК, Б.Уламбаяр, Л.Байгалмаа нараас 251,817,047 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Хас банк ХХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох
а.Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 40 дугаар, улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга;
б.Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Г-2203010240 дугаартай, нэгж талбарын 146002/0040, 18643311981052 дугаартай, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Хас банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,487,235.23 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,487,235.23 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 564 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нарны тосгон ХХК, Б.Уламбаяр, Л.Байгалмаа нараас 246,765,047 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,052,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Л.Байгалмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 40 дугаар, улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, Л.Байгалмаагийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Г-2203010240 дугаартай, нэгж талбарын 146002/0040, 18643311981052 дугаартай, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай. гэж тус тус өөрчлөн, найруулж, 3 дахь заалтын хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,487,235 төгрөгийг гэснийг хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,391,775 төгрөгийг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Уламбаяр, Л.Байгалмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс нийт 5,052,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон нь үндэслэлтэй байна. Гэвч магадлалдаа зээлдэгч нар нь гэрээний үүрэгт үндсэн зээл 199,990,000 төгрөг, зээлийн хүү 49,895,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,931,776 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй гэж хянасан атлаа нэмэгдүүлсэн хүү 1,931,776 төгрөгийг хасч тооцоогүй байгаа нь хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Хас банк ХХК хариуцагч Нарны тосгон ХХК, Б.Уламбаяр, Л.Байгалмаа нарт холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүрэгт 251,817,047 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний талаар нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг шаардлагаас 5,052,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.
Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
1. Хас банк нь 2016.07.28-ны өдөр Нарны тосгон ХХК, Л.Байгалмаа нартай №1060036361 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг 365 хоногт 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Уламбаяртай Батлан даалтын гэрээ, Л.Байгалмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө, 40 дугаарт байршилтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай 204 м.кв талбайтай 2 давхар барилга, Л.Байгалмаагийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалан барьцааны болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байна.
Зээлдүүлэгч 297,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 100,010,000 төгрөг, хүүд 106,915,558.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 121,129.51 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй, 2018.08.06-ны өдрөөс хойш зээл, хүү төлөх эргэн төлөлтийг хуваарийг зөрчиж 401 хоног хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр банк 2019.09.11-ний өдөр гэрээг цуцалж, үндсэн зээл 199,990,000 төгрөг, зээлийн хүү 49,895,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,931,776 төгрөг, нийт 251,817,047 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нараас ...гэрээний дагуу 300,000,000 төгрөгийг бус 297,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, иймд 3,000,000 төгрөг, түүнд тооцогдох хүү нийт 5,704,800 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна... гэжээ.
Зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсч, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар батлан даалтын болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1., 43.2.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 156 дугаар зүйлийн 156.2., 459 дүгээр зүйлийн 459.1. дэх зохицуулалтад нийцжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 460 дугаар зүйлийн 460.2.-т тус тус зохицуулжээ.
2. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
Анхан шатны шүүх Зээлийн гэрээний 1.5.-д зааснаар зээлийн үйлчилгээний шимтгэлийг гэрээнд заасан зээлийн нийт дүнгийн 1%-иар тооцож авахаар харилцан тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг гэрээгээр тохирсон 300,000,000 төгрөгийн хэмжээнд тодорхойлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх ..зээлдүүлэгч нь гэрээний үүрэгт 297,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн тул ашиглаагүй 3,000,000 төгрөг, түүний хүүг зээлдэгч хариуцахгүй... гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөг, түүнд ногдох хүү 2,052,000 төгрөг, нийт 5,052,000 төгрөгийг хасч шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан гэрээний дагуу хүлээн авсан зээлийн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх зээлдэгчийн үүрэгт нийцжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч Б.Уламбаяр батлан даалтын гэрээгээр зээлдэгчтэй хамтран хариуцлага хүлээхээр тохиролцсон талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт зөв дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгт хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засч, шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулсан нь зөв.
3. Зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээгээр Нарны тосгон ХХК, Л.Байгалмаа нар зээлдэгчийн үүргийг хамтран хариуцахаар, Батлан даалтын гэрээгээр Б.Уламбаяр зээлдэгч нартай хамтран тухайн зээлийн гэрээний үүргийг хариуцахаар тус тус үүрэг хүлээсэн байх тул Нарны тосгон ХХК, Л.Байгалмаа, Б.Уламбаяр нар нь Иргэний хуулийн 242 дугар зүйлийн 242.1.-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид.
Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.
Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, ойлгомжтой байхыг шаардана. Хариуцагч нар зээлийн үүргийг ямар хэмжээгээр хариуцах нь тодорхойгүй байхад шүүх хувь тэнцүүлэн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул үүргийг хамтран хариуцахаар магадлалд найруулгын өөрчлөлт оруулна.
Харин давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт зээлдэгчийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг дурдахдаа төлсөн гэж ташаа бичсэн байх тул ...төлсөн гэж бичсэн нэмэгдүүлсэн хүүг хасч тооцоогүй... гэх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж, магадлалд найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 564 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...хариуцагч Нарны тосгон ХХК, Б.Уламбаяр, Л.Байгалмаа нараас 246,765,047 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Хас банк ХХК-д олгосугай. гэснийг ...хариуцагч Нарны тосгон ХХК, Б.Уламбаяр, Л.Байгалмаа нараас 246,765,047 төгрөгийг гаргуулан Хас банк ХХК-д олгосугай. гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Уламбаяр, Л.Байгалмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Л.Байгалмаагаас 2020.04.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД