Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1191

 

 

 

 

 

 

 

                                   

Д.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1483 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Бямбацэемаагийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Д.Хт холбогдох 1806 05971 1387 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

, 1994 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “666666” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

Д.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Барх гол” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим 17 настай иргэн М.Цолмонг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Х /РД:УК94061938/-аас 105,000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Мөнхчулууны Цолмонд /РД:УК00311237/ олгож, хохирогч М.Цолмон нь цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжпэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор А.Бямбацэемаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлын талаар тодорхой заасан. 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заажээ.

Д.Хт холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа тоолох Эрүүгийн хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1483 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Хт холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Д.Хт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгаа учир дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Д.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Барх гол” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим 17 настай иргэн М.Цолмонг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч М.Цолмонгийн “...Бид явж байхдаа хоорондоо тоглоод, чанга чанга яриад нэгнийгээ шоолоод явж байхад “Барх гол” хүнсний дэлгүүрийн өмнө зүс мэдэх гурван ах, нэг танихгүй ахтай хамт байж байгаад яагаад орилолдоод байгаа юм, согтуу байна уу гэж асуухаар нь үгүй, яасан ах аа гэж хэлсэн чинь нэг гар орж ирээд миний ам руу цохиод доошоо тонгойгоод суухад дахин хамар руу, мөн уруулын доор цохиход нүүрээ бариад доошоо суухад Батнягт манай гэрийн зүг зугтаасан. ...” /хх 9, 32/, “...Хуягаа, Хишгээ нарын аль нэг нь миний нүүрэн газар хамар, ам орчим гараараа 1 удаа цохисон. Тэгээд тонгойгоод амнаас цус гарахаар нь амаа бариад босч ирэхэд дахиад миний нүүрэн тус газар нилээн хэдэн удаа цохисон. Би толгой эргээд босч чадахааргүй болоод зодуулсан газраа зогсож байсан. ...” /хх 99-100/,

насанд хүрээгүй гэрч Э.Зулбаярын “...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр бид нар 01 цагийн үед Цолмонгийн гэрт очиж хонохоор явсан. ...Бид нар хоорондоо тоглоод чулуу шидэлцэж байсан чинь хажуугаар өнгөрч явсан Хуягаа ах /Бүтэн нэрийг мэдэхгүй/ “Ямар саагуу бацаан нар вэ, согтуу байгаа юм уу” гэж хэлээд Цолмонгийн ам руу нь гараараа нэг удаа цохиход Цолмон доошоо тонгойсон чинь Хуягаа ах дахиад нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон. ... Хуягаа ах Цолмонгийн нүүр рүү 3 удаа гараараа цохисон, эхлээд 1 удаа цохиход Цолмон амаа бариад доошоо тонгойсон, тонгойсон байхад нь 2 удаа цохисон. Хишигээ ах Цолмонгийн нуруу, цээж рүү нь нэг нэг удаа гараараа цохисон. ...” /хх 10, 11/,

насанд хүрээгүй гэрч М.Бадам-Очирын “...Бид нар хоорондоо тоглоод инээлдээд чанга яриад чулуу шидэлцээд тоглож байсан чинь Хуягаа ах /бүтэн нэрийг мэдэхгүй/ “Хаана ингэж саагаад байгаа юм бэ, согтуу байгаа юм уу” гэж хэлээд Цолмонгийн ам руу нь гараараа цохиод Цолмон нүүрээ дараад тонгойсон чинь Хуягаа ах Цолмонгийн нүүр рүү дахиад 2 удаа гараараа цохиход Хишгээ ах “Наадуул чинь жаахан хүүхдүүд байна, боль” гэсэн чинь болихгүй Зулбаярын нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэр үед Хишигээ ахтай хамт зогсож байсан ах “жаахан хүүхдүүдийг болио боль” гэж хэлсэн. ...” /хх 12-13/,

гэрч Б.Хишигсүрэнгийн “...Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байдаг “Барх гол” дэлгүүрийн урд явж байтал 4 эрэгтэй хүүхэд орилолдоод явж байсан чинь Хуягбаатар тэр хүүхдүүд рүү очсон. Хуягбаатар 1 хүүхдийнх нь нүүр рүү гараараа цохихоор нь би боль гээд болиулсан. ...” /хх 14, 107/,

гэрч Ц.Түшигийн “...Бид нарыг Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Барх гол” дэлгүүрийн урд явж байтал 4 эрэгтэй хүүхэд орилолдоод чулуу шидээд байсан чинь Хуягбаатар “Та нар харанхуй шөнө юу хийгээд орилолдоод байгаа юм бэ” гээд очсон. Хуягбаатар 1 хүүхдийнх нь нүүр рүү гараараа цохисон. ...” /хх 16, 108/,

гэрч С.Батнягтын “...Тэгээд 2 том биетэй Хуягбаатар, Хишигсүрэн гэх ах нарын нэг нь Цолмонгийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, 1 удаа алгадсан. ...” /хх 101-102/,

гэрч М.Алтаншагайн “...дэлгүүрийн үүдэнд 4 эрэгтэй хүүхэд эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй орилоод байсан. Хуягбаатар нөгөө 4 хүүхэд дээр явж очсон. Би жаахан зайтай зогсож байсан. Хуягбаатар Цолмон гэх хүүхэд рүү уурлаад орилоод байсан. Хуягбаатар Цолмонг алгадсан байсан. ...” /хх 109/,

Д.Хын яллагдагчаар өгсөн “...Бид нарыг “Барх гол” дэлгүүрийн урд явж байхад 17-18 насны 4 эрэгтэй хүүхэд “Хүүе” гээд орилоод байхаар нь би “Та нар чинь согтуу юм уу, хэн юм бэ, гудамжинд орилохоо болиоч” гэж хэлээд очсон. Би очоод 1 хүүхдийнх нь нүүр рүү 1-2 удаа цохисон. ...” /хх 30-31/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн “М.Цолмонгийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% нөлөөлнө.” /хх 18/ гэх 8679 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Хыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Хын насанд хүрээгүй хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал, уруулын салстад язрал бүхий гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Мөн шүүгдэгч Д.Хын үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг 2018 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнөөс тоолоход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа” 2019 оны 7 дугаар сарын 12-нд дуусчээ.

Иймд түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

   Дээд шатны прокурор А.Бямбацэемаа “...Д.Хт холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа тоолох Эрүүгийн хуулийн зохицуулалтыг тогтоох хэсэгтээ үндэслэл болгосныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгааг зөвтгүүлэх...”-ээр шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа” гэсэн заалтыг хэрэглэн шүүгдэгч Д.Хын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасныг баримтлан тоолж хянан шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.  

Гэхдээ, шүүх тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол” гэсэн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж заасныг баримтлан Д.Хын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль хэрэглээний хувьд эргэлзээ төрүүлэхээргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой ...байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзээд, энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1483 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дашдондогийн Хуягбаатарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Дашдондогийн Хуягбаатарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг уг гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ