Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
Дугаар | 2023/ШЦТ/593 |
Огноо | 2023-04-25 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/593
2023 04 25 2022/ШЦТ/593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч Б.Мөнхтулга,
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эд холбогдох 2306 01452 1111 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 17-408 дугаар тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 400 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 366 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жил 6 сарын хорих ял хугацаагаар оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны 262 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан, М овогт Цн Э /РД: /.
Хэргийн товч агуулга:
Ц.Э нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 82 тоотод хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Б.Эрдэнэтунгалагийн эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эийн өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Ц.Э нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 82 тоотод хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Б.Эрдэнэтунгалагийн эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-06, 17-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэтунгалагын өгсөн: “... Миний амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 2 байрны 3 давхар 82 тоот нь манай хамаатны эгч Нараагийн эзэмшлийн байр байгаа юм. Намайг 2023 оны 01 сарын 26-ны өдрөөс хойш байлгаж байна. Би энэ байранд өөрийн найз залуу Ганбаяр, найз Саранзул нарын хамт түр оршин сууж байгаа. 2023 оны 02 дугаар сарын шөнө 01 цагийн орчим би найз залуу Ганбаярын хамт жижиг өрөөндөө орж амарсан. Манай найз Саранзул нь 1 цаг өнгөрч байхад гаднаас түлхүүрээр өөрөө онгойлгож орж ирээд том өрөөнд амарсан. Өглөө 10 цагийн орчим Саранзул босоод “хаалга онгорхой байна гутал, хувцас байхгүй болсон байна” гэхээр нь босоод харсан чинь коридорт байсан миний хар өнгийн өвлийн куртик, жижиг цүнхтэй шивээсний машин, эмэгтэй гар цүнх, хар өнгийн хэтэвч, бэлнээр 60.000 орчим төгрөг, гоо сайхны зүйл, эмэгтэй хүний богино түрийтэй гутал, эрэгтэй хүний гутал зэрэг эд зүйл алдагдсан байсан... Түлхүүр Саранзул бид хоёрт л байдаг. Хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хаалгаа дутуу хаасан юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх.09-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Эийн ялладагчаар өгсөн: “... намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчил “Дамно” үнэлгээгээр гарсан 150.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгсөн...” гэх мэдүүлэг /хх.13, 75/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Отгонцэцэгийн өгсөн: “... 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар байрны орцонд нөхөр Эрдмийн хамт хоноглосон. Тэгээд өглөө сэрээд байж байтал манай нөхөр доошоо 3, 4 давхар луу уруудаад эмэгтэй эрэгтэй 2 гутал, эмэгтэй хар куртик, эмэгтэй хар өнгийн гар цүнх, шар өнгийн гар цүнх түүний дотор шивээсний машин байсан тэдгээрийг манай нөхөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 2 дугаар орцны 82 тоот айлаас авч гарч ирсэн. Тухайн эд зүйлс одоо нөхөр бид хоёрт байгаа бөгөөд шивээсний машиныг манай нөхөр гудамжинд таарсан үл таних залууд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг GS25 дэлгүүр дотор орж зарсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.59-62
“Дамно” ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.65-66/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.70-72/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.74/,
Хохирол төлбөрөө авсан, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн хүсэлт /хх.78/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Эрдэнэтунгалаг хохирлын үнэлгээгээр тогтоосон 150.000 төгрөгийг хүлээж авсан, нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Эийг бусдад төөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Ц.Эд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Цн Эрдмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Эд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР