Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр                   Дугаар 2023/ШЦТ/70                      Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

Хохирогч *******

Гэрч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, урьд

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 345,000 төгрөгөөр торгох,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзах ялаар тус тус шийтгэгдсэн, ******* регистрийн дугаартай, овогт Чинзоригийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* тоот гэртээ иргэн *******тай хэрүүл маргааны улмаас таарамжгүй харилцаа үүсгэж, түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, дух, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний алиман салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр буюу 2022 оны 12 сарын 08-ны өдөр эхнэр хүүхдүүдтэйгээ гэртээ байж байтал ******* арван хоёр цагийн үед над руу залгаад чи хаана байгаа юм вэ? гэсэн. Би гэртээ байна гэтэл би танай руу очиж үдэлье гэсэн би тэг гэсэн гэтэл 0,75 литрийн хараа архи аваад ирсэн тэгээд цай уучхаад нөгөө архиа хамт хувааж уугаад ******* ажилтай гээд явсан. Тэгээд би гэртээ байж байтал 17 цаг өнгөрөөгөөд ******* 0,5 литрийн хараа нэртэй архитай манай гэр рүү ирсэн тэгээд бид хоёр хувааж уугаад юм яриад сууж байтал ******* танай ээж чинь удахгүй үхнэ гэхээр нь миний уур хүрээд түүнийг би хоёр, гурав цохисон. Гэхдээ би нүдэн дээр нь бол цохиогүй хамар уруул руу нь цохисон түүний дараа намайг цохих гэж босож ирээд буйдан мөргөж унаад доошоо хараад сууж байсан. Би тэгж олон гэмтэл гарахаар цохиогүй буйдан мөргөхөд тийм гэмтэл гарсан байх гэж бодож байна гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр *******тэй утсаар яриад  танайд очоод үдэлье нэг шил архи аваад очъё гэхэд тэгвэл тэг гэсэн. Тэгээд нэг шил архиа уугаад цай уугаад ажил руугаа явсан. Тэгээд орой ажил тараад нэг шил архи авч очоод уусан. Бид хоёр ярилцаж байгаа нас ч явж байна танай манай хоёр ээж хэдий удах билээ гэж хэлсэн гэтэл шууд намайг цохисон. Намайг ээж чинь үхнэ гэж хэлсэн гэж гүтгэж байна. Би тэгж хэлээгүй. ******* намайг гараар цохисон бол тэгж арьс унжихгүй байх гэж бодож байна. Би аягаар цохисон бол уу гэж бодсон. Яг юугаар цохисныг харж амжаагүй хурдан хугацаанд болсон болохоор хараагүй. Би буйдан мөргөөгүй буйдангаас жаахан зайтай ширээ байсан тэр ширээний хажууд би сууж байсан. ******* өөдөөс хараад сууж байсан. Маргалдах үед ******* шууд нүүр рүү маань 2-3 удаа цохисон. Би нүдний сувагт гуурс залгах хагалгаа хийлгэсэн, нотлох баримт байгаа эрүүл мэндийн карт дээр, тэр өдрөөс хойш бохирт хүрч болохгүй гээд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажилдаа явж чадахгүй гэртээ байгаа. Одоо би хот руу явж эмчлүүлсэн болон ажилгүй байсан үеийн 15 хоногийн цалингаа бодуулж авмаар байна. Бас Улаанбаатар хот руу эмчлүүлэхээр явсан замын зардлаа нэхэмжилж байна гэв.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2023 оны 12 дугаар сарын 08-ны орой гэртээ байж байтал манай нөхөр ******* нүүрээ гараараа дараад орж ирсэн. Би юу болсон тухай асуухад ******* намайг зодчихлоо гэсэн. Хаана гэж асуутал гэртээ гэсэн. Тэгээд би цагдаа руу залгаж дуудлага өгөх гэтэл цагдаагийн газраас эмнэлэг очиж үзүүлээд цагдаагийн байр руу ирж мэдүүлэг өгнө үү? гэсэн тэгээд бид хоёр эмнэлэг явж боолт хийлгэсэн. Маргааш өглөө нь эмчилгээ хийлгэх гэж Улаанбаатар хот руу явсан хөмсөг нь задарсан зовхи нь унжсан байсан. Ер нь буйдан мөргөөд ингэж цус гарна гэж байхгүй ******* цохиж ийм гэмтэл учруулсан гэж бодож байна гэв.

 

 Хохирогч *******ын “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би ажил дээрээ байж байгаад найз болох ******* рүү залгаж ярьсан. Тэгээд би “танайхаар ямар хүмүүс байгаа юм” гээд ярьтал “эхнэрийнхээ хамт байна” гэхээр нь би “нэг шил юм аваад очих уу” гэсэн чинь “тэг” гэхээр нь би дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи аваад арван жилийн урд талын байранд 102 тоот гэрт нь 12 цагийн үед очсон. Гэрт нь очиход ******* эхнэр Батсүрэнгийн хамт байсан. Тэгээд би авч очсон архиа задлаад хувааж ууцгаасан. *******гийн эхнэр уугаагүй тэр архийг ******* бид хоёр хувааж ууж дуусаад 17 цагийн үед дахиж 0.5 литрийн Хараа архи авч ирээд тэр архийг хувааж уугаад дундууртаа орж байсан чинь ******* юм ярихаар үг мушгиад байдаг зантай тэр зангаараа намайг юм ярихаар л “чи буруу ярьж байна” гээд өөрийгөө зөвтгөөд байсан. Тэгээд би тухайн үед яг юу гээд хэлчихсэнээ санахгүй байна гэнэт ******* уурлаж босож ирээд миний зүүн нүдний орчимд 2-3 удаа цохисон. Тэгээд би нүүрээ дараад доош болсон, тэгтэл миний хөмсөг орчмоос цус гараад байхаар нь би гараараа дараад гэрээс нь гараад гэртээ ирэхэд эхнэр байсан. Эхнэрийн хамт эмнэлэг дээр очиж хөмсөг дээрээ оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн-5-6 х/,

 

 Хохирогч *******ын "...******* миний зүүн нүдний орчимд хоёроос гурван удаа цохисон, тэгэхээр нь би шууд доошоо тонгойгоод нүүрээ дараад газарт хэвтсэн. Тэгтэл ******* миний араас татахаар нь гараа хартал гар дээр цус гоожоод тогтохгүй байсан. Тэгээд босохдоо гэрийнх нь буйданг түшээд боссон юм. Тухайн үед миний цус гар дээгүүр урсаж тэдний буйдан дээр туссан байх гэж бодож байна. Тэгээд би тэр чигээрээ гэрээс нь гараад явсан. *******гийн ярьж байгаа шиг босож очоод түүнийг цохихоор оролдоогүй, мөн ойчиж буйдангийн булан мөргөсөн зүйл огт байхгүй. ******* худал мэдүүлсэн байна...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн-8х/,

 

Гэрч *******гийн “...Өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг өнгөрөөгөөд 18 цаг дөхөж байх үед манай нөхөр над руу залгаад “гэрийнхээ үүдэнд гараад ирээч” гэхээр нь би гараад иртэл манай нөхөр ******* нүд хэсэгтээ гараараа дарсан цус болсон байдалтай, архи үнэртүүлсэн байхаар нь юу болсон талаар нь асуухад “******* намайг цохисон” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг рүү дагуулж очиж үзүүлээд цагдаагийн байгууллагад энэ талаар гомдол гаргасан... Манай нөхөр надад хэлэхдээ яг юунаас болж муудсан талаараа хэлээгүй, үг зөрөөд хэрүүл болоод намайг цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн-10-11х/, 

 

Гэрч “...Тэр хоёр хоорондоо юм ярьж сууж байгаад манай нөхөр ******* нь “манай ээжийн бие муу байгаа, би одоо энийг уугаад дахиж архи уухгүй болсон” гэж хэлэхэд дундуур нь гэнэт ******* “танай ээж нэг их удахгүй байхаа” гэж хэлэхэд манай нөхөр уурлаад босож ирээд гараараа шанаанд нь цохиход орон дээр сууж байсан хүн газар ойчсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 601 дугаартай “... 1. *******ын биед зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, дух, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний алиман салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн-35-36-р х/,

           

Шинжээч эмч “ ...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-н 53-54 х/

 

Яллагдагч *******гийн “...Тэр архийг нь бид хоёр хувааж уугаад сууж байсан чинь ******* надад хандан “танай ээж ч удахгүй дээ” гэж хэлэхээр нь миний уур хүрээд босож очоод *******ын нүүр хэсэгт 2-3 удаа цохичхоод хүүхдүүд айгаад уйлахаар нь больчихсон...” гэх мэдүүлэг /хх-32-33х/

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 х/

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын хуулга /хх-ийн 38-43 х/

 

Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 44-46 х/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 55-56 х/

 

Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 26/7 дугаартай албан тоот, цахим бүртгэлийн баримт /хх-ийн 58-59 х/

 

Хохирогч *******ын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 60 х/ 

 

Шүүгдэгч *******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 61 х/

 

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* тоот гэртээ иргэн *******тай хэрүүл маргааны улмаас таарамжгүй харилцаа үүсгэж, түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, дух, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний алиман салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч *******ын “...******* юм ярихаар үг мушгиад байдаг зантай тэр зангаараа намайг юм ярихаар л “чи буруу ярьж байна” гээд өөрийгөө зөвтгөөд байсан. Тэгээд би тухайн үед яг юу гээд хэлчихсэнээ санахгүй байна гэнэт ******* уурлаж босож ирээд миний зүүн нүдний орчимд 2-3 удаа цохисон. Тэгээд би нүүрээ дараад доош болсон, тэгтэл миний хөмсөг орчмоос цус гараад байхаар нь би гараараа дараад гэрээс нь гараад гэртээ ирэхэд эхнэр байсан... ******* миний араас татахаар нь гараа хартал гар дээр цус гоожоод тогтохгүй байсан. Тэгээд босохдоо гэрийнх нь буйданг түшээд боссон юм. Тухайн үед миний цус гар дээгүүр урсаж тэдний буйдан дээр туссан байх гэж бодож байна. Тэгээд би тэр чигээрээ гэрээс нь гараад явсан. *******гийн ярьж байгаа шиг босож очоод түүнийг цохихоор оролдоогүй, мөн ойчиж буйдангийн булан мөргөсөн зүйл огт байхгүй...” гэх,

Гэрч *******гийн  “...манай нөхөр над руу залгаад “гэрийнхээ үүдэнд гараад ирээч” гэхээр нь би гараад иртэл манай нөхөр ******* нүд хэсэгтээ гараараа дарсан цус болсон байдалтай, архи үнэртүүлсэн байхаар нь юу болсон талаар нь асуухад “******* намайг цохисон” гэж хэлсэн...” гэх,

Гэрч “...Тэр хоёр хоорондоо юм ярьж сууж байгаад манай нөхөр ******* нь “манай ээжийн бие муу байгаа, би одоо энийг уугаад дахиж архи уухгүй болсон” гэж хэлэхэд  ******* “танай ээж нэг их удахгүй байхаа” гэж хэлэхэд манай нөхөр уурлаад босож ирээд гараараа шанаанд нь цохиход орон дээр сууж байсан хүн газар ойчсон...гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 601 дугаартай “... 1. *******ын биед зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, дух, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний алиман салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт,

Шинжээч эмч “ ...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас:  Шүүгдэгч ******* нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрх хууль ёсны эрх чөлөөнд халдаж болохгүй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атал  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Ийм шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр буюу өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хүний биед халдсан хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ж. *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаанд холбоотой, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.

Хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 946,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, яллагдагч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн данс төрийн сан банк дах // гэсэн дансанд *******гөөс гаргуулна гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт: Шинжээчийн дүгнэлтээр *******т хөдөлмөрийн чадвар алдагдуулсан, хүндэвтэр гэмтэл гарсан гэж үзсэн. Энэ дүгнэлт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлд заасан зүйл заалтыг барьсан. Хэрэгт авагдсан баримтаар бол 2 дугаар зүйлийн 3.1-т заасан 4 долоо хоногоос дээш  хугацаагаар  хөдөлмөрийн чадвар алдагдалтайг сарниулсан гэсэн үндэслэл харагдахгүй байна.

Хоёрдугаарт: Эмнэлгийн үйлчилгээ авсан. 900.000 төгрөгийн баримт байгаа. Энэ баримтад 2022 оны 12 дугаар сарын 08-наас 10-ны хооронд эмнэлгийн үйлчилгээ авсан байгаа. Тэгэхээр эмчлүүлсэн хугацаа олон хоног үргэлжлээгүй болно.  Үүнээс харахад 28 хоног гараагүй байна.

Гуравдугаарт: Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 15-30 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хүндэвтэр гэмтэл гэж тооцно гэсэн байгаа. Энэ журмын 30 дугаар зүйлийн 1-т зааснаар нулимсны сувгийн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын 10 хувь алдагдалтай гэж үзнэ гэж заасан байдаг. Иймд энэ журамд нийцэхгүй байна гэв.

Энэ байдлуудыг харгалзаж үзээд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж болох боломжтой байна гэж үзэж байна. Энэ боломжуудыг харж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтэд олон гэмтэл зааж байгаа хэдий ч нулимсны гэмтэл хөнгөн гэмтэл гэж заасан байдаг тул энэ хэргийн ялгаа заагийг шалгаж тогтоогоогүй байна гэж харж байна.

   Шүүх гэм буруутай гэж үзэж байвал хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү, гэм буруу тогтоох боломжгүй гэж үзвэл прокурорт хэргийг буцаана уу. Хэрвээ гэм буруутайд тооцвол хохирлын асуудлыг ярина. Хохирогчийн зүгээс гаргасан нотлох баримтад хоол хүнс идсэн, дэлгүүрт карт уншуулсан, ханиадны эмийн баримт зэрэг байдаг эдгээр нотлох баримтыг шинжлэн судалж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч *******:  Гэм буруугийн талаар хэлэх зүйл байхгүй гэв.

 

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

   Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “ хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг гараараа цохиж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай маргаж түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зодсоны  улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, дух, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний алиман салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт бүхий  хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг нь шүүх хуралдаанд  гаргасан саналдаа: “...шинжээчийн дүгнэлтээр *******т хөдөлмөрийн чадвар алдагдуулсан, хүндэвтэр гэмтэл гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүндэвтэр гэмтэл нь 4 долоо хоногоос дээш  хугацаагаар  хөдөлмөрийн чадвар алдалтыг сарниулсан байхаар заасан мөн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 15-30 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хүндэвтэр гэмтэл гэж тооцно гэсэн байгаа. Энэ журмын 30 дугаар зүйлийн 1-т зааснаар нулимсны сувгийн гэмтэл энэ гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын 10 хувь алдагдалтай гэж үзнэ гэж заасан байдаг. Иймд энэ журамд нийцэхгүй байна. Энэ байдлуудыг харгалзаж үзээд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж болох боломжтой байна гэж үзэж байна. Энэ боломжуудыг харж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтэд олон гэмтэл зааж байгаа хэдий ч нулимсны гэмтэл хөнгөн гэмтэл гэж заасан байдаг тул энэ хэргийн ялгаа заагийг шалгаж тогтоогоогүй байна гэж харж байна. Шүүх гэм буруутай гэж үзэж байвал хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү, гэм буруу тогтоох боломжгүй гэж үзвэл прокурорт хэргийг буцааж өгнө үү”  гэжээ.

 

 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 601 дугаартай  дүгнэлт, шинжээч эмч мэдүүлэг зэргээр хохирогч *******ын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрч нарын мэдүүлэг, цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, прокурорт буцаах тухай саналыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч ******* хохирогчид 612.000 төгрөг төлбөр төлнө. Эрүүл мэндийн даатгалын санд 946.000 төлбөр төлнө эдгээр төлбөрүүдийг төлөөгүй байгаа.Торгуулийн ял оногдуулах боломжгүй гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүх гэм буруутайд тооцсон учир гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6,  эхнэр нь 7 сартай бага хүүхдээ асарч гэртээ суудаг. Тээврийн тэрэг барьж ажил хийж ар гэрээ тэжээдэг. Иймд зорчих эрх хязгаарласнаараа ажил хийх байдал давхар хязгаарлагдана. Ар гэрийн байдлыг давхар дордуулж байна. Иймд торгуулийн ял оногдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгож өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, ам бүл 6, эхнэр бага насны хүүхдүүдтэйгээ амьдардаг, улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээн тэтгэдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Шүүгдэгч *******гийн  ам бүл 6,  эхнэр нь 7 сартай бага хүүхдээ асарч гэртээ суудаг. Тээврийн тэрэг барьж ажил хийж ар гэрээ тэжээдэг зэрэг хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэнэ.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******ын биед хүндэвтэр хохирол учирсан ба тэрээр шүүхэд эмчилгээний зардал 786,250 төгрөгийн баримт ирүүлснээс шүүх 612,900 төгрөгийг шүүгдэгч *******гөөс гаргуулж хохирогчид олгож, үлдэгдэл 173,350 төгрөгийн баримт нь юу авсан нь тодорхойгүй нотлох баримтын  шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн гаргуулах талаар нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

         Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.

         Иймд хохирогч *******т учирсан гэмтлийн улмаас Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан ба уг зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 946,000 төгрөгийг зарцуулсан нь нотлогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гөөс 946,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт Чинзоригийн *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******г 600  /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гөөс 612,900 төгрөг гаргуулж, хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт оршин суух РД:ЛЮ90094073 Балтгай овогт Жамбалдоржийн *******т олгосугай.

 

7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гөөс 946,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР