Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                          

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

шүүгдэгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаантан овогт Баатаржавын Батбаярт холбогдох эрүүгийн 201626031336 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цаг уурын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23-57 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Улаантан овогт Баатаржавын Батбаяр /РД:ПЭ82070910/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Батбаяр нь согтуугаар, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 13-аас 14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-973-а тоот хашаанд иргэн Б.Шинэбаярыг “над руу муухай хараад суугаад байсан, уучлалт гуйхад шүдээ зуугаад байсан” гэж үл ялих зүйлээр шалтаглан, Б.Шинэбаярын нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба шүүгдэгч нь Б.Батбаяр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт тус тус зааснаар “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөө сонгон авах эрхтэй” хэдий ч тэрээр өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлт бичгээр гаргасан тул хүсэлтийг хүлээн авч шүүгдэгчийн  “өөрөө өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

                                               

1. Шүүгдэгч Б.Батбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Мөрдөн байцаалтын шатанд холбогдсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн учир надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирогч Б.Шинэбаярын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ингэхдээ толгой руу нь өшиглөөгүй, харин гараараа нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисон. Энэ талаар хохирогч өөрөө мөрдөн байцаалтын үед ярьсан байсан. Миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогч Шинэбаярт учирсан хохирол эмчилгээний зардалд 400.000 төгрөг нөхөн төлсөн. Тухайн хэрэг гарах үед би нилээн согтуу байсан учир зарим зүйлийг тодрхой санахгүй байгаа. Шинэбаяр бид хоёр архи ууж маргалдаад толгой руу нь гараараа хэд хэд цохьсон. Үйлдсэн хэрэгтээ би маш их гэмшиж, харамсаж байна, дахин алдаа дутагдал гаргахгүй амлаж байна, хамт архи уудаг найз нөхдөөсөө холбоогоо таслах болно.

Би урьд нь “Зиг Заг” ХХК-д ажиллаж байхдаа л согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн. Одоо 70 нас гарсан өндөр настай эцэг, эхийнхээ хамт ам бүл 3 амьдардаг тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, тэднийгээ асарч ус түлээг нь дөхүүлж өгдөг юм. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж, засарч хүмүүжин, дахин архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байж чадна гэдгээ шүүхийн өмнө амлаж байна. Анх удаа хэрэгт холбогдож маш их харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

 

   Эрүүгийн 201626031336 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 09 дүгээр сарын 19-ний орой би 22 цагийн үед найз Э.Бат-Эрдэнэ бид хоёр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Аэро” нэртэй бааранд үйлчлүүлж нэг нэг шил пиво ууж байтал гаднаас зүс мэдэх, тухайн үед мэддэггүй байсан. Сүүлд нь цагдаагийн байгууллагад ирээд мэддэг болсон Л.Ганбаатар, Батбаяр хоёр орж ирсэн. Л.Ганбаатар, Б.Батбаяр хоёрыг Э.Бат-Эрдэнийг таньж мэддэг болохоор тэр хоёрын сууж байгаа ширээ рүү явсан. Би хамт очиж тэр хэдтэй нэг ширээн дээр суусан. Л.Ганбаатар, Б.Батбаяр хоёр нэг шил архи авчихсан байсан. Тэр архинаас Э.Бат-Эрдэнэ бид хоёр хамт ууцгаасан. Тэр үед Б.Батбаяр нь уусан архиндаа согтуурхаад над руу томроод “гараад хоёулаа үзчих үү” гээд байсан. Тэр үед нь би “үгүй ээ, чамтай зодолдохгүй” гэж хэлсэн. Тэгээд байхаар нь би түүнтэй дээрх асуудлаас болж маргалдсан. Тухайн үед бид хэд тийм их согтуу байгаагүй. Хэсэг маргалдаж байгаад салцгаагаад гэр гэртээ харьцгаасан.

Маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр намайг ахынхаа гэрт засвар хийж байсан чинь өглөө 10 цагийн үед найз Э.Бат-Эрдэнэ утсаар холбогдоод “Ц.Энхбаярын гэрт хүрээд ир” гэж хэлсэн. ...Тэгээд тэднийд очиход гэрт нь Ц.Энхбаяр өөрөө, Ё.Пүрэвдорж, найз Э.Бат-Эрдэнэ нар нь байсан. Мөн танихгүй, настай нэг ах байсан, нэрийг нь мэдэхгүй. Дээрх хүмүүс архи уугаад сууж байсан. Уг архинаас хамт сууж уусан. Ууж дуусаад дахиж нэг шил 0.75 литрийн хэмжээтэй, “Хараа” нэртэй архи аваад хувааж уусан. Тэр үед ...гаднаас Л.Ганбаатар, Б.Батбаяр, Ө.Шагдарсүрэн нар орж ирсэн.

Би тэрхэн үедээ согтсон байсан. Ямар ч байсан энэ хэдийг ирэнгүүт бид нар гэрээс гараад, хашаанд гарч тойрч суугаад архиа уусан. Энэ хэд ч гаднаас архитай ирсэн санагдаж байна. Тэгээд Э..Бат-Эрдэнэ, Ё.Пүрэвдорж хоёр түрүүлээд явсан байсан.

Үлдсэн хэд нь ...архиа хувааж уугаад сууж байсан. Тэгтэл ...намайг Б.Батбаяр зодсон. Ямар шалтгаанаар зодсон бэ гэхээр намайг “согтуудаа өөдөөс нь муухай харлаа” гэж зодсон. Ямар ч байсан нэг мэдсэн чинь Б.Батбаяр миний дээр гарчихсан гараараа нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохьсон. ...Б.Батбаяр намайг гараараа цохиж гэмтэл учруулсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан хамарны хугарал, мурийлт, зүүн хөмсөг, нүдний зулгаралт, дээд уруулын язралт зэрэг гэмтлүүдийг Б.Батбаяр учруулсан юм. Хамт байсан Л.Ганбаатар намайг цохиж зодоогүй, Ц.Энхбаяр Батбаярыг салгаж болиулж байсан. Л.Ганбаатар бас салгах арга хэмжээ авсан. Мөн дараа нь миний хамарнаас гарсан цусыг гэрээсээ ус гаргаж ирж угаалгасан. Ер нь зодоон болох үед яг хэн хэн байсан талаар надад мэдэх юм алга байна. Зодоон дууссан хойно нүүрээ угаачихаад Пүрэвдалай гэж найзындаа очоод, түүний утсаар ах Б.Энхбаяр луу залгаж “өөрийгөө хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд ах Б.Энхбаяр цагдаад дуудлага өгсөн. Дараа нь цагдаад өргөдөл өгч, шүүх эмнэлэгт үзүүлсэн.

Маргааш нь гэмтлийн эмнэлгийн ойролцоох эмнэлэгт толгойн томографикийн зураг 120.000 төгрөгөөр авхуулсан. Дараа нь ойр зуурын шарх, сорвины тос зэргийг 17.000 төгрөгөөр авсан. Тэгээд мөн ойр зуурын нүүр цэвэрлэгээний хэрэгсэл 30.000 төгрөгөөр авсан. Автобус, унааны мөнгө гээд 60.000 төгрөг зарцуулсан. Нийт би 227.000 төгрөг зарцуулсан. Одоо миний шарх эдгэрчихсэн боловч хамар мурийсан байгаа. Хамраа тэгшлүүлээгүй байна. Хамар тэгшлүүлэхэд хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна. Надад ганцхан толгойн томографикийн мөнгө тушаасан баримт нь байгаа, өөр бусад эм тан авсан баримтыг хадгалаагүй. Тухайн үед би Батбаяртай хэрүүл маргаан хийгээгүй, ер нь түүнийг сайн мэдэхгүй, бидний дунд өр авлага, өс хонзон зэрэг маргаантай асуудал байхгүй. “Өөдөөс муухай харлаа” гэж Б.Батбаяр намайг зодсон.

Одоо надад гомдол санал байхгүй. Өөрөөсөө гаргаж эмчилгээнд хэрэглэсэн 227.000 төгрөг, хамраа тэгшлүүлэхэд шаардагдах 100.000 төгрөг, нийт 327.000 төгрөгийг намайг зодсон Б.Батбаяраас нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-20х/,

 

2. Гэрч Ө.Шагдарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 9-р хороо Бурхантын 17 дугаар гудамжны 333 тоотод эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг юм. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өглөө 10 цагийн үед танил Батбаяр болон “Амьжаа” хочит Ганбаатар нартай хамт нэг шил 0,5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи хувааж ууцгаасан. Уг архийг бид гурав манай гэрт уусан.

Тэгээд бид нар гарцгааж ойролцоох дэлгүүрээс дахин нэг шил 0,75 литрийн хэмжээтэй, “Хараа” архи аваад доошоо Ц.Энхбаярын гэр лүү явсан. Ц.Энхбаярын гэрт очиж авсан архиа хувааж уух гэж очсон юм. Замаараа Булган-Эрдэний гэрт очиход Ц.Энхбаярынд байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд Ц.Энхбаярын гэрт нь ирэхэд хашаандаа машиныхаа эд ангийг янзлах гэж байгаа бололтой, гадаа Ц.Энхбаяр, Шинэбаяр гэж залуу, Бат-Эрдэнэ, Пүрэвдорж, Бум-Эрдэнэ ах нар байсан. Энэ хэд нилээн архи уусан бололтой, согтуу байсан. Бид нарыг ирэхэд авчирсан архинаас Бат-Эрдэнэ, Пүрэвдорж хоёр нэг, нэг татчихаад “явлаа”  гээд яваад өгсөн. Үлдсэн бид хэд тэндээ нөгөө архиа гадаа нь ууцгаасан.

Уг архийг ууж байхад Батбаяр, Шинэбаяр хоёр маргалдсан. Яг хэн нь ямар шалтгааны улмаас маргаан эхлүүлсэн болохыг нь мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэр хоёр нэг нэгнийгээ заамдаж аваад, бид хэд салгасан. Тэгээд архи дуусаад Батбаяр нь Шинэбаяртай маргалдаж хэрэлдээд, түүнийг барьж аваад унагаагаад өшиглөөд л байсан. Миний харснаар толгой орчим газарт нь өшиглөж байсан. “Амьжаа хочит Ганбаатар” нь маргаан, зодоонд оролцсон асуудлыг би санахгүй байна.

Тэгтэл Ц.Энхбаяр “та нар больцгоо” гэж уурлаад салгаж, бид хэдийг хашаанаасаа гаргасан. Түрүүлээд Бум-Эрдэнэ, Шинэбаяр хоёр гараад явсан. Бум-Эрдэнэ ах, Шинэбаярыг хүнд зодуулчих гээд байхаар нь дагуулж гарсан байх. Араас нь Батбаяр, Ганбаатар, бид гурав гарцгаасан. Гудамжинд ...Шинэбаярын нүүр, хацарнаас нь цус гарсан байсан үгүйг анзаарч хараагүй юм байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,

 

3. Гэрч Ц.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 973-а тоотод эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг юм. Уг өдөр болох 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би гэрээсээ өглөө 09 цаг өнгөрч байхад “цемент авч, нүүрсний амбаартаа шал цутгахаар урагшаа байрны автобусны буудал руу очиж, Хаан банкнаас мөнгө аваад, Нисэхийн эцэс рүү очиж барилгын материалын дэлгүүрээс хоёр шуудай цемент авсан. Ингэж явахдаа би дүүгийнхээ улсын дугаарыг нь сайн мэдэхгүй, ногоон өнгийн “Креста” маркийн суудлын автомашиныг унаад явж байсан. Цемент авахаасаа өмнө би мөнгө авахаар явж байхад замдаа найзууд болох Бат-Эрдэнэ, Пүрэвдорж хоёртой таарсан. Энэ хоёр эрүүл явж байсан. Тэгээд энэ хоёр надад хэлэхдээ “шарталттай байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цементээ авчихаад дэлгүүрээс 0,75 литрийн хэмжээтэй, “Хараа” нэртэй нэг шил архи аваад тэр хоёрын хамт гэртээ харьсан.

Тухайн үед манай гэрт 9-13 насны хоёр хүүхэд байсан. Тэгээд бид гурав эхэлж манай гэрт ороод уг авсан архиа ууж эхэлсэн. Тэгээд ууж байхад Бат-Эрдэнэ өөрийнхөө найз гэх Шинэбаяр гэж залууг манай энэ гэрт хүрээд ир гэж дуудсан. Бат-Эрдэнэ хэлэхдээ “өмнөх өдөр нь бид хоёр хамт архи уусан юм, бас дотор нь муу байгаа байх дуудчихъя” гээд Шинэбаярыг дуудсан. Би Шинэбаярыг таньж мэднэ.

Уг архиа уугаад дуусч байтал гаднаас мөн Нисэхэд амьдардаг, “Бум-Эрдэнэ, Булган-Эрдэнэ, Дагвасүрэн нар орж ирсэн. Тэгээд дахиж нэг шил архи би өөрт байсан мөнгөөрөө ойролцоох дэлгүүрээс авч уусан. Дээрх гурван хүн манай гэрт миний дуудсанаар ирсэн.

...Шинэбаяр манай гэрт 10:30 цагийн орчим ирсэн. Шинэбаяр орж ирэх үед бид нар хоёр дахь шилтэй архи буюу 0,75 литрийн хэмжээтэй архины талыг нь хүртэл уучихсан байсан юм. Шинэбаяр анх орж ирэхэд түүний биеийн байдал нь зүгээр байсан. Ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан.

Архи ууж дуусах үед бид бүгдээрээ халж, согтсон байсан. Архиа ууж дуусгаад би гэртээ байсан хүмүүстээ хамт гадагшаа хашаа руу гарсан. Энэ үед “Булган-Эрдэнэ, Дагвасүрэн хоёр гараад явцгаасан. Харин хашаандаа Бум-Эрдэнэ, Шинэбаяр, Бат-Эрдэнэ, Пүрэвдорж нартай үлдсэн. Тухайн үед цаг 11:00 цаг өнгөрч байсан. Тэгээд би тэр хэдийн хамт дүүгийн автомашины “расточир”-ыг нь авч янзлахаар зогсож байтал гаднаас манай хашаанд “Амьжаа” хочит Ганбаатар, Батбаяр нар, Шаагаа гэх ахын хамт орж ирсэн.

Тэр гурав Булган-Эрдэнэ ахын гэрт оччихоод, манайд бид хэдийн байгааг мэдээд ирсэн гэсэн. Тэр гурав бас архи ууцгаачихсан согтуу байсан ба нэг шил 0,75 литрийн хэмжээтэй, “Хараа” нэртэй архитай орж ирсэн. Тухайн үед бид өөр хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй. Тэдний авч ирсэн архийг гэрт оролгүйгээр хашаанд тойрч сууж байгаад ойр зуурын юм ярингаа хувааж ууцгаасан.

Уусан архинаас болоод бүгдээрээ согтоцгоосон ба архи талдаа орох үед Батбаяр, Шинэбаяр хоёр гэнэт маргалдаж эхэлсэн. Миний сонссоноор Батбаяр, Шинэбаяр хоёр өмнө өдөр нь “Бааранд тааралдаад хоорондоо маргалдсан” тэгээд тэрнээсээ болоод маргалдаад байсан. Тэр үед нэг, нэгнийгээ заамдаж авахаар нь би “тэр хоёрыг дараа нь учраа ол” гээд салгасан. Тэгээд хэсэг хугацаанд намдаж архиа ууцгааж сууж байтал мөн нэг мэдсэн Батбаяр, Шинэбаяр хоёр зодолдож байсан.

Би яг яаж зодолдсон болохыг нь санахгүй байна. ...Миний харснаар Шинэбаяр нь Батбаярын дор орчихсон зодуулж байсан. Шинэбаярыг гар хөлөөрөө цохиж, өшиглөж байсан байх. Энэ үед Бат-Эрдэнэ, Пүрэвдорж хоёр байгаагүй. Сүүлд орж ирсэн дээрх хэдийн архинаас нь нэг, нэг татчихаад тэр хоёр яваад өгсөн байсан. Тэгээд Бум-Эрдэнэ ах Шинэбаярыг “миний дүү одоо хариа” гээд аваад явсан. Сүүлд гудамжинд зодоон хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Шинэбаярыг хашаанаас гаргах үед нүүр нь халцарчихсан, цус гарч байсан. Энэ үед цаг 12-13 цаг болж байсан санагдаж байна. Тэр хэдийг гаргачихаад нүүр гараа угаачихаад, эргээд гудамжиндаа Шинэбаяртай таараад харахад нүүр нь нил цус болчихсон сууж байсан. Тэгэхээр нь би гэрийнхээ гадаа, хашааныхаа үүдэнд дагуулж ирээд нүүр, гарыг нь угаалгасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

 

4. Гэрч Ё.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрээсээ гараад найз Э.Бат-Эрдэнэтэй Нисэхийн эцэст уулзаад байж байтал танил Энхээ буюу Энхбаяртай таарсан. Тэрээр машинтайгаа явж байсан. Түүний машинд суугаад хамт гэрт нь очсон. Очих замдаа дэлгүүрээс нэг шил архи аваад очсон. Ямар нэртэй архи авч очсон болохоо мэдэхгүй байна. Тэгээд тэдний гэрт нь бид хэд очиж дээрх авсан архиа хувааж ууцгаасан.

Тэр үед Э.Бат-Эрдэнэ өөрийн найз Б.Шинэбаярыг утсаараа “энд хүрээд ир” гэж дуудсан. Тэгээд байж байтал гаднаас нэрийг нь мэдэхгүй гурван хүн орж ирээд хамт архинаас уусан. Энхбаяр нэг шил архи ойролцоох дэлгүүрээс авсан. Тэр гурван хүн нь Энхбаярын танилууд гэсэн. Араас нь Шинэбаяр эрүүл орж ирсэн. Биед нь ямар нэгэн гэмтэл шарх ил харагдаагүй. Тэгээд архи ууж дуусахад, бид нар бас нилээн согтсон байсан. Тэр хоёр шил архи дуусахад бид нар Ц.Энхбаярын хашаанд гадагшаа гарцгаасан.

Тэр үед Ц.Энхбаярын танил гурван хүнээс хоёр нь яваад арай ахимаг настай нь үлдсэн. Тэгээд бид дөрөв үлдээд ойр зуурын юм яриад байж байхад гаднаас нэрийг нь сайн мэдэхгүй, ер нь бараг таньж мэдэхгүй Ганбаатар, Батбаяр, Шаагаа буюу Шагдарсүрэн гэж хүмүүс бага зэрэг согтуу, нэг шил архитай орж ирээд, бид хашаанд нь тойрч суугаад архиа уухаар болсон. Би болон найз Э.Бат-Эрдэнэ бид хоёр юм идээгүй, дээр нь архи ууж байсан болохоор их согтоод унах гээд байхаар нь тэр архинаас ёс болгоод нэг, нэг жижиг аягаар уучихаад, тэндээс түрүүлээд явсан.

Харин тэнд Энхбаяр, Шинэбаяр болон нөгөө ахимаг насны ах, Ганбаатар, Батбаяр, Шаагаа буюу Шагдарсүрэн нар үлдсэн. Тэгээд тэрнээс хойш буюу болсон талаар мэдэхгүй байна. Бид хоёрыг явахаас өмнө тэнд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон огт болоогүй.

Сүүлд нь сонссон чинь Б.Шинэбаярыг нь Батбаяр гэх залууд зодуулсан гэж байсан. Бааранд өмнө нь тааралдаад зодоон хийлгүй маргалдсан гэсэн. Тэгээд л тэрийгээ согтуудаа санаад маргалдсан гэсэн. Шинэбаяр өөр хүнд зодуулсан талаар мэдэхгүй байна. Ганбаатар гэж залууд зодуулсан үгүйг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х/,

 

5. Гэрч Э.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр найз Ё.Пүрэвдоржийн хамт Нисэхийн эцэст явж байхад танил Ц.Энхбаяртай тааралдаад түүний хамт бид гурав дэлгүүрээс нэг шил архи аваад гэрт нь очсон. Тэгээд би найз Ё.Шинэбаярыг утсаараа “энд хүрээд ир” гэж дуудсан. Учир нь өмнөх өдөр нь бид хоёр хамт архи уусан болохоор түүнийг шартаж байгаа байх гэж бодоод дуудсан юм.

Тэгээд архиа хувааж уугаад сууж байтал гаднаас Бум-Эрдэнэ, Булган-Эрдэнэ, Даваасүрэн нар орж ирсэн. Араас нь найз Б.Шинэбаяр орж ирсэн. Тэгээд хамт архинаас уусан. Нийтдээ бид нар хоёр шил архи уусан байсан. Тухайн үед уусан архинаас болоод согтоцгоосон. Бүгдээрээ гадагшаа хашаа руу гарцгаасан. Тэгэхэд Булган-Эрдэнэ, Дагвасүрэн хоёр тэндээсээ яваад өгсөн. Бум-Эрдэнэ, Б.Шинэбаяр, Ё.Пүрэвдорж, Ц.Энхбаяр бид хэд үлдсэн. Тэгээд ойр зуурын юм яриад байж байхад Амьжаа хочит Ганбаатар, Б.Батбаяр, Ө.Шагдарсүрэн нар орж ирсэн. Тэд бага зэрэг согтуу ирсэн. Найз Б.Шинэбаярыг сүүлд нь бодоод байсан чинь анх орж ирэхдээ бага зэрэг халамцуу орж ирж байсныг нь санаж байна. Гэхдээ биед нь гэмтэл шарх байгаагүй.

Тэгээд тэр гурвын авчирсан архийг бид тойрч суугаад уухаар болсон. Би тэр үед согтоод, дахиж ууж чадахгүй байхаар нь архинаас нь ёс болгоод нэг жижиг аягаар уусан. “Явлаа” гэхэд Ё.Пүрэвдорж бас “хамт явъя” гээд, тэндээс бид хоёр түрүүлээд явсан. Харин бид хоёрыг явах үед тэнд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй байсан. Тэнд Ц.Энхбаяр, Б.Шинэбаяр, Амьжаа хочит Ганбаатар түүний найз Б.Батбаяр, Ө.Шагдарсүрэн, Бум-Эрдэнэ нар үлдсэн. Тэр бүгдээрээ нилээн согтуу байсан. Тэрнээс хойш яг юу болсныг нүдээр хараагүй тул сайн мэдэхгүй байна. Сүүлд нь сонсоход найз Шинэбаяр нь хүнд зодуулсан гэж байсан. Тэнд хамт архи уусан Б.Батбаяр нь найз Б.Шинэбаяртай болон надтай урьд бааранд тааралдаад маргалдсан, түүнээсээ болоод Б.Шинэбаярыг зодсон гэсэн. Бааранд маргалдахад бид нар өөр хоорондоо зодоон, цохион бол огт хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,

 

6. Гэрч Л.Бум-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 972 тоотод эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Уг өдөр би хажуу хөрш айл болох Ц.Энхбаярын гэрт явж орсон. Тэгээд Ц.Энхбаярын гэрт О.Шагдарсүрэн, Б.Батбаяр, Амьжаа хочит Л.Ганбаатар, Б.Шинэбаяр болон түүний найз гээд танихгүй хоёр залуу, бид нар хамт архи уусан. Эхэлж гэрт нь ууж байгаад дараа нь хашаанд нь уусан. Би тэр үед архинаас нь уугаад гэр рүүгээ ороод буцаж, орж ирээд ер нь гарч, ороод байсан юм.

Тэгтэл нэг мэдсэн чинь Б.Шинэбаяр нь хамт архи уусан Б.Батбаяр гээд залууд зодуулчихсан байсан ба хамарнаас нь цус гарсан байсан. Би тэр үед дэргэд нь байгаагүй тул яаж зодуулсан талаар нь мэдэхгүй байна. Ц.Энхбаяр салгаж болиулсан гэсэн. Тэгэхээр нь би Б.Шинэбаярыг тэндээс буюу Ц.Энхбаярын хашаанаас “миний дүү гэртээ харь” гээд авч гарсан. ...Шинэбаяр тэр үед нилээн согтуу байсан. Миний мэдэхээр Л.Ганбаатар нь Б.Шинэбаярыг цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 31х/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн №13149 тоот дүгнэлтэд:

1. Б.Шинэбаяр-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна булангаас хамрын үүдэвч хүрсэн зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /хэргийн 34х/,

 

8. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-8х/,

 

9. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-16х/,

 

10. Шүүгдэгч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаагийн 23 гудаар гудамжны 57 тоотод эцэг, эхийнхээ хамт амьдардаг юм. Харин би 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр яг хэдэн цагийн үед болохыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан өөрийн найз болох Амьжиргаа хочит Ганбаатартай уулзаад бид хоёр Нисэхийн байрны буудлын гол хэсэгт байдаг “Аэро” нэртэй бааранд орж нэг шил Ерөөл нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан.

Тэгтэл тэр бааранд танил Бат-Эрдэнэ болон Шинэбаяр гэж хоёр залуутай тааралдсан. Тэгээд тэр хоёр бид хоёрын ширээн дээр хүрч ирээд, хамт архинаас уусан. Бид тэр үед бол эхэндээ хэрүүл маргаан хийгээгүй, бид хэд тэр бааранд нэг л шил архи хувааж уусан. Уусан архинаас болоод тэгтлээ согтоогүй байсан. Удалгүй баарнаас оройны 22:00 цагийн үед эхлээд найз Ганбаатар, бид хоёр гараад явж байтал гэнэт найз Ганбаатар “миний хүзүүнд зүүсэн байсан мөнгөн гинж алга болчихсон байна” гэж хэлсэн.

Тэгэхээр нь бид хоёр тэр гинжийг нь олохоор явсан замаараа эргэж хайж яваад баар руу орсон. Тэгтэл бааранд Бат-Эрдэнэ, Шинэбаяр хоёр байж байсан боловч найз Ганбаатарын мөнгөн гинж нь олдоогүй. Ганбаатар тэр үед “уначихсан юм шиг байна, хэрэв унасан бол эндээ л байж байх ёстой” гэж хэлсэн. “Мөнгөн гинж алга болчихлоо” гэж бид хоёр Бат-Эрдэнэ, Шинэбаяр хоёроос асуутал, тэд “мэдэхгүй байна, үзээгүй, хараагүй” гэж байсан. Тэгээд тэр баарнаас бид дөрөв хамт гарсан.

Тэгтэл найз Ганбаатар “миний гинжийг харсан уу” гээд тэр хоёроос асуугаад байхад тэр хоёр “мэдэхгүй, хараагүй” гээд байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт “яахаараа мэдэхгүй байдаг юм, та хоёроос гарцаа байхгүй” гэж хэлэхэд Шинэбаяр нь над руу дайрч хэрүүл хийсэн. Намайг дээрх байдлаар хэлтэл Шинэбаяр хариулахдаа “чи намайг хулгайч гэж бодоод байгаа юм уу” гэж маргалдаж, нэг нэгнийгээ пизда, наахуугаар нь дуудаж харааж, Шинэбаяр бид хоёр нэг нэгнээ заамдалцаж авсан. Харин бид хоёр цохилцож зодолдоогүй. Тухайн үед бид хоёрыг хажуугаас Бат-Эрдэнэ, Ганбаатар хоёр “боль, боль” гээд салгасан. Ингээд салаад шууд гэр гэр лүүгээ явцгаасан.

Найз Ганбаатар нь мөнгөн гинжээ олоогүй. Маргааш нь найз Ганбаатарын гэрт уулзсан. Түүний гэр нь яг манай гэр байх гудамжны эхнээсээ хоёр дахь хашаа юм. Яг хэдэн тоот гэдгийг мэдэхгүй. Тухайн үед бид хоёр эрүүл уулзсан. Тэгээд бид хоёр Шаагаа буюу Ө.Шагдарсүрэн ахын гэрт нь очиж нэг шил архи хувааж уусан. Өөрөөр хэлбэл гэрт нь очих замдаа бид хоёр нэг шил 0,5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи аваад орсон юм. Уг архиа тэдний гэрт нь бид гурав хувааж уусан.

Ууж дуусчихаад гадагшаа гарч ойролцоох нэг дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн хэмжээтэй, Хараа нэртэй архи аваад танил Энхбаяр гэдэг залуугийн гэрт бид гурав очсон. Тийшээ очих санааг яг хэн гаргасныг мэдэхгүй байна. Тухайн үед 10-11 цаг болж байсан. Энхбаярын гэрт нь очиход түүний гэрт нь “Бумаа буюу Бум-Эрдэнэ, Энхбаяр, Бат-Эрдэнэ, Шинэбаяр болон бас нэг танихгүй залуу нар байсан. Энэ хэд биднийг ирэхэд хашаандаа гараад ирчихсэн, гадаа архи уугаад сууж байсан. Тэгээд бид хэд нэмэгдээд хамт авч явсан архиа уусан. Бид нарыг ирэхэд тухайн үед би болсон бусад хүмүүс ер нь нилээн согтоцгоосон байсан. Зөрж хүмүүс явсан үгүйг мэдэхгүй байна.

Тэгээд архиа, бид гадаа Энхбаярын хашаан дотор тойрч сууцгаагаад ууж байтал Шинэбаяр миний өөдөөс хараад суучихсан байсан, над руу муухай хараад суугаад байсан. Учир нь өчигдөр нь надтай маргаан хийсэн болохоор тэгж байсан байх. Тэгэхээр нь би “өчигдрийн явдалдаа буюу мөнгөн гинж хулгай хийлээ гэж хэлсэндээ уучлалт гуйж байна” гэж хэлээд босоод түүнтэй гар барьсан. Гэтэл гар барьсан мөртлөө Шинэбаяр нь шүдээ зуугаад над руу муухай хараад л “чамайг мартахгүй ээ, саначихлаа” гэх мэтийн зүйл хэлээд байсан.

Тэгээд байхаар нь би дахиж хоёр удаа “үгүй ээ, чи болилдоо” гэж хэлээд гар барьсан. Гэтэл тэр уурлаад л байсан. Тэр үед нилээн согтсон байсан тул болсон үйл явдлаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь би түүнтэй дээрх асуудлаас болж маргалдаад, зодолдсон, түүний дээр гарч толгой руу нь гарынхаа нударгаар хэд, хэдэн удаа буюу 2-3 удаа цохьсон. Биднийг тэр үед тэнд байсан хүмүүс “боль” гээд болиулсан.

Тэгээд салаад Шинэбаяр хэнтэй хаашаа, явсан болохыг мэдэхгүй байна. Найз Ганбаатар бид хоёр хамт явсан. Гэртээ шууд харилгүй доошоо голын эрэг дээр очиж тэнд хэсэг сууж байгаад гэртээ харьсан. Уг маргаан зодоонд найз Ганбаатар яаж оролцсон болохыг мэдэхгүй. Шинэбаяр, Ганбаатар хоёр нь хэрүүл маргаан хийгээгүй.

Харин дундуур орж салгаж байсан. Ганбаатар Шинэбаярыг цохиж байхыг нь би хараагүй. Би Шинэбаярын нүүр рүү нь өшиглөсөн байж болох юм. Гэхдээ би өөрөө санахгүй байна. Тухайн үед Шинэбаярын нүүр нь баруун хэсгээрээ билүү, зүүн хэсгээрээ билүү хацар, шанаа нь шалбарч, зулгарчихсан цус гарч байсан. Миний биед гэмтэл, шарх, зовиур алга. Дээрх үйлдэлдээ би маш их гэмшиж байгаа, Б.Шинэбаярт учруулсан хохирлоо төлж барагдуулах арга хэмжээ авна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-50х, 57-60х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч Ч.Баатаржав, С.Бямбасүрэн нарын мэдүүлэг /хэргийн 29х, 30х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 64х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 65х/, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 66х/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 67-68х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судаллаа.  

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгсэл, үндэслэл журмын дагуу авагдсан ба тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж, хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж Б.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Батбаяр нь согтуурсан үедээ, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13-14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-973-а тоот хашаанд иргэн Б.Шинэбаярыг “над руу муухай хараад суугаад байсан, уучлалт гуйхад шүдээ зуугаад байсан” гэснээр шалтаглан түүнийг зодож биед нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна булангаас хамрын үүдэвч хүрсэн зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч Б.Шинэбаяр /хэргийн 17-20х/, гэрч Ө.Шагдарсүрэн /хэргийн 21-22х/, Ц.Энхбаяр  /хэргийн 23-24х/, Ё.Пүрэвдорж /хэргийн 25х/, Э.Бат-Эрдэнэ /хэргийн 26х/, Л.Бум-Эрдэнэ /хэргийн 31х/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 13149 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-8х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-16х/ болон шүүгдэгч Б.Батбаярын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Батбаярын энэхүү гэм буруутай үйлдэл нь үл ялих зүйлээр шалтагласан, бусдыг илтэд үл хүндэтгэн бие, эрх чөлөөнд нь халдсан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн зэрэг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангажээ. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Батбаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  эрх зүйн үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч Б.Батбаяр нь хохирогч Б.Шинэбаярт эмчилгээний зардалд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн бичгийн баримт хэргийн 92 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч Б.Батбаяраас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Батбаяр нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 65х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

 

Шүүх, шүүгдэгч Б.Батбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарласан, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.      

 

Энэ хэрэгт Б.Батбаяр нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, эд мөрийн баримаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Шинэбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.    

 

Шүүх, шүүгдэгч нь хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэгт анх удаа ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг шүүгдэгчийн хувийн бусад байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Улаантан овогт Баатаржавын Батбаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Батбаярыг 03 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Батбаярт оногдуулсан 03 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Батбаяр нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, эд мөрийн баримаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Шинэбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан ялтан Б.Батбаярт оногдуулсан 03 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүний засрал, хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харъяалах Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Батбаярт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД